2010–2019
Цаг нь ирлээ.
2018 оны 10-р сар


2:3

Цаг нь ирлээ

Хэрвээ амьдралд тань анхаарах хэрэгтэй ямар нэгэн зүйл байвал яг одоо цаг нь иржээ.

Хэдэн жилийн өмнө би ажлын шугамаар аялахаар бэлтгэж байхдаа цээжээр өвдөхийг мэдэрч эхэлсэн юм. Санаа зовохгүй байхын тулд эхнэр минь надтай хамт явахаар шийдэв. Онгоц хөөрч эхэлмэгц амьсгалахад хэцүү болж өвдөлт ширүүсэх нь тэр. Бид газардаад, нисэх буудлаас орон нутгийн эмнэлэгт очин, олон шинжилгээ өгсөн бөгөөд эмч биднийг аяллаа үргэлжлүүлэхэд аюулгүй гэж хэлсэн.

Бид нисэх буудал руу эргэж очоод, хүрэх газартаа очих онгоцонд суув. Биднийг газардахаар доошлох үед нисгэгч онгоцны чанга яригчаар миний нэрээр дуудан, хэн гэдгийг минь тогтоохыг хүслээ. Онгоцны үйлчлэгч над руу хүрч ирээд, саяхан гэнэтийн дуудлага хүлээн авсан бөгөөд нисэх буудал дээр түргэн тусламжийн тэрэг намайг эмнэлэг рүү авч явахаар хүлээж байгааг хэлэв.

Бид түргэн тусламжийн тэрэгт суун, орон нутгийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг руу яаран явлаа. Тэнд бид сандралдсан эмч нартай уулзсан бөгөөд тэд намайг буруу оношилсон байна, уушгины судасны цочмог бөглөрөлтэй тул эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай гэдгийг тайлбарлав. Эмч нар бидэнд олон өвчтөн ийм эрүүл мэндийн асуудлыг тэсэж гардаггүй гэж хэлсэн. Биднийг гэрээсээ хол байгааг мөн ийм амьдрал, үхлийн зааг дээрх асуудалд бэлэн байгаа эсэхэд эргэлзэж байсныг мэдэж байсан тэдгээр эмч хэрэв амьдралд тань бодож үзэх шаардлагатай зүйлс байгаа бол яг одоо цаг нь хэмээн хэлсэн юм.

Тэрхүү сандаргасан мөчид миний ертөнцийг үзэх үзэл тэр чигтээ хоромхон зуур хэрхэн өөрчлөгдсөнийг би маш сайн санаж байна. Өмнө нь маш чухал санагддаг байсан зүйлс тэр мөчид чухал байхаа больсон байв. Миний оюун энэ амьдралын ая тух, анхаарал халамжинд анхаарах мэдрэмжээс эхнэр, үр хүүхэд, гэр бүлийнхээ тухай бодох, амьдралаа эцсийн байдлаар цэгнэх гэхчилэн мөнхийн талаас харах өнцөг рүү шилжив.

Бид хувь хүний хувьд мөн гэр бүлийн хувьд хэр байсан бэ? Бид Их Эзэний хүссэний дагуу, байгуулсан гэрээндээ тууштай амьдарч байв уу эсвэл магадгүй, хамгийн чухал тэдгээр зүйлээс маань биднийг сатааруулах дэлхийн зүйлст анхаарлаа санамсаргүй байдлаар хандуулж байв уу?

Би та бүхнийг дэлхийгээс хөлөө татаж, амьдралаа цэгнэх тухай энэ туршлагаас олж авсан нэгэн чухал сургамжийг эргэцүүлэн бодож үзээрэй хэмээн урьж байна. Өөрөөр хэлбэл, эмчийн хэлснээр хэрэв таны амьдралд бодож үзэх шаардлагатай зүйл байгаа бол яг одоо цаг нь иржээ.

Амьдралаа цэгнэх нь

Мөнхийн үнэт зүйлс дээр анхаарлаа хандуулж, энэ амьдралын үймээн дунд хөлөө олоход илүү бэрх болгож буй анхаарал сарниулах зүйлс урьд өмнө байгаагүйгээр ихсэж ноёлсон, хэт их мэдээлэл бүхий ертөнцөд бид амьдарч байна. Бидний өдөр тутмын амьдрал хурдацтай өөрчлөгдөж буй технологийн анхаарал татсан мэдээ мэдээллээр бөмбөгдүүлж байна.

Бид нухацтай бодох цагийг өөрсдөдөө гаргахаас бусад тохиолдолд, хийж буй сонголт болоод өдөр тутмын амьдралынхаа алхам тутамд нөлөөлж буй зүйлсийг ухаарахгүй байж мэдэх юм. Бид өөрсдийнхөө амьдралыг дүрс зураг, видео бичлэг, сонин сэтгүүл дээрх анхаарал татам гарчиг зэрэг багцлагдсан бөөн мэдээ мэдээлэлд дарагдан өнгөрч байгаагаар харж болно. Сонирхолтой, зугаатай хэдий ч тэдгээрийн ихэнх нь бидний мөнхийн хөгжилд тийм ч их нөлөө үзүүлдэггүй ба зөвхөн бидний мөнх бус амьдралыг туршлагажуулж байдаг.

Эдгээр дэлхийн сатааруулах зүйлийг Лихайн зүүдэнд гардаг зүйлстэй адилтгаж болох юм. Бид төмөр бариулаас чанга зууран, гэрээнийхээ замаар урагшлан явахдаа “хуруугаараа занган басхүү элэглэх байдалтай” байгаа хүмүүсийг харж бас сонсдог (1 Нифай 8:27). Бид зориуд санаатай ингэдэггүй байх. Гэхдээ заримдаа бид чимээ шуугиантай зүйлсийг харахаар түр зогсдог. Бидний зарим нь илүү сайн харахын тулд ойртох гэж төмөр бариулаа тавьчихдаг ч байж болох юм. “Тэднийг тохуурхсан тэднээс тэд ичингүйрхсэн учир” бүрмөсөн салан оддог (1 Нифай 8:28).

Аврагч бидэнд “та нарын зүрх сэтгэл … амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун” хэмээн анхааруулсан (Лук 21:34). Орчин үеийн илчлэлт бидэнд олон нь дуудагддаг хэдий ч цөөхөн нь сонгогддог гэдгийг сануулдаг. Тэд сонгогдоогүй “учир нь тэдний зүрх сэтгэл энэ дэлхийн зүйлүүд дээр…тавигдаж, … хүмүүсээс хүндэтгэл хүлээхийг эрмэлздэг ажгуу” (Сургаал ба Гэрээ 121:35; мөн 34-р шүлгийгүзнэ үү). Амьдралаа цэгнэх нь бидэнд дэлхийгээс хөлөө татаж, гэрээнийхээ замын хаана зогсож байгааг харах, урагш харах, чанга зууран барихын тулд шаардлагатай бол өөрчлөгдөх боломжийг олгодог.

Саяхан өсвөр үеийнхний дэлхий даяарх онцгой цугларалтад ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон өсвөр үеийнхнийг дэлхийгээс хөлөө татаж, сошиал ертөнцөөс хол байх долоо хоногийн мацаг барихыг урьсан билээ. Дөнгөж өчигдөр орой тэрээр Эмэгтэйчүүдийн нэгдсэн хуралдаан дээр эгч нарт мөн адил урилгыг өглөө. Дараа нь тэрээр ямар өөрчлөлт мэдрэгдэж, юу бодогдсоныг, бүр хэрхэн бодож байгаагаа анзаараарай хэмээн тэднээс хүссэн. Цааш нь тэрээр “Их Эзэнтэй хамт амьдралаа дүгнэ … Гэрээний зам дээр баттай зогсож байгаа гэдгээ мэдэрч байгаагаа баталгаажуул” хэмээн тэднийг урьсан бөгөөд хэрэв амьдралд чинь өөрчлөгдөх хэрэгтэй зүйл байгаа бол “өөрчлөлтийг хийх төгс цаг нь өнөөдөр юм” хэмээн тэднийг урамшуулсан юм.

Бид амьдралдаа буй өөрчлөх хэрэгтэй зүйлсийг цэгнэхдээ хэрхэн энэ дэлхийн сатааруулагч зүйлсээс өндийж, өмнөө байгаа мөнхийн зорилгодоо тогтвортой үлдэх вэ? гэсэн нэгэн нөлөө бүхий асуултыг өөрсдөдөө тавьж болох юм.

2007 оны нэгэн чуулган дээр “Сайн, илүү сайн, хамгийн сайн” гэсэн гарчигтай хэлсэн үгэндээ ерөнхийлөгч Даллин Х.Өүкс өөрсдийн зөрчилдөж буй дэлхийн хэрэгцээн дээр хийх сонголтоо хэрхэн эрэмбэлэх талаар заасан. Тэрээр “Бидний гэр бүлүүдийг хүчирхэгжүүлж, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлдэг учир илүү сайн эсвэл хамгийн сайн сонголтуудыг сонгохын тулд зарим сайн сонголтыг алгасах хэрэгтэй” гэж зөвлөсөн.

Есүс Христэд төвлөрч, Түүний хэн гэдгийг болон Түүнтэй тогтоосон харилцаанд бид Түүний хувьд хэн болох мөнхийн үнэнийг ойлгох нь энэ амьдрал дахь хамгийн сайхан зүйл шүү гэдгийг би зөвлөж байна.

Үнэнийг эрэлхийл

Аврагчийг мэдэхээр эрэлхийлэхдээ бид хэн болохоо мөн яагаад энд байгаа талаарх хамгийн чухал үнэнийг умартах учиргүй. Aмюлек бидэнд “Энэ амьдрал бол … Бурхантай уулзахаар бэлтгэх үе,” “мөнхийн тулд бэлтгэхээр бидэнд өгөгдсөн”(Алма 34:32–33) үе хэмээн сануулсан . Нэгэн танил болсон үнэний тодорхойлолтод “Бид сүнслэг туршлага авч буй хүмүүн биет биш. Бид бол хүмүүний туршлагыг авч буй сүнслэг бие юм” хэмээн сануулдаг.

Өөрсдийнхөө тэнгэрлэг гарал үүслийг ойлгох нь мөнхийн өсөлт хөгжилд шаардлагатай бөгөөд энэ амьдралын сатааруулагч зүйлсээс биднийг чөлөөлж чадна. Аврагч:

“Хэрэв та нар Миний үгэн дотор байвал үнэхээр Миний дагалдагчид байна;

Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө” (Иохан 8:31–32) хэмээн заажээ.

Ерөнхийлөгч Иосеф Ф.Смит “Хүн төрөлхтний энэ дэлхийд гүйцэлдүүлж чадах хамгийн том ололт нь эзэмшсэн мэдлэгээс нь энэ дэлхийн ямар ч бүтээл холдуулж чадахгүй болтол тэнгэрлэг үнэнийг өөрсдөдөө нэвт шувт, төгс ойлгуулах явдал юм” хэмээн тунхагласан.

Өнөөдөр дэлхий дээр үнэний талаарх маргаан халуун сэдэв болсон бөгөөд хувь хүмүүсийн харьцангуй ойлголтоор тодорхойлогддог болжээ. Залуу хөвгүүн Иосеф Смитэд “шашны янз бүрийн бүлгүүдийн дундах будлиан хийгээд сөргөлдөөн тийм их байсан нь” түүний амьдралд “хэнийх нь зөв, бас хэнийх нь буруу байсан тухайд ямар нэг тодорхой дүгнэлт хийх боломжгүй байв” (Иосеф—Смит Түүх 1:8). “Үгийн болон санаа бодлын үймээн самуунтай энэхүү дайны дунд” тэрээр үнэнийг хайсан эрэл хайгуулаар дамжуулан тэнгэрлэг удирдамж эрэлхийлсэн юм (Иосеф Смит—Түүх 1:10).

4-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Нэлсон “үнэн рүү дайрч довтлох хүмүүний гүн ухаан, тоо томшгүй дуу хоолой дундуур эрэл хайгуул хийх найдвар бидэнд байгаа бол илчлэлт хүлээн авч сурах ёстой” хэмээн заасан. Бид “Түүнийг харахгүй, мэдэхгүйгээсээ болж, ертөнц Түүнийг хүлээж авч чадахгүй” гэсэн Үнэний Сүнсэнд тулгуурлан судлах ёстой (Иохан 14:17).

Энэ дэлхий бодит байдлын өөр өөр хувилбар руу хурдацтай шилжиж байгаа үед “Сүнс хуурах нь үгүй, мөн үнэнийг хэлдэг. Иймийн тул, энэ нь үнэхээр тэдгээр зүйлүүдийг байгаагаар нь, мөн тэдгээр зүйлүүдийг үнэхээр байхаар нь ярьдаг; иймийн тул, эдгээр зүйлүүд, бидний бодгалиудын авралын тулд бидэнд тодорхой үзүүлэгдсэн билээ” (Иохан 4:13) гэсэн Иаковын үгсийг бид санах ёстой.

Дэлхийгээс хөлөө татаж, амьдралаа цэгнэх үе бол юуг өөрчлөх ёстой вэ гэдгээ бодож үзэх цаг юм. Үүгээр бид өөрсдийн Үлгэр Жишээ Үзүүлэгч болсон Есүс Христ бидний замыг дахин нэг удаа удирдах болно гэсэн агуу найдварыг өвөртөлнө. Тэрээр үхэл ба амилалт тохиох цагаасаа өмнө эргэн тойрныхоо хүмүүст Өөрийнхөө тэнгэрлэг үүргийг ойлгоход нь туслахаар хөдөлмөрлөж байхдаа тэдэнд “Миний дотор та нарын амар амгалан байна. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” (Иoхан 16:33) гэж сануулсан билээ. Энэ тухай гэрчлэлээ би Есүс Христийн нэрээр үлдээж байна, амен.

Эшлэлүүд

  1. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Израилийн найдвар” (Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), HopeofIsrael.lds.org.

  2. Даллин Х.Өүкс, “Good, Better, Best,” Лиахона, 2007 оны 11-р сар, 107.

  3. Pierre Teilhard de Chardin-ийн эшлэлүүдээс голдуу эш татав.

  4. Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (1998), 42.

  5. Рассэлл М.Нэлсон, “Сүмд зориулсан мөн бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115.