“10-р сарын 30-аас 11-р сарын 5. Еврей 1–6: ‘Есүс Христ ‘мөнх авралын эх үндэс,”’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“10-р сарын 30-аас 11-р сарын 5. Еврей 1–6,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
10-р сарын 30-аас 11-р сарын 5
Еврей 1–6
Есүс Христ “мөнх авралын эх үндэс”
Сүнслэг мэдрэмжээ бичиж тэмдэглэх нь Ариун Сүнсний танд заахыг хүссэн зүйлийг таньж мэдэхэд тусална. Мэдэрсэн зүйлийнхээ дагуу үйлдэх нь эдгээр нь бодит юм гэсэн итгэлийг тань илэрхийлдэг.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Бидний хүн нэг бүр Есүс Христийн сайн мэдээг хүлээн авахын тулд муу зуршил, буруу итгэл үнэмшил эсвэл зохисгүй харилцаа зэрэг ямар нэгэн юмаа орхих хэрэгтэй болдог. Эртний Христийн сүмийн харийнхны хувьд хөрвөлт нь ихэвчлэн хуурамч шүтээнээ орхих гэсэн утгатай байв. Харин еврейчүүдийн (эсвэл иудейчүүд) хувьд хөрвөлт нь үүнээс хэцүү биш юмаа гэхэд асар төвөгтэй зүйл байв. Эцсийн эцэст тэдний нандигнадаг итгэл, уламжлал хэдэн мянган жилийн түүхтэй үнэн Бурханыг шүтэн бишрэх, Түүний бошиглогчдын сургаал дээр үндэслэгдсэн байв. Гэсэн ч төлөөлөгчид Мосегийн хууль Есүс Христээр гүйцэлдэж, дээд хууль нь одоо итгэгчдийн жишиг болсон хэмээн заасан. Еврейчүүдийн хувьд Христийн шашныг хүлээн авахын тулд эртний итгэл үнэмшил, түүхээсээ татгалзах ёстой гэсэн үг үү? Еврейчүүдэд бичсэн захидал нь Мосегийн хууль, бошиглогчид, ёслолууд нь бүгд чухал боловч Есүс Христ илүү чухал юм гэдгийг зааснаар ийм асуудлуудыг шийдвэрлэхэд туслахыг эрэлхийлсэн (Еврей 1:1–4; 3:1–6; 7:23–28-ыг үзнэ үү). Үнэндээ энэ бүх зүйл Христ бол Бурханы Хүү, иудейчүүдийн хүлээсээр байсан амлагдсан Мессиа гэдгийг зааж, гэрчилдэг.
Тэр эрт дээр үед ч, өнөө үед ч гэсэн хөрвөлт гэдэг нь Есүс Христийг өөрсдийн шүтлэг бишрэл, амьдралынхаа төв болгох гэсэн үг юм. Энэ нь үнэнээс зууран барьж, Түүнээс холдуулж буй зүйлсийг ардаа орхино гэсэн үг юм. Учир нь Тэр “Өөрт нь дуулгавартай байдаг бүхэнд мөнх авралын эх үндэс” юм (Еврей 5:9).
Хувиараа судар судлахад зориулсан санаа
Еврейчүүдэд хандсан захидлыг хэн бичсэн бэ?
Зарим судлаач еврейчүүдэд хандсан захидлыг Паул бичсэн гэдэгт эргэлздэг. Еврей номын утга зохиолын хэв маяг нь Паулын бусад захианаас зарим талаар ялгаатай бөгөөд энэ бичээсийн хамгийн эртний хувилбарт зохиогчийн нэрийг дурдаагүй байдаг. Гэсэн ч Еврейд илэрхийлсэн санаанууд нь Паулын бусад сургаалтай нийцдэг учраас хожмын үеийн гэгээнтнүүд Христийн шашны уламжлалыг даган, үгүй байлаа гэхэд Паулыг энэ захидлыг бичихэд оролцсон гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Мөн Судруудын удирдамж дахь “Паулын захидлуудыг үзнэ үү.”
Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэгийн “бодит илэрхийлэл” мөн.
Олон иудей хүний хувьд Есүс Христийг Бурханы Хүү хэмээн хүлээн зөвшөөрөх хэцүү байв. Еврейчүүдэд бичсэн захидал Түүнийг хэрхэн гэрчилж байгааг анхаарна уу. Жишээлбэл, та эхний таван бүлгийг уншихдаа Есүс Христийн нэр цол, үүрэг хариуцлага, зан чанар, ажлуудын жагсаалтыг гаргаж болно. Эдгээр нь Аврагчийн талаар танд юу зааж байна вэ? Мөн эдгээр нь танд Тэнгэрлэг Эцэгийн талаар юу зааж байна вэ?
Ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах мэдэгдэл эдгээр бүлэг дэх сургаалын талаарх таны ойлголт дээр юу нэмж байна вэ? “Есүс … Бурханы талаарх хүмүүний ойлголтыг сайжруулж, Тэнгэрлэг Эцэг өөрсдийг нь үргэлж хайрладаг мөн цаашид ч хайрлах учраас Түүнийг хайрлахыг тэднээс учирлан гуйхаар ирсэн. Тиймээс Христ өлссөнийг хооллон, өвчтөнийг эдгээж, хоёр нүүртнийг зэмлэж, итгэлтэй байхыг хүссэнээр Эцэгийн арга замыг бидэнд харуулж байгаа юм” (“The Grandeur of God,” Liahona, Nov. 2003, 72).
Есүс Христ намайг зовж шаналахад ойлгож, тусалж чадахын тулд бүх зүйлийг тэвчсэн.
Та “нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очиж” өршөөл эрж чадна гэж бодож байна уу? (Еврей 4:16). Еврейчүүдэд хандсан захидлын нэг захиас бол гэм нүгэл, сул дорой байдлаас маань үл хамааран Бурхантай харьцах боломжтой бөгөөд Түүний нигүүлслээс хүртэж болно гэсэн захиас юм. Еврей 2:9–18; 4:12–16; 5:7–8-аас Есүс Христ таны мөнх бус сорилт бэрхшээлд тусална гэсэн итгэл найдварыг тань хүчирхэгжүүлэх юуг та олж мэдсэн бэ? Аврагчийн таны төлөө хийсэн зүйлийн талаарх өөрийн бодол, мэдрэмжийг тэмдэглэлдээ бичиж тэмдэглэж болно.
Мөн Мозая 3:7–11; Алма 7:11–13; 34-ийг болон Мэттью С.Холландын “Хүүгийн үлэмж хурц бэлэг” хэлсэн үгийг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 49–51-ээс үзнэ үү.
Бурханы адислалуудыг “зүрхээ хатууруулдаггүй” хүмүүс хүртэх боломжтой.
Паул эртний израилчуудын түүхийг давтан ярьснаар итгэлгүйнхээ улмаас Бурханы адислалуудыг хүлээн авч чадаагүй эцэг өвгөдийнхөө алдаанаас зайлсхийхэд иудейчүүдийг ухуулж чадна гэж найдсан. (Та Паулын эш татсан түүхийг Тооллого 14:1–12, 26–35-аас уншиж болно.)
Еврей 3:7–4:11 тантай хэрхэн холбогдож болох талаар бод. Үүнийг хийхдээ дараах асуултуудыг тунгаан бодож болно. Үүнд:
-
Израилчууд Их Эзэнтэй хэрхэн тэрсэлдсэн бэ? (Еврей 3:8–11-ийг үзнэ үү). Хатуурсан зүрх сэтгэлтэй байхын үр дагавар юу вэ?
-
Би хэзээ зүрх сэтгэлээ хатууруулж байсан бэ? Итгэлгүйнхээ улмаас хүлээн авч чадахгүй байгаа Бурханы надад өгөхийг хүссэн ямар нэгэн адислал байгаа юу?
-
Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй болохын тулд би юу хийж чадах вэ? (Ифер 4:15; Сургаалт үгс 3:5–6; Алма 5:14–15-ыг үзнэ үү).
Мөн 1 Нифай 2:16; 15:6–11; Иаков 1:7–8; Алма 12:33–36-г болон Нийл Ф.Марриоттын “Зүрх сэтгэлээ Бурханд зориулах нь” хэлсэн үгийг 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 14–16-аас үзнэ үү.
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Еврей 1:8–9.Есүс зөвт байдлыг хайрладаг, ёс бусыг жигшдэг гэдгээ ямар арга замаар харуулсан бэ? Хэрэв бидэнд зөвт бус хүсэл байдаг бол тэдгээрийг өөрчлөхийн тулд юу хийж чадах вэ?
-
Еврей 2:1–4.“Бидний сонссон” сайн мэдээний үнэнүүдийг хичээнгүйлэн дагах гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход гэр бүлийнхэндээ туслах ямар үзүүлэнт хичээл таны санаанд орж ирж байна вэ? Барьж авахад хэцүү ямар нэгэн эд зүйлээр үүнийг үзүүлж болно. Гэрчлэлээ тордохын тулд гаргадаг хичээл зүтгэл маань тэрхүү эд зүйлийг барьж авахтай хэрхэн адилхан байна вэ? “Бидний сонссон зүйл” биднээс “урсаад явчихгүй” байхад бид хэрхэн анхаарч болох вэ? (1-р шүлэг).
-
Еврей 2:9–10.“Авралын Эхлүүлэгч” хэмээх хэллэгийг судлахын тулд та нар эхлүүлэгч юу хийдэг талаар ярилцан эхэлж болно. Аврал нь юу гэсэн утгатай вэ? Есүс Христ хэрхэн бидний болон авралын маань эхлүүлэгч мэт байдаг вэ?
-
Еврей 5:1–5.Эдгээр шүлэг нь эрх мэдэлтэй хэн нэгнээр Бурханаар дуудагдах нь ямар утгатай болох талаар ярилцахад тусална. Бид Есүс Христийн жишээнээс дуудлага хүлээн авч, дуудлагаа биелүүлэх талаар юу сурч болох вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Та байнга хэрэгтэй,” Дуулал, д. 48.