Шинэ Гэрээ 2023
9-р сарын 11–17. 2 Коринт 1–7: “Бурхантай эвлэрцгээ”


“9-р сарын 11–17. 2 Коринт 1–7: ‘Бурхантай эвлэрцгээ,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“9-р сарын 11–17. 2 Коринт 1–7,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Есүс Христ

9-р сарын 11–17

2 Коринт 1–7

“Бурхантай эвлэрцгээ”

Та Паулын коринтчуудад хандаж бичсэн захидлуудыг судлахдаа олж мэдсэн сайн мэдээний зарим зарчмаа бичээд, амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар тунгаан бодоорой.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Сүмийн удирдагч байх нь заримдаа зарим хэцүү зүйлийг хэлнэ гэсэн үг. Өнөө үед ч Паулын үед ч ийм байсан. Паул өмнөх захидалдаа Коринт дахь гэгээнтнүүдийг зэмлэсэн нь тэднийг гашуудуулжээ. 2 Коринт гэж нэрлэх болсон захидалдаа тэр хатуу ширүүн үг хэлэхэд нь юу нөлөөлснийг тайлбарлахыг оролдсон. “Та нарыг гашуудуулъя гэсэндээ бус, харин надад байгаа та нарын төлөө гэсэн хайрыг та нарт мэдүүлэхийн тулд үлэмж зовлонгоос, бачимдах зүрхнээсээ би нулимс унаган та нарт бичсэн юм” (2 Коринт 2:4). Та удирдагчаасаа залруулгын үг сонсохдоо, энэ нь Христийнхтэй адил хайраар өдөөгдсөн юм шүү гэдгийг мэдэх нь гарцаагүй тустай. Ийм нөхцөл байдалд биш ч гэсэн бид бусдыг Паулын мэдэрч байсан шиг хайраар харах хүсэлтэй байвал ямар ч дайралтад зохистой байдлаар хариулахад илүү хялбар байна. Ахлагч Жэффри Р.Холландын зөвлөснөөр “Иймээс хүмүүний алдааны тухайд аядуу зөөлөн хандаж сур, өөрийн алдаа байна уу эсвэл сайн дураараа үйлчилж буй мөнх бус хүмүүсээр удирдуулдаг энэ Сүмд чамтай хамт үйлчилдэг бусад хүний алдаа байна уу хамаагүй. Түүний цорын ганц төгс Хүүг эс тооцвол Бурхан төгс бус хүмүүстэй л ажиллаж ирсэн” (“Эзэн минь, би итгэж байна,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109).

хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

2 Коринт 1:3–7; 4:6–10, 17–18; 7:4–7

Миний сорилт бэрхшээлүүд адислал байж болно.

Паулын амьдралын турш үзэж туулсан бүхнээс харахад, тэр зовлон бэрхшээлийн зорилго, адислалын талаар маш их зүйлийг бичсэнд гайхах хэрэггүй. 2 Коринт 1:3–7; 4:6–10, 17–18; 7:4–7-г уншихдаа зовлон бэрхшээл нь хэрхэн адислал болж болохыг бодож үз. Жишээлбэл, Бурхан хэрхэн “[таныг] бүх зовлон дотор [тань] тайвшруулдаг” хийгээд хариуд нь та хэрхэн “аливаа зовлонд орогсдыг тайвшруулж” чадах талаар тунгаан бодож болно (2 Коринт 1:4). Эсвэл та “зовсон,” “сандарсан” үед ч “таны зүрхэнд гэрэлтсэн” Есүс Христийн гэрэлд анхаарлаа хандуулж болно (2 Коринт 4:6, 8).

Мөн Мозая 24:13–17-г болон Хэнри Б.Айрингийн “Туршигдаж, батлан харуулж, өнгөлөгдсөн” хэлсэн үгийг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 105–108; Gospel Topics дахь “Adversity”-ийг topics.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

2 Коринт 2:5–11

Өршөөл бол миний өгч бас хүлээн авч болох адислал юм.

2 Коринт 2:5–11-д Паулын дурдсан эрэгтэйн талаар бид олон зүйл мэдэхгүй ч тэр зөрчил гаргасан (5–6-р шүлэг) бөгөөд Паул түүнийг өршөөхийг гэгээнтнүүдээс хүссэн (7–8-р шүлэг) гэдгийг л мэднэ. Яагаад бид заримдаа биднийг гомдоосон хайртай хүнийхээ “төлөө хайраа бататга[ж]” чаддаггүй вэ? (8-р шүлэг). Уучлахгүй байх нь бусдад болон өөрт хэрхэн хортой вэ? (7, 10–11-р шүлгийг үзнэ үү). Уучлахгүй байх нь “Сатанд биднийг мэхэлж далимдуулах” боломжийг хэрхэн олгодог вэ? (11-р шүлэг).

Мөн Сургаал ба Гэрээ 64:9–11-ийг үзнэ үү.

2 Коринт 5:14–21

Би Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Бурхантай эвлэрэх боломжтой.

Бусдын адил Паул “шинэ бүтээл” (2 Коринт 5:17) болох нь ямар байхыг мэддэг байсан. Тэрээр Христэд итгэгчдийг гадуурхагч байснаа Христийн эрэлхэг өмгөөлөгч болсон. Та 2 Коринт 5:14–21-ийг уншихдаа, дараахтай адил асуултуудын талаар бод. Эвлэрнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Бурхантай эвлэрэх гэдэг нь ямар утгатай вэ? Юу таныг Бурханаас холдуулж байж болох талаар тунгаан бод. Та Түүнтэй бүрэн дүүрэн эвлэрэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Аврагч үүнийг хэрхэн боломжтой болгосон бэ?

Та бас “эвлэрлийн үйлчлэлд” “Христийн төлөөх элчин сайд” (18, 20-р шүлэг) байна гэдэг нь юу гэсэн утгатай болохыг тунгаан бодож болно. Та ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн “Эвлэрлийн тохинуулал” гэх үгээс ямар ойлголт олж авсан бэ? (2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71–74).

Мөн 2 Нифай 10:23–25-ыг үзнэ үү.

2 Коринт 7:8–11

Бурханлаг харуусал наманчлалд хүргэдэг.

Бид харууслыг ихэвчлэн сайн зүйл гэж боддоггүй боловч Паул “бурханлаг харууслыг” (2 Коринт 7:10) наманчлалын чухал хэсэг болох талаар ярьсан. Дараах хэсгээс бурханлаг харууслын талаар юу сурч мэдсэнээ авч үзье. Үүнд: 2 Коринт 7:8–11; Алма 36:16–21; Мормон 2:11–15 болон Мишэлл Д.Крэйгийн “Өөрсдийн бурханлаг байдалд сэтгэл дундуур байх нь” хэлсэн үг (2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 125–128). Та бурханлаг харууслыг хэзээ мэдэрсэн бэ? Энэ нь таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ?

гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

2 Коринт 3:1–3.Гэр бүлийн тань гишүүд ажлын эсвэл сургуулийн өргөдөл бөглөхдөө хэн нэгнээс итгэмжлэл бичиж өгөхийг хүсэж байсан уу? Тэднээс уг туршлагынхаа талаар ярихыг хүс. Паул гэгээнтнүүдийн амьдрал бол “бэхээр бус, харин амьд Бурханы Сүнсээр бичигдсэн” Есүс Христийн сайн мэдээний итгэмжлэлийн захиатай адил хэмээн заасан. 2 Коринт 3:1–3-ыг хамтдаа уншаад, бидний үлгэр жишээ хэрхэн “бүх хүнээр уншигдаж, мэдэгдсэн” захиа шиг сайн мэдээний үнэн хийгээд үнэ цэнийг харуулж болохыг ярилц. Магадгүй гэр бүлийн гишүүн бүр гэр бүлийнх нь өөр гишүүн хэрхэн Есүс Христийн шавийн сайн үлгэр жишээ байсныг тайлбарласан захиа эсвэл “захидал” бичиж болох юм. Тэд захиануудыг нь гэр бүлийнхэндээ уншиж өгөөд, өөрсдийн бичсэн хүнд өгч болно. Яагаад бидний амьдрал “Христийн захиа[нууд]” гэдгийг ойлгох нь чухал вэ?

2 Коринт 5:6–7.“Үзэгдэх зүйлсээр бус, харин итгэлээр алхах” гэдэг нь ямар утгатай вэ? Бид Аврагчийг харж чадахгүй ч Түүнд итгэж байгаагаа харуулахын тулд юу хийж байгаа вэ?

2 Коринт 5:17.Танай гэр бүлийнхний санаанд байгаль дээрх гайхамшигт өөрчлөлтийг туулж, шинэ бүтээл болж хувирдаг зүйлсийн жишээ орж ирж байна уу эсвэл олсон уу? (энэ тоймын төгсгөлд буй зургийг үзнэ үү). Есүс Христийн сайн мэдээ биднийг хэрхэн өөрчилж чадах вэ?

2 Коринт 6:1–10.2 Коринт 6:1–10 дээр хэлсний дагуу “Бурханы үйлчлэгчид” (4-р шүлэг) байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Бурханы үйлчлэгч ямар ямар зан чанартай байдаг вэ?

2 Коринт 6:14–18.Бид “[ёс бусчуудын] дундаас гарч тусгаар бай” гэсэн Паулын зөвлөгөөг дагахын зэрэгцээ эргэн тойрныхоо хүмүүсийг хэрхэн хайрлаж чадах вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Эцэг минь гуйя, надад туслаач,” Хүүхдийн дууны ном, 52.

Заах чадвараа сайжруулах

Үзүүлэнт хичээлүүдийг заах. Цагаатгал гэх мэт сайн мэдээний зарим ойлголт ойлгоход хэцүү байж болно. Гэр бүлийнхэндээ судруудаас олж мэдсэн зарчмуудаа ойлгоход нь туслах зураг эсвэл үзүүлэнг ашиглах талаар бодож үз.

Төөлүүр хорхой, хүр хорхойн үүр, эрвээхэй

Бид Христийн сайн мэдээнд хөрвөх үедээ Паулын дүрсэлснээр “шинэ бүтээл” (2 Коринт 5:17) болдог ба үнэхээр гүн гүнзгий өөрчлөлт ирдэг.