“11-р сарын 6–12. Еврей 7–13: ‘Ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“11-р сарын 6–12. Еврей 7–13,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
11-р сарын 6–12
Еврей 7–13
“Ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч”
Та Еврей 7–13-р бүлгийг уншихдаа Ариун Сүнсээр дамжуулан өдөөлтүүд хүлээн авч болно. Тэдгээрийг бичиж тэмдэглэх арга замуудыг бодож үз. Жишээлбэл, та энэхүү тоймд болон судрынхаа зайд эсвэл дэвтэр, тэмдэглэл дээрээ бичиж болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Итгэлтэй гэгээнтнүүд ч итгэлийг нь ганхуулж болох “буруутгал болон цөхрөлийг” амсдаг (Еврей 10:32–38-ыг үзнэ үү). Христийн шашинд хөрвөгдсөн иудейчүүд шинэ итгэлээсээ болж ноцтой хавчлагад өртөж байгааг Паул мэдэж байв. Тэрээр тэднийг гэрчлэлдээ үнэнч үлдэхэд урамшуулан дэмжихийн тулд тэдний түүхэн дэх үнэнч итгэгчдийн урт хугацааны уламжлалыг сануулсан. Абел, Енох, Ноа, Абрахам, Сара, Иосеф, Мосе зэрэг Бурханы амлалтууд жинхэнэ бөгөөд үүнийг хүлээснээр буруудахгүй хэмээх “гэрчлэлийн үүл[ийг]” сануулсан (Еврей 11; 12:1-ийг үзнэ үү). Ийм уламжлал та нарт ч бий. Энэ бол “итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаа[даг]” (Еврей 12:2) хүмүүсийн хуваалцдаг итгэлийн өв юм. Зовлон зүдгүүр биднийг “ухрахад” хүргэх тоолонд бид оронд нь Түүний ачаар “итгэлийн дүүрэн баталгаатай, үнэн зүрхээр ойртон очи[ж]” (Еврей 10:22, 38) чадна. Эрт үеийн гэгээнтнүүдийн адил бидний хувьд ч Есүс Христ бол “ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч” (Еврей 9:11) билээ.
Хувиараа судраас судлахад зориулсан санаа
Мелкизедек санваар намайг Есүс Христ рүү чиглүүлдэг.
Хэдэн зууны турш Аароны санваар хэмээн нэрлэгдсэн Левийн санваарыг иудейчүүд ашигладаг байсан. Харин Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдалтай хамт бүр илүү агуу адислалуудыг амладаг Мелкизедек санваарын сэргээлт ирсэн юм. Та Еврей 7-оос Мелкизедек санваарын тухай юу сурч мэдсэн бэ? Та энэ захидлын зорилго бол бүх судрын нэгэн адил Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэхэд оршдог гэдгийг санаж, Түүний тухай гэрчилж буй судрын хэсгүүдийг тэмдэглэж болно.
Таны олж болох үнэнүүдийн зарим жишээг өгье.
-
Иосеф Смитийн Орчуулга, Еврей 7:3, 21: Мелкизедек санваарт томилогдсон хүмүүс “Бурханы Хүүтэй адил болгогддог” ба “үүрд тахилч байдаг.”
-
Еврей 7:11: Левийнхний санваар “төгс төгөлдөр байдлыг” өгдөггүй учраас Мелкизедекээр сольсон (Сургаал ба Гэрээ 84:18–22-ыг үзнэ үү).
-
Еврей 7:20–21: Мелкезидек санваарыг “тангараг хийгээд гэрээгээр” (Сургаал ба Гэрээ 84:33–44) дамжуулан хүлээн авдаг.
Та Мелкизедек санваар болон “үүний ёслолуудаас” ямар ямар адислал хүлээн авсан бэ? (Сургаал ба Гэрээ 84:20). Мелкизедек санваар Христэд ирэхэд тань хэрхэн тусалсан бэ?
Мөн Алма 13:1–13; Сургаал ба Гэрээ 121:36–46-г болон Gospel Topics дахь “Melchizedek Priesthood”-ийг topics.ChurchofJesusChrist.org-оос; Судруудын удирдамж дахь “Мелкизедек”-ийг scriptures.ChurchofJesusChrist.org-оос; Рассэлл М.Нэлсоны “Сүнслэг эрдэнэс”-ийг 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 82–86; Даллин Х.Өүксийн “Мелкизедек санваар ба түлхүүрүүд”-ийг 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 82–84-өөс үзнэ үү.
Эртний болон өнөө үеийн ёслолууд бидний оюун ухааныг Есүс Христ рүү чиглүүлдэг.
Энэхүү захидлын анхны еврей уншигчид Паулын дүрсэлсэн эртний асар мөн ёслолуудыг маш сайн мэддэг байсан нь дамжиггүй. Гэвч зарим нь эдгээр ёслол нь Есүс Христийн цагаатгагч золиос руу чиглүүлэх зорилготой байсан гэдгийг бүрэн ухаараагүй.
Библийн цаг үед жил бүр болдог Эвлэрүүллийн өдөр гэгдэх баяраар тэргүүн тахилч Иерусалимын ариун сүмийн хамгийн ариун (Ариунаас ариун) газарт орон, Израилын нүглүүдийг цагаатгахын тулд ямаа эсвэл хургаар тахил өргөдөг байжээ.
Эдгээр ёслолын тухай Паулын тайлбарыг уншихдаа, Аврагчийн цагаатгах үйл хэргийг илүү сайн ойлгоход тань туслах бэлгэдэл, сургаалуудыг хайж ол.
Өнөө үед бидний оролцдог ёслолууд Паулын үеийнхээс өөр боловч зорилго нь хэвээрээ байгаа. Өнөөгийн ёслолууд Есүс Христийн талаар танд хэрхэн гэрчилж байна вэ?
Итгэл нь Бурханы амлалтуудад найдахыг шаарддаг.
Хэрэв хэн нэгэн танаас итгэлийг тодорхойлохыг хүсвэл, та юу гэж хариулах вэ? Анн С.Пингрий эгч Еврей 11 дээрх үг хэллэгийг ашиглан итгэл бол “Алсаас харагдавч энэ амьдралд биелэгдэхгүй байж болох амлалтуудад итгүүлэх сүнслэг чадвар” болохыг тодорхойлсон (“Seeing the Promises Afar Off,” Liahona, Nov. 2003, 14) .
Та Еврей 11 дээрх санаануудыг тунгаан бодохдоо итгэлийн талаарх өөрийн гэсэн тодорхойлолт гаргахыг бодоорой. Энэ бүлэгт дурдсан хүмүүсийн үлгэр жишээ танд итгэлийн талаар юу зааж байна вэ? (Мөн Ифер 12:6–22-ыг үзнэ үү.)
Та ямар амлалтыг “алсаас” хардаг вэ? Та Их Эзэнд “эдгээрт үнэмшиж мөн хүлээн авч байгаагаа” (Еврей 11:13) хэрхэн харуулж чадах вэ?
Түүнчлэн Aлмa 32:21, 26–43-ыг болон Жэффри Р.Холландын “An High Priest of Good Things to Come” хэлсэн үгийг Ensign, 1999 оны 11-р сар, х. 36–38-аас; Gospel Topics дахь “Faith in Jesus Christ”-ийг topics.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Еврей 10:32–36.Та үнэнд “гэгээрүүлэгдсэн” мэт мэдрэмж хүлээн авч байсан үеийнхээ сүнслэг туршлагыг хуваалцахад гэр бүлийнхээ гишүүдийг урьж болох юм. Эдгээр туршлага бидэнд сорилт бэрхшээлтэй тулгарахад эсвэл эргэлзээ төрөх үедээ “итгэлээ хаяхгүй” байхад хэрхэн тусалж болох вэ?
-
Еврей 11.Та Еврей 11-д гардаг итгэлтэй байдлын үлгэр жишээнээс суралцахад нь гэр бүлийнхэндээ хэрхэн тусалж чадах вэ? Эдгээр жишээний зарим түүхийг жүжигчлэн тоглох нь таалагдаж болох юм. Та эдгээр түүхийн заримыг Хуучин Гэрээний түүхүүдээс уншиж болно. Эсвэл танай гэр бүлийнхэн өвөг дээдэс, Сүмийн удирдагчид, орон нутгийн тань гишүүн зэрэг таньдаг итгэлтэй хүмүүсийнхээ жишээг ярилцаж болох юм. Та “Итгэл” (Хүүхдийн дууны ном, 50) гэх мэт итгэлийн тухай дуу дуулж болно.
-
Еврей 12:2.Энэ шүлэгт цэдэглэснээр, Есүс Христ яагаад загалмай дээрх өвчин шаналал, зовлон зүдгүүрийг тэвчихэд бэлэн байсан бэ? Энэ нь бидэнд сорилт бэрхшээлээ тэвчин гарах талаар юу зааж байна вэ? Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь” (2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71–75) хэмээх захиастаа энэхүү шүлгийн талаарх тус болох ойлголтуудыг өгсөн.
-
Еврей 12:5–11.Яагаад Их Эзэн биднийг сахилгажуулж, засаж залруулдаг вэ? Их Эзэн сахилгажуулалтыг хэрхэн хардаг талаар бид эдгээр шүлгээс юу олж харсан бэ? Эдгээр шүлэг сахилгажуулалтыг хүлээн авах эсвэл өгөх арга замд хэрхэн нөлөөлж байна вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Итгэл,” Хүүхдийн дууны ном, 50.