Эцэг
Бидний хүн нэг бүр Эцэгтэй адил болох чадвартай. Үүнийг гүйцэлдүүлэхийн тулд бид Хүүгийн нэрээр Эцэгийг шүтэн бишрэх ёстой.
Миний эхнэр Мэлинда амьдралынхаа туршид Есүс Христийн үнэнч шавь байхаар бүхий л зүрх сэтгэлээрээ хичээсээр ирсэн. Гэсэн хэдий ч тэр Тэнгэрлэг Эцэгийн мөн чанарыг буруу ойлгож байсан учраас өсвөр наснаасаа эхлээд Түүний хайр болоод адислалуудыг хүлээн авах зохисгүй гэж өөрийгөө үздэг байсан юм. Аз болоход, Мэлинда өөрийн мэдэрч байсан уйтгар гунигаас үл хамааран зарлигуудыг үргэлжлүүлэн сахисаар байв. Хэдэн жилийн өмнө тэр хэд хэдэн удаа бэрхшээлтэй тулгарсан бөгөөд тэдгээр нь түүнд Бурханы мөн чанар, хүүхдүүдээ хайрлах хайрын тухай болон Түүний ажлыг хийх гэсэн бидний төгс бус хичээл зүтгэлд Тэрээр талархдаг тухай илүү сайн ойлгоход нь тусалсан билээ.
Энэ нь түүнд хэрхэн нөлөөлсөн талаар “Би Эцэгийн төлөвлөгөө ажилладаг, Тэр бидний амжилтад өөрийн биеэр оролцож, бас Өөрийнх нь оршихуйд буцаж очиход хэрэгтэй сургамж, туршлагуудаар биднийг хангадаг гэдгийг одоо баттай мэдэрдэг. Би өөрийгөө болон бусдыг харахдаа Бурхантай адил хардаг болсон. Би илүү их хайраар мөн багахан айдастайгаар хүүхдүүдээ хүмүүжүүлж, бусдад зааж, үйлчилж чаддаг болсон юм. Би санаа зовнил, өөртөө итгэлгүй байдлыг биш, харин амар амгалан, өөртөө итгэлтэй байдлыг мэдэрдэг болсон. Бусдад шүүгдэж байгаагаар биш, бусдын дэмжлэгийг авч байгаа гэж надад санагддаг болсон. Миний итгэл илүү баттай болсон. Би Эцэгийн хайрыг илүү олон удаа илүү гүн гүнзгий мэдэрдэг болсон” гэж тэр тайлбарласан.
“[Тэнгэрлэг Эцэгийн] зан чанар, төгс байдал болон шинж байдлуудыг” зөвөөр ойлгох нь өргөмжлөлийг хүртэхэд хангалттай итгэлийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай. Тэнгэрлэг Эцэгийн мөн чанарыг зөвөөр ойлгох нь бидний өөрсдийгөө болон бусдыг үзэх үзлийг өөрчилж, Бурханы Өөрийн хүүхдүүдийг хайрлах агуу хайрыг болон Өөртэйгөө илүү адилхан болоход туслах Түүний агуу хүслийг ойлгоход бидэнд тусалж чадна. Түүний мөн чанарыг буруугаар ойлгох нь бидэнд Түүний дэргэд хэзээ ч буцаж очиж чадахгүй мэт санагдуулдаг.
Өнөөдөр миний хэлэх үгийн зорилго бол бид бүгдэд, ялангуяа өөрсдөд нь Бурхан хайртай эсэхэд эргэлздэг хүмүүст Түүний үнэн зан чанарыг илүү сайн ойлгох, Түүнд болон Түүний Хүүд мөн бидний төлөөх Түүний төлөвлөгөөнд илүү агуу итгэлийг хөгжүүлэх боломжийг бидэнд олгодог Эцэгийн талаарх сургаалын үндсэн санаануудыг заах явдал юм.
Мөнх бус байдлын өмнөх амьдрал
Өмнөх амьдралд бид Тэнгэрлэг Эцэг Эхийн сүнсэн хүүхдүүд болж төрсөн бөгөөд Тэдэнтэй нэг гэр бүл болон амьдарч байсан. Тэд биднийг мэддэг, бидэнд заадаг мөн биднийг хайрладаг байсан. Бид Тэнгэрлэг Эцэгтэй адил болохыг маш их хүсэж байсан. Гэсэн хэдий ч, адил болохын тулд бид:
Үүний дагуу Амилуулалтаар мөнхийн, сүр жавхлантай болж чадах бие махбодыг тодорхой нөхцөлтэйгөөр хүлээн авах боломжийг олгох төлөвлөгөөг, тухайлбал мөнх бус амьдралд эсвэл итгэлтэй тэдэнд энэ боломж олдоогүй бол дараагийн амьдралд гэрлэж, гэр бүлтэй болох; төгс байдал өөд хөгжиж; эцэстээ Тэнгэрлэг Эцэг Эх рүүгээ буцаж очин, Тэдэнтэй хамт болон гэр бүлтэйгээ төгсөшгүй аз жаргалын байдалд амьдрах төлөвлөгөөг бүтээсэн юм.
Судруудад үүнийг авралын төлөвлөгөө гэж нэрлэдэг. Энэ төлөвлөгөөг бидэнд танилцуулахад бид маш их талархаж байсан бөгөөд баярлан уухайлдсан. Бидний хүн нэг бүр төлөвлөгөөний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч, үүний дотор тэнгэрлэг чанаруудыг хөгжүүлэхэд маань туслах, мөнх бус амьдралын бэрхшээл, туршлагуудыг даван туулах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн юм.
Мөнх бус амьдрал
Мөнх бус амьдралд Тэнгэрлэг Эцэг Өөрийнх нь төлөвлөгөөнд өсөж хөгжихөд бидэнд хэрэгтэй нөхцөлүүдээр биднийг хангаж өгдөг. Эцэг Есүс Христийг маханбодод төрүүлсэн бөгөөд мөнх бус амьдралын зорилгоо биелүүлэхэд нь туслах тэнгэрлэг тусламжийг Түүнд боломжтой болгосон юм. Бид Түүний зарлигуудыг сахихаар хичээх юм бол Тэнгэрлэг Эцэг бидний хүн нэг бүрд үүний адил туслах болно. Эцэг бидэнд сонгох эрхийг өгдөг. Бидний амьдрал Түүний гарт байдаг бөгөөд бидний “өдрүүд мэдэгдсэн” ба “багаар тоологдох нь үгүй.” Мөн Өөрийг нь хайрладаг хүмүүсийн сайн сайхны төлөө бүх зүйл яваандаа ажиллах болно гэдгийг Тэр бататгадаг.
Энэ бол бидэнд өдөр тутмын минь талхыг өгдөг Тэнгэрлэг Эцэг бөгөөд энэ талх нь бидний иддэг хоол болон Түүний зарлигуудыг сахихад бидэнд хэрэгтэй хүч чадлыг багтаадаг. Эцэг бидэнд сайн бэлгүүдийг өгдөг. Тэр бидний залбирлыг сонсож, хариулдаг. Бид Тэнгэрлэг Эцэгт боломж олгох үед Тэрээр биднийг хилэнцээс чөлөөлдөг. Биднийг зовж байхад Тэр бидний төлөө уйлдаг. Эцсийн эцэст, бүх адислал Эцэгээс ирдэг.
Биднийг сайн үр дүнд хүрч болохын тулд Тэнгэрлэг Эцэг хүч чадал, сул тал, сонголтууд дээр маань тулгуурлан биднийг удирдаж, бидэнд хэрэгтэй туршлагуудыг өгдөг. Эцэг бидэнд хайртай учраас шаардлагатай үед биднийг зэмлэн сахилгажуулдаг. Тэрээр “Зөвлөгөөний Хүн” бөгөөд хэрэв бид асуух юм бол бидэнд зөвлөгөө өгөх болно.
Тэнгэрлэг Эцэг бидний амьдралд Ариун Сүнсний нөлөөг болон бэлгийг илгээдэг. Ариун Сүнсний бэлгээр дамжуулан Эцэгийн алдар суу буюу оюун билэг, гэрэл, хүч чадал бидэнд оршиж чадна. Бид Бурханы алдар суунд хараагаа төвлөрүүлэх хүртлээ гэрэлд болон үнэнд өсөж хөгжихийг хичээх аваас Тэнгэрлэг Эцэг энэ амьдралд эсвэл дараагийн амьдралд маань биднийг мөнх амьдралд лацдаж, Өөрийн царайг бидэнд илчлэхээр Амлалтын Ариун Сүнсийг илгээх болно.
Мөнх бус байдлын дараах амьдрал
Мөнх бус амьдралын дараах сүнсний дэлхийд Тэнгэрлэг Эцэг сайн мэдээ хэрэгтэй байгаа хүмүүст Ариун Сүнсийг болон номлогчдыг үргэлжлүүлэн илгээдэг. Тэр залбирлуудад хариулж, авралын ёслолууд хэрэгтэй байгаа хүмүүст өөрсдийг нь төлөөлөн ёслолыг хийлгэхэд тусалдаг.
Эцэг Есүс Христийг өсгөж, Амилуулалтыг улиран тохиолгох хүчийг Түүнд өгсөн ба энэ нь бидний мөнх биеийг олж авах арга зам юм. Аврагчийн Гэтэлгэл, Амилалт нь биднийг Эцэгийн дэргэд аваачдаг ба тэнд бид Есүс Христээр шүүгдэх болно.
“Ариун Мессиагийн сайн үйл мөн нигүүлсэл, мөн ач ивээл[д]” тулгуурладаг тэд Эцэгийн адил сүр жавхлант биеийг хүлээн авч мөн Түүнтэй хамт “хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд” амьдрах болно. Тэнд Эцэг бидний нүднээс урсах нулимсыг арчиж, Түүнтэй адил болох аян замаа үргэлжлүүлэхэд бидэнд туслах болно.
Тэнгэрлэг Эцэг бидэнд туслахад үргэлж бэлэн байдаг гэдгийг та нар харж байгаа.
Эцэгийн зан чанар
Бид Эцэгтэй адил болохын тулд Түүний зан чанарыг өөрсдөдөө хөгжүүлэх хэрэгтэй. Тэнгэрлэг Эцэгийн төгс байдал, шинж чанарт дараах чанарууд багтдаг. Үүнд:
-
Тэр төгс зөв шударга, нигүүлсэнгүй, найрсаг, тэвчээртэй бөгөөд бидний төлөө хамгийн сайн сайхныг хүсэж байдаг.
-
Тэр эхлэлээс авахуулаад өнгөрсөн, одоо, ирээдүй гээд бүх зүйлийг мэддэг.
-
Эцэгт бүх хүч байдаг бөгөөд Тэрээр хийхээр зүрх сэтгэлдээ шийдсэн бүхнээ хийн, гүйцэлдүүлдэг.
Ах, эгч нар аа, бид Эцэгт итгэж найдан, Түүнийг түшиглэж болно. Тэнгэрлэг Эцэг мөнхийн талаас харах чадвартай учраас бидний харж чадахгүй зүйлсийг харж чаддаг. Түүний баяр хөөр, ажил, алдар суу бол үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах явдал юм. Түүний хийдэг юм бүхэн бидний сайн сайхны төлөө байдаг. Тэр “[бидний] мөнхийн аз жаргалыг [биднээс] илүүгээр хүсдэг.” Мөн Тэрээр “[бидний] болон [бидний] хайртай хүмүүсийн хувийн ашиг тусад туйлын хэрэгтэй байгаагаас илүү удаанаар хэцүү цаг үеийг туулахыг [биднээс] шаардахгүй” Үүний үр дүнд, Тэр биднийг шүүж, буруутгахад биш, харин бидний өсөлт хөгжилд туслахад анхаарлаа төвлөрүүлдэг.
Эцэгтэйгээ адил болох нь
Бурханы сүнсэн охид хөвгүүдийн хувьд бидний хүн нэг бүр Эцэгтэй адил болох чадвартай. Үүнийг гүйцэлдүүлэхийн тулд бид Хүүгийн нэрээр Эцэгийг шүтэн бишрэх ёстой. Бид үүнийг Эцэгийн таалалд Аврагчийн адил дуулгавартай байхыг хичээснээр мөн үргэлж наманчилснаар биелүүлдэг. Бид эдгээрийг хийснээр, Эцэгийн бүрэн байдлыг хүлээн автлаа “ач ивээл дээр ач ивээлийг” болон “түүний зан чанар, төгс байдал болон шинж чанаруудыг” хүлээн авдаг.
Бидний эгэл байдал, Тэнгэрлэг Эцэгийн байгаа байдал хоёрын хоорондын зайг бодоод үзэх юм бол Эцэгтэй адил болно гэдэг нь хүрч болшгүй зүйл мэт зарим хүнд бодогддогт гайхах зүйлгүй юм. Гэсэн хэдий ч судруудад тодорхой байдаг. Хэрвээ бид Христэд итгэлтэйгээр ойртож, наманчлан, дуулгавартай байснаар Бурханы ач ивээлийг эрэлхийлэх юм бол яваандаа Эцэгтэй адил болох болно. Дуулгавартай байхыг хичээдэг хүмүүс “ач ивээл дээр ач ивээлийг хүлээн авч” мөн эцэст нь “түүний бүрэн байдлыг хүлээн авах болно” гэдгээс би агуу тайтгарлыг олдог. Өөрөөр хэлбэл, бид өөрсдөө бие даан Эцэгтэй адил болж чадахгүй. Харин энэ нь ач ивээлийн бэлгээр дамжуулан ирэх бөгөөд биднийг бүрэн дүүрэн болтол заримдаа их, гэхдээ ихэнхдээ бага хэмжээгээр, нэг нэгээр ирэх болно. Гэхдээ ах эгч нар аа, ийм үе ирнэ!
Тэнгэрлэг Эцэг таныг хэрхэн өргөмжлөхийг мэддэг гэдэгт найдаж, Түүнээс өдөр тутмын дэмжлэг тусламжийг эрэлхийлж, Бурханы хайрыг мэдэрч чадахгүй байгаа үедээ ч Христэд итгэн урагшлаасай хэмээн би та нарыг урьж байна.
Эцэгтэй адил болох тухайд бид олон зүйлийг ойлгодоггүй. Гэхдээ Эцэгтэй адил болохыг хичээхдээ таны гаргасан золиослол болгон нөхөн төлөгдөх болно гэдгийг би баттай гэрчилж байна. Бид энэ амьдралдаа хэчнээн их золиослол гаргалаа ч энэ нь Бурханы дэргэд бидний мэдрэх хэмжээлшгүй баяр хөөр, аз жаргал, хайр энэрэлтэй харьцуулшгүй байх болно. Хэрэв өөрөөс тань гаргахыг хүсэж байгаа золиослол нөхөн төлөгдөх болно гэдэгт итгэхэд хэцүү байгаа бол “Хичнээн агуу адислалуудыг Эцэг … та нарын төлөө бэлтгэснийг та нар хараахан ойлгоогүй байгаа билээ; … эдүгээ та нар бүх зүйлийг дааж чадах нь үгүй; гэсэн хэдий ч зоригтой бай, учир нь би та нарыг удирдах болно” хэмээн Аврагч та нарт хандан хэлдэг.
Тэнгэрлэг Эцэг танд хайртай бөгөөд Өөртэйгөө хамт дахин амьдрахыг танаас хүсдэг гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.