2010–2019
Есүс Христийн нэрийг өөрсдийн дээр авах нь
2018 оны 10-р сар


Есүс Христийн нэрийг өөрсдийн дээр авах нь

Бид —Түүний адил харж, Түүний адил үйлчилж, Түүний ач ивээл хангалттай гэдэгт найдан, өөрсдийн дээр Есүс Христийн нэрийг итгэлтэйгээр авах болтугай.

Ах эгч анд нар минь ээ, саяхан би Сүмийг илчлэгдсэн нэрээр нь дуудах тухай ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний уриалгын талаар тунгаан бодож байх үедээ Сүмийн нэрний талаар Аврагчийн нифайчуудад зааварласан судрыг уншсан юм.1 Аврагчийн үгсийг уншиж байхад минь Түүний уг хүмүүст “Христийн нэрийг та нар өөрсдийн дээр авах ёстой”2 хэмээн хэлсэн нь гүн сэтгэгдэл төрүүлж билээ. Би үүнийг уншаад, өөртөө дүгнэлт хийн, “Аврагчийн хүссэнээр би өөрийн дээр Түүний нэрийг авч байна уу?”3 гэж өөрөөсөө асуусан юм. Би асуултынхаа хариуд хүлээж авсан сүнслэг мэдрэмжийнхээ заримыг өнөөдөр та нартай хуваалцмаар байна.

Нэгдүгээрт, Христийн нэрийг өөрсдийн дээр авах гэдэг нь бид Бурханы хэрхэн хардаг шиг хардаг болохыг хичээнэ гэсэн үг юм.4 Бурхан хэрхэн хардаг вэ? Иосеф Смит “Хүн төрөлхтний нэг хэсэг нь нөгөөгөө нигүүлсэлгүйгээр шүүж, зэмлэн буруутгаж байхад ертөнцийн Агуу Эцэг хүн төрөлхтний бүх гэр бүлийг эцэг ёсны анхаарал, хайр халамжаар санаа тавин харж байдаг,” учир нь “Түүний хайр хэмжээлшгүй юм”5 хэмээн хэлсэн.

Хэдэн жилийн өмнө эгч минь насан өөд болсон юм. Тэр хэцүү амьдралыг туулсан байв. Сайн мэдээг дагах түүнд амаргүй байсан бөгөөд хэзээ ч идэвхтэй байгаагүй юм. Түүнийг нөхөр нь орхин явсан байсан бөгөөд дөрвөн хүүхдээ тэр ганцаараа өсгөн хүмүүжүүлсэн. Түүнийг нас барсан тэр орой хүүхдүүд нь өрөөнд хамт байсан бөгөөд би түүнд гэртээ амар амгалан эргэж очих адислал өгсөн юм. Тэр мөчид би эгчийнхээ амьдралыг түүний туулсан зовлон бэрхшээл, сүмд идэвхгүй байдлаар нь олонтоо тодорхойлж байснаа ухаарсан. Би тэр үдэш түүний толгой дээр гар тавихдаа Сүнснээс хатуу зэмлэл хүлээн авч билээ. Би эгчийнхээ сайн сайхныг тодорхой харсан төдийгүй Бурханы түүнийг хэрхэн хардаг байдлаар түүнийг харах боломж надад олдсон юм. Тэгэхдээ би түүнд амьдрал, сайн мэдээ амаргүй байсан гэдгээр нь биш, харин миний туулаагүй хэцүү асуудлыг туулсан хүнийх нь хувьд харж билээ. Өчнөөн саад бэрхшээл туулсан хэдий ч дөрвөн сайхан, гайхалтай хүүхдийг өсгөсөн эх хүнийх нь хувьд би түүнийг харсан. Би түүнийг манай аавыг нас барсны дараа цаг зав гарган, ээжийг маань харж хандан, түүнд хань болж байсан найз нь хэмээн харсан.

Эгчтэйгээ эцсийнх нь оройг хамт өнгөрүүлэх үед Бурхан надаас “Чиний эргэн тойрон дахь хүн бүр ариун нандин нэгэн гэдгийг чи ойлгохгүй байна уу?” хэмээн асууж байна гэж би бодсон.

Ерөнхийлөгч Бригам Янг:

“Би эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг байгаагаар нь ойлгохыг мөн өөрсөдтэйгөө адилтган ойлгохгүй байхыг гэгээнтнүүдэд уриалж байна.6

‘Тэр хүн бурууг үйлдсэн болохоор гэгээнтэн байж чадахгүй’ гэж хүмүүс хэлэх нь олонтоо байдаг. … Бид зарим хүний харааж, худал хэлж … эсвэл Хүндэтгэлийн өдрийг сахихгүй байгаа талаар сонсдог. … Тийм хүмүүсийг бүү шүү, учир нь Их Эзэн тэдний хувьд ямар төлөвлөгөөтэй байгааг та нар мэдэхгүй. … [Ттиймээс] тэднийг тэвч”7 гэж заасан.

Та нарын дундаас хэн нэгэн нь бидний Аврагч та нарыг мөн та нарын хүнд ачааг анзаарахгүй өнгөрч байна гэж төсөөлж чадах уу? Аврагч самари хүн, садар самууныг үйлдэгч, татвар хураагч, уяман өвчтэй хүн, сэтгэцийн өвчтөн, нүгэлтэн бүгдийг адил байдлаар харж байсан. Бүгд Түүний Эцэгийн хүүхдүүд байсан. Бүгдээрээ гэтэлгэж болохуйц байсан.

Та нар Түүнийг Бурханы хаант улсад эзлэх байр сууриндаа эргэлздэг эсвэл өөр бусад байдлаар зовж байгаа хэн нэгнээс нүүр бууруулж байгаагаар төсөөлж чадах уу?8 Би бол чадахгүй. Христийн нүдэнд бодгаль болгон хэмжээлшгүй үнэ цэнтэй юм. Хэн ч бүтэлгүйтэхээр урьдаас томилогдоогүй. Мөнх амьдрал хүн бүгдэд боломжтой билээ.9

Эгчийн маань орны дэргэд Сүнс намайг зэмлэх үед бид Түүний хэрхэн хардаг шиг хардаг болох юм бол энэ нь бидний хувьд давхар ялалт болох бөгөөд ингэснээр өөрсдийн нөлөөлж чадах хүмүүснийг бас өөрсдийгөө ч бас гэтэлгэдэг гэсэн нэгэн агуу сургамжийг би авсан юм.

Хоёрдугаарт, Христийн нэрийг өөрсдийн дээр авахын тулд бид Бурханы хэрхэн хардаг шиг харах ёстой төдийгүй, Түүний ажлыг хийж, Түүний үйлчилсний адил үйлчлэх ёстой. Бид агуу хоёр тушаалын дагуу амьдарч, Бурханы таалалд нийцэж, гэрлээ “хүмүүсийн өмнө гэрэлтүүлдэг.”10 Бид Түүний сэргээгдсэн Сүмийн гэрээ, ёслолуудыг хүлээн авч мөн тэдгээрийн дагуу амьдардаг.11 Биднийг ийн үйлдэх үед Бурхан бидэнд өөрсдийгөө болон гэр бүлээ мөн бусдын амьдралыг адислах хүчийг хайрладаг.12 “Тэнгэрийн хүчийг амьдралдаа хэрэглэх шаардлагагүй хэн нэгнийг би мэддэг билүү?” гэж өөрөөсөө асуугаад үз дээ.

Биднийг өөрсдийгөө ариусгах үед Бурхан бидний дунд гайхамшгуудыг үйлдэх болно.13 Бид зүрх сэтгэлээ ариусгаснаар өөрсдийгөө ариусгадаг.14 Бид Түүнийг сонсож,15 нүглээсээ наманчилж,16 хөрвүүлэгдэн17 мөн Түүний хайрладгийн адилаар хайрлах үедээ18 зүрх сэтгэлээ ариусгадаг. Аврагч биднээс “Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт ямар шагнал байх вэ?”19 хэмээн асуусан.

Би саяхан ахлагч Жэймс Э.Талмэйжийн амьдралд тохиолдсон үйл явдлын талаар мэдэж авсан бөгөөд энэ нь намайг хэрхэн өөрийн эргэн тойрон дахь хүмүүсийг хайрлаж, тэдэнд хэрхэн үйлчилж байгаа талаараа тунгаан бодоход хүргэсэн юм. Ахлагч Талмэйж төлөөлөгч болохоосоо өмнө, залуу профессор байхдаа 1892 онд аюулт халдварт сахуу өвчин, зүрхний халдварт өвчин өргөн тархсан үед өөрийнх нь ойролцоо амьдардаг, уг өвчинг туссан нэгэн гэр бүл байгаа тухай олж мэджээ. Тэр гэр бүл Сүмийн гишүүд биш байв. Халдвар тархсан гэрт орж, өөрсдийгөө аюулд оруулахыг хэн ч хүсэхгүй байв. Гэтэл ахлагч Талмэйж тэр даруй уг гэрийг зүглэн явжээ. Тэнд тэр дөрвөн хүүхдийг олсон ба хоёр ой өнгөрч байгаа нэг хүүхэд нь орон дээрээ нас барсан байсан бөгөөд тавтай, арван настай хоёр хүүхэд маш хүнд өвдсөн, 13 настай нэг хүүхдийн бие тун сульдсан байв. Эцэг эх нь хоёулаа зовж шаналан, ядарч туйлдсан байжээ.

Ахлагч Талмэйж амьд, нас барсан аль алиныг нь хувцаслаж, өрөөнүүдийг нь шүүрдэн, бохирдсон хувцаснуудыг гэрээс гаргаж, халдвар тархсан бохир алчууруудыг шатаав. Тэр бүх л өдөржингөө ажиллаад, маргааш өглөө нь гэр рүүгээ явжээ. Тэр шөнө арван настай хүүхэд нь нас барав. Тэр таван настай хүүхдийг өргөж, тэврэв. Тэр охин түүний нүүр, хувцас руу нь цустай цэрээр ханиаж байжээ. Тэр “Би түүнийг тавьж чадахгүй байсан” гэж бичсэн бөгөөд нас бартал нь түүнийг тэвэрчээ. Тэр гурван хүүхдийг нь оршуулахад туслан, гуниг шаналалд автсан гэр бүлд хоол хүнс, цэвэр хувцас өгөхөөр зохицуулав. Талмэйж ах гэртээ ирээд, өмсөж байсан хувцсаа хаяж, цайрын уусмалтай усанд ороод, гэрийнхнээсээ өөрийгөө тусгаарлаж, уг халдварт өвчнийг хөнгөн тусаж өвджээ.20

Бидний эргэн тойронд маш олон хүний амьдрал дээсэн дөрөөн дээр байна. Гэгээнтнүүд ариун болсноор өөрсдийн хаана ямар байдалд байгаагаас үл хамааран тохинуулснаар өөрсдийн дээр Аврагчийн нэрийг авдаг ба бид тийн үйлдсэнээр амь авардаг билээ.21

Эцэст нь, Түүний нэрийг өөрсдийн дээр авахын тулд бид Түүнд найдах ёстой гэж би боддог. Миний оролцсон нэг ням гаргийн цуглаан дээр нэг залуу эмэгтэй “Миний найз хөвгүүн бид хоёр саяхнаас найзлахаа больсон, бас тэр Сүмийг орхихоор шийдсэн. Тэр өөрийгөө хэзээ ч ийм баяр хөөртэй байж үзээгүй гэж хэлсэн. Яаж ийм байж болох юм бэ?” гэж асуусан юм.

Аврагч нифайчуудад “Гэвч хэрэв [та нарын амьдрал] миний сайн мэдээн дээр тулгуурлаагүй, мөн хүмүүний ажлууд дээр, эсвээс чөтгөрийн ажлууд дээр тулгуурласан аваас, үнэнээр би та нарт хэлнэ, тэд өөрсдийн ажлууддаа түр зуур л баясна, мөн төдөлгүй төгсгөл ирэ[х] … болно”22 хэмээн хэлэхдээ дээрх асуултад хариулсан билээ. Есүс Христийн сайн мэдээнээс гадна эцсийг хүртэл үргэлжлэх баяр хөөр гэж байдаггүй.

Тэр цуглаан дээр би өөрийн таньж мэдэх, их бэрхшээл зовлон туулсан, зарлиг тушаалыг сахих нь амаргүй байгаа олон сайн хүний талаар бодсон. “Аврагч тэдэнд өөр юу гэж хэлэх бол?” гэж би өөрөөсөө асууж билээ.23 Тэр “Чи надад найдаж байна уу?”24 хэмээн асууна гэж би бодож байна. Цус алддаг өвчтэй эмэгтэйд Тэр, “итгэл чинь чамайг эрүүл болголоо. Амар тайван яв даа”25 хэмээн хэлсэн.

Миний хамгийн дуртай судруудын нэг бол Иохан 4:4 бөгөөд үүнд “Есүс Самариар дайрч өнгөрөх болов” гэсэн байдаг.

Би яагаад энэ сударт дуртай байдаг гээч? Яагаад гэвэл, Есүс Самари руу явах хэрэгтэй байгаагүй юм. Түүний үед еврейчүүд самаричуудад дургүй байсан бөгөөд Самарийг тойрсон замаар аялдаг байжээ. Гэтэл Есүс Өөрийгөө амлагдсан Мессиа гэдгийг бүх дэлхийнхний өмнө анх удаа зарлахаар тийшээ явахыг сонгосон. Тэр энэ захиасыг өгөхдөө гадуурхагдсан бүлгийг сонгосон төдийгүй, нэгэн эмэгтэйг— буюу зүгээр л нэг эмэгтэйг биш, бүр нүгэлтэй амьдарч байсан эмэгтэйг сонгосон ба тэр үед тийм хүмүүс хамгийн адгийн доорд үзэгддэг байжээ. Өөрийнх нь хайр бидний айдас, шарх, донтолт, эргэлзээ, уруу таталт, нүгэл, салж сарнисан гэр бүлүүд, сэтгэл санааны хямрал, зовнил, гэр оронгүй байх, ижил хүйстэндээ татагдах, архаг хууч өвчин, ядуурал, дарамт, ганцаардал зэргээс илүү агуу гэдгийг бидний хүн нэг бүр маань үргэлжид ойлгож байхын тулд Есүс үүнийг хийсэн гэдэгт би итгэдэг.26 Түүний эдгээж чадахгүй, мөн эцэс төгсгөлгүй баяр хөөрийг өгч чадахгүй хэн ч, бас юу ч байхгүй гэдгийг бүх хүн мэдээсэй хэмээн Тэр хүсдэг.27

Түүний ач ивээл хангалттай.28 Тэр ганцаараа бүх зүйлийн доогуур буусан билээ. Түүний Цагаатгалын хүч бол бидний амьдрал дахь ямар ч ачааг ялан дийлэх хүч билээ.29 Худаг дээрх эмэгтэйн тухай түүхийн захиас нь юу вэ гэвэл, Тэр бидний амьдралын нөхцөл байдлыг мэддэг30 бөгөөд бид өөрсдийн хаана байгаагаас үл хамааран үргэлжид Түүнтэй хамт алхаж чадна хэмээх захиас юм. Тэрээр уг эмэгтэйд болон бидний хүн нэг бүрд хандан, “Миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно”31 хэмээн хэлдэг.

Амьдралын ямар ч аян зам дээр байлаа гэсэн ч өөрсдийг маань эдгээж мөн чөлөөлөх бүх хүчийг агуулдаг зөвхөн цорын ганц Аврагчаас бид яагаад холдон эргэх билээ? Түүнд найдахын тулд ямар ч төлөөсийг төлөх ёстой байсан ч гэсэн энэ нь үнэ цэнээ хадгалах болно шүү. Ах, эгч нар минь ээ, Тэнгэрлэг Эцэгт болон Аврагч Есүс Христэд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлэхийг сонгоцгооё.

Би бодгалийнхаа гүнээс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь үнэн бошиглогчоор дамжуулан амьд Христийн удирддаг Аврагчийн сүм гэдэг гэрчлэлээ хуваалцаж байна. Бид —Түүний адил харж, Түүний адил үйлчилж, Түүний ач ивээл биднийг гэрт хүргэн чөлөөлөхөд мөн эцэсгүй баяр хөөрт авчрахад хангалттай гэдэгт найдан, өөрсдийн дээр Есүс Христийн нэрийг итгэлтэйгээр аваасай хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. 3 Нифай 27:3–8-ыг үзнэ үү.

  2. 3 Нифай 27:5–6-г үзнэ үү; түүнчлэн Сургаал ба Гэрээ 20:77, ариун ёслолын гэрээ гэдгийг үзнэ үү.

  3. Dallin H. Oaks, His Holy Name (1998) for a comprehensive study about taking upon ourselves and being a witness of the name of Jesus Christ-ийг үзнэ үү.

  4. Moзая 5:2–3-ыг үзнэ үү. Өөрсдийн дээр Христийн нэрийг авсан, Бенжамин хааны хүмүүс зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтийг мэдрэхэд тэдний нүд “агуу үзэгдлүүдэд” нээгдсэн билээ. Селестиел хаант улсыг өвлөн авдаг хүмүүс нь “тэд үзэгддэгийн адилаар үздэг”(Сургаал ба Гэрээ 76:94) хүмүүс юм.

  5. Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 39.

  6. Brigham Young, in Journal of Discourses, 8:37.

  7. Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe (1954), 278.

  8. 3 Нифай 17:7-г үзнэ үү.

  9. Иохан 3:14–17; Үйлс 10:34; 1 Нифай 17:35; 2 Нифай 26:33; Сургаал ба Гэрээ 50:41–42; Мосе 1:39-ийг үзнэ үү. Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Есүс Христэд итгэл найдвараа тавьсан хүмүүсийн хувьд Цагаатгал нь шударга бус бүх зүйлийг засах болно гэдгийг бид итгэлтэй гэрчилж байна. Эцэгийн хүүхдүүддээ өгөхөөр бэлтгэсэн бүхнээс багыг хүлээн авахаар сонгогдсон хүн гэж байхгүй” (“Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 38) хэмээн заасан.

  10. Матай 5:14–16; 22:35–40; Мозая 3:19; Сургаал ба Гэрээ 50:13–14; 133:5; мөн Russell M. Nelson, “The Gathering of Scattered Israel,” Liahona, Nov. 2006, 79–81-ийг үзнэ үү.

  11. Левит 18:4; 2 Нифай 31:5–12; Сургаал ба Гэрээ 1:12–16; 136:4; Итгэлийн тунхаг 1:3–4-ийг үзнэ үү.

  12. Сургаал ба Гэрээ 84:20–21; 110:9-ийг үзнэ үү.

  13. Иошуа 3:5; Сургаал ба Гэрээ 43:16-г үзнэ үү; мөн Иохан 17:19-ийг үзнэ үү. Аврагч биднийг адислах хүчтэй болохын тулд Өөрийгөө ариусгасан.

  14. Хиламан 3:35; Сургаал ба Гэрээ 12:6–9; 88:74-ийг үзнэ үү.

  15. Иосеф Смит—Түүх 1:17, Иосеф Смитэд Бурханы өгсөн анхны зарлиг; мөн 2 Нифай 9:29; 3 Нифай 28:34-ийг үзнэ үү.

  16. Марк 1:15; Үйлс 3:19; Aлма 5:33; 42:22; Сургаал ба Гэрээ 19:4–20-ийг үзнэ үү. Түүнчлэн нүглийн талаарх хоёр үзлийн талаар тунгаан бодно уу. Эхлээд, Хью Нибли “Нүгэл бол гарз хаягдал. Энэ нь та өөр зүйлийг хийж байх ёстой үедээ мөн илүү ихийг хийх чадвартай үедээ өөр нэг зүйлийг хийхийг хэлдэг” хэмээн бичжээ (Approaching Zion, ed. Don E. Norton [1989], 66). Жон Вэслигийн ээж Сюзанна Вэсли хүүдээ “Энэ дүрмийг хүлээн ав. Учир шалтгааныг сулруулах, ухамсрын чинь зөөлөн байдлыг гажуудуулах, Бурханы талаарх бодлыг халхлах, сүнслэг зүйлсийн таашаалыг зайлуулах, оюун ухаанаас илүүгээр биеийн эрх мэдлийг нэмэгдүүлэх юу ч бай, тэр нь нүгэл юм шүү, хүү минь” хэмээн бичжээ (Susanna Wesley: The Complete Writings, ed. Charles Wallace Jr. [1997], 109).

  17. Лук 22:32; 3 Нифай 9:11, 20-ийг үзнэ үү.

  18. Иохан 13:2–15, 34-ийг үзнэ үү. Аврагч Цагаатгалынхаа өмнөх орой Өөрийг нь хуурсан, Өөрийг нь үгүйсгэсэн мөн Өөрт нь хамгийн хэрэгтэй байсан тэр цагт унтсан тэдний хөлийг угаасан. Тэгээд Тэр “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна” хэмээн заасан.

  19. Матай 5:46.

  20. John R. Talmage, T he Talmage Story: Life of James E. Talmage—Educator, Scientist, Apostle (1972), 112–114-ийг үзнэ үү.

  21. Алма 10:22–23; 62:40-ийг үзнэ үү.

  22. 3 Нифай 27:11

  23. Maтай 11:28, 30 дээр Их Эзэн, “Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая. … Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн” хэмээн хэлдэг. Мөн 2 Коринт 12:7–9-д: Паул “махан бие дэх өргөсөө” мэдэрч зовон, авахуулахаар залбирснаа дүрсэлсэн. Христ түүнд “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор Миний хүч бүрэн төгс болно” хэмээн хэлсэн. Түүнчлэн Ифер 12:27-г үзнэ үү.

  24. Мозая 7:33; 29:20; Хиламан 12:1; Сургаал ба Гэрээ 124:87-г үзнэ үү.

  25. Лук 8:43–48; Марк 5:25–34. Цус алддаг өвчтэй эмэгтэйд тусламж их хэрэгтэй байсан бөгөөд тэр аргаа барсан байсан. Тэр 12 жилийн турш энэ өвчнөөр өвдсөн бөгөөд өөрийн бүх хөрөнгө мөнгөө эмч нарт төлсөн байсан ба, бие нь улам дордож байсан. Өөрийнхнөөсөө буюу гэр бүлийнхнээсээ хөөгдсөн тэр цугларсан олны дундуур зорилготойгоор урагшилж, өөрийгөө Аврагч дээр аваачсан. Тэр Аврагчид бүрэн дүүрэн найдаж, итгэж байсан бөгөөд Аврагч тэр эмэгтэйг хүрэмнийнх нь захад хүрэхийг мэдэрсэн юм. Тэрхүү итгэлийн улмаас Тэрээр уг эмэгтэйг тэр даруй бүрэн эдгээсэн юм. Тэр түүнийг “охин” хэмээн дуудсан. Тэр хөөгдсөн нэгэн биш, харин Бурханы гэр бүлийн гишүүн болсон. Түүний эдгэрэл бол бие махбод, нийгэм, сэтгэл санааны болон, сүнслэг байдлын эдгээлт байсан юм. Бэрхшээл олон жил эсвэл амьдралын турш үргэлжилж болох хэдий ч Түүний эдгээх амлалт нь баттай, найдвартай билээ.

  26. Лук 4:21; Иохан 4:6–26-г үзнэ үү. Есүсийн тохинууллын эхэн үед Назар дахь Өөрийн синагог руу явж, Мессиагийн талаар гэрчилсэн Исаиагийн бошиглолын хэсгээс уншаад, “Энэхүү судар өнөөдөр сонсголд тань биеллээ” хэмээн айлдасаныг Иохон биш харин Лук цэдэглэжээ. Энэ бол анх удаа Аврагч Өөрийгөө Мессиа хэмээн нэрлэж байгаа цэдэглэгдсэн тохиолдол юм. Гэхдээ, Иаковын худаг дээр Есүс анх удаа олны өмнө Өөрийн Мессиагийн чанарыг зарласан гэдгийг Иохан цэдэглэсэн байдаг. Энэ нөхцөл байдалд, самаричуудыг еврей гэж үздэггүй байсан болохоор, Есүс Өөрийнх нь сайн мэдээ бүх хүнд, еврей, харь аль алинд нь зориулагдсан хэмээн заасан. Энэ зар нь өдрийн 12 цагт буюу “зургаа дахь цагт” болдог бөгөөд энэ цагт дэлхий нарнаас хамгийн их гэрлийг авч байдаг юм. Түүнчлэн Иаковын худаг нь, эртний Израил амлагдсан нутагт ирснийхээ дараа Их Эзэнтэй ёслол үйлдэн гэрээнд орсон яг тэр газрын ойролцоох хөндийд байв. Сонирхолтой нь гэвэл, уг хөндийн нэг талд хуурай газрын уул байдаг бөгөөд нөгөө талд нь амийг тэтгэгч ус булагаар элбэг уул байдаг байна.

  27. Ахлагч Нийл А.Максвэлл “Сэтгэлийн дарамттай нөхцөл байдалд ороод бид илүү ихийг тэвчиж, өгч чадахаа мэдэхгүй үедээ бидний чадавхыг төгс мэддэг Бурхан биднийг энд амжилт гаргуулахаар байрлуулсан гэдгийг мэдэх нь тайвшралыг авчрах болно. Хэн ч бүтэлгүйтэхээр эсвэл ёсон бус болохоор урьдаас томилогддоггүй. … Ядарч гутарсан үедээ, Бурхан бидэнд хэрээс хэтэрснийг хуваарилахгүй гэсэн баталгааг санацгаая” (“Meeting the Challenges of Today” [Brigham Young University devotional, Oct. 10, 1978], speeches.byu.edu).

  28. Ахлагч Рассэлл М.Нэлсон:

    “Ирээдүйн нэгэн өдөр та Аврагчийн өмнө өөрийгөө танилцуулна. Та Түүний ариун оршихуйд зогсохдоо нулимс тань дуслахыг мэдэрнэ. Та Түүнд таны нүглийн төлөөсийг төлсөнд мөн бусдад эелдэг бус хандсаныг тань уучилсанд болон энэ амьдралаас олсон шарх, шударга бус зүйлсээс эдгээсэнд нь талархах үг олох гэж зүдрэх болно.

    Түүнчлэн Тэрээр танд боломжгүй зүйлийг хийх хүч чадал өгсөнд, сул талаа хүчтэй болгож мөн Өөртэй нь болон гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдрах боломж олгосонд та талархана. Түүний мөн чанар, Цагаатгал, зан чанар байдал нь танд ойр, бодит болох болно” гэж заасан (Рассэлл М.Нэлсон, “Prophets, Leadership, and Divine Law” [Залуучуудад зориулсан дэлхий дахины онцгой цугларалт, 2017 оны 1-р сарын 8], broadcasts.lds.org ).

  29. (Исаиа 53:3-5; Aлмa 7:-11–13; Сургаал ба Гэрээ 122:5-9-ийг үзнэ үү).

  30. Иосеф Смит—Түүх 1:17; Elaine S. Dalton, “He Knows You by Name,” Liahona, May 2005.

  31. Иохан 4:14.

Хэвлэх