2010–2019
Бүх юмсыг Христ дотор нэгтгэ
2018 оны 10-р сар


2:3

Бүх юмсыг Христ дотор нэгтгэ

Биднийг өөрчилж, адисалдаг Аврагчийн сайн мэдээний хүч чадал нь сургаал, зарчим, тэдгээрийн хэрэгжилт зэргийн хоорондын уялдаа холбоог танин мэдэж, хэрэгжүүлснээс ирдэг.

Олс бол бид бүгдийн сайн мэдэх чухал хэрэгсэл юм. Олсыг даавуу, ургамлын гаралтай зүйл, төмөр утас эсвэл бусад материалаар нэг бүрчлэн эрчилж томох юм уу сүлжиж хийдэг. Сонирхолтой нь, онцгой бус эд зүйлсийг оруулан, хамт ороож сүлжсэнээр онцгой бат бөх болгох боломжтой. Ийм маягаар энгийн материалуудыг нийлүүлэн холбосноор онцгой чухал багаж бүтээж болдог билээ.

Эрчилж сүлжсэн олс

Олс нь эрчилж сүлжсэн олон утаснаас бат бөх чанараа олж авдаг шиг, бид “тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмсыг Христ дотор [нэгтгэ]” гэсэн Паулын зөвлөгөөг дагаснаар Есүс Христийн сайн мэдээ нь үнэний агуу үзэл баримтлалаар хангаж, арвин баялаг адислал хүлээн авахыг санал болгодог. Хамгийн чухал нь, үнэний энэ амин чухал нэгдэл нь Их Эзэн Есүс Христ дээр төвлөрч, чиглэгдсэн байдаг. Учир нь Тэр бол ‘зам, үнэн, амь мөн.”

Бүх юмсыг Христ дотор нэгтгэх зарчим нь биднийг өдөр тутмын амьдралдаа Түүний сэргээгдсэн сайн мэдээний дагуу сурч, амьдрахын тулд хэрэгжүүлж болох арга замын талаар тунгаан бодоход Ариун Сүнс бидний хүн нэг бүрийг гэгээрүүлэх болтугай хэмээн би залбирч байна.

Илчлэлтийн үе

Бид Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн гайхалтай, илчлэлтийн үед амьдарч байна. Өнөөдрийн зарлагдсан түүхэн өөрчлөлтүүд нь бүх нийтийг хамарсан цорын ганц зорилготой юм. Энэ нь Тэнгэрлэг Эцэгт болон Түүний төлөвлөгөөнд мөн Түүний Хүү Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлийг хүчирхэгжүүлэх явдал мөн. Ням гаргийн цуглааны цагийг зөвхөн богиносгосон юм биш. Харин одоо бид хувь хүн, гэр бүлийн хувьд Хүндэтгэлийн өдрийг гэр орон, Сүмдээ баясгалант болгон сайжруулахад цаг хугацаагаа зориулах илүү их боломж, үүрэг хариуцлагатай болж байна гэсэн үг юм.

Өнгөрсөн 4-р сард санваарын чуулгуудын бүтэц зохион байгуулалт бараг өөрчлөгдөөгүй. Үүний оронд ах, эгч нартаа илүү өндөр түвшинд, илүү ариун арга замаар тохинуулахад бүх анхаарлаа хандуулж, хүчирхэгжүүлсэн.

Олсны сүлжсэн утаснууд хүчирхэг бөгөөд бат бөх багаж хэрэгслийг бүрдүүлдэгтэй ихээхэн адилаар хоорондоо уялдаа холбоотой энэ бүх арга хэмжээ нь Аврагчийн сэргээгдсэн Сүмийн үндсэн эрхэм зорилгод туслахад, тухайлбал Бурханд хүүхдүүддээ аврал болон өргөмжлөлийг тохиолгон авчрах ажилд нь туслахад нэгдсэн хүчин чармайлт гаргах буюу Сүмийн нөөц бололцоо, ажлыг үүнд төвлөрүүлж нэгтгэхэд зайлшгүй шаардлагатай хэсгүүд юм. Зарлагдсан зүйлсийн бэлтгэл, хэрэгжүүлэлт дээр голлон анхаарлаа хандуулсны хэрэггүй. Үйл явцтай холбоотой жич асуудлууд нь одоо хийгдэж буй эдгээр өөрчлөлтийн бүхнийг хамарсан сүнслэг шалтгааныг бүдгэрүүлэх ёсгүй.

Бидний хүсэл бол Эцэгийн төлөвлөгөөнд болон Аврагчийн гэтэлгэх үйлсэд итгэх итгэл дэлхий дээр өсөн нэмэгдэж, Бурханы үүрдийн гэрээг үндэслэгдэн бий болгох явдал юм. Бидний цорын ганц зорилго бол Их Эзэнд үргэлжлүүлэн хөрвөгдөхөд дэмжлэг үзүүлэн, ах эгч нараа илүү бүрэн дүүрэн хайрлаж, тэдэнд илүү үр дүнтэй үйлчлэх явдал мөн.

Хэсэглэн хуваах ба салган тусгаарлах

Сүмийн гишүүдийн хувьд бид заримдаа суралцах сэдвүүдийнхээ болон биелүүлэх ёстой үүрэг даалгаврынхаа урт жагсаалтыг гаргаж, амьдралдаа сайн мэдээг хэрэгжүүлэхдээ хэсэглэн хувааж, холбогдох хэсгүүдийг нь салган тусгаарладаг. Гэвч ингэж хандах нь бидний ойлголт, алсын харааг хязгаарлах нөлөөтэй. Хийх ёстой зүйлсийнхээ жагсаалтад фарисайчууд шиг хэт анхаараад байх юм бол биднийг Их Эзэнд ойртуулах биш, холдуулах аюултай тул үүнд болгоомжтой хандвал зохино.

“Зүрх сэтгэлээ Бурханд зориулсны” ачаар мөн “Түүний дүр төрхийг царай төрхөндөө хүлээж [авснаас]” үүдэлтэй зорилго, ариусал, аз жаргал, баяр баясгалан, цаашдын хөрвөлт, хамгаалалтыг бид зөвхөн хийх ёстой сүнслэг зүйлсээ хийснээр мөн хийж дуусгасан тухайгаа тэмдэглэснээр олж авч чадахгүй. Харин биднийг өөрчилж, адисалдаг Аврагчийн сайн мэдээний хүч чадал нь сургаал, зарчим, тэдгээрийн хэрэгжилт зэргийн хоорондын уялдаа холбоог танин мэдэж, хэрэгжүүлснээс ирдэг. Бид анхаарлаа зөвхөн Түүн дээр баттай төвлөрүүлж, бүх юмсыг Христ дотор нэгтгэх үед сайн мэдээний үнэнүүд хоорондоо холбогдож, биднийг Бурханы хүсэж буй нэгэн болгох боломжийг олгох бөгөөд эцсээ хүртэл зоригтойгоор тэвчихэд тусална.

Сайн мэдээний үнэнүүдийг судлах ба хооронд нь холбох

Есүс Христийн сайн мэдээ нь хооронд нь хэрж нэхэн “холбосон,” үнэний гайхалтай сүлжмэл юм. Бид сайн мэдээний илчлэгдсэн үнэнээс суралцаж, тэдгээрийг хооронд нь холбох үед өөрсдийн амьдрал дахь Их Эзэний нөлөөг нүдээрээ харж, дуу хоолойг нь чихээрээ сонсож чадах үнэ цэн бүхий алсын хараа, улам бүр нэмэгдэх сүнслэг чадамжийг хүлээн авч адислагддаг. Мөн бүх юмсыг нэгтгэх—бүр Түүн дотор гэх зарчим нь уламжлалт хийх зүйлсийн жагсаалтыг нэгдсэн, цогц, бүрэн дүүрэн болгож өөрчлөхөд тусална. Би юу санал болгож байгаа талаараа сургаалын болон Сүмийн жишээг хуваалцъя.

1-р жишээ. Итгэлийн дөрөвдүгээр тунхаг нь бүх юмсыг Христ дотор нэгтгэхийн агуу тод жишээ юм. “Сайн мэдээний анхдагч зарчмууд хийгээд ёслолууд нь: нэгдүгээрт, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл; хоёрдугаарт, Наманчлал; гуравдугаарт, Нүглүүдийн ангижралын төлөөх усанд умбуулах баптисм; дөрөвдүгээрт Ариун Сүнсний бэлгийн төлөөх гар тавилт гэдэгт бид итгэдэг.”

Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл

Үнэн итгэл нь Их Эзэн Есүс Христ дээр буюу Эцэгийн Тэнгэрлэг бөгөөд Цорын Ганц Хүү болохын хувьд Түүн дээр мөн Түүний гүйцэлдүүлсэн гэтэлгэлийн номлол дээр төвлөрдөг. “Учир нь тэрбээр хуулийн шаардлагуудыг хангасан, мөн тэрбээр өөрт итгэлтэй тэд бүгдийг шаарддаг; мөн түүнд итгэлтэй тэд сайн зүйл болгоноос зууран барьдаг; иймийн тул тэрбээр хүмүүний үрсийн хэргийг өмгөөлдөг.” Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх гэдэг нь бидний Аврагчийн хувьд Түүнд болон Түүний нэр, амлалтуудад итгэж, найдвар тавихыг хэлнэ.

Наманчлал

Аврагчид итгэж найдахын хамгийн анхны, жам ёсны үр дагавар бол наманчлах, хилэнцтээс татгалзах явдал юм. Бид Их Эзэн дотор болон Түүн дээр итгэлээ хөгжүүлснээр өөрийн эрхгүй Түүн рүү эргэж, Түүн дээр ирж, Түүнээс хамааралтай болох нь ойлгомжтой. Тиймээс наманчлал гэдэг нь бид өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй бүх зүйлийг Гэтэлгэгч хийж өгнө гэдэгт итгэж, найдахыг хэлнэ. Бидний хүн нэг бүр “аврах чадал бүхий түүний гавьяанд бүрэн дүүрнээр [найдах]” ёстой. Учир нь зөвхөн “Ариун Мессиагийн сайн үйл мөн нигүүлсэл, мөн ач ивээлээр” бид Христ дотор шинэ бүтээлүүд болж, Бурханы оршихуй руу эргэн очиж, амьдарч чадна.

Баптисм

Нүглүүдээсээ ангижрахын тулд үйлддэг, усанд умбуулалтаар хүртэх баптисмын ёслол нь биднээс Түүнд итгэж, бүрэн дүүрэн найдахыг мөн Түүнийг дагахыг шаарддаг. “Хэрэв та нар бүх зүрх сэтгэлээрээ Бурханы өмнө хоёр нүүр гаргах мөн мэхлэхийг үл үйлдэн, харин үнэн санаатайгаар Хүүг даган, нүглүүдээ наманчлан, Эцэгт та нар баптисмаар Христийн нэрийг өөрсдийн дээр авахад бэлэн байгаагаа гэрчлэн—тийм ээ, өөрсдийн Их Эзэн мөн өөрсдийн Аврагчийг усанд доош дагаж орвол, түүний үгийн дагуу, болгоогтун, чингээд та нар Ариун Сүнсийг хүлээн авах болно; тийм ээ, тэгээд галын мөн Ариун Сүнсний баптисм ирэх бөлгөө [гэдгийг] би мэднэ” гэсэн байдаг.

Гишүүний баталгаа

Ариун Сүнсний бэлгийг гар тавин батлах ёслол нь биднээс Түүнд итгэж, найдан, Түүнийг дагаж, Ариун Сүнснийх нь тусламжтайгаар Түүн рүү урагш тэмүүлэхийг шаарддаг. Нифайн тунхагласнаар “Мөн эдүгээ … үүгээр хүмүүн амьд Бурханы Хүүгийн жишээг дагахдаа эцсээ хүртэл тэвчихээс бусдаар бол, тэр аврагдаж чадахгүйг би мэднэ.”

Нэгтгэх нь

Итгэлийн дөрөвдүгээр тунхаг нь сэргээгдсэн сайн мэдээний анхдагч зарчим, ёслолуудыг зүгээр нэг тодорхойлоод зогсдоггүй. Харин энэхүү сүнслэгээр нөлөөлөгдсөн итгэл үнэмшлийн мэдэгдэл нь бүх юмсыг буюу Түүнд итгэж, найдан, Түүнийг дагаж, Түүнтэй хамт болон Түүнтэй илүү адилхан болохын тулд урагш тэмүүлэх зэрэг бүх зүйлийг Христ дотор нэгтгэдэг.

2-р жишээ. Одоо би Сүмийн бүх хөтөлбөр, санаачилга нь Христ дотор хэрхэн нэгтгэгддэг болохыг тайлбарламаар байна. Олон нэмэлт жишээ дурдаж болох ч би сонгосон цөөн жишээг ашиглана.

Сионыг байгуулж, хүчирхэгжүүл

1978 онд ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл Сүмийн гишүүдэд дэлхий даяар Сионы хүч чадлыг өсгөн нэмэгдүүлэх талаар зааварчилгаа өгсөн. Тэрээр гэгээнтнүүдийг эх орондоо байж, Бурханы гэр бүлийг нэгтгэн, тэдэнд Их Эзэний замыг зааж өгч, хүчирхэг гадаснуудыг байгуулахыг зөвлөсөн юм. Мөн илүү олон ариун сүм баригдана гэдгийг хэлж, гэгээнтнүүдэд дэлхийн аль өнцөг буланд амьдарч байгаагаас үл хамааран адислагдана гэж амласан билээ.

Гурван цаг байх байр
Гэр бүлийн тунхаг

Гадаснуудын тоо нэмэгдэх тусам гишүүдийн гэр орон нь “гэр бүлийн гишүүдийн байх [дуртай], амьдралаа баяжуулж, харилцан хоёр талын хайр, дэмжлэг, талархал, урамшууллыг олж [чадах] [газар] болох” хэрэгцээ шаардлага улам нэмэгджээ. Үүний үр дүнд, 1980 онд Ням гаргийн цуглаанууд нь “сайн мэдээг судалж, зааж, үүний дагуу амьдрах хувийн болон гэр бүлийн үүрэг хариуцлагыг тодруулахын тулд” гурван цаг ордог болж бэхэжсэн юм. Гэр бүл, гэр оронг ийнхүү онцгойлон авч үздэг болсон нь 1995 онд ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн танилцуулсан “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-аар дахин батлагдсан.

Ариун сүмийн барилга

1998 оны 4-р сард, ерөнхийлөгч Хинкли илүү олон жижиг ариун сүмийн барилгын ажлыг зарлаж, Их Эзэний Өргөөний ариун нандин ёслолуудыг дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтэн хувь хүн, гэр бүлүүдэд ойртуулсан билээ. 2001 онд Тасралтгүй Боловсролын Санг үүсгэн байгуулснаар материаллаг байдлын хувьд бие даах чадвар сайжирч, сүнслэг өсөлт хөгжлийн эдгээр нэмэлт боломжийг улам бүр үр дүнтэй болгосон юм.

Ядуус, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах нь

Ерөнхийлөгч Томас С.Монсон Сүмийг удирдаж байх үедээ гэгээнтнүүдэд ядуус болон гачигдагсдыг “аврахаар” явахыг ахин дахин ухуулж, тэднийг асран хамгаалахыг Сүмийн тэнгэрлэгээр томилогдсон үүрэг хариуцлагын нэг хэмээн онцлон тэмдэглэдэг байв. Материаллаг байдлын хувьд бэлтгэлтэй байхад үргэлжлүүлэн анхаарч, 2012 онд бие даах чадвар хөгжүүлэх үйлчилгээг нэвтрүүлсэн.

Хүндэтгэлийн өдрийг баясгалант өдөр болгох нь

Өнгөрсөн хэд хэдэн жилийн турш Хүндэтгэлийн өдрийг гэр орондоо болон Сүмд баяр баясгалантай онцгой ёслол болгох талаарх чухал зарчмуудыг анхааран үзэж, дэмжиж ирсэн нь биднийг ерөнхий чуулганы энэ хуралдаан дээр зарлагдсан Ням гаргийн цуглааны хуваарьт гарсан өөрчлөлтөд бэлтгэсэн явдал байв.

Мелкизедек санваарын чуулга туслах бүлгүүдтэй нэгдэв

Мөн зургаан сарын өмнө Мелкизедек санваарын чуулгуудыг хүчирхэгжүүлэхийн хамт тохинууллыг илүү өндөр түвшинд, илүү ариун нандин арга замаар хэрэгжүүлэхийн тулд туслах бүлгүүдтэй илүү үр дүнтэй, уялдаа холбоотой ажиллахаар болгосон.

Нэгдмэл хөдөлмөр

Олон арван жилийн туршид хэрэгжүүлж ирсэн энэ арга хэмжээнүүдийн дэс дараалал, цаг хугацаа нь бие даасан, тус тусдаа гэхээс илүүтэй нэгдмэл бөгөөд иж бүрэн өрнөлттэй ажил болохыг олж харахад тусална гэдэгт итгэлтэй байна. “Гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн ёслол, сургаал, хөтөлбөр, үйл ажиллагаануудаар дамжин хувь хүн, гэр бүлүүд сүнслэг байдлын хувьд өсөж хөгждөг загварыг Бурхан илчилсэн юм. Сүмийн байгууллага, хөтөлбөрүүд нь өөрсдийнхөө төлөө биш, харин хувь хүн, гэр бүлүүдийг адислахын төлөө оршин тогтнодог.”

Бид Их Эзэний ажлыг даян дэлхийг хамарсан, гэр оронд илүү их төвлөрсөн, Сүмийн дэмжлэгтэй явагддаг ажил болж байгааг хүлээн зөвшөөрөөсэй хэмээн би залбирч байна. Их Эзэн Бурханы хаант улсад хамаарах олон агуу, чухал зүйлийг илчилж байгаа төдийгүй цаашид ч илчлэх болно гэдгийг би мэднэ мөн үүнийг гэрчилж байна.

Амлалт ба гэрчлэл

Би энэхүү захиасаа эхлэхдээ, нэг бүрчлэн эрчилж томсон эсвэл хамтад нь сүлжсэн материалаар хийгддэг олсны хүч чадлын тухай онцлон ярьсан. Үүнтэй адилаар, бид бүх юмсыг Христэд нэгтгэх гэж хичээснээр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрах үед бидэнд өсөн нэмэгдэх алсын хараа, зорилго, хүч чадал байх нь тодорхой юм гэдгийг би амлаж байна.

Их Эзэн Есүс Христийн улмаас мөн Түүгээр дамжин тэвчих аваас бидний мөнхийн үр дагавар болох бүх боломж, адислалын эх үүсвэр тавигдах боломжтой. Алмагийн гэрчилснээр “зөвхөн Христэд мөн түүгээр бус аваас хүмүүн аврагдаж чадах өөр зам эсвээс арга үгүй. Болгоогтун, тэр бол дэлхийн амь мөн гэрэл билээ.”

Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хайрт Хүү Есүс Христийн бурханлаг чанар, бодит оршихуйг гэрчилж байгаагаа би баяр баясгалантайгаар тунхаглаж байна. Бид Аврагчийнхаа дотор баяр баяслыг олдог. Мөн Түүний дотор бид “энэ дэлхий дээр амар амгалан болон ирэх дэлхийд мөнх амьдралыг” олж чадна. Би үүнийг Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.