Мормоны Номын хөрвөлтөд гүйцэтгэдэг үүрэг
Бид Израилыг хамгийн сүүлчийн удаа цуглуулж байгаа бөгөөд үүнийг хөрвөлтийн хамгийн хүчтэй зэмсгүүдийн нэг болох Мормоны Номын хамт гүйцэтгэж байна.
Өнөө үед олон хүн Бурхан байдаг эсэхийг мөн Бурхан бидний хоорондын харилцааны талаар мэдэхийг хүсдэг. Олон хүн Түүний аз жаргалын агуу төлөвлөгөөний талаар багаахан эсвэл ямар ч мэдлэггүй байдаг. 30-аад жилийн өмнө ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “өнөөгийн дэлхийн … ихэнх нь Аврагчийн бурханлаг байдлыг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд Түүний гайхамшигт төрөлт, төгс төгөлдөр амьдрал, алдар суут Амилалтын бодит байдалд эргэлздэг” болохыг онцолсон.
Бидний үед асуултууд нь Аврагчаас гадна Түүний Сүм дээр буюу бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дээр мөн адил төвлөрдөг. Эдгээр асуулт нь ихэвчлэн Аврагчийн Сүмийн түүх, сургаалд эсвэл зан үйлд төвлөрсөн байдаг.
Мормоны Ном бидэнд гэрчлэлээ өсгөн нэмэгдүүлэхэд тусалдаг
Миний сайн мэдээг номло товхимлоос бид “[Тэнгэрлэг Эцэг болон Түүний аз жаргалын төлөвлөгөөний талаарх] бидний ойлголтууд ѳнѳѳ үеийн бошиглогчдоос буюу Бурханаас шууд илчлэлт хүлээн авдаг Иосеф Смитээс болон түүний залгамжлагчдаас ирдгийг санагтун. Тийм учраас, хэн нэгний хариулах эхний асуулт нь Иосеф Смит бошиглогч байсан уу гэсэн асуулт бѳгѳѳд уг [хүн] Мормоны Номыг уншиж, үүний тухай залбирснаар энэ асуултад хариулж чадна” гэж уншдаг.
Бошиглогч Иосеф Смитийн бурханлаг дуудлагын талаарх миний гэрчлэл “Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ”-г залбирч судалснаар хүчирхэгжсэн. Би Мормоны Номын үнэн эсэхийг мэдэхээр “Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр асуу” гэсэн Моронайн урилгыг дагасан. Энэ нь үнэн гэдгийг мэддэгээ би гэрчилж байна. Энэ мэдлэгийг би “Ариун Сүнсний хүчээр” хүлээн авсан, та ч бас ийн хүлээн авч болно.
Мормоны Номын удиртгалд “Ариун Сүнснээс (Мормоны Номын тухай) энэ бурханлиг гэрчлэлийг олсон хэн боловч тэдгээр нь мөнхүү хүчээр Есүс Христ бол энэ дэлхийн Аврагч, эдгээр эцсийн өдрүүдэд Иосеф Смит бол түүний илчлэгч мөн бошиглогч гэдгийг, мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Мессиагийн хоёр дахь ирэлтийн бэлтгэл болж, энэ газар дэлхий дээр нэгэнтээ дахин байгуулагдсан Их Эзэний хаант улс юм гэдгийг мэдэж авах болно” хэмээн бичсэн байдаг.
Чилид залуу номлогч байхдаа би Мормоны Номын хөрвүүлэх хүчийн талаар амьдралыг минь өөрчилсөн сургамж авсан юм. Ноён Гонзалэс гэж миний нэрлэдэг нэгэн эр олон жилийн туршид өөрийнхөө сүмд нэр хүндтэй албан тушаалд үйлчилж байжээ. Тэр шашин судлалын зэрэгтэй, шашны талаар өргөн мэдлэгтэй нэгэн байв. Тэр мөн Библийн мэдлэгээрээ бахархдаг байсан юм. Шашны эрдэмтэн гэдэг нь бидэнд илт байв.
Түүний төрөлх хот Перугийн Лимад өөрсдийн ажлыг хийж буй Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчдыг тэр сайн мэддэг байлаа. Тэдэнтэй уулзаж, Библийн талаар заахыг тэр үргэлж хүсдэг байжээ.
Нэг өдөр, яг л тэнгэрээс бууж ирсэн бэлэг мэт хоёр номлогч түүнийг гудамжинд зогсоон, гэрт нь очиж судраас хуваалцаж болох уу гэж асуув. Энэ бол мөрөөдөл нь биеллээ олсон явдал байлаа! Түүний залбирал хариулагдлаа. Эцэст нь, тэр төөрөлдсөн хөвгүүдийг зөв замд нь оруулах боломжтой боллоо. Тэрээр гэрт нь судруудын тухай ярилцахаар ирвэл дуртайяа хүлээн авч уулзана хэмээн хэлэв.
Тэр уулзалт болохыг тэсэн ядан хүлээж, Библийг ашиглан, шашин шүтлэгийг нь үгүйсгэхэд бэлэн байв. Библи тэдний зам буруу болохыг тод томруун, алдаа мадаггүй заана гэдэгт тэр итгэлтэй байлаа. Товлосон өдрийн орой ч болж, номлогчид хаалгыг нь цохив. Түүний сэтгэл догдолж, номлогчдын сургаалыг үгүйсгэх цаг мөч ч ирлээ.
Тэр үүдээ нээж, номлогчдыг гэртээ урин оруулав. Номлогчдын нэг нь түүнд хөх хавтастай ном өгөөд, уг ном Бурханы үгсийг агуулдаг гэдэгт итгэдэг хэмээн өөрийн гэрчлэлийг чин сэтгэлээсээ хуваалцжээ. Хоёр дахь номлогч энэ номын тухай хүчтэй гэрчлэлээ нэмж хуваалцаад, уг номыг Иосеф Смит хэмээх Бурханы өнөө үеийн бошиглогч орчуулсан ба энэ нь Есүс Христийн талаар заадаг гэж гэрчлэв. Номлогчид явах цаг болсноо хэлээд, гэрээс нь явсан байна.
Ноён Гонзалэс сэтгэл гонсгор үлдэв. Гэсэн хэдий ч тэр номыг нээн, хуудаснуудыг нь эргүүлэн харав. Тэр эхний хуудсыг уншлаа. Дараа нь тэр хуудаснуудыг дараагийн өдрийн үдээс хойш хүртэл нэг бүрчлэн тасралтгүй уншив. Тэр номыг бүхэлд нь уншаад, үнэн гэдгийг нь мөн юу хийх ёстойгоо мэдсэн байна. Тэр номлогчдыг дуудан, хичээл авч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болохын тулд дассан сурсан амьдралаа орхив.
Энэ сайн эр бол Юта мужийн Прово дахь НБТ-ийн багш минь байсан юм. Гонзалэс ахын хөрвөлтийн түүх болон Мормоны Номын хүч надад гүн сэтгэгдэл төрүүлсэн.
Намайг Чилид ирэхэд номлолын маань ерөнхийлөгч Ройдэн Ж.Глэйд биднийг “Иосеф Смит—Түүх” дээрээс бошиглогч Иосеф Смитийн гэрчлэлийг долоо хоног бүр уншиж байхад урьсан юм. Тэрээр бидэнд Анхны үзэгдлийн тухай гэрчлэл сайн мэдээ болон Мормоны Номын талаарх бидний гэрчлэлтэй шууд холбоотой болохыг зааж билээ.
Би тэр урилгыг нухацтай хүлээн авсан. Би Анхны үзэгдлийн тухай өгүүлсэн түүхүүдийг мөн Мормоны Номыг уншив. Би мөн Мормоны Ном үнэн эсэхийг мэдэхээр “Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр асуу” гэсэн Моронайн урилгын дагуу залбирсан юм. Өнөөдөр би Мормоны Ном бол бошиглогч Иосеф Смитийн хэлснээр “энэ дэлхий дээрх бусад бүх номоос хамгийн зөв нь, мөн манай шашны тулгуур чулуу, түүнчлэн бусад ямар ч номоос илүүгээр үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болно” гэдгийг гэрчилж байна. Түүнчлэн бошиглогч Иосеф “Мормоны Ном болон илчлэлтүүдийг авчих юм бол манай шашин хаана байх вэ? Бидэнд юу ч байхгүй болно” хэмээн тунхагласан билээ.
Хувийн хөрвөлт
Бид өөрсдийн хэн болохыг мөн Мормоны Номын зорилгыг илүү сайн ойлгосноор хөрвөлт маань гүнзгийрч, илүү бат бөх болдог. Энэ нь Бурхантай байгуулсан гэрээнүүдээ сахина гэсэн амлалтыг маань хүчирхэгжүүлдэг.
Мормоны Номын үндсэн зорилго бол тараагдсан Израилыг цуглуулах явдал юм. Ийнхүү цуглуулах нь Бурханы бүх хүүхдэд гэрээний зам дээр гарч, тэдгээр гэрээгээ эрхэмлэн дээдэлснээр Эцэгийн оршихуйд эргэн очих боломжийг олгодог. Бид хөрвөгчдөд наманчлалыг зааж, баптисм хүртээснээр тараагдсан Израилыг цуглуулдаг.
Мормоны Номд Израилын угсааны талаар 108 удаа дурдсан байдаг. Мормоны Номын эхэнд Нифай “Учир нь, миний бүхий л зорилго бол Абрахамын Бурхан, мөн Исаакийн Бурхан, мөн Иаковын Бурханд ирж, аврагд хэмээн хүмүүнд ятгах нь болой” хэмээн заасан. Абрахам, Исаак, Иаковын Бурхан бол Хуучин Гэрээний Бурхан Есүс Христ юм. Бид Христийн сайн мэдээний дагуу амьдарч, Түүнд ирснээр аврагддаг.
Сүүлд нь Нифай ингэж бичсэн.
“Тийм ээ, түүгээр үл барам эцэг минь ихийг өгүүлсэн билээ, харийнханы талаар, мөн түүнчлэн Израилын угсааны талаар, мөчрүүд нь хугаран бүх дэлхийн гадаргуугаар тараагдах тэр, чидуны модтой адилтгам байх буюу хэмээв. …
Мөн Израилын угсаа тараагдсаны дараа дахин хамтдаа нэгдэн цуглуулагдана; өөрөөр хэлбэл чухамдаа харийнхан Бурханы Сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авсны дараа, чидуны модны унаган мөчрүүд буюу Израилын угсаанаас үлдэгсэд нь үүнд залгагдах болно, өөрөөр хэлбэл үнэн Мессиагийн, Их Эзэнийхээ болон Гэтэлгэгчийнхээ мэдлэгт орох болно.”
Үүнтэй адил Мормоны Номын төгсгөлд бошиглогч Моронай гэрээнүүдийн маань талаар бидэнд “Та нар цаашид үл бусниулагдахын тул, Мөнхийн Эцэгийн Ай Израилын угсаа, та нартай хийсэн гэрээнүүд биелэгдэж болохын тулд, үүрд гадсаа бөхөлж мөн хилээ тэлэгтүн” хэмээн сануулан хэлсэн.
Мөнхийн Эцэгийн гэрээнүүд
Моронайн хэлсэн “Мөнхийн Эцэгийн гэрээнүүд” гэж юу вэ? Бид Абрахамын номоос ийнхүү уншиж болно.
“Миний нэр Иехова, мөн бибээр эхлэлээс төгсгөлийг мэднэ; тиймийн тул миний мутар чам дээр байх болно.
Мөн би чамаас агуу үндэстнийг бий болгох болно, мөн би чамайг хэр хэмжээнээс дээгүүр адисалж, мөн нэрийг чинь бүх үндэстнүүдийн дунд агуу болгох болно, чибээр өөрийнхөө дараах үр удамдаа тэд өөрсдийн гарт энэ тохинуулал хийгээд санваарыг бүх үндэстнүүдэд гэрчлэх адислал байх болно.”
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон саяхан болж өнгөрсөн дэлхий даяарх нэвтрүүлгээр ийнхүү заасан юм. “Энэ бол гарцаагүй хожмын өдрүүд бөгөөд Их Эзэн Израилыг цуглуулах ажлаа яаравчлуулж байна. Тэрхүү цугларалт өнөөдөр дэлхий дээр болох хамгийн чухал зүйл юм. Хэр хэмжээ, ач холбогдол, сүр жавхлангийн хувьд юутай ч харьцуулшгүй. Хэрэв та нар сонговол мөн та нар хүсвэл үүний нэгэн томоохон хэсэг байж чадна. Та нар том, агуу, сүрлэг нэгэн үйлсийн томоохон хэсэг байж чадна.
Бид цугларалтын тухай ярихдаа дараах гол үнэнийг хэлж байгаа юм: Хөшигний хоёр талд байгаа буюу Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг хөшигний хоёр талд сонсох эрхтэй гэсэн суурь үнэнийг хэлж байгаа юм. Тэд илүү ихийг олж мэдэхийг хүсэж байгаа эсэхээ өөрсдөө шийдэх ёстой.”
Энэ бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бидний хийж буй зүйл бөгөөд энэ нь дэлхийнхэнд Есүс Христийн сайн мэдээний талаарх ойлголтыг өгч, тэднийг хөрвүүлэхийг эрэлхийлдэг явдал юм. Бид бол “хожмын үеийн цуглуулагчид.” Бидний зорилго тодорхой. Ах, эгч нар аа, бид бүхнийг Моронайн амлалтыг зүрх сэтгэлдээ хүлээн авч, Мормоны Ном үнэн болохыг мэдэхээр залбирч, хариултаа авсныхаа дараа уг мэдлэгээ үгээрээ, юу юунаас илүү үйлдлээрээ хуваалцдаг хүмүүс гэдгээр маань мэддэг байх болтугай.
Мормоны Номын хөрвөлтөд гүйцэтгэдэг үүрэг
Мормоны Ном нь Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг. Энэ нь биднийг Эцэгтэй гэрээ байгуулахад хүргэдэг бөгөөд уг гэрээгээ сахих юм бол бид Түүний хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралыг баттай хүлээн авах болно. Мормоны Ном бол Бурханы бүх охин, хүүгийн хөрвөлтийн тулгуур чулуу юм.
Ерөнхийлөгч Нэлсоний үгийг дахин эш татъя. “Та нар … Мормоны Номоос өдөр бүр уншсанаар цугларалтын талаарх сургаал, Есүс Христ, Түүний Цагаатгал, сайн мэдээний бүрэн байдлын тухай Библи дээр гардаггүй үнэнээс суралцах болно. Мормоны Ном нь Израилын цугларалтын төвд байдаг. Үнэндээ, Мормоны Ном байхгүй байсан бол амлагдсан Израилын цугларалт болохгүй байх байсан.”
Нифайчуудад амлагдсан адислалуудын талаар заахдаа хэлсэн Аврагчийн үгээр би үгээ өндөрлөе. “Мөн болгоогтун, та нар бол бошиглогчдын хүүхдүүд; мөн та нар бол Израилын угсааных; мөн Абрахамд хэлсэн нь: Мөн чиний үр удмаар дэлхийн бүх үндэстнүүд адислагдах болно хэмээн, та нарын эцэг өвгөдтэй Эцэгийн хийсэн гэрээнийх болой та нар.”
Бид Бурханы охид, хөвгүүд, Абрахамын үр удам, Израилын угсаа гэдгийг би гэрчилж байна. Бид Израилыг хамгийн сүүлчийн удаа цуглуулж байгаа бөгөөд үүнийг Их Эзэний Сүнстэй нэгдсэн, хөрвөлтийн хамгийн хүчтэй зэмсгүүдийн нэг болох Мормоны Номын хамт гүйцэтгэж байна. Биднийг Бурханы бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон удирддаг бөгөөд тэр өнөө үед Израилын цугларалтыг удирдан явуулж байгаа. Мормоны Ном бол үнэн. Энэ ном миний амьдралыг өөрчилсөн. Моронай болон бусад бошиглогчийн зуун зууны туршид амласнаар, энэ нь та нарын амьдралыг ч бас өөрчилж чадна гэдгийг би амлаж байна. Есүс Христийн нэрээр, амен.