Хичээ, хичээ, хичээ
Аврагч та бүхний зүрх сэтгэлд нэрээ сийлж байна. Харин та нар өөрсдийг тань мөн өрөөлийг хайрлах Христийн цэвэр хайрыг мэдэрч байгаа.
Хайрт ах, эгч нар аа, надад та бүхэнд хандан ярих боломж олдсонд би баяртай байна. Энэ чуулган надад урам зориг болон сургамж хайрлалаа. Дуулсан дуулал болон хэлсэн үгсийг Ариун Сүнс зүрх сэтгэлд маань хүргэлээ. Миний хэлэх үгсийг яг тэрхүү Сүнсээр та бүхэнд дамжуулаасай хэмээн би залбирч байна.
Олон жилийн өмнө би Нэгдсэн Улсын дорнод хэсэгт дүүргийн ерөнхийлөгчийн нэгдүгээр зөвлөх байсан юм. Биднийг жижигхэн салбарууд руугаа машинаараа явж байх үед нэгээс ч олон удаа “Хаал, бид хэн нэгэнтэй уулзахдаа тэднийг хүнд хэцүү байдалд байгаа мэт хандах юм бол талаас илүү хувьд нь бидний зөв байх болно” гэж надад хэлдэг байсан. Түүний зөв байсан төдийгүй, олон жил өнгөрөхөд түүний тооцоолол хэтэрхий бага байсныг би олж мэдсэн юм. Өнөөдөр би сорилт бэрхшээлтэй тулгарч буй та бүхэнд урам зориг өгмөөр байна.
Биднийг хайрладаг Бурхан мөнх бус амьдралыг маань бидний хүн нэг бүрийг сорьж шалган, өсөж хөгжих эх сурвалж байхаар зохиосон юм. Та нар дэлхийн Бүтээлтийн үеэр хүүхдүүдийнхээ талаар Бурханы хэлсэн “Мөн Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох болно” хэмээх үгийг санаж байгаа.
Цаг хугацааны эхлэлээс сорилт шалгуур нь тийм ч амар хялбар байгаагүй. Бид мөнх бус бие махбодтой байхын сорилт шалгууртай тулгардаг. Бид бүгд Сатаны дайн үнэний эсрэг болон бидний хувийн аз жаргалын эсрэг улам бүр хүчээ авч буй дэлхийд амьдарч байна. Дэлхий мөн таны амьдрал улам бүр тайван бус болж байгаа мэт санагдаж болно.
Эдгээр сорилтыг танд өгөхийг зөвшөөрсөн, биднийг хайрладаг Бурхан тэдгээрийг ялан дийлэх арга замуудыг ч мөн адил зохиосон гэдгийг би баталж хэлж байна. Тэнгэрлэг Эцэг ертөнцийг үнэхээр хайрласан тул бидэнд туслуулахаар Цорын Ганц Хүүгээ илгээсэн. Түүний Хүү Есүс Христ Өөрийн амийг бидний төлөө өгсөн. Есүс Христ Гетсеманид болон загалмай дээр бидний бүх нүглийг үүрсэн. Тэр амьдралын сорилт шалгуур бүрд биднийг тайтгаруулж, хүчирхэгжүүлэхийн тулд нүглийн маань бүх уй гашуу, зовлон шаналал, үр нөлөөг Өөр дээрээ авсан билээ.
Та нар Их Эзэний үйлчлэгчдэдээ хэлсэн дараах үгсийг санаж байгаа. Тэрээр:
“Мөн Эцэг хийгээд бибээр нэг болой. Бибээр Эцэгийн дотор мөн Эцэг миний дотор байдаг; мөн та нар намайг хүлээн авахын хэрээр, та нар миний дотор мөн бибээр та нарын дотор байдаг бөлгөө.
Иймийн тул, бибээр та нарын дунд байна, мөн бибээр сайн хоньчин, мөн Израилын чулуу болой. Энэ хадан дээр барьдаг тэр нь хэзээ ч нурахгүй байх болно” хэмээн хэлсэн.
Бидний бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон үүнтэй адил баталгааг бас өгсөн. Түүгээр ч зогсохгүй, тэрээр сорилт бэрхшээлтэй үед биднийг удирдах замыг өгөхийн тулд тэрхүү хадан дээр хэрхэн барьж босгох мөн Их Эзэний нэрийг зүрхэндээ хэрхэн сийлж болох тухай тайлбарласан.
Тэрээр “Түрхэн зуур сэтгэлээр унасан та бүхэн амьдрал амар хялбар байх албагүй гэдгийг санаарай. Бид амьдралдаа сорилт бэрхшээлтэй учирч, гашуудал зовлонг үүрэх ёстой. Та бүхэн ‘Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй’ (Лук 1:37) гэдгийг мөн Түүнийг өөрсдийнхөө Эцэг юм гэдгийг санаж яваарай. Та нар зохистой байдлаараа дамжуулан өөрсдийн зөв шударга үйл хэрэгт туслах илчлэлтийг хүлээн авах эрхтэй, Түүний дүр төрхөөр бүтээгдсэн хүү, охин билээ. Та нар өөр дээрээ Их Эзэний ариун нэрийг авах боломжтой. Та нар Бурханы ариун нэрээр ярих эрхтэй” хэмээн хэлсэн (С ба Г 1:20-ийг үзнэ үү).
Ерөнхийлөгч Нэлсоний үгс ариун ёслолын залбирлын амлалтыг буюу биднийг амласан зүйлээ хийхэд Тэнгэрлэг Эцэгийн биелүүлнэ гэсэн амлалтыг бидэнд сануулж байна.
Дараах үгсийг нь сонсоцгоо. “Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, үүнээс хүртэх тэд бүгдийн бодгалийн тул; тэд түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд таны Хүүгийн биеийг төлөөлөн дурсаж, тэд үүнийг идэж, Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, тэд өөрсдөдөө таны Хүүгийн нэрийг авч, мөн үргэлж түүнийг санаж, мөн өөрсдөд нь өгсөн түүний зарлигуудыг дагахад бэлэн гэдгээ танд гэрчилж болохын тулд, энэ талхыг адисалж мөн ариулахыг таны Хүү, Есүс Христийн нэрээр бид танаас гуйж байна. Амен.”
Бидний өмнөөс энэхүү залбирлыг хэлэхэд бид aмен гэж хэлэх бүрдээ талхыг идсэнээр Есүс Христийн ариун нэрийг өөрсөд дээрээ авч, Түүнийг үргэлж санан, зарлигуудыг нь сахина гэдгээ амладаг. Үүний хариуд бидэнд Түүний Сүнстэй үргэлж хамт байна гэж амладаг. Эдгээр амлалтын ачаар Аврагч бидэнтэй учрах ямар ч шуурганы үеэр дээр нь аюулгүй, айдасгүй зогсож болох хад маань болдог.
Би уг гэрээний үгсийг, мөн холбогдох амлагдсан адислалуудын талаар тунгаан бодохдоо Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахад бэлэн байна гэдэг нь ямар утгатай болохыг тунгаан бодсон.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн тайлбарласнаар “Бид ариун ёслолоос хүртэхдээ Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдгээ биш, харин авахад бэлэн байгаагаа гэрчилдэг нь чухал юм. (С ба Г 20:77-г үзнэ үү.) Би ийнхүү зөвхөн бэлэн байгаагаа гэрчилдэг нь тэрхүү ариун нандин нэрийг өөрсөд дээрээ бүрэн утгаар нь хүлээн авахаасаа өмнө ямар нэгэн өөр зүйл болох ёстой болохыг харуулж байгаа юм.”
Аврагчийн нэрийг “өөрсөд дээрээ [авахад] бэлэн” гэдэг мэдэгдэл нь хэдийгээр бид анх түүний нэрийг баптисм хүртэхдээ өөрсөд дээрээ авдаг ч энэ нь баптисм хүртсэнээр дуусгавар болдоггүй гэдгийг харуулдаг. Бид амьдралынхаа туршид, тухайлбал ариун ёслолын ширээний өмнө гэрээгээ шинэчлэхдээ мөн Их Эзэний ариун сүмд гэрээнүүд байгуулахдаа Түүний нэрийг авахын тулд үргэлжлүүлэн хөдөлмөрлөх ёстой.
Тиймээс, “Би өөрсөд дээрээ Түүний нэрийг авахын тулд юу хийх ёстой вэ?”, “Би өсөж хөгжиж байгаагаа хэрхэн мэдэх вэ?” гэсэн хоёр асуулт бидний хувьд чухал болж байгаа юм.
Ерөнхийлөгч Нэлсоний мэдэгдэл тус болох нэг хариултыг өгсөн. Тэрээр бид Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авч, Түүний өмнөөс ярих боломжтой. Харин Түүний өмнөөс ярихдаа бид Түүнд үйлчилдэг. “Учир нь өөрийн үйлчилж байгаагүй, өөрийн танихгүй нэгэн болох, мөн зүрх сэтгэлийн бодол хийгээд зорилтоос нь хол байх эзнээ хүн хэрхэн мэдэх билээ?”
Түүний өмнөөс ярихад итгэлийн залбирал шаардагддаг. Мөн Аврагчийн ажилд туслахын тулд ямар үг хэлэхээ мэдэхээр Тэнгэрлэг Эцэгт хандан, чин сэтгэлээсээ залбирах шаардлагатай. Бид “Миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил, бүгд биелэгдэх болно” гэсэн амлалтыг хүлээн авахуйц зохистой байх ёстой.
Түүний нэрийг өөрсөд дээрээ авахад Түүний өмнөөс ярихаас хавьгүй их зүйлийг шаарддаг. Түүний үйлчлэгч болох шаардлагыг хангахын тулд бид зүрх сэтгэлдээ тодорхой мэдрэмжүүдийг мэдрэх ёстой.
Түүний нэрийг өөрсөд дээрээ авах шаардлагыг хангаж, ийм боломж олгодог мэдрэмжүүдийг бошиглогч Мормон бидэнд тайлбарласан. Эдгээр мэдрэмжинд итгэл, найдвар, энэрэл буюу Христийн цэвэр хайр багтдаг.
Мормон ийн тайлбарласан.
“Гэвч болгоогтун, хайрт ах дүүс минь, би та нарын талаар илүү сайн дүгнэлтэд хүрэв, учир нь хүлцэнгүй номхон байдлын тань учир Христэд итгэх итгэл та нарт байгаа хэмээх дүгнэлтэнд би хүрэв; учир нь хэрэв та нар түүнд итгэлгүй байвал, тэгвэл та нар түүний сүмийн хүмүүсийн дунд тоологдох нь тохиромжгүй билээ.
Мөн тэрчлэн, хайрт ах дүүс минь, би та нарт найдварын талаар яримаар байна. Та нар найдваргүйгээр, яахан итгэлийг олж чадах билээ?
Мөн та нар юуны төлөө найдах билээ? Болгоогтун та нар Христийн цагаатгал, мөн түүний амилалтын хүчээр, мөнх амьдралд босгогдохын тулд найдахыг би та нарт хэлье, мөн энэ нь амлалтын дагуу түүнд итгэлтэйн тань учир болой.
Иймийн тул, хүмүүн итгэлтэй аваас түүнд найдвар байх нь гарцаагүй; учир нь итгэлгүйгээр ямар ч найдвар байж чадахгүй.
Мөн тэрчлэн, болгоогтун тэр хүлцэнгүй даруу, мөн зүрх сэтгэлдээ номхон байхгүй аваас, түүнд итгэл хийгээд найдвар байх аргагүйг би та нарт хэлнэ.
Хэрэв тийм аваас, түүний итгэл хийгээд найдвар нь хоосон, учир нь хүлцэнгүй даруу мөн зүрх сэтгэлдээ номхон байхаас бусдаар, хэн ч Бурханы өмнө хүлээн зөвшөөрөгдөхүйц байхгүй; мөн хэрэв хүмүүн хүлцэнгүй даруу мөн зүрх сэтгэлдээ номхон, мөн Ариун Сүнсний хүчээр Есүс бол Христ гэдгийг хүлээн зөвшөөрдөг аваас, түүнд энэрэл байх нь гарцаагүй; учир нь түүнд энэрэл үгүй бол тэр хэн ч биш билээ; иймийн тул түүнд энэрэл байх нь гарцаагүй.”
Мормон энэрлийг тайлбарласныхаа дараа
“Гэвч энэрэл бол Христийн цэвэр хайр, мөн энэ нь үүрд үл цөхрөх ажгуу; мөн эцсийн өдөр үүнийг эзэмшиж байгаа хэнд боловч, түүнд сайн байх болно.
Иймийн тул, хайрт ах дүүс минь, та нар түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр түүний цутгасан хайраар дүүргэгдэж болохын төлөө; та нар Бурханы хөвгүүд болж болохын тулд; тэрбээр хүрч ирэхэд бид түүнтэй адил байх болно, учир нь бид түүнийг байгаагаар нь харах болно гэсний учир, бидэнд энэ найдвар байж болохын тулд, түүний цэврийн адил бид цэвэр болгогдож болохын тулд зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун. Амен” гэж хэлсэн.
Аврагч Өөрийн нэрийг та бүхний зүрхэнд сийлж байгаа гэдгийг би гэрчилж байна. Та нарын ихэнхийн хувьд Түүнд итгэх итгэл тань өсөн нэмэгдэж, илүү их итгэл найдвар, өөдрөг үзлийг мэдэрч байгаа. Мөн та нар өөрсдийг тань төдийгүй өрөөлийг хайрлах Христийн цэвэр хайрыг мэдэрч байгаа.
Би үүнийг дэлхий даяар үйлчилж буй номлогчдоос олж хардаг. Би үүнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярьж байгаа гишүүдээс олж хардаг. Эрэгтэй, эмэгтэй болон залуу хүмүүс, тэр байтугай хүүхдүүд хүртэл Аврагчаа хайрлах, хөршөө хайрлах хайраар тохинуулж байна.
Дэлхий дахинаа гамшигт мэдээ дуулдахад гишүүд хэнээр ч гуйлгалгүйгээр тэр даруй, зарим үед далай тэнгисийг гатлан, аврах төлөвлөгөө гарган явцгаадаг. Тэд заримдаа гамшигт нэрвэгдсэн газруудад өөрсдийг нь хүлээж аваасай гэж тэсэн ядан хүлээдэг.
Өнөөдөр үүнийг сонсож байгаа та нарын заримд таны асуудал, бэрхшээл итгэл, найдварыг тань дарж байгаа мэт санагдаж байгааг би ойлгож байна. Мөн та нар хайр мэдрэхийг хүсдэг байж болно.
Ах, эгч нар аа, Их Эзэн та нарт хайртай гэдгээ мэдрүүлж, тэр хайраа бусдад хуваалцах боломжоор та бүхнийг хүрээлсэн байгаа. Та нар Их Эзэнд Өөрийнх нь өмнөөс хайрлах хэн нэгэн рүү биднийг хөтлөөсэй гэж итгэлтэйгээр залбирч болно. Тэрээр та нартай адил төлөв даруу сайн дурынхны залбиралд хариулдаг. Та нар өөрсдийг тань мөн үйлчилж байгаа хүмүүсийг тань хайрлах Бурханы хайрыг мэдэрнэ. Бурханы хүүхдүүдэд хүнд хэцүү үед нь туслах үед өөрсдийн тань ачаа хөнгөн мэт санагдах болно. Та нарын итгэл, найдвар хүчирхэгжинэ.
Би өөрөө энэ үнэний амьд гэрч билээ. Эхнэр маань бүхий л амьдралынхаа турш Их Эзэний өмнөөс ярьж, бусдад үйлчилсэн. Сая дурдсанчлан бишопуудын маань нэг надад “Би үнэхээр гайхширч байна. Би тойргийнхоо хэн нэгнийг асуудалд орсныг мэдээд туслахаар яаран очих үед эхнэр тань дандаа надаас түрүүлээд аль хэдийн ирчихсэн байдаг” гэж хэлсэн юм. Энэ нь 56 жилийн турш бидний амьдарч байсан бүх газарт үнэн байсан.
Одоо тэр минь өдөрт хэдхэн л үг хэлж чадах болсон. Их Эзэний өмнөөс хайрлаж байсан хүмүүс нь одоо түүнийг эргэж ирдэг. Үдэш, өглөө бүр би түүнтэй хамт дуулал дуулан, залбирдаг. Залбирах, дуулах үед би түүний дуу хоолой болох болсон. Заримдаа тэр дууллын үгийг амандаа хэлж байгааг би хардаг. Тэр хүүхдийн дуунд дуртай. Түүний хамгийн дуртай зан чанарыг “Би Есүс шиг байхыг хичээнэ” гэсэн дуунд хамгийн сайн нэгтгэн дүгнэсэн юм шиг санагддаг.
Саяхан тэр “Есүсийн адил бие биенээ хайрла. Бүх зүйлээрээ эелдэг байхыг хичээ” гэж дууны дахилтыг дуулсныхаа дараа “Хичээ, хичээ, хичээ” гэж аяархан боловч тодхон гэгч хэлсэн. Тэр Аврагчийг харах үедээ Түүнийг Өөрийнхөө нэрийг зүрхэнд нь сийлснийг мөн өөрийгөө Түүнтэй адил болсныг олж мэдэх болно гэж би боддог. Аврагч одоо түүнийг зовлон бэрхшээлтэй байх үед нь үүрч байгаатай адил та нарыг ч мөн адил үүрэх болно.
Аврагч та нарыг мэддэг бөгөөд хайрладаг гэдгийг би гэрчилж байна. Та нар Түүний нэрийг мэддэгийн адил Тэр ч та нарын нэрийг мэднэ. Тэр бас та нарын зовлон бэрхшээлийг мэднэ. Тэрээр тэдгээрийг туулсан. Тэрээр Цагаатгалаараа дамжуулан дэлхийг ялсан. Өөрсөд дээрээ Түүний нэрийг авахад бэлэн байснаар та нар тоо томшгүй олон хүний ачаанаас үүрэлцэх болно. Эцэст нь та нар Аврагчийг илүү сайн, илүү их хайрладаг болохоо мэдэх болно. Түүний нэр зүрхэнд тань сийлэгдэж, оюунд тань хадгалагдах болно. Энэ бол таны дуудагдах нэр юм. Түүний надад төдийгүй, хайртай хүмүүст маань мөн та бүхэнд үзүүлдэг хайр халамжинд би талархаж явдгаа гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.