“10-р сарын 2–8. Ефес: ‘Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхийн төлөө,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“10-р сарын 2–8. Ефес,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
10-р сарын 2–8
Ефес
“Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхийн төлөө”
Та Ерөнхий чуулганы захиас, ефесчүүдэд хандан бичсэн Паулын захидал хоёрын хоорондох ямар нэгэн холбоог харж байна уу?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Ефест сайн мэдээ түгэх үед энэ нь ефесчүүдийн дунд “багагүй үймээн” (Үйлс 19:23) дэгдээв. Бөө мөргөлийн охин тэнгэрт зориулан хиймэл шүтээн бүтээдэг орон нутгийн урчууд Христийн шашныг амьдралынх нь амь зуулгад заналхийлж байна гэж үзсэн бөгөөд удалгүй “тэд хилэгнэн уурлаж, … хот үймээн самуунд автжээ” (Үйлс 19:27–29-ийг үзнэ үү). Ийм нөхцөл байдалд сайн мэдээнд шинээр хөрвөгдөж байна гэж төсөөл. Ефесчүүдийн олон нь энэхүү “үймээн самуун” (Үйлс 19:40) дунд сайн мэдээг хүлээн авч, үүний дагуу амьдарч байсан ба Паул тэдэнд “Христ … Өөрөө бидний энх тайван” (Eфес 2:13–14) болохыг бататгасан. Эдгээр үг нь “аливаа хорсол, уур, хилэн, хашхираан, гүтгэлэг нь бүх муу муухайн хамт та нараас зайлаг” (Eфес 4:31) хэмээх түүний урилгын хамт тэр үеийнхтэй адил одоо ч цагаа олсон төдийгүй тайтгаруулж байгаа мэт санагддаг. Ефесчүүд болон бидний хүн нэг бүрийн хувьд дайсантай нүүр тулах хүч “Эзэн ба Түүний чадлын аугаа хүч дот[роос]” ирдэг (Eфес 6:10–13-ыг үзнэ үү).
Хувиараа судраас судлахад зориулсан санаа
Бурхан дэлхий дээр тодорхой үүрэг хариуцлага гүйцэтгүүлэхийн тулд намайг сонгож эсвэл урьдчилан томилсон.
Паул гэгээнтнүүдийг Бурханы хүмүүс байхаар Түүгээр “урьдаас тогтоогдсон” ба “ертөнцийн сууриас урьд … сонгогдсон” хэмээн ярьжээ. Харин ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн онцолсноор, энэ нь “Бурхан аль хүүхдээ аварч, алинд нь сайн мэдээнээс сонсох боломж олгохоо урьдаас тодорхойлсон бөгөөд сайн мэдээг огт сонсож байгаагүй хүмүүс зүгээр л ‘сонгогдоогүй’ гэсэн үг биш юм. Бурханы төлөвлөгөө үүнээс хамаагүй энэрэнгүй. Тэнгэрлэг Эцэг маань гэр бүлийнхнийгээ бүрэн цуглуулж, адислахыг тэсэн ядан хүлээж байгаа” (“Бурханы гэр бүлийг цуглуулах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 3–6). Бурханы бүх хүүхэд ариун сүмүүдэд гүйцэтгэдэг нас барагсдын төлөөх ажлаар дамжуулан сайн мэдээг болон үүний ёслолуудыг хүлээн авах боломжтой.
Хэнийг ч аврагдана эсвэл аврагдахгүй гэж урьдаас тодорхойлоогүй ч хожмын үеийн илчлэлтэд Бурханы зарим хүүхдийг энэ дэлхий дээрх Бурханы тодорхой зорилгыг гүйцэлдүүлэхээр мөнх бус амьдралын өмнөх дэлхийд сонгосон эсвэл “урьдаас тогтоосон” гэж заадаг. Ефес 1-ийг болон Судруудын удирдамжаас “Урьдчилсан томилолт”-ыг уншихдаа, энэ үнэн тантай хэрхэн холбогдож байгааг тунгаан бод.
Бурхан “бүх юмсыг Христ дотор нэгтгэх” болно.
Бидний энэ цаг үеийг яагаад “цаг хугацааны бүрэн байдлын эрин үе” гэдэг гэж та бодож байна вэ? “Бүх юмсыг Христ дотор нэгтгэ” гэдэг нь юу гэсэн үг вэ? Та эдгээр хэллэгийн тухай тунгаан бодохдоо дараах судруудыг уншаарай. Үүнд: Eфес 4:13; 2 Нифай 30:7–8; Сургаал ба Гэрээ 110:11–16; 112:30–32; 128:18–21. Та эдгээр хэллэгийн талаар өөрөө тайлбарлаж бичих сүнслэг өдөөлтийг авч болох юм.
Ахлагч Дэвид А.Бэднар, “Бүх юмсыг Христ дотор нэгтгэ,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22–27-г үзнэ үү.
Сүм бошиглогч, төлөөлөгчид дээр суурилсан бөгөөд Есүс Христ булангийн чулуу нь юм.
Ефес 2:19–22; 3:1–7; 4:11–16-д цэдэглэснээр, яагаад бидэнд бошиглогч, төлөөлөгчид байдаг вэ? Ерөнхий чуулганы үеэр сонссон бошиглогч, төлөөлөгчдийн захиасуудын талаар бод. Тэдний сургаал Паулын дүрсэлсэн зорилгуудыг хэрхэн биелүүлж байна вэ? Жишээлбэл, эдгээр сургаал “аливаа номлолын салхинд … туугдалгүй” байхад танд хэрхэн тусалж байсан бэ?
Есүс Христ хэрхэн Сүмийн суурийн чулуу болдог вэ? Тэр хэрхэн амьдралын тань суурийн чулуу болдог вэ?
Мөн Үйлс 4:10–12-ыг үзнэ үү.
Аврагчийн үлгэр жишээг дагах нь гэр бүлийн маань харилцааг хүчирхэгжүүлж чадна.
Ефес 5:21–6:4-ийг уншаад, эдгээр шүлэг дээрх зөвлөгөө гэр бүлийн тань харилцааг хэрхэн бэхжүүлж болохыг бод.
Ефес 5:22–24 дэх Паулын үгс тухайн цаг үеийн нийгмийн ёс заншлын хүрээнд бичигдсэнийг анзаарах нь чухал. Өнөө үеийн бошиглогч, төлөөлөгчид эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дээр биш, харин хань ижил нь буюу “адил тэгш” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org) хамтрагчид байх ёстой хэмээн заадаг. Гэхдээ та холбогдох зөвлөгөөг Ефес 5:25–33-аас олж болно. Жишээлбэл, Христ гэгээнтнүүдэд хайраа хэрхэн үзүүлдэг вэ? Энэ нь эхнэр, нөхөр хоёр эрх тэгш хамтрагчдын хувьд бие биедээ хэрхэн хандах талаар юу гэж хэлж байна вэ? Та эдгээр шүлгээс өөрт хэрэгтэй ямар захиасыг олсон бэ?
Бурханы хуяг дуулга намайг хилэнцээс хамгаална.
Та Ефес 6:10–18-ыг уншихдаа, Паул яагаад хуяг дуулгын хэсэг бүрийг ийнхүү нэрлэснийг эргэцүүлэн бод. “Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөх” нь биднийг юунаас хамгаалах вэ? Та өдөр бүр хуяг дуулгын хэсэг бүрийг бүрэн өмсөхийн тулд юу хийж чадах вэ?
Түүнчлэн 2 Нифай 1:23; Сургаал ба Гэрээ 27:15–18-ыг үзнэ үү.
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Ефес 1:10.Энэ шүлгийн талаар заахын тулд ахлагч Дэвид А.Бэднар олсны жишээг ашигласан (“Бүх юмсыг Христ дотор нэгтгэ” захиасыг үзнэ үү). Ахлагч Бэднарын захиасын зарим хэсгийг хуваалцахдаа гэр бүлийн гишүүдэд олс үзүүлж, тэднээр бариулж, шалгуулахыг бодоорой. Бурхан бүх зүйлийг хэрхэн Христ дотор цуглуулдаг вэ? Энэ цугларалтын ачаар бид хэрхэн адислагдсан бэ?
-
Eфес 2:4–10; 3:14–21Гэр бүлийн гишүүдээ эдгээр шүлэгт дүрслэгдсэн Бурханы болон Есүс Христийн хайр, нигүүлслийг мэдэрч байсан туршлагаасаа хуваалцахад урь.
-
Ефес 2:12–19.Дэрээр эсвэл гэртээ байгаа ямар нэгэн зүйлээр хана босгоод, дараа нь нураах нь гэр бүлийнхэнд тань таалагдаж болох юм. Паул харийнхан болон иудейчүүдийн хоорондох “хана[ны]” талаар ярьж байсан ч өнөө үед хүмүүсийг ямар хана тусгаарлаж байна вэ? Есүс Христ эдгээр ханыг хэрхэн “нураасан” бэ? Тэр биднийг хэрхэн Бурхантай эвлэрүүлсэн бэ”? (16-р шүлэг).
-
Ефес 6:10–18.Танай гэр бүл гэртээ байгаа зүйлсээ ашиглан өөрсдийн гэсэн “Бурханы хуяг дуулга” хийж болно. Хуяг дуулгын хэсэг бүр биднийг сүнслэг байдлаар хэрхэн хамгаалах вэ? Бид өдөр бүр “Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөхөд” (Ефес 6:11) нь нэг нэгэндээ хэрхэн тусалж чадах вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Израилын найдвар,” Дуулал, д. 133.