Шинэ Гэрээ 2023
10-р сарын 23–29. 1 ба 2 Тимот; Тит; Филемон: “Чи итгэгчдэд үлгэр дуурайл бол”


“10-р сарын 23–29. 1 ба 2 Тимот; Тит; Филемон: ‘Чи итгэгчдэд үлгэр дуурайл бол,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“10-р сарын 23–29. 1 ба 2 Тимот; Тит; Филемон,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Ариун сүмийн гадна алхаж буй гурван эмэгтэй

10-р сарын 23–29

1 ба 2 Тимот; Тит; Филемон

“Чи итгэгчдэд үлгэр дуурайл бол”

Заримдаа судраас судлахдаа дотроо нэг юм уу түүнээс олон асуулт бодох нь тустай. Судалж байхдаа хариултууд өгөхөд таныг хөтлөх Сүнсийг урьж, хүлээн авсан аливаа сүнслэг өдөөлтөө бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Тимот, Тит, Филемонд хандан бичсэн Паулын захидлын ачаар бид Их Эзэний үйлчлэгчдийн зүрх сэтгэл рүү зэрвэсхэн өнгийн харж болдог. Нийт цугларагсдад хандан бичсэн Паулын өөр захидлуудаас ялгаатай нь, тэрээр эдгээрийг Бурханы ажилд хамтран зүтгэдэг дотнын найз, хамтрагчдадаа хандан бичсэн бөгөөд эдгээрийг унших нь харилцан яриаг нь сонсож байгаа мэт санагддаг. Паул цуглааны хоёр удирдагч болох Тимот, Тит хоёрыг Сүмийн үйлчлэлд нь урамшуулан дэмжиж байгааг бид хардаг. Тэрээр өөрийн найз Филемонд гэгээнтэн найзаа уучилж, сайн мэдээн дэх ах шигээ хандахыг хүсэж байгааг мөн хардаг. Паулын үгс нь шууд бидэнд хандан хэлсэн үг биш бөгөөд хэзээ нэгэн цагт олон хүн тэдгээрийг уншина гэж тэр огтхон ч төсөөлөөгүй. Гэсэн ч бид Христэд үйлчлэх хувийн тохинуулал маань ямар байхаас үл хамааран эдгээр захидлаас бидэнд хандан өгсөн зөвлөмж, урмын үгийг олдог.

хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Тимот, Тит нар хэн байсан бэ?

Тимот, Тит хоёр Паулын зарим номлолын аялалд хамт үйлчилж байсан. Үйлчлэлийнхээ үеэр тэд Паулын хүндлэл, итгэлийг олж авчээ. Тимот хожим нь Ефес дэх Сүмийн удирдагчаар, харин Тит Кретэд удирдагчаар дуудагдсан юм. Эдгээр захидалд Паул Тимот, Тит хоёрт сайн мэдээг тунхаглах, эрэгтэйчүүдийг бишопоор дуудах зэрэг үүрэг хариуцлагын талаар заавар өгч, урамшуулан зоригжуулсан.

Судруудын удирдамж дахь “Тимот, түүнд бичсэн захидлууд,” “Тит, түүнд бичсэн захидал” зэргийг мөн үзнэ үү.

Эрэгтэй хүнтэй ярилцаж буй хоёр номлогч

“Хэн ч чамайг залуу хүн хэмээн дорд бүү үзэг. Харин чи итгэгч хүмүүст үлгэр дуурайл бол” (1 Тимот 4:12).

1 Тимот 4:10–16

“Чи итгэгчдэд үлгэр дуурайл бол”

Тимот харьцангуй залуу хүн байсан ч Паул түүнийг залуухан гэдгийг үл харгалзан Сүмийн агуу удирдагч болно гэдэгт итгэж байсан. 1 Tимот 4:10–16-д Паул Тимотод ямар зөвлөгөө өгсөн бэ? Энэ зөвлөгөө бусдыг Аврагч руу мөн Түүний сайн мэдээ рүү удирдан чиглүүлэхэд тань хэрхэн тусалж чадах вэ?

Мөн Алма 17:11-ийг үзнэ үү.

2 Тимот

“Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн.”

2 Тимотыг Паулын бичсэн хамгийн сүүлийн захидал гэж үздэг ба тэр дэлхий дээр байх цаг нь дуусаж байгааг мэдэж байсан мэт санагддаг (2 Tимот 4:6–8-ыг үзнэ үү). Тимотод удахгүй итгэл даасан зөвлөгч, удирдагчгүй болно гэдгийг мэдэх ямар байсан бол? Паул түүнийг урамшуулан зоригжуулсан ямар үг хэлсэн бэ? Та уншихдаа сорилт бэрхшээл, айдсынхаа талаар бодож болно. 2 Тимот дээр Их Эзэн танд ямар ямар итгэл найдвар, урам зориг өгөх захиас өгсөн бэ?

Мөн Кэлли Р.Жонсоны “Дуусашгүй хүч” хэлсэн үгийг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 125–127-оос үзнэ үү.

2 Tимот 3

Сайн мэдээний дагуу амьдрах нь эцсийн өдрүүдийн сүнслэг аюулаас хамгаалах хамгаалалтыг өгдөг.

Бид Паулын ярьсан “эцсийн өдрүүдэд” амьдарч байгаа бөгөөд “хэцүү цаг” ирээд байна (2 Tимот 3:1). 2 Тимот 3-ыг уншихдаа энд дурдсан эцсийн өдрүүдэд байх аюулуудыг бичиж тэмдэглэ (мөн 1 Tимот 4:1–3-ыг үзнэ үү).

Эргэн тойронд эсвэл амьдралд тань байгаа эдгээр аюулын жишээ таны санаанд орж байна уу? Эдгээр аюул 6-р шүлэгт дүрсэлсэн хүмүүсийн адил хэрхэн “[танайд] гэтэж ороод, [таныг] олзол[ж]” болох вэ? 2 Тимот 3-аас болон энэ захидлын өөр хэсгээс энэ бүх сүнслэг аюулаас таныг болон гэр бүлийг тань хамгаалах өөр ямар зөвлөгөөг олсон бэ? (жишээлбэл, 1 Тимот 1:3–11; 2 Тимот 2:15–16; Тит 2:1–8-ыг үзнэ үү).

Филемон гэж хэн байсан бэ?

Филемон бол Паулын сайн мэдээнд хөрвөсөн Христэд итгэгч байсан. Филемон Онесим хэмээх боолтой байсан ба тэр нь Ром руу зугтсан байв. Тэнд Онесим Паултай танилцаж, сайн мэдээнд хөрвөгдсөн байлаа. Паул Онесимыг “цаашид тэрээр боол шиг бус, боолоос ч илүүгээр бүр ч илүү хайрт дүү” (Филемон 1:16) шигээ хүлээн авахыг урамшуулан захидал бичээд, Филемон руу буцааж явуулав.

Филемон

Есүс Христийн шавь нар бие биедээ ах эгч шиг нь ханддаг.

Та Паулын Филемонд бичсэн захидлыг уншихдаа, түүний зөвлөгөөг бусадтай харилцах харилцаандаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар тунгаан бод. Бодож үзэж болох зарим асуулт:

  • 1–7-р шүлэг: “Хоригдол,” “хамтран зүтгэгч” гэдэг үгс нь гэгээнтнүүдийн хоорондын харилцааны талаар танд юу зааж байна вэ? Та хэзээ Христ доторх эгч, дүүсээрээ “тэнхэрч” байсан бэ?

  • 8–16-р шүлэг: “Тушаах,” “гуйх” зэрэг үгс юу гэсэн утгатай вэ? Паул яагаад Филемонд тушаахын оронд гуйсан бэ? Онесимыг Филемон руу буцааж явуулснаар юу болно гэж Паул найдаж байсан бэ?

  • 16-р шүлэг: “Эзэний ч дотор хайрт дүү [эгч] юм” гэдэг нь юу гэсэн үг вэ? Ийм байдлаар хүлээж авах ёстой хэн нэгнийг та мэдэх үү?

гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

1 Tимот 2:9–10.“Өөрсдийгөө … сайн үйлсээр чимэгтүн” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ долоо хоногт манай гэр бүлийнхэн ямар ямар сайн үйл хийж болох вэ? Та нар сайн үйлс хийхтэй холбоотой “Өнөөдөр би сайн үйл бүтээсэн бил үү?” (Дуулал, д. 118) дууллыг хамтдаа дуулж болно.

1 Тимот 4:12.Гэр бүлийн гишүүдээ “итгэгчдэд үлгэр дуурайл” байх хүсэлтэй байхад нь туслахын тулд сайн үлгэр жишээ үзүүлдэг хүмүүсийнхээ зургийг зурахад тэднийг урьж болно. Тэд Есүс Христийг дагахад бидэнд хэрхэн сүнслэгээр нөлөөлсөн бэ? Ерөнхийлөгч Томас С.Монсоны “Үлгэр жишээ мөн Гэрэл байгтун” (2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 75–77) хэлсэн үг нь бусдад хэрхэн үлгэр жишээ болж болох талаар зарим санааг өгнө.

1 Тимот 6:7–12.Яагаад “мөнгөний хайр” бол “бүх төрлийн бузар муугийн үндэс” гэж та бодож байна вэ? Амьдралаа мөнгөнд эсвэл эд баялагт төвлөрүүлэхийн аюул юу вэ? Бид байгаа адислалдаа хэрхэн сэтгэл хангалуун байж чадах вэ?

2 Тимот 3:14–17.Эдгээр шүлэгт цэдэглэснээр, судруудыг мэддэг болон үүнээс суралцдаг хүмүүст ямар ямар адислал ирдэг вэ? Гэр бүлийн гишүүд нэн “тустай” гэж бодсон судруудаа хуваалцаж болно.

Филемон 1:17–21.Паул Онесимын төлөө юу хийхэд бэлэн байсан бэ? Энэ нь Аврагчийн Өөрийн хүслээр бидний төлөө хийсэн зүйлтэй хэрхэн төстэй вэ? (1 Тимот 2:5–6; Сургаал ба Гэрээ 45:3–5). Бид Паулын болон Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Үргэлж гэрэлт,” Хүүхдийн дууны ном, 96.

Заах чадвараа сайжруулах

Энгийн бөгөөд тодорхой сургаал заа. Сайн мэдээ энгийн байдаг нь гайхалтай (Сургаал ба Гэрээ 133:57-г үзнэ үү). Маш их бэлтгэл шаардсан хичээлээр гэр бүлийнхнийгээ хөгжөөх гэж хичээхийн оронд цэвэр ариун, энгийн сургаалыг заахыг хичээ (1 Tимот 1:3–7-г үзнэ үү).

Судраас судалж буй хоёр хүүхэд

“Христ Есүс дэх итгэлээр авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүдийг чи хүүхэд байхаасаа мэдсэн” (2 Тимот 3:15).