Өөрсдийн бурханлаг байдалд сэтгэл дундуур байх нь
Өөрсдийн бурханлаг байдалд сэтгэл дундуур байх нь биднийг итгэлээр үйлдэж, Аврагчийн сайныг үйлдэх урилгыг даган, амьдралаа Түүнд даруухнаар зориулахад хүргэж чадна.
Намайг бага ангид байхад бид гэртээ харихдаа нэгэн гүвээний хажуу талыг хэрэн ороосон засмал жимээр явдаг байв. Бас “хөвгүүдийн жим” гэж нэрлэдэг засмал биш жим байсан бөгөөд энэ нь гүвээ өөд шууд өгссөн шороон зам байсан юм. Энэ жим богинохон ч хамаагүй илүү өгсүүр байв. Би жаахан охин байхдаа хөвгүүдийн явдаг ямар ч жимээр өөдөө гарч чадна гэдгээ мэддэг байсан. Хамгийн чухал нь, би хожмын үед амьдарч байгаагаа болон анхдагчдын нэгэн адил хэцүү зүйлсийг хийх хэрэгтэйгээ мэддэг байсан бөгөөд бэлтгэлтэй байхыг хүсдэг байлаа. Тиймээс хааяа би засмал жимээр явахдаа найз нөхдөөсөө удаан явж, хойно нь тасарч үлдээд, гутлаа тайлан, хөвгүүдийн жимээр хөл нүцгэн алхдаг байв. Би хөлөө илүү чийрэг болгохыг хичээж байсан хэрэг.
Би Хүүхдийн хэсгийн жаахан охин байхдаа, бэлтгэлтэй байхын тулд хийж болох зүйл маань энэ гэж бодож байлаа. Харин одоо би өөр зүйлийг мэддэг болсон! Уулын жимээр хөл нүцгэн явахынхаа оронд Ариун Сүнсний урилгыг хүлээн авснаар гэрээний зам дээр алхахад хөлөө бэлдэж чадна гэдгийг би мэднэ. Учир нь Их Эзэн Өөрийн бошиглогчоор дамжуулан бидний хүн нэг бүрийг “илүү дээгүүр түвшний, илүү ариун нандин арга замаар” амьдарч, халамжилж, “арай илүү сайжрахад” уриалж байгаа билээ.
Үйлдэхэд урих эдгээр бошиглолын уриалга нь илүү ихийг хийж, илүү сайн байж чадна гэсэн бидний төрөлх мэдрэмжтэй нэгдэхээрээ заримдаа бидний дотор ахлагч Нийл А.Максвэллийн хэлснээр “өөрсдийн бурханлаг байдалд сэтгэл дундуур байх” байдлыг үүсгэдэг. Бид өөрсдийнхөө хэн байгааг хэн болж чадахтайгаа харьцуулахад бурханлаг байдалдаа сэтгэл дундуур болдог. Шударгаар авч үзвэл, бидний хүн нэг бүр одоо хаана байгаа, хэн болох мөн ирээдүйд хаана хүрч, хэн болохыг хүсэж байгаа хоёрын хоорондох ялгааг мэдэрдэг. Бид илүү агуу хувийн чадавхтай болохыг хүсдэг. Бид Христийн гэрэлтэй төрсөн Бурханы охид хөвгүүд боловч хилэнцэт дэлхийд амьдарч байгаа учраас бидэнд эдгээр мэдрэмж төрдөг билээ. Эдгээр мэдрэмж нь Бурханаас ирдэг бөгөөд үйлдэх хүсэл тэмүүллийг төрүүлдэг юм.
Бид амжилтад хүрч чадахгүй эсвэл үйлдэхийг хүсэхгүй байх мэдрэмжийг төрүүлдэг цөхрөл, шантрал бүхий Сатаны худал хуурмагийг таньж мэдэн, үүнээс зайлсхийх явцдаа өөрсдийгөө илүү дээгүүр түвшний арга замд уриалдаг мөн өөрсдийн бурханлаг байдалд сэтгэл дундуур байх мэдрэмжийг таатай хүлээн авдаг байх хэрэгтэй. Энэ нь Сатаны үсэрч орохын хүслэн болсон эрхэм орон зай юм. Бид Бурхан болон Түүний амар амгалан, ач ивээлийг эрэлхийлэхэд хөтөлдөг тэрхүү илүү дээгүүр түвшний замаар алхахыг сонгож болно эсвэл бид хэзээ ч хангалттай сайн, хангалттай баян, хангалттай ухаантай, хангалттай үзэсгэлэнтэй байж чадахгүй, юунд ч хангалттай болж чадахгүй гэсэн захиасаар биднийг хайр найргүй булдаг Сатаныг сонсохыг бид сонгож болно. Сэтгэл дундуур байх байдал маань биднийг хүчирхэгжүүлнэ эсвэл доройтуулна.
Итгэлээр үйлд
Өөрсдийн бурханлаг байдалд сэтгэл дундуур байх байдлыг Сатаны худал хуурмагаас ялгах нэг арга нь бурханлаг байдалдаа сэтгэл дундуур байх байдал биднийг итгэлтэй үйлдэл хийхэд хөтөлдөгт оршино. Өөрсдийн бурханлаг байдалд сэтгэл дундуур байх байдал нь биднийг тав тухтай орчиндоо үлд гэсэн урилга биш юм. Би өөрийн дутуу дулимаг байдлын талаарх бодолд автахаараа өсөж хөгждөггүй болохоо мэдсэн бөгөөд Сүнсийг мэдэрч, дагах нь илүү хэцүү болохыг сурч мэдсэн.
Иосеф Смит залуу эрэгтэй байхдаа өөрийнхөө дутагдлуудыг сайн мэддэг байсан ба “бодгалийнхаа сайн сайхны төлөө” зовж байсан. Тэрээр “Оюун бодол минь үлэмж ихээр шаналан зовдог байлаа. Учир нь нүглийн улмаас гэм буруугийн мэдрэмж намайг шаналган зовоож байв. … Иймээс би өөрийнхөө болон дэлхийн нүглийн улмаас гашуудан шаналсан билээ” гэж хэлсэн байдаг. Энэ нь түүнийг “буурь суурьтай бясалгал хийгээд их хүндрэлд” хүргэсэн. Энэ танил сонсогдож байна уу? Та өөрийн дутагдалдаа бачимдаж эсвэл шаналан зовж байна уу?
Иосеф нэг зүйлийг хийсэн. Тэрээр “Би: Яах билээ? хэмээн өөрөөсөө олонтаа асуудаг байлаа” гэж хуваалцсан. Иосеф итгэлээр үйлдсэн билээ. Тэрээр судруудад хандаж, Иаков 1:5 дээрх урилгыг уншаад, Бурханд хандан тусламж хүссэн. Үүний үр дүнд хүлээн авсан үзэгдэл нь Сэргээлтийн удиртгал болсон юм. Иосеф бухимдаж, төөрөлдөж байгаагаа мэдэрч, өөрийн бурханлаг байдалд сэтгэл дундуур байсан нь түүнийг итгэлтэй үйлдэл хийхэд зоригжуулсанд би хэчнээн их талархдаг гээч.
Сайныг үйлдэх өдөөлтийг дага
Дэлхийнхэн сэтгэл дундуур байдлаа ихэнхдээ өөрийнхөө тухай, ирээдүй болон өнгөрсөн үеийнхээ талаар бодож, би хэн бэ, би юугаараа дутуу вэ, би юу хүсдэг вэ гэх зэрэг дээр анхаарлаа төвлөрүүлэх шалтаг болгон ашигладаг. Бурханлаг байдлын хувьд сэтгэл дундуур байх нь биднийг “сайныг үйлдэж явсан” Аврагчийн үлгэр жишээг дагахад өдөөдөг юм. Бид шавийн замаар алхахдаа, бусдад туслах сүнслэг өдөөлтүүдийг хүлээн авдаг.
Олон жилийн өмнө миний сонссон нэгэн түүх Ариун Сүнсний өдөөлтүүдийг таньж мэдэн, үйлддэг болоход надад тусалсан юм. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан Бонни Паркин эгч дараах түүхийг хуваалцаж билээ.
“Сюзан мундаг оёдолчин байв. Ерөнхийлөгч Cпэнсэр В.Кимбалл түүний тойрогт амьдардаг байсан ба нэгэн ням гарагт түүнийг шинэ костюм өмссөн байхыг Сюзан анзаарчээ. Сюзан аавынхаа саяхан … өөрт нь авчирч өгсөн гоёмсог торгон материалаар ерөнхийлөгч Кимбаллын шинэ костюмтай хослох гоё зангиа хийж болох юм байна гэж бодов. Тэгээд тэрээр даваа гарагт зангиа оёж, түүнийгээ нимгэн цаасанд боогоод, ерөнхийлөгч Кимбаллын гэр рүү очихоор гудамжаар явжээ.
Урд хаалга руу нь дөхөж очихдоо тэр зогтусан, ‘Бошиглогчид зангиа оёж өгдөг би хэнсэн билээ? Түүнд зөндөө олон зангиа байгаа л байлгүй’ гэж боджээ. Өөрийгөө алдаа гаргалаа гэж бодоод, буцахаар эргэх
яг тэр мөчид Кимбалл эгч урд хаалгаа нээгээд, ‘Сюзан!’ гэж хэлэв.
“Сюзан сандарсан байдлаар, санаа зовон, ‘Би ерөнхийлөгч Кимбаллыг ням гарагт шинэ костюмтай байхыг харсан. Аав саяхан Нью-Йоркоос надад торго авчирч өгсөн юм л даа … тиймд би түүнд зангиа оёсон юм’ гэж хэлэв.
Сюзаныг цааш юм ярихаас нь өмнө Кимбалл эгч түүний үгийг таслан, хоёр мөрийг нь бариад, ‘Сюзан, өгөөмөр бодол төрөх үед хэзээ ч битгий тоохгүй өнгөр’” гэж хэлжээ.
Надад энэ үгс таалагддаг! “Өгөөмөр бодол төрөх үед хэзээ ч битгий тоохгүй өнгөр.” Заримдаа надад хэн нэгэнд ямар нэгэн зүйл хийж өгмөөр санагдах үед би энэ нь сүнслэг өдөөлт үү эсвэл зүгээр л миний өөрийн бодол уу гэж эргэлздэг. Гэхдээ “Бурханых болох тэр нь үргэлж сайныг үйлдэхэд урьж мөн татдаг; иймийн тул, сайныг үйлдэхэд мөн Бурханыг хайрлахад, мөн түүнд үйлчлэхэд урьж мөн татдаг тэрхүү юм бүр, Бурханаар нөлөөлөгддөг” гэснийг би санадаг юм.
Тэдгээр нь үнэн зөв өдөөлтүүд эсвэл зүгээр л туслах гэсэн хүсэл эсэхээс үл хамааран “энэрэл хэзээ ч дуусдаггүй” тул сайн үйлс хэзээд үнэ цэнтэй байдаг төдийгүй хэзээ ч буруу хариу үйлдэл байдаггүй.
Ихэнхдээ цаг хугацаа нь тохиромжгүй байдаг бөгөөд бид үйлчлэлийнхээ бага ч атугай үйлдлүүдийн нөлөөг бараг л мэддэггүй. Гэвч заримдаа бид өөрсдийгөө Бурханы мутар дахь зэмсгүүд байснаа мэдэж, Ариун Сүнс биднээр дамжуулан ажиллаж байгаа нь Бурханы сайшаалын илэрхийлэл гэдгийг мэдэхдээ талархалтай байх болно.
Эгч нар аа, бидний хийх зүйлсийн жагсаалт хэдийн дүүрсэн байсан ч та бид Ариун Сүнснээс “[бидний] хийвэл зохих тэр бүх зүйлийг” бидэнд үзүүлэхийг гуйж болно. Сүнслэгээр өдөөгдсөн үедээ бид хүүхдэд ном унших, найзындаа очих, хөршийнхөө хүүхдүүдийг харах, эсвэл ариун сүмд үйлчлэхийн тулд аяга тавгаа угаалгүйгээр эсвэл анхаарах шаардлагатай э-мэйлээр дүүрэн асуудлуудаа орхин явж болно. Намайг битгий буруу ойлгоорой. Би хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргадаг мөн хийсэн зүйлсээ тэмдэглэх дуртай. Гэвч сайн хүн байх нь үнэндээ илүү ихийг хийх гэсэн үг биш юм гэдгийг мэдэх нь амар амгаланг авчирдаг. Сэтгэл дундуур байдлын хариуд сүнслэг өдөөлтийг дагахаар шийдэх нь “өөрийн цаг хугацааны” тухай бодлыг маань өөрчилдөг бөгөөд хүмүүсийг саад бартаа биш, харин амьдралынхаа зорилго хэмээн харж чаддаг болгодог.
Бурханлаг байдалдаа сэтгэл дундуур байх нь биднийг Христ рүү хөтөлдөг
Бурханлаг байдалдаа сэтгэл дундуур байх нь биднийг даруусгадаг. Энэ нь үргэлж дутуу дулимаг гэж бодоход хүргэдэг харьцуулалтын үр дагвар болох өөрийгөө өрөвдөх сэтгэлийг төрүүлж, цөхрөлд хүргэдэггүй. Гэрээгээ сахидаг эмэгтэйчүүд олон янз байдаг бөгөөд тэдний гэр бүл, амьдралын туршлага, нөхцөл байдал нь өөр өөр байдаг.
Мэдээж хэрэг бид бурханлаг чадавхдаа хүрч чадахгүй ба үүнийг ганцаараа хийж чадахгүй гэдэгт үнэний хувь бий. Гэхдээ сайн мэдээний захиас Бурханы ач ивээлээр бид хүрч чадна гэдгийг заадаг. Христийн тусламжтайгаар бид бүх зүйлийг хийж чадна. Бид “хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг [олох]” болно гэж судрууд амладаг.
Биднийг сул талууд маань даруусгаж, Христэд хандахад хүргэснээр адислал болдог нь ер бусын үнэн юм. Бид өөрийгөө өрөвдсөн байдалтай үлдэхийн оронд өөрсдийн хүслийг мэдүүлэн Есүс Христэд даруухнаар хандсанаар сэтгэл дундуур байдал нь бурханлаг болдог.
Үнэндээ, Есүсийн гайхамшгууд ихэнхдээ хүсэл, хэрэгцээ, бүтэлгүйтэл, хангалтгүй байдлыг таньж мэдсэнээр эхэлдэг. Талх, загасны түүхийг санаж байна уу? Сайн мэдээний бичээч бүр Есүс Өөрийг нь дагасан мянга мянган хүнийг гайхамшигтайгаар хэрхэн хооллосон тухай өгүүлдэг. Гэвч энэ түүх шавь нар өөрсдийн хүрэлцээгүй байдлыг хүлээн зөвшөөрч, “Таван арвайн талх, хоёр загас байна. Гэвч тэр нь энэ олон хүнд юу болох вэ?” хэмээн ойлгосноор эхэлдэг юм. Шавь нарын зөв байсан буюу тэдэнд хангалттай хоол байгаагүй ч, тэд өөрсдөдөө байгааг Есүст өгч, Тэр гайхамшгаар хангасан.
Таны авьяас чадвар, бэлгүүд өмнө тань байгаа үүрэг даалгаварт хангалтгүй гэж танд санагдаж байсан уу? Би мэдэрч байсан. Гэхдээ та бид өөрсдөдөө байгаагаа Христэд өгч чадах ба Тэрээр бидний хүчин чармайлтыг илүү үр дүнтэй болгоно. Хэрэв та Бурханы ач ивээлд найдах юм бол хүмүүний дутагдал, сул талууд байсан ч гэсэн таны өргөх зүйл хангалттай их байх болно.
Үнэнийг хэлэхэд бидний хүн нэг бүр Бурханаас нэг үеийн зайтай байгаа ба Бурханы хүүхэд юм. Тэрээр түүхэн дэх бошиглогчдыг болон эрэгтэй, эмэгтэйчүүдийг өөрчилсний адилаар биднийг өөрчлөхийг зорьдог.
К.С.Льюис энэхүү Бурханы өөрчлөх хүчийг ингэж тайлбарласан. “Та өөрийгөө амьд байшин гэж төсөөл. Бурхан уг байшинг засварлахаар иржээ. Эхлээд та Түүний юу хийж байгааг ойлгоно. Тэр ус зайлуулах хоолойг сольж мөн дээврээс ус гоожихыг зогсоодог. Та эдгээр ажил хийгдэх ёстойг мэдэж байсан учраас үүнд гайхахгүй. Гэвч удалгүй Тэр аймшигтай өвтгөсөн, томоохон өөрчлөлтийг байшинд хийж эхэлнэ. … [Чухамдаа] Тэр таны бодож байснаас огт өөр байшин барьж байхыг та харна. … Та өөрийгөө ердийн л нэг жижигхэн байшин болно гэж бодож байсан боловч Тэр орд харш барьж байв. Тэр Өөрөө энэ ордонд ирж, амьдрахаар төлөвлөжээ.”
Аврагчийн цагаатгагч золиослолын ачаар бид ирээдүйн үүрэг даалгавруудаа хийх чадвартай байх болно. Бид шавийн замаар дээшлэхдээ Христийн ач ивээлээр ариусгагдаж чадна гэж бошиглогчид заасан. Өөрсдийн бурханлаг байдалд сэтгэл дундуур байх нь биднийг итгэлээр үйлдэж, Аврагчийн сайныг үйлдэх урилгыг даган, амьдралаа Түүнд даруухнаар зориулахад хүргэж чадна. Есүс Христийн нэрээр, амен.