Шинэ Гэрээ 2023
11-р сарын 20–26. 1 ба 2 Петр: “Хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярла”


“11-р сарын 20–26. 1 ба 2 Петр: ‘Хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярла,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“11-р сарын 20–26. 1 ба 2 Петр,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Есүс Христ сүнсний дэлхийд сайн мэдээг номлож байгаа нь

Христ Сүнсний дэлхийд номлож байгаа нь, Робэрт Т.Баррэтт

11-р сарын 20–26

1 ба 2 Петр

“Хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярла”

Та Петрийн захидлыг уншихдаа сүнслэг өдөөлт хүлээн авч болох юм. Бурханы танд заахыг хүсэж буй зүйлийг үнэн зөв ойлгохын тулд “Сүнсэнд байх зуураа” (Cургаал ба Гэрээ 76:80) тэдгээрийг тэр даруй тэмдэглэж ав.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Петрийг зовоож байсан байж болох нэгэн зүйлийн талаар Аврагч Амилалтынхаа дараахан бошиглосон. Аврагч Петрийг итгэлийнхээ төлөө амиа алдахыг мөн “хүсээгүй газарт [ нь түүнийг] аваачин … ямар үхлээр Бурханыг алдаршуулахыг” (Иохан 21:18–19) урьдаас зөгнөн хэлсэн. Олон жилийн дараа Петр захидлуудаа бичихдээ, энэхүү бошиглогдсон зовлонт үхэл ойртож буйг мэдсэн бөгөөд “бидний Эзэн Есүс Христийн надад тодорхой болгосончлон, би удахгүй асраа тайлахаа мэдэж байна” (2 Петр 1:14) хэмээжээ. Гэсэн ч Петрийн үгэнд айдас эсвэл гутрал байсангүй. Оронд нь тэрээр гэгээнтнүүдэд “элдвийн зовлонг эдэлж байгаа ч гэсэн” “үлэмж баярла” хэмээн заажээ. Тэр “Есүс Христийн илчлэлт дээр магтаал, алдар, хүндэтгэл” болон “сэтгэлийн аврал” руу хөтлөх “итгэлийн шалгуураа” (1 Петр 1:6–7, 9) санахыг тэдэнд зөвлөсөн. Петрийн итгэл “Христийн зовлонгуудыг хуваалцдаг, … ингэснээр мөн Христийн алдар илчлэгдэхэд … баяр хөөртэйгөөр баярладаг” (1 Петр 4:13) өнөө үеийн гэгээнтнүүдэд урам өгдгийн адил эрт үеийн гэгээнтнүүдийг бас тайтгаруулж байсан нь лавтай.

хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

1 Петр 1:3–9; 2:19–24; 3:14–17; 4:12–19

Би сорилт бэрхшээл, зовлон зүдгүүртэй үедээ баяр баяслыг олж чадна.

Христийг цовдлуулсны дараа Христэд итгэгч болоход амаргүй үе байсан бөгөөд Петрийн анхны захидалд ч энэ талаар хэлдэг. Эхний дөрвөн бүлгээс та зовлон бэрхшээлийг дүрсэлсэн ачаа дарамт, уруу таталт, зовлон, галт сорилт, зовлон шаналал (1 Петр 1:6; 2:19; 4:12–13-ыг үзнэ үү) гэсэн үг хэллэгүүдийг олж харах болно. Та бас баяр баясгалан мэдрүүлсэн, жагсааж болмоор үгсийг олж харах болно. Жишээлбэл, таныг 1 Петр 1:3–9; 2:19–24; 3:14–17; 4:12–19-ийг уншихад, хэцүү хүнд нөхцөл байдал дунд ч баяр баясалтай байж чадна гэсэн найдварыг танд юу өгч байна вэ?

Та бас ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь” (2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71–74) гэх хэлсэн үгийг уншаад, Петр, ерөнхийлөгч Нэлсон хоёрын заасан ижил төстэй зүйлсийг хайж олж болно. Авралын төлөвлөгөө болон Есүс Христийн сайн мэдээний юу нь танд баяр баясгалан төрүүлдэг вэ?

Мөн Рикардо П.Химэнэзийн “Амьдралын шуурганаас хоргодох газар олох нь” хэлсэн үгийг 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 123–125-аас үзнэ үү.

1 Петр 3:18–20; 4:1–6

Сайн мэдээ нас барагсдад тунхаглагдсанаар тэд шударгаар шүүгдэх боломжтой.

Нэг өдөр хүн бүр шүүхийн тавцангийн өмнө зогсож, “амьд болоод үхэгсдийг шүүхэд бэлэн байгч Түүнд тайлагнах болно” (1 Петр 4:5). Сайн мэдээг ойлгох, үүний дагуу амьдрах боломж хүмүүст өөр өөрөөр өгөгдсөн байхад Бурхан яаж бүх хүнийг шударгаар шүүж чадах вэ? Петрийн 1 Петр 3:18–20; 4:6-д заасан сургаал энэ асуултад хариулахад хэрхэн тусалдаг вэ? Эдгээр шүлэг Бурханы шударга ёсонд итгэх таны итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?

Энэхүү сургаалыг цааш нь судлахын тулд Сургаал ба Гэрээ 138-д байх ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн Петрийн дээрх бичээсийг тунгаан бодож байхдаа хүлээн авсан илчлэлтийг судална уу. Ерөнхийлөгч Смит өөр ямар ямар үнэнийг олж мэдсэн бэ?

 

2 Петр 1:1–11

Би Есүс Христийн хүчээр дамжуулан бурханлаг мөн чанараа хөгжүүлж чадна.

Есүс Христтэй адил болж, Түүний зан чанарыг хөгжүүлэх боломжгүй мэт танд санагдаж байсан уу? Ахлагч Робэрт Д.Хэйлс бид хэрхэн Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлж чадах талаар урам хайрласан бодлоо хуваалцсан. “Аврагчийн зан чанарууд бол … өөр хоорондоо сүлжилдсэн зан чанарууд бөгөөд бидний дотор харилцан нөлөөлөх маягаар өсөж хөгждөг. Өөрөөр хэлбэл, бид Христийн бусад зан чанарыг хөгжүүлэхгүй мөн бусдад нь нөлөөлөхгүйгээр ганц нэгийг нь хөгжүүлэх боломжгүй юм. Нэг зан чанар нь хүчтэй болж ирэхэд бусад зан чанар нь мөн адил хүчтэй болдог” гэжээ (“Бидний Их Эзэн Есүс Христийн шавь болох нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 31–33).

Нарийн сүлжээст хивс

Бидний хөгжүүлдэг Христийнхтэй адил зан чанар бүр бидэнд шавь байхын сүнслэг хивсийг нэхэхэд тусалдаг.

2 Петр 1:1–11-ийг уншихдаа, эдгээр шүлэгт гарч буй “бурхан чанарын” шинжүүдийг тунгаан бод. Таны туршлагаас харахад, ахлагч Хэйлсийн тодорхойлсноор тэдгээр нь хэрхэн “өөр хоорондоо сүлжилдсэн” байна вэ? Тэдгээр нь хэрхэн бие бие дээрээ суурилсан байдаг вэ? Та Христтэй улам адил болох үйл явцын талаар эдгээр шүлгээс өөр юу сурч мэдсэн бэ?

Та бас Бурханы Өөрийн гэгээнтнүүдэд болон танд өгсөн “үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудыг” (2 Петр 1:4) тунгаан бодож болно. Ахлагч Дэвид А.Бэднарын “Үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтууд” (2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87–91) захиас нь эдгээр амлалт юу болохыг мөн тэдгээрийг хэрхэн хүлээн авахаа ойлгоход танд тусална.

гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

1 Петр 2:5–10.Та эдгээр шүлгийг гэр бүлийнхэнтэйгээ уншихдаа, Аврагч бол бидний “булангийн үнэт чулуу” хэмээх Петрийн сургаалыг төсөөлөн бодоход тэдэнд туслахын тулд чулуунуудыг ашиглаж болно. Бид Бурханы хаант улсаа барихад ашиглаж байгаа “амьд чулуутай” юугаараа адилхан бэ? Бид Аврагч, Түүний хаант улс дахь өөрсдийн үүргийн талаар Петрээс юу сурдаг вэ? Танай гэр бүлийнхэнд хандсан Петрийн захиас юу вэ?

1 Петр 3:8–17.Бид итгэлийн маань талаар асуух хүмүүст “хариу өгөхөд ямагт бэлэн байж” хэрхэн чадах вэ? Танай гэр бүлийнхэнд хэн нэгнийг сайн мэдээний тухай асуулт тавьж байгаагаар жүжигчлэн тоглох таалагдаж болох юм.

1 Петр 3:18–20; 4:6.Танай гэр бүл өвөг дээдэстэйгээ холбогдсон болохоо мэдрэхийн тулд юу юу хийж болох вэ? Та нар нас барсан өвөг дээдсийнхээ төрсөн өдрийг дуртай хоолыг нь бэлдэх, зургуудыг нь үзэх, амьдралынх нь түүхийг ярих зэргээр тэмдэглэж болох юм. Боломжтой бол өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмд ёслолуудыг үйлдэхээр төлөвлөж болно (тусламж хэрэгтэй бол FamilySearch.org-оор зочилно уу).

2 Петр 1:16–21.Эдгээр шүлэгт Петр Хувиралтын уулан дээрх өөрийн туршлагыг гэгээнтнүүдэд сануулсан (мөн Maтай 17:1–9-ийг үзнэ үү). Бид эдгээр шүлгээс бошиглогчдын сургаалын талаар юу сурч мэдэж болох вэ? (Сургаал ба Гэрээ 1:38-ыг үзнэ үү). Өнөөгийн амьд бошиглогчоо дагах итгэлийг бидэнд юу өгдөг вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Гэр бүлийнхээ түүхийг би хөтөлдөг,” Хүүхдийн дууны ном, 100.

Заах чадвараа сайжруулах

“Ямагт бэлэн бай.” Гэртээ заах боломж гэнэт гарч ирсэн шигээ хурдан өнгөрчихөж болох учраас ийм боломж гарч ирмэгц тэр даруй ашиглах нь чухал. Та заах боломж гарах үед хэрхэн гэр бүлийнхэндээ сайн мэдээний үнэнийг зааж, “өөрийн доторх найдварыг” (1 Петр 3:15) хуваалцахад “ямагт бэлэн байж” болох вэ? (Аврагчийн арга барилаар заах нь, 16-г үзнэ үү.)

Петр хэсэг бүлэг хүнд зааж байгаа нь

Хэдийгээр Петр маш их хавчлага мөрдлөг, сөргөлдөөнтэй тулгарч байсан ч Христийг гуйвшгүй гэрчилдэг хэвээр үлдсэн.