2010–2019
Христ дотор нэг болой
2018 оны 10-р сар


2:3

Христ дотор нэг болой

Их Эзэний ажилд хамт ажилладаг хайрт хамтрагчид аа, бид Сүмд шинэ найз нөхдөө илүү халуун дулаан угтан авч болно мөн авах ч ёстой гэдэгт би итгэдэг.

Өдрийн мэнд дэвшүүлье, хайрт ах, эгч нар аа. Миний төрөлх хэл болох бразилийн португаль хэлээр “Буа тард!” гэж мэндчилдэг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн энэхүү гайхамшигтай Ерөнхий чуулганд хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонийхээ удирдлаган доор хамтдаа цугларч, адислагдсандаа би талархаж байна. Бидний хүн нэг бүр амьдарч буй энэ хожмын өдрүүддээ газар дэлхий дээрх Их Эзэний үйлчлэгчдээр дамжуулан Түүний дуу хоолойг сонсох агуу боломжтой байгаа нь үнэхээр гайхалтай сайхан юм.

Амазон мөрөн
Хоёр гол нийлснээр Амакон мөрөн бий болсон

Миний эх орон Бразил байгалийн нөөц баялгаар маш баян. Тэдгээрийн нэг бол дэлхийн хамгийн том бөгөөд урт гол мөрнүүдийн нэг болох Амазон мөрөн юм. Энэ мөрөн Солимоес, Негро гэсэн хоёр салангид голоос эх авдаг. Сонирхолтой нь, энэ хоёр гол өөр өөр эх үүсвэр, хурд, хэм, химийн найрлага бүтэцтэй тул нийлэхээсээ өмнө хэдэн километрийн турш зэрэгцэн урсдаг. Хэдэн километрийн дараа голууд холилдон, тус тусдаа байснаасаа өөр гол мөрөн болдог аж. Зөвхөн тэднийг нийлсний дараа л Амазон мөрний урсгал маш хүчтэй болдог учир Атлантын далайд хүрэхдээ далайн усыг түрдэг төдийгүй далайд олон километрийн цаана ч цэнгэг ус олддог аж.

Амазон мөрнийг үүсгэж буй хоёр голын огтлолцох цэг

Солимоес, Негро гэсэн хоёр гол нийлж урсан, агуу Амазон мөрөнг үүсгэдэгтэй адил янз бүрийн нийгмийн байр суурь, уламжлал, соёл бүхий Бурханы хүүхдүүд Есүс Христийн сэргээгдсэн Сүмд хамтдаа цугларч, Христ дэх гэгээнтнүүд гэх энэхүү гайхалтай хамт олныг бүрдүүлдэг. Эцэст нь, бид нэг нэгнээ урамшуулан, дэмжиж, хайрласнаар нэгдэж, дэлхийд сайн сайхныг үйлдэх нэгэн хүчирхэг хүчийг үүсгэдэг. Есүс Христийн дагагчдын хувьд бид сайн сайхны энэ мөрөн рүү урсан нэгдсэнээр цангасан дэлхийг сайн мэдээний “цэнгэг усаар” хангах боломжтой байх болно.

Шинэ гишүүд Бурханы бусад хүүхэдтэй хамт цуглардаг
Гэгээнтнүүдийн холбоог үүсгэв

Их Эзэн биднийг Есүс Христийг дагахдаа итгэл, зорилгоороо нэгдмэл болохын тулд бие биенээ хэрхэн дэмжих, хайрлахыг заахад Өөрийн бошиглогчдыг сүнслэгээр өдөөдөг. Шинэ Гэрээний төлөөлөгч Паул “Христ уруу баптисм хүртсэн тэдгээр нь… Христ уруу Христийг өмссөн … учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой хэмээн заажээ.

Бид баптисм хүртэхдээ Эцэгийн өмнө Христийн нэрийг өөрсөд дээрээ авах хүсэлтэй байгаагаа гэрчилдэг. Түүний тэнгэрлэг зан чанарыг амьдралдаа олж авахын тул бид хичээл зүтгэл гаргаснаар Их Эзэн Христийн Цагаатгалаар дамжуулан өмнө байснаасаа өөрчлөгддөг ба бүх хүнийг хайрлах бидний хайр аяндаа нэмэгддэг. Бид хүн бүрийн сайн сайхан, аз жаргалын төлөө чин сэтгэлээсээ санаа тавьдаг. Бид бие биенээ тэнгэрлэг гарал үүсэл, зан чанар, чадавхтай Бурханы хүүхдүүд, ах эгч дүүс хэмээн хардаг. Бид нэг нэгнээ халамжлах, нэг нэгнийхээ ачаа дарамтыг үүрэхийг хүсдэг.

Паул үүнийг энэрэл хэмээн тодорхойлсон. Мормоны Номын бошиглогч Мормон үүнийг “Христийн цэвэр хайр” буюу хайрын хамгийн эрхэм дээд, өгөөмөр бөгөөд хүчирхэг хэлбэр хэмээн дүрсэлжээ. Манай өнөөгийн бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Христийн энэхүү цэвэр хайрын илрэлийг тохинуулал хэмээн тайлбарласан бөгөөд энэ нь бусад хувь хүнийг Аврагчтай адил хайрлан, халамжлахад илүү анхаарлаа төвлөрүүлэн, ариун нандин байдлаар хандах хандлага юм.

Аврагчийн адил хайрлан, халамжлах энэхүү зарчмыг дөнгөж сая хөрвөгдсөн болон Сүмийн үйл ажиллагаанд оролцох сонирхолтой байгаа тэдгээр хүмүүсийг урамшуулах, туслах мөн дэмжих хүрээнд авч үзье.

Эдгээр шинэ найз нөхөд маань дэлхийнхнээс холдон, Есүс Христийн сайн мэдээг хүлээн авч, Сүмд нэгдсэнээр Түүгээр дамжуулан дахин төрж, шавь нар нь болдог. Тэд өөрсдийн сайн мэдэх дэлхийг ардаа орхин, Есүс Христийг дагах сонголтыг хийж, зүрх сэтгэлийн бүрэн зорилготойгоор, Амазон мөрөнтэй адил шинэ “голд” буюу Бурханы оршихуй тийш чиглэн урсдаг сайн сайхан, зөв шударгын зоригтой хүчин болох гол мөрөнд нэгддэг. Төлөөлөгч Петр үүнийг “сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм” хэмээн дүрсэлсэн. Харин эдгээр шинэ найз нөхөд энэ шинэ бөгөөд үл таних гол мөрөнд нэгдэхдээ эхэндээ учраа мэдэхгүй бага зэрэг төөрөлдөж магадгүй. Шинэ найз нөхөд маань онцгой гарал үүсэл, хүйтэн дулааны хэм, химийн бүтэц найрлагатай буюу өөрийн гэсэн уламжлал, соёл, үгсийн сан бүхий нэгэн гол мөрөнд нэгддэг. Тэдний хувьд Христ дэх энэ шинэ амьдрал хэцүү санагдаж болно. Тэдэнд “гэр бүлийн үдэш,” “бишопын зөвлөлийн өсвөр үеийнхний хорооны хурал,” “мацгийн ням гараг,” “нас барагсдын төлөөх баптисм,” “гурвалсан судар” гэх мэт үг хэллэгийг анх удаа сонсоход ямар санагдахыг төсөөлөөд үзээрэй.

Тэдэнд яагаад энэхүү сүмийн нэг хэсэг биш мэт санагдаж болохыг ойлгоход амархан. Ийм нөхцөлд тэд өөрсдөөсөө “Энд намайг багтаах орон зай байна уу? Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд таарч тохирох уу? Сүмд би хэрэгтэй юү? Би надад тусалж дэмжих хүсэлтэй шинэ найз нөхөдтэй болж чадах болов уу?” хэмээн асууж магадгүй юм.

Эрхэм найзууд аа, бид шавь байх урт удаан аяллынхаа өөр өөр шатанд явж байгаа ч иймэрхүү мөчүүдэд шинэ найз нөхдөдөө нөхөрлөлийн гараа сунган, халуун дулаанаар тэврэн угтаж, байгаагаар нь хүлээн авч мөн тусалж, хайрлаж, амьдралдаа татан оруулах ёстой. Эдгээр шинэ найз нөхөд тань бүгд Бурханы үнэ цэнтэй охид, хөвгүүд юм. Амазон мөрөн цутган орж ирдэг голуудаасаа хамааралтай байдгийн адил тэдний нэгийг ч алдахгүй байх нь зүйтэй бөгөөд дэлхийд сайныг үлдэх агуу хүч болохын тулд бид тэдэнд хэрэгтэй байдгийн адил, тэд ч бас бидэнд хэрэгтэй.

Бидний шинэ найзууд өөрсдийн доторх Бурханаас өгөгдсөн авьяас чадвар, сэтгэл догдлол, сайн сайхан бүхнээ авчирдаг. Сайн мэдээний төлөөх тэдний идэвх нь халдварлаж, тийнхүү бидний гэрчлэлийг сэргээхэд туслах боломжтой юм. Мөн тэд амьдралын болон сайн мэдээний талаарх бидний ойлголтод шинэлэг өнгө аясыг авчирдаг.

Олон жилийн турш бидэнд шинэ найз нөхдөө Есүс Христийн сэргээгдсэн Сүмд хэрхэн халуун дулаан угтан авах, хайрлан халамжлах талаар заасаар ирсэн. Тэдэнд амьдралынхаа туршид хүчтэй, итгэлтэй хэвээр үлдэхэд гурван зүйл хэрэгтэй.

Нэгдүгээрт, тэдэнд өөрсдийг нь чин сэтгэлээсээ сонирхдог, ямар ч үед хандаж болох, зэрэгцээд хамтдаа алхалж, асуултуудад нь хариулдаг жинхэнэ, үнэнч, найз нөхөд, Сүмийн ах, эгч нар хэрэгтэй. Гишүүд бид Сүмийн үйл ажиллагаа, цуглаануудад оролцож байхдаа өөрсдийн үүрэг хариуцлага, даалгавар, асуудал зэргээс үл хамааран үргэлж анхааралтай соргог байж, шинэ хүмүүсийг хайдаг байх хэрэгтэй. Бид шинэ найз нөхдөө Сүмд халуун дотно хүлээн авахын тулд мэндчилэн угтан авах, чин сэтгэлээсээ инээмсэглэх мөн дуу дуулж, шүтэн бишрэхдээ дэргэд нь суух, бусад гишүүнтэй танилцуулах зэрэг энгийн зүйлсийг хийж болно. Бид дээрх арга замуудын заримыг ашиглан шинэ найз нөхдөдөө зүрх сэтгэлээ нээх үед энэ нь тохинууллын сүнсээр үйлдэж буй хэрэг юм. Биднийг тэдэнд Аврагчийн адил тохинуулах үед тэд “хашаан доторх үл таних хүмүүс” мэт байхаа болино. Тэдэнд гэртээ байгаа мэт санагдаж мөн шинэ найз нөхөдтэй болох бөгөөд хамгийн чухал нь тэд бидний анхаарал халамжаас Аврагчийн хайрыг мэдрэх болно.

Хоёрдугаарт, шинэ найз нөхдөд маань үүрэг даалгавар буюу бусдад үйлчлэх боломж хэрэгтэй. Үйлчлэл бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн агуу суу билгүүдийн нэг юм. Энэ бол бидний итгэл илүү хүчирхэгжин, өсөх боломжтой үйл явц юм. Шинэ найз бүр тэрхүү боломжоос хүртэх учиртай. Хэдийгээр бишоп болон тойргийн зөвлөл баптисм хүртэснийх нь дараа үүрэг даалгавар өгөх шууд үүрэг хариуцлагыг хүлээдэг ч шинэ найз нөхдөөсөө албан бус арга замаар эсвэл үйлчлэлийн төслөөр дамжуулан үйлчлэл хийхэд тань туслахыг хүсэхэд бидэнд саад болох зүйл үгүй.

Гуравдугаарт, шинэ найз нөхдөө “Бурханы сайн үгээр тэжээ[х]” ёстой. Бид судруудаас уншиж, сургаалуудыг тэдэнтэй ярилцаж, түүхүүдэд хамаарах нөхцөл байдлыг хэлж өгөн, хэцүү үгсийг тайлбарлах замаар судартай танилцаж, хайрладаг болоход нь тэдэнд туслах боломжтой. Бид мөн судраас тогтмол судалснаар хэрхэн хувийн удирдамж хүлээн авах боломжтой болох талаар тэдэнд зааж болно. Түүнээс гадна бид Сүмийн хуваарьт цуглаан, үйл ажиллагаанаас гадуур, шинэ найз нөхдийнхөө гэрт очиж мөн өөрсдийнхөө гэр оронд урьж болох бөгөөд гэгээнтнүүд гэх хамт олны хүчит гол мөрөнд нэгдэхэд нь тусалж болно.

Шинэ найз нөхөд маань Бурханы гэр бүлийн гишүүн, бидний ах, эгч болохын тулд хэрхэн дасан зохицож байгааг болон тулгарч буй саад бэрхшээлийг нь ухаарч ойлгосноор бид өөрсдийн амьдралд үүнтэй адил асуудлыг хэрхэн даван туулснаа хуваалцаж болно. Энэ нь тэднийг ганцаараа биш гэдгийг мөн Бурханы өгсөн амлалтад итгэх итгэлээ хөгжүүлэх үед Тэрээр адислагдах болно гэдгийг ойлгоход нь туслах болно.

Солимоес, Негро голууд нийлж холилдоход Амазон мөрөн сүрлэг бөгөөд хүчирхэг болдог. Үүнтэй адил биднийг шинэ найзуудтайгаа үнэхээр нийлэн нэгдэх үед Есүс Христийн сэргээгдсэн Сүм улам хүчирхэгжиж, илүү бат бөх болдог. Миний хайртай эхнэр Розана бид хоёр олон жилийн өмнө төрсөн нутагтаа Есүс Христийн сайн мэдээг хүлээн авах үед маань энэхүү шинэ гол мөрөн рүү нийлж нэгдэхэд тусалсан бүх хүнд маш их талархдаг. Олон жилийн турш тэрхүү гайхамшигтай хүмүүс бидэнд чин сэтгэлээсээ тохинуулж, зөв шударгад үргэлжлүүлэн урсахад тусалсан билээ. Бид тэдэнд маш их талархаж байна.

Шинэ найз нөхдөө мөнх амьдрал тийш урсах сайн сайхны энэ шинэ гол мөрөн рүү итгэлтэйгээр хамт урсахад нь хэрхэн тусалж болохыг дэлхийн бөмбөрцгийн баруун талд байх бошиглогчид маш сайн мэддэг байсан. Жишээлбэл, бидний энэ өдрийг урьдаас харж, ийм саад бэрхшээл тулгарна гэдгийг мэдэж байсан тул Моронай Мормоны Номын цэдэгтээ тэрхүү чухал алхмуудыг бичиж оруулжээ.

“Мөн тэд баптисмд хүлээн авагдсаны дараа, мөн Ариун Сүнсний хүчээр нөлөөлөгдөж мөн цэвэршигдсэний дараа, тэд Христийн сүмийн хүмүүсийн дунд тоологддог байв; мөн тэднийг зөв замд байлгахын тулд, итгэлийнх нь үүсгэгч мөн төгсгөгч нь болох Христийн сайн үйлсийн дээр л тулгуурлан тэднийг залбиралд үргэлж анхааралтай байлгахаар Бурханы сайн үгээр дурсагдан мөн тэжээгдэхийн учир тэдний нэрс тэмдэглэгддэг байв.

Мөн сүмийнхэн мацаг барихаар мөн залбирахаар, мөн өөр хоорондоо бодгалиудынхаа аз жаргалын талаар ярихаар ойр ойрхон цугладаг байв.”

Их Эзэний ажил дахь хайрт хамтрагчид минь ээ, бид шинэ найз нөхдөө Сүмд илүү халуун дулаан угтан авч болно, угтан авах ч ёстой гэдэгт би итгэдэг. Би та нарыг яг дараагийн ням гаргаас эхлэн тэднийг илүү халуун дотноор угтан авч, хүлээн зөвшөөрч, туслахын тулд юу хийж болохоо эргэцүүлэн бодоход урьж байна. Сүмийн үүрэг даалгавар тань цуглаан, үйл ажиллагааны үеэр шинэ найз нөхдөө угтан авахад саад болохгүй байхад анхаар. Эцсийн эцэст тэдгээр бодгаль Бурханы мэлмийн өмнө үнэ цэнтэй бөгөөд аливаа хөтөлбөр, үйл ажиллагаанаас ч илүү чухал билээ. Бид Аврагчтай адил шинэ найз нөхдөдөө цэвэр хайраар дүүрэн зүрх сэтгэлээр тохинуулах юм бол Тэрээр бидний гаргасан хүчин чармайлтад туслах болно гэдгийг би амлаж байна. Биднийг Аврагчтай адил итгэлтэй тохинуулагчийн хувиар үйлдэх үед шинэ найзууд маань хүчтэй, үнэнч, эцсээ хүртэл итгэлтэй хэвээр үлдэхэд туслах тусламжаа хүлээн авах болно. Биднийг Бурханы хүчирхэг хүмүүс болох үед тэд бидэнтэй нэгдэх бөгөөд Есүс Христийн сайн мэдээний адислалууд хэрэгтэй байгаа дэлхийд цэнгэг усыг аваачихад бидэнд туслах болно. Бурханы эдгээр хүүхэд “үл таних, гадаад хүн байхаа больж, харин гэгээнтнүүдтэй хамт журмын анд” болсноо мэдрэх болно. Тэд Аврагч, Есүс Христийн Сүмд Түүний оршихуйг мэдрэх болно гэдгийг би та нарт амлаж байна. Их Эзэн Есүс Христ тэднийг мутраа дэлгэн хүлээн авах хүртэл мөн “Та нарт мөнх амьдрал байх болно” хэмээн Эцэгийн хэлэхийг сонсох хүртэл тэд бүхий л сайн сайхны усан оргилуур руу бидэнтэй хамт гол мөрөн мэт үргэлжлүүлэн урсах болно.

Их Эзэн та нарыг хэрхэн хайрласантай адил бусдыг хайрлахдаа Түүний тусламжийг эрэлхийлэхэд би та нарыг урьж байна. “Иймийн тул, хайрт ах [эгч] дүүс минь, та нар түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр түүний цутгасан хайраар дүүргэгдэж болохын төлөө зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун” хэмээх Мормоны зөвлөгөөг бүгд дагацгаая. Би эдгээр үнэнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.