2010–2019
Түүний төлөө
2018 оны 10-р сар


Түүний төлөө

Бусдад үйлчлэхдээ хэнд, яагаад үйлчлэхээ мэдэх нь бидэнд хайрын хамгийн дээд илэрхийлэл бол Бурханд үнэнч байх явдал гэдгийг ойлгоход тусалдаг.

Хайрт эгч нар аа, энэ түүхэн үдэш би та нарын хүн нэг бүрд хайр, талархлаа илэрхийлье. Бид нас, байршил эсвэл нөхцөл байдлаасаа үл хамааран энэ үдэш эв нэгдэл, хүч чадал, зорилготойгоор мөн бидний Тэнгэрлэг Эцэг, Аврагч Есүс Христ болон амьд бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг хайрладаг бөгөөд удирддаг гэсэн гэрчлэлтэйгээр хуран цуглараад байна.

Нөхөр бид хоёрыг залуу хос байхад бишоп маань олон жил сүмд ирээгүй нэгэн гэр бүлийнд айлчилж очин, тохинуулахад дуудсан юм. Бид үүрэг даалгавраа дуртайяа хүлээн авч, хэдэн өдрийн дараа тэр гэрт очив. Очсон даруйд бид тэднийг Сүмээс зочид хүлээн авах дургүй байгааг ойлгов.

Тиймээс бид дараа нь очихдоо жигнэмэг авч очсон бөгөөд шоколадны хэлтэрхийнүүд тэдний зүрх сэтгэлийг зөөлрүүлнэ гэдэгт итгэлтэй байлаа. Гэвч тэгсэнгүй. Тэр хос бидэнтэй торон хаалганыхаа цаанаас ярьсан нь биднийг ирсэнд дургүй байгааг нь бүр илт болгов. Бид харихаар машинаараа явж байхдаа, хэрэв тэдэнд өөр амттанг санал болгосон бол амжилтад хүрэх байсан байх гэдэгт эргэлзэхгүй байлаа.

Бидэнд сүнслэг хараа дутагдаж байсан нь дараагийн бүтэлгүй оролдлогууддаа бухимдахад хүргэв. Эсэргүүцэл хэзээ ч таатай байдаггүй. Хэсэг хугацааны дараа бид өөрсдөөсөө “Яагаад бид үүнийг хийж байгаа юм бэ? Бидний зорилго юу вэ?” гэж асууж эхэлсэн.

Ахлагч Карл Б.Күк “Хэрвээ бидний айдаг зүйлийг биднээс хийхийг хүсвэл, хэрвээ бид үйлчлэхээс залхсан бол, хэрвээ бидний хийхээр дуудагдсан зүйл маань эхэндээ тийм ч таатай санагдахгүй байвал сүмд үйлчлэх нь ярвигтай байж болно”1 гэж ажигласнаа хуваалцсан юм. Биднээс илүү агуу алсын хараатай Нэгэнээс удирдамж эрэлхийлэх ёстой гэж шийдэх үедээ бид ахлагч Күкийн хэлсэн үгсийн үнэнийг мэдэрч байв.

Тэгээд бид чин сэтгэлээсээ маш их залбирч, суралцсаны эцэст, үйлчлэлийнхээ яагаад гэдэг асуултад хариулт авсан. Бидний ойлголт, зүрх сэтгэлд өөрчлөлт гарч, бид үнэхээр илчлэлтээр дүүрэн туршлагатай болсон юм.2 Бид судраас удирдамж эрэлхийлэхэд Их Эзэн бидэнд бусдад үйлчлэх үйл явцыг хэрхэн илүү хялбар бөгөөд утга учиртай болгохыг заасан. Зүрх сэтгэл, ажиллах арга зам хоёрыг маань хоёуланг өөрчилсөн бидний уншдаг тэрхүү шүлэгт: “Чи Их Эзэн Бурханаа бүх зүрх сэтгэлээрээ, өөрийн бүх хүчин чадал, оюун хийгээд чадлаараа хайрлах ёстой; мөн Есүс Христийн нэрээр чи түүнд үйлчлэх ёстой3 гэж өгүүлдэг. Бид энэ шүлгийг мэддэг ч энэ нь бидэнд шинэ, чухал арга замаар нөлөөлж байх шиг санагдсан.

Бид уг гэр бүлд мөн бишоптоо үйлчлэхийг чин сэтгэлээсээ хичээж байсан ч үнэхээр Их Эзэнийг хайрлах хайраар үйлчилж байсан эсэхээ өөрсдөөсөө асуух хэрэгтэйг ойлгосон. Хаан Бенжамин “Болгоогтун, би та нарт хэлнэ, би та нарт өөрийн өдрүүдийг та нарт үйлчлэхэд зориулсан гэж би хэлсний учир, би бардамнан сайрхахыг хүсэх минь үгүй, учир нь би зөвхөн Бурханд үйлчилж байсан бөлгөө” гэж хэлэхдээ энэхүү ялгааг тодорхой болгосон юм.4

Тэгэхээр Хаан Бенжамин яг үнэндээ хэнд үйлчилж байсан бэ? Тэнгэрлэг Эцэгт болон Аврагчид. Бусдад үйлчлэхдээ хэнд, яагаад үйлчлэхээ мэдэх нь бидэнд хайрын хамгийн дээд илэрхийлэл бол Бурханд үнэнч байх явдал гэдгийг ойлгоход тусалдаг.

Бидний анхаарлаа хандуулах чиг аажим өөрчлөгдсөнөөр залбирал маань ч өөрчлөгдсөн. Бид Их Эзэнийг хайрлах хайраар энэ гэр бүлд очихоор тэсэн ядан хүлээдэг болж билээ.5 Бид Их Эзэний төлөө ийнхүү үйлдэж байсан ба Тэрээр хэцүү асуудлыг хэцүү биш болгосон. Гэрийнх нь үүдэнд олон сар зогссоны эцэст тэд биднийг гэртээ оруулдаг болж, яваандаа бид хамтдаа тогтмол залбирдаг мөн сайн мэдээний талаар ярилцдаг болов. Ийнхүү олон жил үргэлжлэх нөхөрлөл үүссэн. Бид Бурханы хүүхдүүдийг хайрласнаар Түүнийг шүтэн биширч, хайрлаж байлаа.

Та тусламж хэрэгтэй хэн нэгнийг хайрлан, чин сэтгэлээсээ туслах гэж хичээсэн байхад хичээл зүтгэлийг тань ойшоохгүй эсвэл магадгүй үнэлээгүй эсвэл бүр хүсэхгүй байгааг нь мэдэрсэн үеэ эргэн санана уу? Тэр үед та үйлчлэлийнхээ үнэ цэнд эргэлзэж байсан уу? Хэрэв тийм бол Хаан Бенжамины хэлсэн “Та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа” гэсэн үгс таны эргэлзээ, гомдлыг тайлах болно.6

Бид атаа хорсол төрүүлэхийн оронд үйлчлэлээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү төгс харилцааг үүсгэж чадна. Түүнийг хайрлах хайр болон Түүний төлөөх үнэнч байдал маань алдар нэр, талархал хүлээн авах хэрэгцээг үгүй болгож, Түүний хайрыг бидэн рүү болон биднээр дамжин урсан орж ирэх боломжийг олгодог.

Зарим тохиолдолд эхлээд бид үүрэг хариуцлага хүлээсний улмаас үйлчилж болно. Гэхдээ тийм үйлчлэл ч гэсэн биднийг өөрсдийн дотор байх ямар нэгэн илүү дээд зүйлийг ашиглахад, “илүү давуу [замаар]”7 буюу ерөнхийлөгч Нэлсоний урилга болох “бусдыг халамжлах, тохинуулах илүү шинэлэг, илүү ариун нандин [хандлагаар]”8 үйлчлэхэд хүргэдэг.

Биднийг Бурханы бидний төлөө хийсэн бүх зүйлд төвлөрөх үед үйлчлэл маань талархлын угаас урсан гардаг. Үйлчлэл маань бидэнд ямар ашигтай байх талаар санаа зовохоо багасгах тусам бид Бурханыг эн тэргүүнд тавих нь үйлчлэлийн маань гол хэсэг гэдгийг ойлгодог.9

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Хэрэв бид Бурхан болон Христийг бүх зүрх сэтгэл, оюун ухаанаараа хайрлах юм бол нинжин сэтгэл, үйлчлэлийн үйлдлээрээ дамжуулан хөршөө Есүс Христийн хайрласны адил хайрлаж чадна”10 хэмээн заасан юм.

Арван зарлигийн нэгдүгээрт, “Би … чиний Бурхан Эзэн байна. Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй”11 гэж энэхүү тэнгэрлэг мэргэн ухааныг харуулдаг. Энэ зарлиг хамгийн эхэнд байдаг нь, хэрэв бид Түүнийг эн тэргүүнд тавих юм бол бусад бүх зүйл, бүр бусдад үзүүлэх бидний үйлчлэл хүртэл эцэстээ байр байрандаа орох болно гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг. Бид Түүнийг амьдралдаа чухал байр суурь эзлүүлснээр Тэрээр өөрсдийнхөө болон бусдын сайн сайхны төлөөх үйлдлүүдийг маань адисалж чадна.

Их Эзэн “Санаа бодол болгондоо над уруу харагтун”12 хэмээн зөвлөсөн байдаг. Мөн бид долоо хоног бүр “үргэлж түүнийг [санана]”13 хэмээн гэрээ байгуулдаг. Бид хийдэг бүх зүйлдээ ингэж бурханлагаар төвлөрч чадах болов уу? Өдөр тутмын ердийн үйл хэргээ гүйцэтгэх нь Түүнд өөрсдийн хайр болон үнэнч байдлыг харуулах боломж олгодог уу? Би тийм гэдэгт мөн тэгэх ч болно гэдэгт итгэдэг.

Бид хийх зүйлсийнхээ жагсаалтад байгаа бүх зүйлийг Түүнийг алдаршуулах арга зам болгож чадна. Бид цаг хугацаанд баригдаж, ажил үүрэгтээ дарагдан мөн бохир живх солихдоо хүртэл бүх үүрэг даалгаврыг Түүнд үйлчлэх онцгой эрх бөгөөд боломж хэмээн харж чадах уу?

Аммоны хэлснээр “Тийм ээ, би юу ч биш гэдгээ мэднэ; чадлынхаа хувьд би сул дорой; тиймийн тул би өөрөөрөө бардамнахгүй, харин би Бурханаараа бардамнах болно, учир нь түүний хүч чадалд би бүх зүйлийг хийж чадна.”14

Бурхандаа үйлчлэх нь амьдралын маань эн тэргүүний зүйл болоход бид өөрсдийгөө гээдэг бөгөөд эцэст нь өөрсдийгөө олдог билээ.15

Аврагч энэхүү зарчмыг маш энгийн бөгөөд шулуун шударгаар “Тиймийн тул, тэд та нарын сайн ажлуудыг харж, тэгээд тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулж болохын тулд гэрэл тань энэ хүмүүсийн өмнө тийн туяаран гийг”16 хэмээн заасан байдаг.

Би та бүхэнтэй Энэтхэгийн Калкутта дахь өнчин хүүхдийг асрах газрын ханан дээр байсан зарим мэргэн үгийг хуваалцъя. “Хэрэв та эелдэг зөөлөн бол хүмүүс таныг аминч, далд санаа агуулсан гэж сэжиглэж магадгүй. Гэсэн ч эелдэг зөөлөн бай. Таны олон жилийн турш барьж байгуулсан зүйлийг хэн нэгэн ганц шөнийн дотор нурааж болно. Гэсэн ч барьж байгуул. Таны өнөөдөр хийсэн сайн үйлийг маргааш нь хүмүүс ихэнхдээ мартах болно. Гэсэн ч сайныг үйлд. Дэлхийд хамгийн сайнаа өг, гэхдээ энэ нь хэзээ ч хангалттай байхгүй байж болно. Гэсэн ч хамгийн сайнаа дэлхийд өг. Эцсийн эцэст, энэ бүгд Бурхан та хоёрын л хоорондох зүйл болохыг та ойлгох болно.”17

Эгч нар аа, энэ нь үргэлж Бурхан болон бидний хоорондын асуудал юм. Ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын хэлснээр “‘Дэлхий дээрх хамгийн агуу хэрэгцээ юу вэ?’ … ‘Аврагчтай хувийн, байнгын, өдөр тутмын, үргэлжилсэн харилцаатай байх нь хүн бүрийн хувьд дэлхий даяарх хамгийн чухал хэрэгцээ биш гэж үү?’ Ийм харилцаатай байх нь бидний дотор орших тэнгэрлэг байдлыг илчилж чаддаг бөгөөд Бурхантай харилцах тэнгэрлэг харилцаагаа танин мэдэж, ойлгохоос өөр юу ч бидний амьдралд агуу өөрчлөлтийг авчрахгүй.”18

Үүнтэй адил, Алма өөрийн хүүд “Тийм ээ, бүхий л үйлүүд тань Их Эзэний төлөө байг, мөн чи хаана ч явсан Их Эзэнтэй нэгдмэл юм; тийм ээ, бүх бодол санаа чинь Их Эзэнд чиглэсэн байг; тийм ээ, зүрх сэтгэлийн тань хайр Их Эзэн дээр үүрд байрлаг”19 хэмээн тайлбарлажээ.

Мөн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд үүнтэй адил зүйлийг, “Бид Түүний сайн дурын үндсэн дээр хийсэн Цагаатгалыг ойлгоход, бидний золиослол хийж байна гэх ямар нэг мэдрэмж нь Түүнд үйлчлэх онцгой эрхдээ талархах гүн гүнзгий мэдрэмжээр бүрэн халхлагддаг”20 гэж заасан билээ.

Эгч нар аа, Есүс Христ Өөрийн Цагаатгалаар дамжуулан бидний дээр, бидний дотор ажилладаг бөгөөд Тэрээр бусдыг адислахын тулд биднээр дамжуулан ажилладаг гэдгийг би гэрчилж байна. Бид тэдэнд үйлчилдэг. Гэхдээ бид Их Эзэнийг хайрлаж, үйлчилснээр тийнхүү үйлддэг. Бид сударт “Хүн болгон хөршийнхөө анхаарал тусламжийг эрэлхийлж мөн бүх зүйлийг Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулан хийх ёстой”21 гэж дүрсэлсэнтэй адил болдог.

Бишоп маань нөхөр бид хоёрыг Бурханы хайрт охид, хөвгүүдэд тохинуулах тэрхүү цагаа олсон бөгөөд сайн санаагаар үйлдсэн, төгс бус хүчин чармайлтаасаа сургамж авна гэдгийг мэдэж байсан байх. Биднийг Түүнд үйлчлэхийг хичээх үед Түүний бидэнтэй хуваалцдаг сайн сайхан зүйл болон хайрын талаарх хувийн бөгөөд баттай гэрчлэлээ би хуваалцаж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Хэвлэх