“10-р сарын 30-аас 11-р сарын 5. Еврей 1–6: ‘Есүс Христ, “мөнх авралын эх үндэс,”’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)
“10-р сарын 30-аас 11-р сарын 5. Еврей 1–6,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023
10-р сарын 30-аас 11-р сарын 5
Еврей 1–6
Есүс Христ “мөнх авралын эх үндэс”
Та Еврей 1–6 дээрх ямар ямар үнэнийг хүүхдүүдэд заахаар сүнслэг өдөөлт хүлээн авсан бэ? Бэлдэж байхдаа Сүнсний өдөөлтөд анхаарал тавьж, төрсөн мэдрэмжээ бичиж тэмдэглэхэд анхаар.
Хуваалцахад урь
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийн төгсгөлд хүүхдүүд хуваалцах судрын эшлэл олох урилгыг хүлээж авсан уу? Хэрэв тийм бол тэдэнд хуваалцах цаг гаргаж өг. Үгүй бол ойрын үед судраас суралцсан зүйлээ бодож байгаад, хуваалцахад нь тусал.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би Есүс Христэд итгэдэг.
Эдгээр шүлэг нь хүүхдүүдэд Есүс Христийн талаар мэдэж авч, Түүнтэй харилцаагаа гүнзгийрүүлэхэд тусална.
Боломжит үйл ажиллагаа
-
Еврей 1:1–10; 2:8–10, 17–18 дээрх Есүс Христийн тухай зарим үнэнийг олоод, жижиг цааснууд дээр бич. Өрөөнд цааснуудыг нуугаад, тэдгээрийг олоход хүүхдүүдийг урь. Цааснууд дээрх үнэнийг уншихад тэдэнд тусалж, эдгээр үнэн ямар утга учиртай талаар ярилц. Шаардлагатай бол Тэнгэрлэг Эцэг Есүсийн сүнс, бие махбодын Эцэг учраас Есүсийг Бурханы Хүү хэмээн нэрлэдэг болохыг тайлбарла.
-
Аврагчийн зургийг дээш өргөж бариад, Түүнд яагаад талархдагаа хуваалц. Хүүхэд бүрээр зургийг ээлжлэн бариулаад, тэрээр яагаад Есүс Христэд талархдагийг нь хуваалцуул.
Тэнгэрлэг Эцэг биднээс “зүрхээ бүү хатууруул[аасай]” хэмээн хүсдэг.
Еврей 3 нь зүрхээ хатууруулж, Их Эзэний адислалыг үгүйсгэсэн израилчуудыг тодорхойлдог. Энэ нь зүрх сэтгэлээ хатууруулахгүй байх талаар бидэнд сэрэмжлүүлэг болж болох юм.
Боломжит үйл ажиллагаа
-
Шингэнийг шингээдэг ямар нэгэн зүйл (поролон эсвэл даавуу) мөн өөр нэг хатуу зүйл (чулуу гэх мэт) авчир. Тэдгээрийг барьж үзээд, хэрхэн мэдрэгдэж байгааг тайлбарлахыг хүүхдүүдээс хүс. Эд зүйл бүр дээр хэдэн дусал ус дусаагаад, шингэнийг шингээдэг нь чулууг бодвол илүү их ус шингээж байгааг онцол. Тэнгэрлэг Эцэгийн үнэнүүд болон хайрыг зүрх сэтгэлдээ хүлээж авахын тулд зүрх сэтгэл маань хатуу биш, зөөлөн байх ёстой.
-
Даавуу мэтийн зөөлөн, хавтан мэтийн хатуу материалыг зүрхэн хэлбэртэй хайчил. Хатуу, зөөлөн зүрх сэтгэлтэй байхын хоорондын ялгааг хүүхдүүдтэй ярилц. Нифай, Лемен, Лемүел зэрэг судар дээрх зөөлөн зүрх сэтгэлтэй хүмүүсийн жишээнүүдээс заримыг хуваалц ([1 Нифай 2:16–19], Паул [Үйлс 9:1–22] эсвэл Иосеф Смит [Иосеф Смит—Түүх 1:11–20] гэх мэт). Жишээ бүрийг хуваалцаж байхдаа зөөлөн, хатуу ямар зүрх сэтгэлтэй болохыг нь хэлэхэд хүүхдүүдийг урь.
Санваартнууд Бурханаар дуудагддаг.
Еврей 5:4 нь санваартнууд Бурханаар дуудагдах ёстой гэдгийг тодотгодог учраас чухал шүлэг юм. Их Эзэний Сүмд үйлчлэхээр дуудагдсан хэн бүхний хувьд энэ нь мөн үнэн зүйл юм.
Боломжит үйл ажиллагаа
-
Еврей 5:4-ийг хүүхдүүдэд уншиж өг. Санваар гэж юу болохыг тайлбарлахыг нэг санваартнаас асуу. Тэрээр үүргээ биелүүлж байхдаа хэрхэн бусдад үйлчилж байдаг талаараа бас хуваалцаж болно. Мөн тойргийнхоо нэг эгчээс Сүмийн дуудлагад томилогдсон туршлагаа хуваалцахыг хүс. Их Эзэн үүргээ биелүүлэхэд нь хэрхэн адисалсан талаар хуваалцахад түүнийг урамшуул.
-
Хүүхдүүдэд итгэлийн тавдугаар тунхгийг цээжлэхэд тусал. Бурханы ажлыг хийхээр дуудагдсан хүмүүсийг Бурхан илчлэлтээр дамжуулан дууддаг болохыг гэрчил.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Би Есүс Христэд итгэдэг.
Иудейчүүдэд бичсэн захидлыг иудей гэгээнтнүүдийн Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлэхийн тулд бичсэн юм. Энэ нь таны заадаг хүүхдүүдийг ч мөн адил хүчирхэгжүүлнэ.
Боломжит үйл ажиллагаа
-
Еврей 1:1–10; 2:8–10, 17–18 дээрх шүлгүүдийг хүүхэд бүрд оноож өгөөд, шүлгүүдээс Есүс Христийн талаарх үнэнийг олоход тэднийг урь. Тэдэнд олж мэдсэн зүйлүүдээ самбар дээр бичих боломж олго. Бид Есүс Христийн талаар өөр юу мэдэх вэ? Хүүхдүүд “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” (Дуулал, д. 70) эсвэл “Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 70) зэрэг дуунуудаас зарим санааг олж болно.
-
Өөрсдийгөө эцэг эхтэйгээ хамт байгаагаар зурахад хүүхдүүдийг урь. Эцэг эхтэйгээ юугаараа адил төстэй талаар хуваалцахыг тэднээс хүс. Еврей 1:3-т Есүс Христ бол “[Бурханы] мөн чанарын бодит илэрхийлэл” гэсэн байдаг бөгөөд энэ нь Есүс, Тэнгэрлэг Эцэг хоёр адилхан зан чанар, шинж төрхтэй гэсэн үг юм. Есүс Христийг дагах нь биднийг Тэнгэрлэг Эцэг рүү ойртуулдаг талаар хүүхдүүдтэй ярилц.
Бид Тэнгэрлэг Эцэгийн удирдамж, адислалыг хүлээн авахын тулд “зүрхээ хатуу болго[х]гүй байх” хэрэгтэй.
Еврей 3 дээрх цөл дэх израилчуудын түүхийг зүрх сэтгэлээ хатууруулахгүй байхын ач холбогдлыг заахад ашигладаг. Та энэ зарчмыг ангийнхаа хүүхдүүдэд заахдаа энэ түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Хатуу, зөөлөн зүйлсийн талаар бодохыг хүүхдүүдээс хүс. (Хэрэв боломжтой бол тэдэнд үзүүлэхээр зарим жишээ авчир.) Еврей 3:8-ыг хамтдаа унш. Хатуу зүрх сэтгэлтэй байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Яагаад Бурхан биднээс зөөлөн зүрх сэтгэлтэй байгаасай хэмээн хүсдэг вэ?
-
Израилчууд Их Эзэний өмнө зүрх сэтгэлээ хатууруулж байгаа түүхийг өөрийнхөө үгээр хуваалц (Тоолол 14:1–12; Еврей 3:7–19-ийг үзнэ үү). Түүхийг хүүхдүүдээр жүжигчлэн тоглуул. Хэрэв бид Их Эзэн мөн Түүний сайн мэдээний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулах юм бол юу болох вэ?
-
Матай 13:15; Еврей 3:15; Мозая 11:29 болон Мосе 6:27-г уншихад хүүхдүүдийг урь. Эдгээр шүлэгт дурдсан биеийн хэсгүүдийг самбар дээр зурахыг тэднээс хүс. Сүнслэг байдлын хувьд дүйрэнгэ чих, сохор нүд, хатуу зүрх сэтгэлтэй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Чих, нүд, зүрх сэтгэл маань Сүнсний дуу хоолойг танихад бэлэн байдаг гэдгийг бид хэрхэн бататгах вэ?
Санваартнууд Бурханаар дуудагддаг.
Еврей 5 нь Бурханы нэрээр үйлдэх хүч, эрх мэдэл болох санваарын тухай мөн үүнийг хэрхэн хүлээж авдаг тухай ярилцах боломжоор хангадаг.
Боломжит үйл ажиллагаа
-
Нэг хүүхдээр Еврей 5:4-ийг уншуулах хооронд, Мосе Ааронд санваар хүртээж байгаа нь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 15) зургийг үзүүл. Аароны санваар нь Аароны нэрээр нэрлэгдсэн гэдгийг тайлбарла. Аароны санваартнуудын гүйцэтгэдэг үүргүүд (баптисм хүртээх, ариун ёслолыг адислах, түгээх, бусдыг Христэд ирэхэд урих гэх мэт үүргийг Сургаал ба Гэрээ 20:46–48, 59-өөс үзнэ үү)-ийн талаар бодоход хүүхдүүдэд тусал.
-
Эрх мэдлийг хүлээн авдаг өөр өөр арга замын талаар бодоход хүүхдүүдэд тусал. Жишээлбэл, багш, эмч, улс төрийн удирдагч эрх мэдлийг хэрхэн хүлээн авдаг вэ? Бурхан Өөрийн эрх мэдлийг хэрхэн өгдөг вэ? Еврей 5:4 болон итгэлийн тунхгийн тавдугаар зүйлийг уншиж байхдаа энэ асуултын талаар бодоход хүүхдүүдийг урь. Санваартныг оролцуулаад, тодорхой дуудлагад үйлчлэхээр томилогдсон, Бурханаас эрх мэдэл хүлээн авсан эрэгтэй, эмэгтэй болон тойргийн хүмүүсийн талаар бодоход хүүхдүүдэд тусал.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдийг өнөөдрийн хичээлээр сурч мэдсэн судар, дуу, үйл ажиллагаагаа гэр бүлийн үдшийн үеэр гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урь.