2010–2019
Чи эрүүл болохыг хүсэж байна уу?
2018 оны 10-р сар


Чи эрүүл болохыг хүсэж байна уу?

Хэрэв бид наманчлахыг сонгож, зүрх сэтгэлээ бүхэлд нь Аврагч руу хандуулбал Есүс Христийн Цагаатгалын ачаар Тэр биднийг сүнслэг байдлын хувьд эдгээх болно.

Номлолдоо гараад хэдхэн сар болсон отгон хүү маань нэгэн удаа хамтрагчтайгаа суралцаж байх үедээ толгойдоо битүү өвдөлт мэдэрчээ. Түүнд эвгүй мэдрэмж төрж, эхлээд зүүн гар нь мэдээ алдаж, дараа нь хэл нь бадайрчээ. Нүүрнийх нь зүүн тал суларч, доош унжиж эхлэв. Түүнд ярихад хэцүү болж, нэг л биш байгааг тэр мэджээ. Гэвч түүний тархины гурван хэсэгт их хэмжээний харвалт үүссэнийг тэр мэдээгүй байв. Бие нь хэсэгчлэн мэдээгүй болоход түүнд айдас төрж эхэлсэн байна. Цус харвасан хүний эдгэрэлтэд тухайн хүн тусламж хэр хурдан авсан нь шууд нөлөөлдөг. Түүний номлолын итгэлтэй хамтрагч шийдэмгий хөдөлж, яаралтай тусламж дуудсаныхаа дараа түүнд адислал өгчээ. Гайхалтай нь, түргэн тусламжийн тэрэг тавхан минутын зайд байсан аж.

Хүүг маань эмнэлэг рүү яаралтай хүргэсний дараа эмч, сувилагч нар нөхцөл байдлыг шуурхай авч үзэж, харвалтын дараах саажилтын мэдэгдэхүйц нөлөөг багасгаж арилгах тариа1 хийлгэх хэрэгтэй гэж шийдвэрлэв. Гэхдээ, хэрэв хүүд маань харвалт үүсээгүй байвал уг тариа тархины цус алдалт зэрэг ноцтой үр дагаварт хүргэж мэдэх байв. Хүү маань сонгох хэрэгтэй болж, санал болгосон тариаг хийлгэхийг сонгосон юм. Бүрэн эдгэртлээ олон хагалгаа, олон сарыг тэвчих шаардлагатай болсон хүү маань харвалтын нөлөөг нэлээд багассаны дараа номлолдоо буцаж ирээд, номлолоо дуусгасан билээ.

Бидний Тэнгэрлэг Эцэг бүхнийг чаддаг бөгөөд бүх зүйлийг мэддэг. Тэр бидний бие махбодын зовлон бэрхшээлийг мэддэг. Өвчин, эмгэг, хөгшрөлт, осол гэмтэл, төрөлхийн гажгийн улмаас тохиолддог бидний бие махбодын өвдөлт шаналлыг Тэр мэддэг. Уур бухимдал, ганцаардал, сэтгэлийн дарамт, сэтгэцийн өвчинтэй холбоотой сэтгэл санааны асуудлуудыг Тэр мэддэг. Шударга бус байдлын улмаас эсвэл хүчирхийлэлд автсанаас болж шаналж байгаа хүн бүрийг Тэр мэддэг. Тэр бидний даван туулах гэж тэмцэж байгаа уруу таталт, сул тал, эгэл зан чанарыг мэддэг.

Мөнх бус амьдралынхаа туршид бид хилэнцийн оронд сайныг сонгох нь уу, үгүй юү гэдгээрээ соригддог. Түүний зарлигуудыг дагадаг хүмүүс “хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд”2 Түүнтэй хамт амьдрах болно. Тэнгэрлэг Эцэгтэй адил болж өсөж хөгжихөд маань туслахын тулд Тэрээр Өөрийн Хүү Есүс Христэд бүх хүч, мэдлэгийг өгсөн. Христийн эдгээж чадахгүй бие махбод, сэтгэл санаа, сүнсний эмгэг гэж байхгүй.3

Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллаас Есүс Христ бие махбодоороо шаналсан хүмүүсийг эдгээх тэнгэрлэг хүчээ ашигласан олон гайхамшигтай үйл явдлыг судруудад тоочдог.

Иоханы сайн мэдээ нь 38 жилийн турш өвдөж сульдсан, сул дорой байдлаа тэвчиж байсан нэгэн эрийн тухай өгүүлдэг.

“Тэнд хэвтэж буй түүнийг Есүс харж, удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд, түүнээс—Чи эрүүл болохыг хүсэж байна уу? гэж асуухад”

тэрхүү хүч тамир дорой эр өөрийнх нь эргэн тойрны хэн нь ч тусламж хамгийн их хэрэгтэй үед нь тусалдаггүй гэж хариулжээ.

“Есүс түүнд—Бос. Дэвсгэрээ аваад, яв гэж айлдав.

Өнөөх хүн тэр даруй эрүүл болж, дэвсгэрээ аваад явав.”4

Энэ эрийн амьдарлынхаа 38 жилийн турш өвдөж шаналсныг Аврагч ирээд, түүнийг хэр хурдан эдгээсэнтэй харьцуулан авч үз. Эдгээлт тэр даруй” болсон.

Өөр нэг жишээн дээр, “хэн ч түүнийг эдгээж чадаагүй” цус алддаг өвчтэй эмэгтэй “Есүсийн ард очиж, хувцасных нь хормойд гар хүртэл тэр даруй цус алдах нь [зогссон]. …

“Харин Есүс, —Хэн нэг нь Надад хүрсэн. Учир нь Надаас хүч гарахыг Би мэдэрсэн гэжээ.

Өнөөх эмэгтэй анзаарагдахгүй өнгөрөөгүйгээ мэдээд, … хэрхэн тэр даруй эдгэрснээ бүх хүмүүсийн өмнө ярилаа.”5

Христ тохинууллаараа дамжуулан Өөрийгөө бие махбодыг давах хүчтэй хэмээн заасан. Христийн бидний бие махбодын өвчин эмгэгийг эдгээх цаг хугацааг бид хянах боломжгүй. Эдгээлт Түүний хүсэл, мэргэн ухааны дагуу явагддаг. Судруудад зарим хүн хэдэн арван жил, зарим нь мөнх бус амьдралынхаа туршид зовж шаналж байсан тухай цэдэглэсэн. Мөнх бус амьдрал дахь сул тал биднийг цэвэршүүлж, Бурханд найдах найдвараа гүнзгийрүүлэхэд тусалж чадна. Гэхдээ бид Христэд үүнд оролцох боломж өгсөн үед л биднийг ачаа дарамтаа тэсэн гарах илүү агуу боломжтой болгохын тулд Тэрээр биднийг сүнслэг байдлын хувьд үргэлж хүчирхэгжүүлнэ.

Эцэстээ, бүхий л бие махбодын өвчин, эмгэг эсвэл төгс бус байдал Амилуулалтын үед эдгээгдэх болно гэдгийг бид мэднэ. Энэ бол Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бүх хүн төрөлхтөнд өгсөн бэлэг юм.6

Есүс Христ бидний бие махбодоос ч илүү зүйлийг эдгээж чадна. Тэр бидний сүнсийг бас эдгээж чадна. Судраас бид Христ сүнсэндээ сул дорой хүмүүсийг эдгээсэн гэдгийг мэдэж авдаг.7 Биднийг эдгээр тохиолдлын талаар тунгаан бодох үед амьдралыг маань адислах Аврагчийн хүчинд итгэх итгэл, найдвар маань өсөн нэмэгддэг. Есүс Христ бидний зүрх сэтгэлийг өөрчилж, бидэнд учирсан байж мэдэх шударга бус байдал, хүчирхийллийн нөлөөнөөс биднийг эдгээж, амьдралынхаа хүнд хүчрийг даван туулахад туслах, сэтгэл санааны хувьд эдгээх амар тайвныг авчирснаар хайртай нэгнээ алдах үед зүрх сэтгэлийн шаналлаа даван туулах чадавхыг маань хүчирхэгжүүлж чадна.

Христ мөн биднийг гэм нүгэл үйлдэх үед эдгээж чадна. Бид Бурханы хуулиудын нэгийг л санаатай зөрчих үедээ нүгэл үйлддэг.8 Бид нүгэл үйлдсэн үедээ цэвэр бус болдог. Ямар ч цэвэр бус зүйл Бурханы оршихуйд амьдарч чадахгүй.9 “Нүглээс цэвэршигдэх нь сүнсний хувьд эдгээгдэнэ гэсэн үг юм.”10

Бурхан Эцэг биднийг гэм нүгэл үйлдэнэ гэдгийг мэддэг ч бидэнд гэтэлгэгдэх замыг бэлтгэсэн. Ахлагч Линн Г.Роббинс “Наманчлал нь биднийг бүтэлгүйтсэн үед хэрэгжүүлэх [Бурханы] нөөц төлөвлөгөө биш. Харин наманчлал бол биднийг алдаа гаргана гэдгийг мэдэж байсан Түүний төлөвлөгөө мөн” 11 гэж заасан. Нүгэл үйлдэх үедээ бид хилэнцээс сайныг нь сонгох боломжтой байдаг. Бид гэм нүгэл үйлдсэнийхээ дараа наманчлах үедээ сайныг сонгодог. Бид Есүс Христээр болон Түүний цагаатгагч золиослолоор дамжуулан гэм нүглээсээ гэтэлгэгдэх бөгөөд хэрэв бид наманчлах юм бол Бурхан Эцэгийн оршихуйд буцаан авчрагдах боломжтой. Сүнсний эдгээлт нэг талтай биш бөгөөд Аврагчийн гэтэлгэгч хүч болон гэм нүгэл үйлдсэн хүний чин сэтгэлийн наманчлалыг шаарддаг. Наманчлахгүй байхыг сонгодог хүмүүс Христийн санал болгодог эдгээлтээс татгалзаж байдаг. Тэдний хувьд гэтэлгэл хийгдээгүй мэт байдаг.12

Би наманчлахыг эрэлхийлж буй хүмүүстэй зөвлөлдөж байхдаа, гэм нүгэл дотор амьдарч байгаа хүмүүст зөв шийдвэр гаргахад хэцүү байдгийг мэдсэн. Ариун Сүнс тэднийг орхин явдаг бөгөөд тэдэнд заримдаа өөрсдийг нь Бурханд илүү ойр авчрах сонголтыг хийхэд хэцүү байдаг. Тэд гэм нүглийнхээ үр дагавраас ичиж эсвэл айж олон сар, жилээр тэмцэлддэг. Тэд өөрчлөгдөж эсвэл өршөөгдөж чадахгүй гэж мэдрэх нь олонтоо. Хайртай хүмүүс нь өөрсдийнх нь юу хийснийг мэдвэл хайрлахаа болино эсвэл орхин явна гэж айж явдгаа хуваалцаж байхыг би заримдаа сонсдог. Тэд ийм бодолтой үедээ зүгээр л чимээгүй өнгөрч, наманчлахаа хойшлуулах шийдвэр гаргадаг. Тэд хайртай хүмүүсээ цаашид гомдоохгүйн тулд наманчлахгүй байх нь илүү дээр гэж буруу байдлаар мэдэрдэг. Тэд оюун бодолдоо одоо наманчлалын үйл явцаар явснаас энэ амьдралынхаа дараа шаналах нь дээр гэж үздэг. Ах, эгч нар аа, наманчлахаа хойшлуулах нь хэзээ ч зөв санаа байдаггүй. Дайсан ихэнхдээ биднийг Есүс Христэд итгэх итгэлийнхээ дагуу тэр даруй үйлдүүлэхгүйн тулд айдсыг ашигладаг.

Хайртай хүмүүс нь нүгэлт үйлдлийн талаарх үнэнтэй тулгарах үедээ маш их зовж шаналж магадгүй ч чин сэтгэлээсээ наманчлагч нүгэлтэнд өөрчлөгдөх, Бурхантай эвлэрэхэд нь туслахыг ихэнхдээ хүсдэг. Үнэндээ, гэм нүгэл үйлдсэн хүнийг буруугаа хүлээхэд хайрладаг хүмүүс нь тойрон хүрээлж, гэм нүглээсээ ангижрахад нь тусалснаар сүнслэг эдгээлт хурдасдаг. Есүс Христ Өөрт нь хандсан гэм нүглийн гэм зэмгүй хохирогчдыг эдгээдэг хүчтэй гэдгийг санаарай.13

Ерөнхийлөгч Боид К.Пакэр “Биднийг алдаа гаргаж, нүгэл үйлдэхэд бидний сүнсэн бие гэмтдэг. Харин бидний мөнх бус бие махбодтой харьцуулах юм бол наманчлалын үйл явц дуусгавар болох үед Есүс Христийн Цагаатгалын ачаар ямар ч сорви үлддэггүй билээ. “Болгоогтун, нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн, бибээр тэдгээрийг нь цаашид санах нь үгүй” [Сургаал ба Гэрээ 58:42] хэмээх амлалт байдаг” гэж мэдэгдсэн.14

Биднийг “зүрх сэтгэлийнхээ бүх тэмүүллээр”15 наманчлах үед “гэтэлгэлийн агуу их төлөвлөгөө тэр даруй”16 бидний амьдралд авчрагдах болно. Аврагч биднийг эдгээнэ.

Номлолынхоо талбарт цус харвасан хүүд маань тусалсан номлолын хамтрагч, эмч, сувилагч нар тун шуурхай хөдөлсөн юм. Хүү маань харвалтын үр дагаврыг арилгах тариа хийлгэхийг сонгосон ба мөнх бус амьдралынх нь үлдсэн хугацааны турш нөлөөлөх байсан харвалтын дараах саажилтын нөлөө нь өөрчлөгдсөн байв. Үүнтэй адил, бид хэр хурдан наманчилж, Есүс Христийн Цагаатгалыг амьдралдаа авчирна, гэм нүглийн нөлөөнөөс төдий чинээ хурдан эдгээгдэх боломжтой.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Хэрэв та нар замаасаа гарсан байгаа бол … би та бүхнийг … эргэн ирэхийг урьж байна. Та нарын асуудал, саад бэрхшээл ямар ч бай, та нарт зориулсан газар зөвхөн энд Их Эзэний Сүмд бий. Гэрээний зам дээр эргэн орохоор яг одоо та нарын хийх үйлдэл таныг төдийгүй хараахан төрөөгүй байгаа үр удмыг тань ч адислах болно”17 хэмээх урилгыг санал болгосон.

Бидний сүнсийг эдгээхийн тулд бид өөрсдийгөө Аврагчийн тоймлосон нөхцөл байдалд оруулах шаардлагатай болдог. Бид хэрхэвч хойшлуулж болохгүй! Бид өнөөдөр үйлдэх ёстой! Сүнсний саажилт мөнхийн өсөлт хөгжлийг тань зогсоохгүйн тулд одоо үйлд. Намайг ярьж байхад гомдоосон хэн нэгнээсээ уучлал гуйх хэрэгтэй гэсэн мэдрэмж танд төрж байгаа бол би таныг ийнхүү үйлдэхэд урьж байна. Тэдэнд юу хийснээ хэл. Тэднээс уучлал гуй. Хэрэв та ариун сүмийн зохистой байдалд тань нөлөөлөх гэм нүгэл үйлдсэн бол бишоптойгоо өнөөдөр уулз хэмээн урья. Бүү хойшлуул.

Ах, эгч нар аа, Бурхан бол Тэнгэр дэх бидний хайрт Эцэг. Тэрээр бүхий л хүч, мэдлэгээ Өөрийн Хайрт Хүү Есүс Христэд өгсөн. Түүний ачаар бүх хүн төрөлхтөн нэг л өдөр бие махбодын бүх өвчнөөс үүрд эдгээгдэх болно. Хэрэв бид наманчлахыг сонгож, зүрх сэтгэлээ Аврагч руу бүрэн хандуулбал Есүс Христийн Цагаатгалын ачаар Тэр биднийг сүнслэг байдлын хувьд эдгээх болно. Тэрхүү эдгээлт тэр даруй эхлэх боломжтой. Сонголт бол биднийх. Бид эрүүл болохыг хүсэж байна уу?

Есүс Христ биднийг эрүүл болгохын тулд үнийг нь төлчихсөн гэдгийг би гэрчилж байна. Гэхдээ бид Түүний санал болгосон тэрхүү эдгээх эмийг ууна гэдгээ сонгох ёстой. Энэ эмийг өнөөдөр уу. Бүү хойшлуул. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Уг тариаг tPA (tissue plasminogen activator) буюу эдийн сийвэн эс төрөгчийг идэвхжүүлэгч гэж нэрлэдэг.

  2. Moзая 2:41

  3. Матай 4:24-ийг үзнэ үү. Христ бүх өвчтэй хүн дээр очиж, тэр дундаа “зовж шаналсан,” “чөтгөр шүглэсэн,” “унаж татдаг өвчтэй,” “саа өвчтэй” бүхнийг эдгээсэн.

  4. Иохан 5:5–9; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  5. Лук 8:43–47; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  6. Алма 40:23; Хиламан 14:17-г үзнэ үү.

  7. Лук 5:20, 23–25; мөн Иосеф Смитийн орчуулга, Лук 5:23 (Лук 5:23, зүүлт тайлбар a): “Өвчтэйг босоод, алх гэж хэлэхээс нүглийг уучлахад илүү хүч хэрэгтэй юү?”

  8. 1 Иохан 3:4-ийг үзнэ үү.

  9. 3 Нифай 27:19-ийг үзнэ үү.

  10. Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), “Есүс Христийн сайн мэдээ,”rev. ed. (2018), lds.org/manual/missionary-ыг үзнэ үү.

  11. Линн Г.Роббинс, “Дал дахин долоон удаа,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25.

  12. Мозая 16:5-ыг үзнэ үү.

  13. Гэр бүлийн гишүүд нь үнэнч, шударга байх гэрээгээ зөрчсөн хүнийг тойрон хүрээлж, Аврагчид хандан, эдгээгч хүчээс нь амьдралдаа бүрэн дүүрэн хүлээн авахад нь тусалж дэмжихэд тухайн хувь хүний эдгээлт хурдасдаг болохыг би олон удаа гэрчилж байсан. Хэрэв чин сэтгэлээсээ наманчилсан бодгаль өөрчлөгдөхийг эрэлхийлж байвал сайн мэдээг судлах, чин сэтгэлээсээ залбирах, Христийн адил үйлчлэх зэрэгт нь тусалдаг гэр бүлийн гишүүд гэм нүгэл хийсэн уг хүнийг өөрчлөгдөхөд нь туслаад зогсохгүй мөн Аврагчийн эдгээгч хүчийг амьдралдаа улам ихээр мэдрэх үүд хаалгыг нээж өгдөг. Тохиромжтой үед гэм зэмгүй хохирогчид хамтдаа юун дээр суралцах мөн хэрхэн үйлчлэх болон гэм нүгэл үйлдсэн хүнийг өөрчлөгдөж, Есүс Христийн гэтэлгэгч хүчийг ашиглахад нь дэмжин хүчирхэгжүүлэхэд гэр бүлийн гишүүдийг хэрхэн оролцуулах зэрэг тэнгэрлэг удирдамжийг эрэлхийлснээр тухайн итгэл эвдсэн нүгэлтэнд туслах боломжтой.

  14. Боид К.Пакэр, “Аз жаргалын төлөвлөгөө,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 10.

  15. 3 Нифай 18:32

  16. Алма 34:31; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  17. Рассэлл М.Нэлсон, “Биднийг хамтдаа урагшлахад,” Лиахона, 2018 оны 4-р сар, 7

Хэвлэх