“10-р сарын 2–8. Ефес: ‘Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхийн төлөө,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“10-р сарын 2–8. Ефес,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023
10-р сарын 2–8
Ефес
“Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхийн төлөө”
Ефесчүүдэд хандан бичсэн захидлыг судалж байхдаа, заадаг хүүхдүүдээ адислахын тулд ямар зарчмыг онцолж болох тухай бод. Уншиж байхад төрсөн бодол санаагаа бичиж тэмдэглэ.
Хуваалцахад урь
Хүүхдүүдийг эгнэн зогсоход урь. Эхний эгнээнээс эхлэн гэр бүлээрээ судраас суралцаж байхдаа, Хүүхдийн хэсгээс эсвэл өөр хаа нэгэн газраас хамгийн сүүлд сурч мэдсэн зүйлсээ хуваалцах боломжийг хүүхэд бүрд олго.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Сүмийн гишүүд найз нөхөд болон “нутгийн иргэд” байх ёстой.
Ангийн тань хүүхдүүд хоорондоо болон тойргийн гишүүдтэйгээ “харь хүмүүс” адил байдаг уу эсвэл “нутгийн иргэд” адил байдаг уу? Хэдийгээр бид өөр өөр ч Аврагч бидэнд нэгдэхэд, нэг нэгнээ хайрлахад тусалдаг гэдгийг ойлгоход тэдэнд тусал.
Боломжит үйл ажиллагаа
-
Аврагчийн зургийг өрөөний голд байрлуул. Хүүхдүүдийг өрөөний өөр өөр хэсэгт зогсож, “харь хүмүүс” буюу “гаднын хүмүүс”-ийг төлөөлөхөд урь. Эдгээр үг нь бидний хараахан мэдэхгүй байгаа хүмүүс гэсэн утгатай гэдгийг ойлгоход тэдэнд тусал. Та Ефес 2:19-ийг уншиж байхдаа, тэднийг хамтдаа бүр ойрхон зогсох хүртлээ Христийн зураг руу дөхөж ирэхэд урь. Бид Аврагчид ойртон ирснээр бусадтай “нутгийн иргэд” буюу найз нөхдийн адил нэгдэн холбогддог гэдгийг тэдэнд хэл.
-
Дэлхийн өөр өөр улс орны хүүхдүүдийн зургийг олоод, өрөөгөөр тойруулан нуу. Аврагчийн зургийг өрөөний урд тавь. Ангийнхаа хүүхдүүдийг номлогчдын адил хос хосоор нь нийлүүлж, Аврагчийн зургийн хажууд тавих “харь хүний” зургийг ээлжлэн олоход урь. Хүмүүс баптисм хүртсэнээр Сүмийн гэр бүл буюу “Бурханы гэр бүлийн” нэгэн хэсэг болдог. Бид шинээр ирсэн хэн нэгэнд халуун дотно мэдрэмж төрүүлэхийн тулд хэрхэн тусалж болох вэ?
Тэнгэрлэг Эцэг намайг эцэг эхээ дуулгавартай дагаасай хэмээн хүсдэг.
Ефес 6:1–3-ыг уншиж байхдаа, эцэг эхдээ дуулгавартай байх нь яагаад чухал болохыг ойлгоход хүүхдүүдэд туслах арга замын талаар бод.
Боломжит үйл ажиллагаа
-
Ефес 6:1-ийг ангийнхандаа уншиж өгч эсвэл нэг хүүхдэд уншихад нь тусал. Эцэг эхдээ дуулгавартай байсан үеэ бодоход тэдэнд тусал. Дуулгавартай байснаар хэрхэн адислагдсан мөн дуулгавартай байхад ямар мэдрэмж төрсөн талаараа хуваалцахыг тэднээс хүс. Яагаад эцэг эхээ дуулгавартай дагах нь чухал вэ?
-
“Дуулгавартай очно” (Хүүхдийн дууны ном, 71) гэх мэт дуулгавартай байдлын тухай дууг хамтдаа дуул. Эцэг эх нь тэднээс хийхийг хүссэн ямар нэгэн зүйлийг хүүхдүүдээр ээлжлэн хэлүүлээд, тэр зүйлээ хийж буй дүр үзүүлэхэд тэднийг урь.
-
Есүс Христийн баптисм хүртэж буй зургийг (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 35-ыг үзнэ үү) үзүүлээд, Аврагч баптисм хүртэх замаар хэрхэн Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байсан талаар хуваалц (2 Нифай 31:6–7-г үзнэ үү). Эцэг эхээ дуулгавартай дагаснаар адислагдаж байсан туршлагаасаа хуваалц. Тэнгэрлэг Эцэг яагаад биднийг Өөрт нь дуулгавартай байгаасай хэмээн хүсдэг вэ?
Бурханы хуяг дуулга намайг хилэнцээс хамгаална.
Зөв шударга зүйлс хийх нь хуяг дуулга өмсөхтэй адилхан гэдгийг ойлгоход нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас эсвэл Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрхтэй адил хуяг дуулга өмссөн хүний зургийг үзүүл. Ефес 6:10–18-ыг товчхон ярьж өгч байхдаа, хуяг дуулгын өөр өөр хэсэг хэрхэн биеийн өөр өөр хэсгийг хамгаалдаг болохыг хүүхдүүдэд харуул. (“Бурханы хуяг дуулга,” Найз, 2016 оны 6-р сар, 70–71-ийг үзнэ үү).
-
Ефес 6:14–17 дээр дурдсан хуяг дуулгын хэсгүүдийг төлөөлөх ямар нэгэн зүйлийг ангидаа авчир (жишээлбэл, малгай эсвэл хормогч) эсвэл цаасаар хуяг дуулга хийхэд амархан хэсгүүдийг хий. Хүүхдүүдээр “хуяг дуулгын” хэсгүүдийг ээлжлэн өмсүүл. Бид хэрхэн Бурханы хуяг дуулгыг өмсдөгийг ойлгоход тэдэнд тусал (жишээлбэл, судраас суралцах, бусдад үйлчлэх, залбирах, дуулгавартай дагаснаар гэх мэт). Эдгээрийг хийх нь биднийг хэрхэн хилэнцээс хамгаалдаг талаар ярилц.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Бид Бурханы гэр бүл дэх “нутгийн иргэд” юм.
Хүүхдүүд сайн мэдээнд сайн найз нөхөдтэй байх юм бол хүчирхэгждэг. Та тэдэнд бие биетэйгээ илүү сайн найз нөхөд болоход нь хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Ефес 2:19-ийг хамт уншаад, харь хүн буюу гаднын хүн байх гэдэг нь ямар утгатай болохыг ярилц. Танд харь хүн буюу гаднын хүн мэт санагдах үед хэн нэгэн таныг халуун дулаанаар угтаж, хүлээн авч байсан тохиолдлоосоо хуваалц. Хүүхдүүдээс үүнтэй адилхан туршлагаасаа хуваалцахыг хүс. Бид харь хүн байхын оронд “нутгийн иргэд” болохын тулд юу хийж болох вэ? Харь хүн мэт санагддаг учраас тэр бүр ангидаа ирдэггүй хүүхдүүд танай ангид байдаг уу? Гишүүдийг халуун дулаанаар угтан авч, тэдэнд хайртай гэдгийг мэдрүүлэн туслах төлөвлөгөө гаргахад хүүхдүүдэд тусал.
-
Та хүүхдүүдийн хоорондын харилцааг хүчирхэгжүүлэхийн тулд Хэзээ чи залбирлынхаа хариултыг авсан бэ? эсвэл Чи гэр бүлийнхэнтэйгээ хамт юу хийх дуртай вэ? гэх мэт тэдэнд өөрсдийн талаар хуваалцах сэдэл өгөх асуултуудыг самбар дээр бич. Хүүхдүүдийг хос болгон хуваарилаад, бие биеэсээ дээрхийн адил асуухад урь. Тэд бие биеийнхээ талаар юу мэдэж авсан бэ?
Тэнгэрлэг Эцэг надаас эцэг эхээ дуулгавартай дагаж, хүндлээсэй хэмээн хүсдэг.
Яагаад эцэг эхдээ дуулгавартай байх нь чухал болохыг ойлгоход хүүхдүүдэд туслах арга замын талаар бод.
Боломжит үйл ажиллагаа
-
Ефес 6:1–3-ыг ганцаараа уншиж, тэдэнд онцгой санагдсан хэллэгийг олж тогтооход хүүхдүүдийг урь. Тэдгээр хэллэгээ мөн яагаад тэдгээрийг чухал гэж бодож байгаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь.
-
Судар дээрх эцэг эхээ дагаж, хүндэлж байсан Аврагч (Лук 2:42–52-ыг үзнэ үү), Рут (Рут 1-ийг үзнэ үү) эсвэл Нифай (1 Нифай 3:1–8-ыг үзнэ үү) зэрэг хүмүүсийн үлгэр жишээг олоод, ярилцахад хүүхдүүдэд тусал. Яагаад эцэг эхээ дуулгавартай дагаж, хүндлэх нь чухал вэ?
-
Дээд талд нь хүндлэх гэж бичсэн цаасыг хүүхэд бүрд өг. Тухайн үг ямар утгатай болохыг ярилц. Эцэг эхээ хүндэлдэг гэдгээ харуулахын тулд хийж болох ямар нэгэн зүйлийг бичиж эсвэл зурахад хүүхдүүдийг урь.
Бурханы хуяг дуулга намайг хилэнцээс хамгаална.
Та Ефес 6:10–18-ыг уншиж байхдаа, хүүхдүүдэд тулгардаг зарим сүнслэг аюулын талаар мөн та хүүхдүүдийг хэрхэн тэдгээр аюулын эсрэг хүчирхэгжүүлэхэд тусалж болох талаар бод.
Боломжит үйл ажиллагаа
-
Нэг хүүхдийг Ефес 6:10–18-ыг уншиж байхад, энд дурдсан хуяг дуулгын хэсгүүдийг самбар дээр жагсаах юм уу зурахыг өөр нэгэн хүүхдээс хүс. Яагаад хуяг дуулга нь тулалдахад чухал вэ? Бид сүнслэг хуяг дуулгыг хэрхэн өдөр бүр өмсөж болох вэ?
-
Хүүхэд бүрд Ефес 6:14–17-д гардаг хуяг дуулганы хэсгүүдийг зурж, тэмдэглэх даалгавар өг. Эдгээр хуяг дуулганы хэсэг хэрхэн биднийг хилэнцээс хамгаалдаг вэ? Бурханы хуяг дуулгыг өмссөн хүмүүст Их Эзэн юу амласан бэ? (Ефес 6:13-ыг үзнэ үү). “Бузар муу өдөрт эсэргүүцэх” гэдэг нь ямар утгатай вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Энэ долоо хоногт харь хүн мэт биеэ авч явж байгаа хүнийг олж харахад хүүхдүүдийг урь. Тэднийг уг хүнд тусламжийн гараа сунгах ямар нэгэн зүйл хийхэд урамшуулан дэмж.