Тэргүүнээ өргө мөн баясагтун
Бид Их Эзэний зам дээр хүнд саад бэрхшээлтэй нүүр тулахдаа тэргүүнээ өргөн, баясах болтугай.
1981 онд би аавтайгаа болон хоёр дотнын найзтайгаа хамт Аляск руу адал явдалт аялалд гарсан юм. Бид зэлүүд газарт орших нуурын дэргэд бууж, үзэсгэлэнтэй, өндөр уулс руу авирах гэж байлаа. Бид өөрсдөө үүрэх ачаагаа хөнгөлөхийн тулд зарим хоол хүнс, хэрэгслээ хайрцагнуудад хийгээд, хөөсөнцрөөр хучин баглаж, өнгөт том тууз зүүн, онгоцныхоо цонхоор товлосон газар луугаа шидэв.
Хамгийн гайхалтай нь, товлосон газартаа очсоныхоо дараа бид хэчнээн их хайгаад ямар ч хайрцаг олсонгүй. Эцэст нь бид ганцхан хайрцаг олов. Уг хайрцагт хийн плитка, брезент, хэдэн чихэр, татсан махгүй хоёр уут “Хамбөргөр хэлпэр” байлаа. Бид гаднах ертөнцтэй холбогдох боломжгүй байсан ба төлөвлөсний дагуу биднийг долоо хоногийн дараа авах байв.
Би энэ туршлагаас нэгдүгээрт, хоол хүнсээ цонхоор бүү хая, хоёрдугаарт, заримдаа бид хүнд саад бэрхшээлтэй нүүр тулгардаг гэсэн хоёр үнэтэй сургамжийг авсан юм.
Бид хүнд хэцүү саад бэрхшээлтэй тулгарахдаа, ихэнхдээ “Яагаад би гэж?” гэсэн хандлагаар ханддаг. Гэхдээ яагаад гэдгийг асуух нь хэзээ ч саад бэрхшээлийг биднээс холдуулдаггүй. Их Эзэн биднээс саад бэрхшээлийг ялан дийлэхийг шаарддаг төдийгүй “эдгээр бүх зүйл [бидэнд] туршлага суулгах болно, мөн [бидний] сайн сайхны төлөө байх болно” гэж онцлон тэмдэглэсэн.
Заримдаа Их Эзэн биднээс хүнд хэцүү зүйлийг хийхийг хүсдэг, харин заримдаа бидний болон бусдын сонгох эрх тэрхүү бэрхшээлүүдийг үүсгэсэн байдаг. Нифайд энэ хоёр хоёулаа тохиолдож байсан. Буцаж очоод, Лебенээс ялтсуудыг авахыг Лихай хөвгүүдээсээ хүсэхэд, Нифай “Мөн эдүгээ, болгоогтун ах нар чинь бувтналдаж тэднээс миний шаардсан зүйлийг хүнд бэрх гэцгээв; гэвч болгоогтун тэднээс үүнийг шаардсан нь би биш, харин энэ бол Их Эзэний зарлиг” хэмээн хэлсэн. Өөр нэг тохиолдолд Нифайн ах нар сонгох эрхээ ашиглан түүний эрхийг хязгаарласан. “Тэд надад гар хүрэв, учир нь болгоогтун, тэд үлэмж ихээр хилэгнэн, мөн тэд намайг олсоор хүлэв, тэд намайг зэрлэг араатанд тасчуулахаар аглаг буйдад орхиж болно хэмээн амийг минь бүрэлгэхээр эрэлхийлсний учир болой.”
Иосеф Смит Либерти шоронд байхдаа хүнд саад бэрхшээлтэй тулгарсан. Зовлондоо түүртэж, цөхөрсөн Иосеф “Ай, Бурхан минь, та хаана байна вэ?” хэмээн дуу алддаг. Бидний заримд Иосефийн мэдэрсэнтэй адил мэдрэмж төрж байсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.
Хүн бүрд хайртай нэгнээ алдах, гэр бүл нь салж сарних, үр хүүхэд нь буруу замаар явах, өвчин зовлон тохиолдох, итгэлээрээ соригдох, ажлаа алдах болон өөр бусад хүнд бэрхшээл тулгардаг.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэллийн цусны цагаан эсийн хорт хавдартай тэмцэж байхдаа хэлсэн үг миний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн билээ. “Хэсэгхэн зуур бодолд автан суутал, ‘Би чамайг миний хүмүүст үнэн сэтгэлээсээ заагаасай гэсэндээ л цусны хорт хавдар өвчнийг өгсөн’ гэсэн эдгээр сургамжтай, урам зориг төрүүлсэн 13 үг толгойд минь орж ирсэн” гэж тэр хэлсэн юм. Дараа нь уг туршлага хэрхэн түүнийг “мөнх амьдралын бодит байдлын талаарх ойлголтоор адисалсныг илэрхийлээд… мөнх амьдралын энэхүү ойлголт нь туйлын хэцүү байж болох дараагийн 100 ямхын зайд алхахад бидэнд тусалж чадна” гэдгийг хэлсэн.
Мөнх амьдралын энэхүү ойлголт нь бидэнд аялах болон хүнд саад бэрхшээлийг ялан дийлэхэд хэрхэн тусалж болох талаар би хоёр зүйлийг санал болгох гэсэн юм. Эхлээд бид бусдыг уучлан, харин дараа нь өөрсдийгөө Тэнгэрлэг Эцэгт зориулах замаар хүнд саад бэрхшээлтэй нүүр тулах ёстой.
Хүнд саад бэрхшээлийг бидэнд учруулсан хүмүүсийг уучлан, “Бурханы таалалд өөрсдийгөө эвлэрүүл[эх]” нь маш хэцүү байж болно. Хүнд саад бэрхшээлийг гэр бүлийн гишүүн, дотнын найз болон бид өөрсдөө авчрах нь сэтгэлийг хамгийн гүн шархлуулдаг.
Залуухан бишоп байхдаа би гадасныхаа ерөнхийлөгч Брүс М.Күкийн хуваалцсан түүхээс уучлалын талаар сурсан юм. Тэрээр ингэж тайлбарласан.
“1970-аад оны сүүлээр би хэдэн хамтрагчтайгаа хамт бизнес эхлүүлэв. Хэдийгээр бид ямар ч хууль бус зүйл хийгээгүй ч гаргасан зарим буруу шийдвэр болон эдийн засгийн хүндрэлтэй цаг үеийн уршгаар дампуурсан юм.
Зарим хөрөнгө оруулагч алдагдлаа олж авахын тулд шүүхээр заргалдсан ба тэдний өмгөөлөгч нь манай гэр бүлийн тойргийн бишопын зөвлөлийн зөвлөх байж таарав. Намайг үгүй хийхийг эрэлхийлж байгаа мэт санагдсан хүнээ дэмжихэд надад маш хүнд байлаа. Би түүнийг үнэхээр үзэн ядаж, дайснаа гэж үзэх болов. Таван жил хууль шүүхээр явсны эцэст бид байгаа бүхнээ, бүр гэр орноо хүртэл алдаж билээ.
2002 онд эхнэр бид хоёр миний зөвлөхөөр нь үйлчилж байсан гадасны ерөнхийлөгчийн зөвлөл дахин шинээр зохион байгуулагдаж байгааг олж мэдсэн юм. Дуудлагаас буухаасаа өмнөхөн хэд хоногоор аялж байх үеэр эхнэр маань хэрэв чи гадасны шинэ ерөнхийлөгчөөр дуудагдах юм бол хэнийг зөвлөхөөрөө дуудах вэ гэж надаас асуув. Би хэлэхийг хүсээгүй ч тэр шалгаасаар байв. Эцэст нь надад нэг нэр орж ирлээ. Харин эхнэр маань 20 жилийн өмнө хүнд байдалд ороход голлон нөлөөлсөн өмгөөлөгчийн нэрийг дурдав. Түүнийг ийнхүү хэлэхэд, Сүнс надад нөгөө зөвлөхөөрөө түүнийг дуудах ёстой болохыг баталлаа. Би тэр хүнийг уучилж чадах болов уу?
Ахлагч Дэвид Э.Сорэнсэн гадасны ерөнхийлөгчийн дуудлагыг өгөөд, зөвлөхүүдээ сонгох нэг цаг өглөө. Би нулимс дуслуулан, Их Эзэн надад энэ талаар аль хэдийн илчлэлт өгсөн гэж хэлэв. Дайснаа гэж үздэг байсан хүнийхээ нэрийг хэлэх үед дотроо тээж явсан уур, өшөө хорсол, үзэн ядалт замхран алга болсон. Яг тэр мөчид би Христийн Цагаатгалаар дамжин ирдэг амар амгаланг мэдэрсэн билээ.”
Өөрөөр хэлбэл, гадасны ерөнхийлөгч маань эртний Нифайн адил түүнийг “даруй уучил[сан]” байлаа. Ерөнхийлөгч Күк болон түүний зөвлөх нэг нэгнээ хайрладаг зөв шударга санваартнууд гэдгийг би мэддэг байсан. Мөн би тэдэнтэй адил болохыг хүсдэг байлаа.
Олон жилийн өмнө Аляскад болсон золгүй аяллынхаа үеэр, өөрсдийн нөхцөл байдлын төлөө бусдыг буруутгах нь, тухайлбал хоол хүнсийг маань яах ийхийн завдалгүй гаргаж шидсэн нисгэгчийг буруутгах нь шийдэл биш юм гэдгийг би тэр даруй ойлгосон юм. Гэхдээ бид ядарч туйлдан, өлсөж цангаж, өвдөж шаналах үедээ мөн хүчтэй шуурганаар шуудай нөмрөн газарт унтаж байх үед “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” гэдгийг би олж мэдсэн.
Залуус аа, Бурхан та нараас хүнд хэцүү зүйлсийг шаардах болно. 14 настай нэг залуу эмэгтэй сагсан бөмбөгийн сонгон шалгаруулах тэмцээнд оролцжээ. Тэр эгчтэйгээ адил ахлах сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт тоглохыг мөрөөддөг байв. Харин дараа нь эцэг эх нь Гватемала номлолыг тэргүүлэхээр дуудагдсан байсныг тэр олж мэдсэн байна.
Гватемалад ирснийхээ дараа тэрээр хоёр хичээл нь өөрийнх нь ярьдаггүй испани хэл дээр орно гэдгийг мэдэж авчээ. Сургуульд нь бас охидын спортын ямар ч баг байсангүй. Тэр өндөр хамгаалалттай байрны 14 давхарт амьдардаг байсан төдийгүй аюулгүй байдлын улмаас түүнийг ганцааранг нь гадагш гаргадаггүй байлаа.
Эцэг эх нь түүнийг орой бүр унтахдаа уйлахыг нь хэдэн сарын туршид сонсжээ. Энэ нь тэдний зүрх сэтгэлийг шархлуулж байлаа! Эцэст нь тэд охиноо гэр рүүгээ, эмээ рүү нь буцаан явуулж, ахлах сургуульд оруулахаар шийдэв.
Эхнэр маань энэ шийдвэрээ хэлэхээр охиныхоо өрөө рүү ороод, түүнийг орон дээрээ Мормоны Номыг нээж, өвдөг сөгдөн залбирч байхыг харжээ. Сүнс эхнэрт минь “Тэрээр зүгээр байх болно” хэмээн шивнэсэн тул тэр өрөөнөөс нь чимээгүйхэн гарсан аж.
Бид түүний уйлахыг дахин сонсоогүй юм. Тэр хичээл зүтгэлээрээ мөн Их Эзэний тусламжтайгаар тэрхүү гурван жилийг зоригтой давж гарсан.
Номлолынхоо эцэст би охиноосоо бүрэн цагийн номлолд явахаар төлөвлөж байгаа эсэхийг нь асуув. Тэр “Үгүй ээ, аав аа. Би аль хэдийн үйлчилчихсэн” гэж хэлж билээ.
Би ч үүнийг нь хүлээн зөвшөөрсөн! Зургаан сар орчмын дараа нэгэн шөнө Сүнс намайг сэрээхэд, “Би охиныг чинь номлолд үйлчлүүлэхээр дуудсан” гэсэн бодол оюун санаанд минь орж ирсэн.
Би шууд л “Тэнгэрлэг Эцэг ээ, тэр аль хэдийн олон золиос гаргасан шүү дээ” гэж хариулсан юм. Сүнс намайг тэр даруй засаж залруулан, Их Эзэн түүгээр номлолын ажил хийлгэхийг хүссэн болохыг ойлгуулсан билээ.
Удалгүй би охиноо өдрийн хоол хамт идэхээр дагуулж явав. Ширээний эсрэг талаас би “Ганзи, бид яагаад энд байгааг мэдэж байна уу?” гэж асуулаа.
Тэр “Тийм ээ аав аа. Би номлолд үйлчлэх ёстой гэдгийг та мэднэ. Би явмааргүй байгаа ч явах болно” гэв.
Тэрээр өөрийнхөө хүслийг Тэнгэрлэг Эцэгт өгсөн учраас Түүнд бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчилсэн юм. Тэр аавдаа хүнд бэрх зүйлийг хэрхэн хийхийг заасан.
Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалтаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон өсвөр үеийнхнээс зарим хэцүү зүйлийг хийхийг шаардсан. Ерөнхийлөгч Нэлсон: “Миний та нарт өгөх тав дахь урилга бол бусдаас ялгарч, дэлхийн хүмүүсээс өөр байх явдал юм… Тиймээс, Их Эзэн чамаас Есүс Христийн жинхэнэ шавийн адил харагдаж, сонсогдож, үйлдэж, хувцаслахыг шаарддаг” гэж хэлсэн. Энэ нь хүнд хэцүү байж болно. Гэхдээ та нар үүнийг баяр баясгалантайгаар хийж чадна гэдгийг би мэднэ.
“Баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө” гэдгийг санацгаа. Лихай олон зовлон бэрхшээлтэй тулгарсан ч баяр баясгаланг олсон. Аммонайхагийн хүмүүсээс болж Алма “харуусалдаа дарагд[сан]” байсныг санаж байна уу? Тэнгэр элч түүнд “Адислагдсан болой та, Алма; тиймийн тул, тэргүүнээ өргө мөн баясагтун, учир нь та … Бурханы зарлигуудыг дагахад итгэлтэй байсан болой” хэмээн хэлсэн. Бид зарлигуудыг дагах юм бол үргэлж баяр баясгалантай байж чадна гэсэн агуу үнэнийг Алма ойлгож мэдсэн. Хэдийгээр Моронайн үед дайн дажин, зовлон бэрхшээлтэй тулгарч байсан ч “Нифайн хүмүүсийн дунд илүү аз жаргалтай үе хэзээ ч байсангүй” гэдгийг бүү март. Хүнд саад бэрхшээл тулгарахад бид баяр баясгаланг олж чадна, олох ч ёстой.
Аврагчийн хүнд саад бэрхшээлтэй тулгарч байсан талаар “Мөн энэ дэлхийнхэн, … гологдсон зүйл мэт түүнийг шүүх болно; иймийн тул тэд түүнийг ташуурдахад, мөн тэрээр үүнийг тэвчинэ; мөн тэд түүнийг цохиход, мөн тэрээр үүнийг тэвчинэ. Тийм ээ, тэд түүнийг нулимах бөлгөө, мөн хүмүүний үрсийн зүг хандах өөрийн өгөөмөр хайр мөн өөрийн хүлцэнгүй тэсвэрлэлийн учир тэрээр үүнийг тэвчих болно” хэмээн бичсэн байдаг.
Есүс Христ хайрлаж, энэрч байсан болохоор Цагаатгалыг хийж зовж шаналсан. Иймээс л Тэрээр бидний хүн нэг бүрд хандан “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” хэмээн хэлсэн билээ. Христийн ачаар бид ч гэсэн дэлхийнхнийг ялан дийлж чадна.
Бид Их Эзэний зам дээр хүнд саад бэрхшээлтэй нүүр тулахдаа тэргүүнээ өргөн, баясах болтугай. Би дэлхийнхэнд гэрчлэх энэхүү ариун нандин боломжийг ашиглан Аврагч амьд бөгөөд Өөрийн Сүмийг удирдан залдаг гэдгийг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.