2010–2019
Итгэ, хайрла, үйлд
2018 оны 10-р сар


Итгэ, хайрла, үйлд

Бид Есүс Христийн замаар алхан, ажилд нь гар бие оролцож жинхэнэ шавь нь болсноор бялхсан амьтай болдог.

Хайрт ах, эгч нар аа, өнөөдрийн энэ гайхамшигтай ерөнхий чуулганы хуралдаанаар та бүхэнтэй уулзаж байгаа нь үнэхээр сайхан завшаан билээ. Сүнслэг захиасуудыг сонсож, дэлхий даяарх мянга мянган номлогчдыг буюу хүү, охидыг минь төлөөлөх энэхүү номлогчдын найрал дууг сонсон, ялангуяа итгэлээрээ нэгдэж, хайрт ерөнхийлөгч, бошиглогч Рассэлл М.Нэлсонийг болон Сүмийн Тэргүүн Зөвлөл, Ерөнхий албан тушаалтнуудыг дэмжин батлах сайхан байлаа. Өнөөдөр та нартай хамт байгаадаа би үнэхээр баяртай байна.

Гадна талаасаа, эртний хаан Соломон нь түүхэн дэх хамгийн амжилттай хүн байсан.1 Түүнд мөнгө, хүч чадал, хүндлэл, алдар нэр бүгд байсан мэт санагддаг. Хаан Соломон хувийн жаргалаа хөөн, баян тансаг амьдралаар олон арван жил амьдарсны эцэст өөрийн амьдралыг хэрхэн дүгнэсэн бэ?

Тэр “Бүгд хоосон”2 хэмээн хэлжээ.

Бүх зүйлтэй байсан уг эрийн амьдралд бүх зүйл өөрийнхөөр нь болсон ч гуниг харуусал, гутранги үзэл, аз жаргалгүй байдал түүнд үлдсэн байна.3

Герман хэлэнд Weltschmerz (Велтшмерц) гэх үг байдаг. Энгийнээр тайлбарлахад, энэ нь дэлхий бидний бодож байгаагаас хамаагүй доогуур түвшинд байгаа гэдэг бодолд автан, гуниглаж гутрахыг хэлдэг.

Бидний хүн нэг бүрд Weltschmerz өчүүхэн ч атугай байдаг байх.

Чимээгүй уй гашуу амьдралд маань гэтэн орж ирэх үед, гуниг харуусал өдрийг бүрхэж, шөнийг хучих үед, гай зовлон, шударга бус байдал бидний эргэн тойронд, ялангуяа хайртай хүмүүсийн маань амьдралд шургалан орох үед эсвэл азгүйтлийн эзгүй хоосон замаар ганцаар алхаж, өвчин шаналал нам гүм байдлыг маань харлуулан, амар тайван байдлыг маань эвдэн орж ирэх үед амьдрал маань дэмий хоосон, утга учиргүй мэт болж, бид Соломонтой санал нэгдэж болох юм.

Агуу найдвар

Сайхан мэдээ дуулгахад, найдвар байгаа. Дэмий хоосон буюу Weltschmerz-тэй амьдралд шийдэл бий. Хамгийн гүнзгий хоосрол, цөхрөл, мухардлын мэдрэмжинд хүртэл шийдэл бий.

Уг найдварыг Есүс Христийн сайн мэдээний амьдралыг өөрчлөгч хүчнээс мөн сүнслэг өвдөлтийг эдгээх Аврагчийн гэтэлгэх хүчнээс олдог юм.

Есүс “Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн”4 хэмээн тунхагласан.

Бид өөрсдийн хэрэгцээнд эсвэл амжилтад төвлөрснөөр бус, Есүс Христийн замаар алхан, ажилд нь гар бие оролцож, жинхэнэ шавь нь болсноор ийнхүү бялхсан амьтай болдог. Бид өөрсдийгөө умартан, Христийн агуу учир шалтгаанд оролцсоноор мөн бялхсан амьтай болдог.

Христийн үйл хэрэг гэж юу вэ? Энэ нь Түүнд итгэхийг мөн Түүний адил хайрлаж, үйлдэхийг хэлнэ.

Есүс “сайныг үйлдэж явсан.”5 Тэрээр ядуу хоосон, орон гэргүй, өвчтэй зовлонтой, айж ичсэн хүмүүсийн дундуур явсан. Тэрээр хүчгүй, сул дорой, ганцаардсан хүмүүст тохинуулсан билээ. Тэрээр тэдэнтэй хамт байж, ярилцсан. “Тэр тэднийг бүгдийг нь эдгээсэн юм.”6

Аврагч явсан газар бүрдээ сайн мэдээний “сайн сайхныг”7 зааж явсан. Тэрээр хүмүүсийг сүнслэг болон бие махбодын хувьд чөлөөлдөг мөнхийн үнэнүүдийг хуваалцдаг байв.

Христийн үйл хэрэгт өөрсдийгөө зориулдаг хүмүүс “хэн Миний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ олно”8 гэсэн Аврагчийн амлалт үнэн болохыг олж мэддэг.

Соломоны буруу байсан. Хайрт ах, эгч нар аа, амьдрал “хоосон” биш. Харин ч эсрэгээрээ, амьдрал зорилго, утга учир, амар амгалангаар дүүрэн байж болно.

Есүс Христийн эдгээгч мутар нь Түүнийг эрэлхийлэх хүн бүрд хүрдэг. Бурханд итгэн, Христийг хайрлаж, дагахыг хичээснээр бидний зүрх сэтгэл өөрчлөгддөг9 бөгөөд өвчин зовиур намдан, сэтгэл зүрх маань “үлэмж агуу баяраар дүүрдэг”10 болохыг би ямар ч эргэлзээгүйгээр мэдэж авсан билээ.

Итгэ, хайрла, үйлд

Мэдээж хэрэг, бид амьдралдаа ийм эдгээгч нөлөөг мэдрэхийн тулд сайн мэдээний тухай зүгээр нэг логик ойлголттой байхаас илүү их зүйлийг хийх ёстой. Бид үүнийг амьдралдаа оруулан, өөрсдийнхөө мөн хийдэг зүйлийнхээ нэгэн хэсэг болгох ёстой.

Шавь байх нь эдгээр энгийн гурван үгээр эхэлдэг гэж би зөвлөмөөр байна.

Итгэ, хайрла, үйлд

Бурханд итгэх нь Түүнд итгэлтэй байхад мөн Түүний үгсэд итгэх итгэлийг хөгжүүлэхэд хөтөлдөг. Итгэл зүрхийг маань тэлж, Бурханыг болон бусдыг гэсэн хайрыг өсгөдөг юм. Энэхүү хайр өсөхийн хэрээр бид Аврагчийг даган дуурайж, шавийн зам дээрх өөрсдийн агуу аяллыг эхлүүлэх урам зоригийг олж авдаг.

“Гэхдээ, энэ бүгд дэндүү энгийн амархан сонсогдоод байна. Амьдралын асуудал, миний бэрхшээл зовлон иймэрхүү энгийн шийдэлд хэт ахдах нь мэдээжийн хэрэг. Weltschmerz -ийг итгэ, хайрла, үйлд гэсэн гурван энгийн үгээр эмчилж чадахгүй” гэж та хэлж болно.

Үүнийг эмчилдэг нь мэргэн үг биш. Харин аварч, сэргээж, амь оруулдаг нь Бурханы хайр юм.

Бурхан та нарыг мэднэ. Та нар Түүний хүүхдүүд бөгөөд Тэр та нарт хайртай.

Та нар өөрсдийгөө хайр татам биш гэж бодож байсан ч Тэр та нарт тусалдаг.

Яг энэ өдөр, бүр өдөр болгон Тэр та нарт тусалдаг мөн та нарыг эдгээж, өргөн дэмжихийг мөн зүрх сэтгэлд тань байгаа хоосон орон зайг агуу их баяр баяслаар дүүргэхийг хүсдэг. Тэрээр амьдралд тань байгаа харанхуйг үлдэн хөөж, оронд нь Өөрийнхөө хэзээ ч төгсөшгүй алдар суугийн ариун нандин, гайхамшигт гэрлээр дүүргэхийг хүсдэг.

Би үүнийг өөрийн биеэр мэдэрсэн.

Бурханд ирдэг, чин сэтгэлээсээ итгэдэг, хайрладаг, үйлддэг хүн бүр үүнийг мэдрэх боломжтой гэдгийг би Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувьд гэрчилж байна.

Бид итгэдэг

Судрууд “итгэлгүйгээр [Бурханд] таалагдана гэдэг боломжгүй юм: Учир нь Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт итгэх ёстой”11 хэмээн бидэнд заадаг.

Зарим хүний хувьд, итгэх нь хэцүү байж болно. Заримдаа бидний бардамнал саад болдог. Бид өөрсдийгөө ухаалаг, боловсролтой, туршлагатай учраас Бурханд ердөө итгэж чадахгүй гэж бодож болно. Бид мөн шашныг мунхаг уламжлал гэж харж эхэлдэг.12

Өөрийнхөө туршлагаас харахад, итгэл үнэмшил нь бидний хараад, гайхан биширдэг мөн авч хэлэлцэн, цэц булаацалддаг үзэсгэлэнт уран зурагтай адилгүй. Энэ нь талбай дээр очоод, духны хөлсөө дуслуулан байж, үр соёолуулж, үүрд байх жимсийг ургуулахын тулд газрыг хагалан, хөрсийг сийрэгжүүлдэг анжистай адил юм.13

Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртох болно.14 Энэ нь итгэхээр эрэлхийлж буй хүн бүрд өгөгдсөн амлалт билээ.

Бид хайрладаг

Хэдий чинээ бид Бурханыг болон Түүний хүүхдүүдийг их хайрлана, төдий чинээ аз жаргалтай болдог15 гэж судрууд бидэнд заадаг. Есүсийн ярьсан хайр бол бэлгийн карт биш, мөн хаяж болдог, амархан орхигддог хайр биш юм. Энэ нь дурдагдаад, мартагддаг хайр биш юм. Энэ нь “миний хийж чадах зүйл байвал хэлээрэй” гэдэг хайр биш.

Бурханы хэлсэн хайр нь өглөө босох үед зүрхэнд нэвтрэн ороод, өдрийн турш хамт байж, үдшийн бүрийд талархлын залбирлаа өргөх үед өр зүрхийг оволзуулдаг хайр юм.

Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн биднийг гэсэн өгүүлшгүй хайр билээ.

Энэ нь бусдыг байгаагаар нь илүү тод харах боломжийг олгодог эцэс төгсгөлгүй энэрэнгүй сэтгэл юм. Бид цэвэр хайрын томруулдаг шилээр хязгааргүй чадавх, үнэ цэн бүхий үхэшгүй биесийг буюу Бүхнийг Чадагч Бурханы хайрт охид, хөвгүүдийг хардаг.

Бид энэ томруулдаг шилээр харсан л бол хэнийг ч үл тоомсорлохгүй ба үл хүндэлж, ялгаварлахгүй.

Бид үйлддэг

Аврагчийн ажилд “өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчрагддаг”16 нь олонтоо.

Бид ямар нэгэн зүйлийг сайн хийж сурахын тулд ахин дахин давтах шаардлагатай гэдгийг мэддэг. Кларнет хөгжим тоглох, тор руу бөмбөг өшиглөж оруулах, машин засах, онгоц хөөргөх гээд юу ч байсан гэсэн бид дадлага хийснээр илүү сайжирдаг.17

Аврагчийн дэлхий дээр бүтээн байгуулсан байгууллага буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бидэнд үүнийг хийхэд тусалдаг. Энэ нь Түүний заасан замаар амьдарч, Түүний арга замаар бусдыг адислахын тулд дадлага хийх газраар хангадаг.

Сүмийн гишүүдийн хувьд бидэнд бусдад өрөвч энэрэнгүй сэтгэлээр үйлчлэх мөн тохинуулах дуудлага, үүрэг хариуцлага, боломжууд өгөгддөг.

Саяхан Сүм бусдад тохинуулах буюу үйлчлэх, бусдыг хайрлахыг дахин шинээр онцоллоо. Бид энэхүү онцгой ажлыг юу гэж нэрлэхээ шийдэхээр нухацтай тунгаан бодож билээ.

Бодож байсан нэрүүдийн нэг нь “Миний хургануудыг тэжээ”18 гэх Христийн урилгатай нийцэж байсан shepherding буюу хонь хариулах гэдэг нэр байв. Гэвч энэ нь дор хаяж нэг будилаан үүсгэх байлаа. Тухайлбал, энэ нэр томьёог ашигласнаар намайг German shepherd гэдэг нохойны үүлдрээр нэрлэж болохоор байсан. Тиймээс би тохинуулах гэдэг нэр томьёонд их дуртай байгаа.

Уг ажил хүн бүрд зориулагдсан

Мэдээж хэрэг, энэ тодорхойлолт шинэ зүйл биш юм. Энэ нь Аврагчийн “бие биеэ хайрлагтун”19 гэсэн зарлигийг хэрэгжүүлэх шинэчлэгдэн, сайжирсан боломжоор мөн Сүмийн зорилгыг хэрэгжүүлж, хэвшүүлэхэд зориулсан шинэчлэгдсэн арга замаар хангадаг.

Номлолын ажлын талаар бод доо. Сайн мэдээг зоригтой, даруухан, итгэлтэй хуваалцах нь хэн ч бай бусдын сүнслэг хэрэгцээнд тохинуулахын гайхалтай жишээ юм.

Мөн ариун сүмийн ажлыг хийх буюу өвөг дээдсийнхээ нэрсийг олж, тэдэнд мөнхийн адислалуудыг өгөх нь мөн адил үүний гайхалтай жишээ билээ. Энэ нь тохинууллын ямар гайхамшигтай арга зам гээч!

Ядуу, тусламж хэрэгтэй хүмүүсийг хайж олон, доош унжсан гарнуудыг өргөж, өвчтэй мөн зовж зүдэрсэн тэднийг адислах үйлийн талаар бодоод үз дээ. Эдгээр нь Их Эзэний дэлхий дээр амьдарч байхдаа гүйцэтгэсэн цэвэр тохинууллын үйлдлүүд биш гэж үү?

Хэрэв та Сүмийн гишүүн биш бол би таныг “ирж, харна уу” хэмээн урьж байна.20 Ирж, бидэнтэй нэгд. Хэрэв та Сүмийн гишүүн мөн боловч идэвхтэй биш бол би та бүхнийг эргэж ирнэ үү гэж урьж байна. Та бидэнд хэрэгтэй.

Ирээд, бидэнтэй хүчээ нэгтгэ.

Таны онцгой авьяас, чадвар, зан чанар бидэнд илүү сайн, илүү аз жаргалтай байхад тусална. Үүний хариуд, бид таныг илүү сайн, илүү аз жаргалтай болгоход туслах болно.

Ирээд, Бурханы хүүхдүүдийг эдгээх, тэдэнд энэрэл, хайраа үзүүлэх соёлыг бүтээж, хүчирхэгжүүлэхэд туслаач. Учир нь бид “хуучин юмс нь өнгөрч,” “шинэ болсон”21 газар шинэ бүтээлүүд болохыг эрэлхийлж байгаа билээ. Аврагч бид бүгдэд урагшаа мөн дээшээ чиглэсэн замыг харуулсан. Тэрээр “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь”22 хэмээн хэлсэн юм. Бурхан биднийг ямар хүмүүс байхаар зорьсончлон, тийм хүмүүс болохоор хамтдаа хөдөлмөрлөцгөөе.

Энэ бол Есүс Христийн Сүм даяар бидний хөгжүүлэхийг хүсэж буй сайн мэдээний уламжлал юм. Бид Сүмийг нэг нэгнээ уучилдаг, бусдаас бурууг хайж, хов жив хөөцөлдөж, бусдыг доош нь татах уруу таталтыг эсэргүүцдэг мөн бусдаас бурууг хайхын оронд нэг нэгнээ өргөн дэмжиж, хамгийн сайнаараа байхад тусалдаг газар болгон хүчирхэгжүүлэхийг эрэлхийлдэг.

Би та бүхнийг дахин урьж байна. Ирээд, хар. Бидэнтэй нэгд. Та нар бидэнд хэрэгтэй.

Төгс бус хүмүүс

Та энэ Сүм дэлхий дээрх хамгийн сайн хүмүүсээр дүүрэн газар юм гэдгийг олж мэднэ. Тэд халуун дотно, хайраар дүүрэн, эелдэг, шударга хүмүүс. Тэд шаргуу хөдөлмөрлөдөг, золиос гаргахад бэлэн байдаг бөгөөд эрэмгий зоригтой.

Гэхдээ тэд бас тэд сэтгэл шимшрэм төгс бус билээ.

Тэд алдаа гаргадаг.

Тэд заримдаа хэлэх ёсгүй үгсийг хэлдэг. Тэд хожим харамсах зүйлсийг хийдэг.

Гэвч тэдэнд сайжирч, Их Эзэн, Аврагч, бүр Есүс Христэд илүү ойртохыг хүсдэг нийтлэг талууд бий.

Тэд зөв зүйл хийхийг хичээдэг.

Тэд итгэдэг. Тэд хайрладаг. Тэд үйлддэг.

Тэд амин хувиа хичээсэн байдлаа хаяж, илүү энэрэнгүй, цэвэр байж, Есүстэй адил болохыг хүсдэг.

Аз жаргалд хүрэх зам

Амьдрал зарим үед хүнд хэцүү байж болно. Мэдээж хэрэг, бид бүгдэд сэтгэлээр унах, гутрах цаг үе ирдэг.

Гэвч Есүс Христийн сайн мэдээ бидэнд найдвар төрүүлдэг. Есүс Христийн Сүмд бид гэртээ байгаа юм шиг байх газрыг буюу итгэж, хайрлаж, үйлдэхийн тулд өсөж хөгжих газрыг хайж буй хүмүүстэй нэгддэг.

Бид ялгаатай байдлаасаа үл хамааран нэг нэгнээ хайраар дүүрэн Бурханы охид, хөвгүүд гэж хүлээж авахаар эрэлхийлдэг.

Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байгаадаа мөн Бурхан аз жаргалд хүрэх арга замыг болон энэ амьдралд утга учир, ирэх амьдралд алдар суугийн өргөөнүүдэд мөнхийн баяр баясгаланг хүртэх замыг хангаж өгөхүйц тийм их хайраар хүүхдүүдээ хайрладаг гэдгийг мэдэж байгаадаа хэмжээлшгүй баяртай байдаг.

Сэтгэлийн зовиур шаналал, амьдралын Weltschmerz-ийг анагаах арга замаар хангаж өгсөн Бурханд би талархдаг.

Бид Бурханд итгэж, Түүнийг болон хүүхдүүдийг нь бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж, Бурханы зааварласнаар үйлдэхийг хичээх юм бол эдгэрэл, амар амгалан, аз жаргал хийгээд утга учрыг олох болно гэдгийг гэрчилж, өөрийн адислалыг та нарт үлдээж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Хэвлэх