2010–2019
Ирж, бошиглогчийн дуу хоолойг сонсоцгоо
2018 оны 10-р сар


Ирж, бошиглогчийн дуу хоолойг сонсоцгоо

Бид амьдралдаа амьд бошиглогчдын дуу хоолойг сонсох, анхаарах загварыг бий болгох аваас амлагдсан мөнхийн адислалуудыг хүлээн авна.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчийн талаар ярихдаа Их Эзэн

“Мөн дахин, Дээд санваартны ерөнхийлөгчийн албан тушаалын үүрэг нь нийт сүмийн дээр тэргүүлэх, мөн Мосетой адилхан байх явдал юм—

… Тийм ээ, Сүмийн тэргүүн дээр тэрбээр хүртээдэг Бурханы бүх бэлэгтэй байж, үзмэрч, илчлэгч, орчуулагч хийгээд бошиглогч байх нь болой” (Сургаал ба Гэрээ 107:91–92; тодотгол нэмэгдсэн) хэмээн тунхагласан.

Бурханы бошиглогчдодоо хүртээсэн зарим бэлгийг гэрчлэх боломжоор би адислагдсан юм. Би та бүхэнтэй ийм нэгэн ариун нандин туршлагыг хуваалцахыг зөвшөөрнө үү? Одоогийн дуудлагаасаа өмнө би ирээдүйд баригдах ариун сүмийн газруудыг олж тодорхойлох, санал болгох ажилд тусалдаг байв. 2001 оны 9-р сарын 11-ний дараа Нэгдсэн Улсын хилээр орж гарахад илүү хязгаартай, хатуу чанга болсон. Үүнээс болоод, Сүмийн олон гишүүн Сиэтл Вашингтон ариун сүм рүү явахын тулд Канадын Ванкувераас Нэгдсэн Улсын хил хүртэл хоёроос гурван цаг аялж байв. Тухайн үед Сүмийн ерөнхийлөгч байсан ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Ванкувер дахь ариун сүм Сүмийн гишүүдийг адислах болно гэсэн саналыг оруулсан юм. Газар хайх төсөл батлагдаж, бид Сүмийн эзэмшлийн цөөн хэдэн газрыг шалгаж үзсэнийхээ дараа Ванкувер дахь Сүмийн эзэмшлийн бус бусад газрыг ч мөн судалсан.

Бид Канадын улс хоорондын хурдны замын зэргэлдээ орших шашны барилга барих зөвшөөрөлтэй бүс нутагт нэгэн үзэсгэлэнт газрыг олов. Энэ нь Канадын үзэсгэлэнт нарс модод дүүрэн ургасан мөн хажуугаар нь машинтай өнгөрөх мянга мянган зорчигчийн нүдэнд өртөхүйц ил байршилтай газар байв.

Бид уг газрыг зураг төсөл, газрын зурагтай нь хамт Ариун сүмийн газар хариуцсан хорооны сар бүрийн хурал дээр танилцуулсан. Ерөнхийлөгч Хинкли гэрээ байгуулж, шаардлагатай судалгааг хийж дуусгахыг зөвшөөрсөн юм. Тэр жилийн арван хоёрдугаар сард бид судалгаа дууссан гэдгийг хороонд тайлагнаж, худалдан авалтын үйл явцаа эхлүүлэх зөвшөөрлийг хүсэв. Ерөнхийлөгч Хинкли бидний тайланг сонсоод, “Би энэ газрыг өөрийн биеэр үзэх ёстой гэж бодож байна” гэж хэлж билээ.

Сарын сүүлээр Христийн мэндэлсний баяраас хоёр хоногийн дараа бид Ванкувер руу ерөнхийлөгч Хинкли, ерөнхийлөгч Томас С.Монсон, ариун сүмийн архитектор Билл Виллямс нартай хамт явсан юм. Орон нутгийн гадасны ерөнхийлөгч Паул Кристэнсэн бидэнтэй уулзаад, биднийг тэр газарт хүргэж өгөв. Тэр өдөр бага зэрэг чийгтэй, манантай байсан ч ерөнхийлөгч Хинкли машинаас хурдхан буугаад, тэр газрыг бүхэлд нь тойрон алхаж эхэллээ.

Тэр газарт хэсэг байсны дараа би ерөнхийлөгч Хинклигээс санал оруулсан бусад газрыг үзэхийг хүсэж байгаа эсэхийг асуув. Тэр тэгье, үзье гэж хэлэв. Ийнхүү бид бусад газрыг ч мөн үзсэнээр тэдгээрийн давуу талуудыг харьцуулж үзэх боломжтой болсон юм.

Бид бусад газрыг үзэж сонирхонгоо Ванкуверыг нар зөв тойрч, эцэст нь анхны газартаа эргэн ирлээ. Ерөнхийлөгч Хинкли “Энэ сайхан газар юм аа” гэж хэлээд, “Бид эндээс 0.4 километрийн зайтай Сүмийн эзэмшлийн цуглааны байр руу явж болох уу?” гэж асуув.

“Тэгэлгүй яахав, ерөнхийлөгч өө” гэж бид хариуллаа.

Бид машиндаа буцаж суугаад, ойролцоох цуглааны байр руу явав. Биднийг сүмийн байранд ирэх үед ерөнхийлөгч Хинкли “Одоо зүүн тийшээ эргэ” гэж хэлэв. Бид зүүн тийшээ эргээд, зааврынх нь дагуу гудамжаар өгсөн явлаа. Гудамж бага зэрэг өгсүүр болж эхэлсэн бөгөөд

хамгийн өгсүүр хэсэгт гарахад ерөнхийлөгч Хинкли “Машинаа зогсоо, машинаа зогсоо” гэж хэллээ. Тэр тэгээд тухайн газрын баруун хэсэг рүү заагаад, “Энэ газрыг юу гэж бодож байна? Энд ариун сүм баригдах болно. Их Эзэн энд ариун сүмээ барихыг хүсэж байна. Та нар энэ газрыг авч чадах уу? Авч чадах уу?” гэж асуув.

Бид энэ газрыг урьд өмнө нь хараагүй байсан. Энэ нь төв замаас хойш, нэлээд зайтай байсан бөгөөд худалдана гэсэн жагсаалтад байхгүй байв. “Сайн мэдэхгүй байна аа” гэж биднийг хариулахад ерөнхийлөгч Хинкли уг газар руу заагаад, “Энд ариун сүм баригдах ёстой” гэж дахин хэлсэн юм. Бид хэдэн минут азнаад, гэр рүүгээ буцахаар нисэх онгоцны буудал руу явлаа.

Дараагийн өдөр нь Виллямс ах бид хоёр ерөнхийлөгч Хинклигийн өрөөнд дуудагдав. Тэр цаасан дээр замууд, сүмийн байр, зүүн тийшээ эргэх хэсэг гээд бүх зүйлийг зурсан байсан бөгөөд ариун сүм баригдах газрыг x -ээр тэмдэглэсэн байв. Тэр биднээс юу олж мэдсэнийг асуулаа. Бид түүнд энэ газар нь олж авахад тун бэрх газар болохыг хэлэв. Энэ газрыг Канад, Энэтхэг, Хятад гэсэн гурван орны иргэд эзэмшиж байлаа. Мөн энэ нь шашны барилга барих зөвшөөрөлтэй бүсэд хамрагддаггүй байв.

“За, чадах бүхнээ хий дээ” гэж тэр хэлсэн юм.

Дараа нь гайхамшиг тохиолдов. Цөөхөн сарын дотор бид газрыг өөрсдийн болгож чадсан бөгөөд хожим нь Бритиш Коламбиагийн Ланглий хот ариун сүм барих зөвшөөрлийг бидэнд олгосон билээ.

Зураг
Бритиш Колумбиагийн Ванкуверийн ариун сүм

Би энэ туршлагын талаар тунгаан бодохдоо, Виллямс ах бид хоёр албан ёсны боловсрол эзэмшсэн, үл хөдлөх хөрөнгө болон ариун сүмийн төслөөр арвин туршлагатай ч албан ёсны сургалтад суугаагүй ерөнхийлөгч Хинклид илүү агуу зүйл болох бошиглолын үзмэрч бэлэг байсан гэдгийг ухаарч, даруусдаг. Тэрээр Бурханы ариун сүм хаана баригдах ёстойг зөгнөн харж чадсан.

Их Эзэн энэ эрин үеийн эртний гэгээнтнүүдэд ариун сүм барих зарлигийг өгөхдөө ийн тунхаглажээ.

“Харин тэдэнд миний үзүүлэх тэр загварын дагуу миний нэрэнд өргөө баригдаг.

Мөн хэрэв миний хүмүүс, … миний үзүүлэх загварын дагуу барихгүй аваас, би үүнийг тэдний гараас хүлээж авах нь үгүй” (Сургаал ба Гэрээ 115:14–15).

Эртний гэгээнтнүүдэд байсантай адил өнөөдөр ч бидэнд энэ загвар байдаг. Их Эзэн бидний өдрүүдэд Бурханы хаант улсыг ямар загвараар удирдан чиглүүлэхийг Сүмийн ерөнхийлөгчид илчилсэн бөгөөд цаашид ч илчилнэ. Тэр хувь хүнийхээ хувьд бидний хүн нэг бүрийг хэрхэн амьдралаа удирдан чиглүүлэх удирдамжаар хангадаг бөгөөд ингэснээр бидний үйл хэрэг Их Эзэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц байж чадна.

2013 оны 4-р сард би ариун сүмийг тулгарч болзошгүй салхи шуурга, байгалийн гамшигт тэсвэртэй байлгахын тулд ариун сүм бүрийн суурийг бэлтгэхтэй холбоотой хичээл зүтгэлийн талаар ярьсан. Гэхдээ суурь тавих ажил бол зөвхөн эхлэл юм. Ариун сүм нь урьдчилан боловсруулсан зургийн дагуу барилгын олон тоосгыг өрж байрлуулснаар баригддаг. Хэрэв бидний амьдрал Их Эзэний заасны дагуу барьж босгохын тулд бидний хүн нэг бүрийн хичээж буй ариун сүм юм бол (1 Коринт 3:16–17-г үзнэ үү) бид өөрсдөөсөө “Бид амьдралаа үзэсгэлэнтэй, гайхамшигтай мөн дэлхийн шуурганд тэсвэртэй болгохын тулд ямар тоосго ашиглах ёстой вэ?” гэж асуух нь зүй ёсны хэрэг.

Бид үүний хариултыг Мормоны Номоос олж авдаг. Бошиглогч Иосеф Смит Мормоны Номын талаар “Би ах нарт хэлсэнчлэн Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номноос хамгийн зөв нь, мөн манай шашны тулгуурын чулуу, түүнчлэн бусад ямар ч номноос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой” (Мормоны Номын удиртгал) гэж хэлсэн. Мормоны Ном бол Бурханы үг гэсэн бурханлаг гэрчийг Ариун Сүнснээс хүлээн авсан хүн үүнтэй төстэй хүчээр Есүс Христ бол дэлхийн Аврагч, Иосеф Смит бол Түүний илчлэгч мөн Сэргээлтийн бошиглогч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээр дахин зохион байгуулагдсан Их Эзэний хаант улс юм гэсэн мэдлэгийг хүлээн авдаг гэдгийг бид Мормон Номын удиртгалаас сурдаг.

Миний дурдах эдгээр зүйл нь бидний хувийн итгэл, гэрчлэлийн нэн чухал зарим хэсэг юм.

  1. Есүс Христ бол дэлхийн Аврагч.

  2. Мормоны Ном бол Бурханы үг.

  3. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээрх Бурханы хаант улс.

  4. Иосеф Смит бол бошиглогч бөгөөд өнөөдөр дэлхий дээр амьд бошиглогчид байдаг.

Сүүлийн саруудад би ерөнхийлөгч Нэлсоний төлөөлөгчөөр дуудагдсанаасаа хойш Ерөнхий чуулган дээр хэлсэн үг бүрийг сонслоо. Эдгээр үг бүрийг уншсан маань миний амьдралыг өөрчилсөн юм. Ерөнхийлөгч Нэлсоний 34 жилийн мэргэн ухааны цуглуулгыг судалж, тунгаан бодох үед түүний сургаалуудаас энгийн тодорхой, давтагдсан сэдвүүд урган гарч ирсэн. Эдгээр сэдэв бүр сая дурдсан тэдгээр сэдвийн талаарэсвэл хувийн ариун сүмийн маань өөр нэгэн чухал хэсэгтэй холбоотой байсан Тэдгээрт Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, нүглээсээ ангижрахын тулд хүртэх баптисм, Ариун Сүнсний бэлэг, нас барагсдын гэтэлгэл, ариун сүмийн ажил, Хүндэтгэлийн өдрийг ариун байлгах, алсын зорилгоо харан ажлаа эхлүүлэх, гэрээний зам дээр үлдэх зэрэг нь багтдаг. Ерөнхийлөгч Нэлсон энэ бүгдийг хайраар мөн чин сэтгэлээсээ ярьсан байсан.

Сүмийн болон бидний амьдралын тулгуур чулуу мөн үндсэн хэсэг бол Есүс Христ юм. Энэ бол Түүний Сүм. Ерөнхийлөгч Нэлсон бол Түүний бошиглогч. Ерөнхийлөгч Нэлсоний сургаал бидний сайн сайхны төлөө Есүс Христийн зан чанар, амьдралыг бидэнд гэрчилж, илчилдэг. Тэрээр Аврагчийн мөн чанар, номлолын талаар хайр бахдалтай, итгэл дүүрэн ярьдаг. Тэрээр мөн өөрийн үйлчилж байсан амьд бошиглогчид, Сүмийн ерөнхийлөгчдийн тэнгэрлэг дуудлагын талаар мөнхийн, үнэн гэрчийг олж авсан.

Өнөөдөр бидэнд түүнийг дэлхий дээрх Их Эзэний амьд бошиглогчийн хувиар дэмжин батлах онцгой боломж тохиолоо. Бид Сүмийн удирдагчдыг хүлээн зөвшөөрч, дэмжиж буйгаа батлан гараа тэгш өнцөг гарган дээш өргөх тэнгэрлэг загвараар дэмжин баталж заншсан. Бид үүнийг хэдхэн минутын өмнө хийлээ. Үнэн сэтгэлээсээ дэмжин батална гэдэг нь зүгээр л нэг гараа өргөн дэмжих бие махбодын энэ тэмдгээс илүү утга учиртай. С ба Г 107:22-т тэмдэглэснээр, Тэргүүн Зөвлөл “итгэл найдвар, итгэл бас сүмийн залбирлаар дэмжигдэх” ёстой. Бид амьд бошиглогчийн үгэнд найдлага тавьж, тэдгээрийг үйлдэх итгэлтэй байж, түүний дээр Их Эзэний адислал байхын төлөө үргэлжлүүлэн залбирах загварыг бий болгосноор түүнийг бүрэн дүүрэн, жинхэнэ утгаар нь дэмжин баталдаг.

Би ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний тухай бодохдоо Аврагчийн дараах үгсээс тайтгарал олдог. “Мөн хэрэв миний хүмүүс миний дуу хоолойг мөн өөрийн хүмүүсийг удирдахаар миний томилсон үйлчлэгчдийн минь дуу хоолойг анхаарах аваас, болгоогтун, үнэнээр би та нарт хэлж байна, тэд байрнаасаа хөдөлгөгдөх нь үгүй” (Сургаал ба Гэрээ 124:45).

Амьд бошиглогчдыг сонсож, анхаарах аваас эдгээр нь бидний амьдралд гүн гүнзгий, бүр амьдралыг өөрчлөхүйц үр нөлөө үзүүлэх болно. Бид хүчирхэгжинэ. Бид Их Эзэнд илүү итгэлтэй болно. Бид Их Эзэний үгийг сонсоно. Бид Бурханы хайрыг мэдэрнэ. Бид хэрхэн зорилготой байж, амьдралаа удирдан залахаа мэднэ.

Би ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонийг болон бошиглогч, үзмэрч, илчлэгч байхаар дуудагдсан бусад хүнийг хайрлаж мөн дэмжин баталдаг. Түүний тэргүүн дээр Их Эзэн бэлгүүдээ юүлсэн гэдгийг би гэрчилж байна. Бид амьдралдаа амьд бошиглогчдын дуу хоолойг сонсох, анхаарах загварыг бий болгох аваас амьдрал маань Их Эзэний бидэнд зориулсан тэнгэрлэг загварын дагуу баригдах ба бид мөнхийн адислалуудыг хүлээн авна. Энэ урилгыг бүх хүнд өгсөн. Ирж, бошиглогчийн дуу хоолойг сонсоцгоо. Тийм ээ, Христэд ирж, амьдрагтун. Есүс Христийн нэрээр, амен.

Хэвлэх