“11-р сарын 13–19. Иаков: ‘Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид байг,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“11-р сарын 13–19. Иаков,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
11-р сарын 13–19
Иаков
“Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид байг”
Та Иаковын захидлыг уншихдаа, онцгой санагдсан үг хэллэгүүдэд анхаарлаа хандуул. Үгийг “хэрэгжүүлэгч” байхад танд юу нөлөөлдөг вэ? (Иаков 1:22).
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Заримдаа судрын ганцхан шүлэг ертөнцийг өөрчилдөг. Иаков 1:5 нь хэрэв танд мэргэн ухаан хэрэгтэй бол Бурханаас асуу гэсэн энгийн зөвлөгөө мэт санагддаг. Гэвч 14 настай Иосеф Смитэд энэ шүлгийг унших үед нь “энэ нь [түүний] зүрх сэтгэлийн бодол болгонд агуу хүчтэйгээр нэвтрэн орох мэт санагд[жээ]” (Иосеф Смит—Түүх 1:12). Сүнслэгээр өдөөгдсөн Иосеф Иаковын зөвлөгөөг даган, залбирлаар дамжуулан Бурханаас мэргэн ухааныг эрэлхийлсэн. Бурхан үнэхээр өгөөмрөөр хандаж, Иосефт хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гайхамшигт тэнгэрлэг айлчлалын нэг болох Анхны үзэгдлийг өгсөн юм. Энэхүү үзэгдэл Иосефын амьдралын чигийг өөрчилж, дэлхий дээрх Есүс Христийн Сүмийг сэргээхэд хөтөлжээ. Иосеф Смит Иаков 1:5-ыг уншиж, үүний дагуу үйлдсэний ачаар өнөөдөр бид бүгд адислагдсан билээ.
Та Иаковын захидлыг судлаад юу олж мэдэх вэ? Ганц, хоёр шүлэг таныг эсвэл таны хайртай хүнийг өөрчилж болох юм. Та амьдралынхаа зорилгыг биелүүлэхээр эрэлхийлэхдээ, хэрэгтэй удирдамж заавар олж болно. Та найрсаг ярих эсвэл илүү тэвчээртэй байх урам зориг олж болно. Та үйлдлээ итгэлтэйгээ улам бүр нийцүүлэхээр сүнслэгээр өдөөгдөж болох юм. Юу ч танд сүнслэгээр нөлөөлсөн бай, эдгээр үгийг “зүрх сэтгэлийн[хээ] бодол болгонд … нэвтрэн орох” боломж олго. Харин дараа нь Иаковын бичсэнээр “үгийг дөлгөөхнөөр хүлээж ава[хдаа]” зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид байг (Иаков 1:21–22-ыг үзнэ үү).
Хувиараа судраас судлахад зориулсан санаа
Иаков гэж хэн байсан бэ?
Иаковын захидлын зохиогчийг Мариагийн буюу Есүс Христийн ээж Мариагийн хүү, Аврагчийн дүү гэдэгт нийтээрээ итгэдэг. Иаковыг Maтай 13:55; Maрк 6:3; Үйлс 12:17; 15:13; 21:18 болон Галат 1:19; 2:9-д дурдсан байдаг. Эдгээр судраас харахад, Иаков бол Иерусалим дахь Сүмийн удирдагч байсан бөгөөд төлөөлөгчөөр дуудагдсан нэгэн байв (Галат 1:19-ийг үзнэ үү).
Тэвчих нь төгс төгөлдөр байдал руу хөтөлдөг.
Иаков 1:2–4; 5:7–11-ийг уншсаныхаа дараа тэвчээрийн талаарх Иаковын гол захиас юу байсан гэж та хэлэх вэ? Ахлагч Жэрэми Р.Яаггигийн гэр бүл эдгээр шүлгээс тэвчээрийн талаар юу сурч мэдсэнийг тунгаан бодох нь тустай байж болно (“Хатуужил нь төгс үйл байг мөн бүгдийг баяр хөөрт тооц,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 109–111-ийг үзнэ үү). Хатуужил нь “төгс үйл” байг гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Иаков 1:4). Та тэвчээртэй байх хүсэлтэй байгаагаа Их Эзэнд хэрхэн харуулж чадах вэ?
Иаков 1:3–8, 21–25; 2:14–26; 4:17
Итгэл нь үйлдлийг шаарддаг.
Та Есүс Христэд итгэлтэй эсэхээ яаж мэдэх вэ? Таны үйлдэл Бурханд итгэх итгэлийг тань хэрхэн харуулдаг вэ? Та итгэлийн тухай заасан Иаковын сургаалыг судлахдаа эдгээр асуултын талаар бодоорой. Мөн Иаковын дурдсан Абрахам, Рахаб хоёрын жишээг унших сонирхолтой байж болох юм (Эхлэл 22:1–12; Иошуа 2-ыг үзнэ үү). Тэд Бурханд итгэдгээ хэрхэн харуулсан бэ?
Иаков 1:3–8, 21–25; 2:14–26; 4:17-г унших нь танд үгийн илүү сайн үйлдэгч байхад туслах арга замуудыг бодоход тань тусалж болно. Төрсөн аливаа сэтгэгдлээ бичиж, хэрэгжүүлэх төлөвлөгөө гарга.
Түүнчлэн Aлмa 34:27–29; 3 Нифай 27:21-ийг үзнэ үү.
Миний хэлдэг үг бусдыг шархлуулах эсвэл адислах хүчтэй.
Захидлынхаа туршид ашигласан Иаковын хурц тод дүрслэл дундаас хэлний талаар өгсөн зөвлөгөөнөөс нь хамгийн хурц үгсийг олж болно. Хэл эсвэл амын талаар дүрсэлсэн Иаковын бүх үгийг жагсааж бичихийг бод. Харьцуулалт эсвэл дүрслэл бүр бидний хэлдэг үгсийн талаар юу өгүүлж байна вэ? Үгээрээ хэн нэгнийг адислахын тулд хийж болох ямар нэгэн зүйлийг бод (Cургаал ба Гэрээ 108:7-г үзнэ үү).
Есүс Христийн шавийн хувьд би нөхцөл байдлаас нь үл хамааран бүх хүнийг хайрлах ёстой.
Иаков баян чинээлэг хүмүүст тал засаж, ядуусыг гадуурхахын эсрэг гэгээнтнүүдэд онцгойлон сэрэмжлүүлсэн бөгөөд түүний сэрэмжлүүлэг бусдад гаргаж буй ямар ч өрөөсгөл хандлага, гадуурхалд хамаарч болно. Та Иаков 2:1–9-ийг залбирч судлахдаа өөрийн зүрх сэтгэлийг сонсож, Ариун Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуулна уу. Эдгээр шүлгэн дээрх “хиртэй хувцастай ядуу хүн” (2-р шүлэг) гэх мэт үг хэллэгийг таны шударга бусаар шүүмжилж болох хэн нэгнийг дүрслэх өөр үг, хэллэгээр орлуулах нь тустай байж болох юм. Бусдад гаргадаг хандлага эсвэл тэдний талаар боддог бодлоо өөрчлөх хэрэгтэй гэсэн мэдрэмж танд төрж байна уу?
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Иаков 1:5.Иаков 1:5-ыг уншсаныхаа дараа гэр бүлээрээ Анхны үзэгдлийн түүхийг (Иосеф Смит—Түүх 1:8–20-ийг үзнэ үү) тоймлон ярьж болно. Гэр бүлийнхээ гишүүдийг бошиглогч Иосеф Смитийн талаарх гэрчлэл, Тэнгэрлэг Эцэг залбиралд нь хариулж байсан туршлагаасаа хуваалцахад урь.
6:35 -
Иаков 1:26–27. Дараа нь Иаков 1:26–27 дахь “цэвэр шашны” талаарх Иаковын тодорхойлолтыг уншаад, гэр бүлийнхээ шашны зан үйлээ цэвэр ариун болгох арга замуудын тухай ярилц.
-
Иаков 3.Иаков 3-т гэр бүлийнхэнд тань найрсаг ярихыг сануулахад туслах дурсамжтай үзүүлэнт хичээлийн санаа өгч болох олон зураглал бий. Жишээлбэл, хамтдаа түүдэг гал асаагаад, жижиг сажиг, эелдэг бус үг хэрхэн том асуудал үүсгэж болох тухай ярилцаж болно (5–6-р шүлгийг үзнэ үү). Эсвэл та савтай зөгийн баланд нимбэгийн шүүс хийдэгтэй адил ихэвчлэн чихэрлэг хүнстэй хамт хэрэглэдэг исгэлэн зүйлийг гэрийнхэндээ өгч болно. Энэ нь тэднийг чихэрлэг бөгөөд урам хайрласан үгс ашиглах тухай ярихад хүргэж болох юм (9–14-р шүлгийг үзнэ үү).
-
Иаков 4:5–8.Бид уруу таталттай тулгарахдаа хэрхэн “Бурханд ойртох” (Иаков 4:8) ёстой вэ?
-
Иаков 5:14–16.Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “эцэг эхчүүд гэр бүл дотроо санваарын адислалыг илүү их авдаг байх хэрэгтэй” гэж заасан (“Санваарын хүч,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 83). Иаков 5:14–16-г уншаад, санваарын адислал хүлээн авсан туршлагаа хуваалцах нь гэр бүлийн гишүүдийг өвдөхдөө эсвэл сүнслэг хүч хэрэг болоход адислал хүсэхэд урамшуулж болох юм.
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Өнөөдөр би сайн үйл бүтээсэн бил үү?,” Дуулал, д. 118.