Шинэ Гэрээ 2023
11-р сарын 6–12. Еврей 7–13: “Ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч”


“11-р сарын 6–12. Еврей 7–13: ‘Ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)

“11-р сарын 6–12. Еврей 7–13,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Мелкизедек Абрамд адислал өгч байгаа нь

Meлкизедек Абрамыг адисалсан нь, Волтэр Рэйн. Уран бүтээлчийн бэлэг

11-р сарын 6–12

Еврей 7–13

“Ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч”

Энэхүү тоймыг уншиж байхдаа, заадаг хүүхдүүдийнхээ талаар хүлээн авах сүнслэг удирдамжид анхаарлаа хандуул. Сүнс танд тэдэнд зориулсан захиасыг Еврей 7–13-аас олоход тусална.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдээс гэр бүлийнхэнтэйгээ сайн мэдээг гэр орондоо суралцахын тулд хийдэг зүйлсээсээ хуваалцахыг хүс. Сайн мэдээг гэр бүлээрээ суралцахтай холбоотой дуртай туршлагаасаа хуваалцахад тэднийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Еврей 7:1–6

Санваар нь бидэнд олон арга замаар тусалж болно.

Еврей 7:1–6 нь санваарын адислалуудыг хүүхдүүдэд танилцуулах боломжийг олгох юм.

Боломжит үйл ажиллагаа

  • Абрахам гэж хэн болох талаар товч тайлбарлаад, Абрахам Мелкизедикт аравны нэгээ төлсөн талаар заахын тулд Еврей 7:1–6-г ашиглана уу (Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 14:36–40 [Судруудын удирдамж дээрх]). Мелкизедект хүмүүнд өгсөн Бурханы хүч буюу санваар байсан бөгөөд тэрээр үүнийг ашиглан Абрахамыг адисалжээ. Титэм, аравны нэгийн дугтуй гэх мэт энгийн зүйлс ашиглан түүхийг жүжигчлэн үзүүлэх нь хүүхдүүдэд сонирхолтой байж болно.

  • Аарон болон Мелкизедек санваартныг ангид ирж, санваараа ашиглан бусдыг хэрхэн адисалсан талаар ярихад урь. Дараа нь хүүхдүүдэд өөр өөр санваарын ёслолын зургийг үзүүл (жишээлбэл, Сайн мэдээний уран зургийн цуглуулга дахь 103–108-р зургийг үзнэ үү). Ёслол болгоныг гүйцэтгэхэд аль санваар хэрэгтэй болохыг тодорхойлоод, тухайн зургийг зохих санваартанд өгөхөд хүүхдүүдэд тусал.

Еврей 11:1–32

Итгэл бол харж чадахгүй зүйлсдээ итгэх явдал юм.

Хэдийгээр бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харж чадахгүй ч Еврей 11 дээрх хүмүүсийн үлгэр жишээг дагаснаар Тэдэнд болон Тэдний амлалтуудад итгэх итгэлээ хөгжүүлж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Есүсийн зургийг үзүүл. Хэдийгээр бид харж чадахгүй ч Түүний бодит гэсэн “нотолгоо”-г төлөөлүүлэн хэд хэдэн эд зүйлийг өрөөгөөр тойруулан тавь (судрууд, Анхны үзэгдлийн болон дэлхийн зураг гэх мэт). Хүүхдүүдийг эд зүйлсийг олоход уриад, тухайн эд зүйлс бүр хэрхэн бидэнд Есүсийг амьд гэдэгт итгэхэд тусалдаг талаар хуваалц.

  • Дэвүүр авчраад, хүүхэд бүрд ээлжлэн дэвүүрээр нүүр лүүгээ сэвэх боломж олго. Бид агаарыг харахгүй ч мэдэрч болно гэдгийг тэдэнд заа. Үүнтэй адил, бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харж чадахгүй ч, тэдний хайрыг мэдэрч, бодит гэдэгт нь итгэж чадна.

  • Еврей 11:4–32-т өгүүлсэн нэг юм уу олон хүний түүхийг хуваалц. Та Шинэ Гэрээний түүхүүдээс эдгээр хүний түүхийг олох боломжтой. Харж чадахгүй зүйлд итгэсэн итгэлээ харуулахын тулд тэд юу хийсэн бэ? Итгэлийнхээ ачаар хүлээн авсан зарим адислалаа хуваалц.

Еврей 13:5–6

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд туслах бөгөөд биднийг хэзээ ч орхихгүй.

Хүүхдүүд ямар сорилт бэрхшээлтэй тулгарч байж болох вэ? Еврей 13:5–6 дахь захиас тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Энэ жил хүүхдүүдийн суралцсан Шинэ Гэрээний түүхүүдээс Аврагч саа өвчтэй хүнийг эдгээсэн (Лук 5:18–26-г үзнэ үү) эсвэл 5000 хүнийг хооллосон (Матай 14:15–21-ийг үзнэ үү) гэх мэт Түүний бусдад тусалж байсан зарим түүхийг эргэн хар. “Эзэн миний туслагч мөн” гэсэн үгийг цээжлэхэд нь хүүхдүүдэд тусал (Еврей 13:6).

  • Айж байхад нь тэднийг хэн нэгэн тайтгаруулж байсан үеийн зургийг зурахад хүүхдүүдийг урь. Еврей 13:5–6-г тэдэнд уншиж өгөөд, Тэнгэрлэг Эцэг бидэнд туслах бөгөөд биднийг хэзээ ч орхихгүй гэдгийг гэрчил. Зургийг халхлахуйц том зүрхний дүрс хайчлахад хүүхдүүдэд тусал. Биднийг Тэнгэрлэг Эцэгтэй ойртуулдаг өөр ямар ямар зүйл байдаг вэ? Заримыг нь зүрхэн дээр бич.

  • Хэлээч, Эзэн минь” (Хүүхдийн дууны ном, 75) зэрэг Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрын хэрхэн биднийг хайрлаж, бидэнд тусалдаг тухай дууг хүүхдүүдэд заа. Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд ойр байгааг хэрхэн мэдэх вэ? “Эзэн [таны] туслагч” байсан үеийн тухай ярь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Еврей 7:1–4

Сүмийн удирдагчид Аврагчийг дагадаг.

Их Эзэний Сүмд үйлчлэхээр дуудагдсан тэд итгэлтэй байж, Аврагчийн адил бусдад үйлчлэх ёстой гэдгийг ойлгоход хүүхдүүдэд туслахын тулд эдгээр шүлгийг та хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Абрахам болон Мелкизедек гэсэн хоёр агуу удирдагчийн талаар мэдэх зүйлээ жагсааж бичихэд хүүхдүүдэд тусал. Тэд Еврей 7:1–4; Абрахам 1:1–2 болон Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 14:25–40 (Судруудын удирдамж)-өөс тусламж авч болно. Христийнхтэй адил ямар ямар зан чанар нь тэдэнд санваараа эрхэмлэн хүндлэхэд тусалсан бэ?

  • Хүүхдүүдээс Еврей 7:1–2-ыг уншаад, Мелкизедекийг дүрслэхэд ашигласан цол хэргэмийг олж мэдэхийг хүс. Эдгээр цол хэргэм бидэнд Есүс Христийг хэрхэн сануулж байна вэ? Есүс Христ яагаад “Амар тайвны хаан” байсан талаар бодоход тэдэнд тусал. Аврагчийг дагах тал дээр үлгэр жишээ болсон өөр бусад санваартны талаар ярихад тэднийг урь.

  • Аврагчид итгэх итгэл тань зөв шударга санваартны үйлчлэлээр хүчирхэгжсэн талаарх туршлагаа хуваалц. Санваар тэднийг адисалж байсан арга замуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал.

Еврей 11

Тэнгэрлэг Эцэг итгэлтэй хүмүүсийг шагнадаг.

Еврей 11-д итгэлийнхээ дагуу үйлдсэнээр адислагдсан олон хүний жишээ байдаг. Аль түүх нь таны заадаг хүүхдүүдийг хамгийн ихээр сүнслэгээр өдөөх буюу тэдэнд тустай байх вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Самбар дээр Еврей 11:1–3, 6-аас итгэлийн талаар сурч мэдсэн зүйлийнхээ жагсаалтыг гаргахад хүүхдүүдийг урь. Еврей 11-д дурдагдсан хүний нэрийг хүүхэд бүрд өгөөд, уг хүнтэй холбоотой шүлгүүдийг уншихад тэднийг урь. Бусад хүүхдээр тэр хүн нь хэн болохыг таалгах зорилгоор түүний талаарх түлхүүр үгсийг хуваалцахыг тэднээс хүс. Тэд хэрхэн итгэлээ харуулсан бэ мөн Тэнгэрлэг Эцэг хэрхэн тэднийг шагнасан бэ? (Сайн мэдээний уран зургийн цуглуулга дахь Хуучин Гэрээний хэсэг дээрээс тэдний зургийг үзнэ үү).

  • Еврей 11 дээрх зарим итгэлтэй хүний жишээг уншсаныхаа дараа итгэлээ харуулсан гэдгийг нь мэдэх нэг хүнийхээ тухай бичихийг хүүхдүүдээс хүс. Хэдэн хүүхдийг өөрсдийн жишээг ангийнхантайгаа хуваалцахад урь.

Еврей 12:5–11

Их Эзэн хайрладаг хүмүүсээ сахилгажуулдаг.

Эдгээр шүлэг нь Тэнгэрлэг Эцэг, эцэг эх мөн бусад хүн тэдэнд хайртай бөгөөд алдаанаасаа суралцаасай гэсэндээ тэднийг засаж залруулдаг гэдгийг ойлгуулахад хүүхдүүдэд тусалж болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Еврей 12:5–11-ийг хамтдаа уншаад, яагаад Тэнгэрлэг Эцэг биднийг сахилгажуулдаг (засаж залруулан, хүмүүжүүлдэг) шалтгааныг олохыг хүүхдүүдээс хүс. Энэ нь яагаад бидний дэлхийн эцэг эх хүүхдүүдээ мөн адил засаж залруулдаг талаар бидэнд юу зааж байна вэ? Бид хайраар засаж залруулахад нь хэрхэн хандах ёстой вэ?

  • Их Эзэнээр сахилгажуулагдан, наманчилсан, судар дээрх зарим хүний жишээг хуваалц (жишээлбэл, 1 Нифай 16:25–27; Ифер 2:13–15-ыг үзнэ үү). Тэд хэрхэн Еврей 12:5–11 дэх зарчмын сайн үлгэр жишээ вэ?

  • Еврей 12:5–11-ийг уншсаныхаа дараа өөрсдийнх нь алдааг засаж залруулах үед санахыг хичээх хэдэн зүйлийг бичиж тэмдэглэхэд хүүхдүүдийг урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Өнөөдөр хичээл дээр сурч мэдсэн зүйлийнхээ талаар тэмдэглэл бичиж, зураг зурахад хүүхдүүдийг урь. Сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахдаа үүнийг ашиглахад тэднийг урамшуулан дэмж.

Заах чадвараа сайжруулах

Үйл ажиллагааны хуудсыг ашигла. Хүүхдүүдийг хичээлийн үеэр үйл ажиллагааны хуудсыг гүйцээж байх хооронд цаг ашиглан хичээлээр заасан зарчмуудыг эргэн хар.