Хуучин Гэрээ 2022
12-р сарын 5–11. Хаггаи; Зехариа 1–3; 7–14: “Эзэнд ариун”


“12-р сарын 5–11. Хаггаи; Зехариа 1–3; 7–14: ‘Эзэнд ариун,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“12-р сарын 5–11. Хаггаи; Зехариа 1–3; 7–14,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Хавайн Лаиэ ариун сүм

12-р сарын 5–11

Хаггаи; Зехариа 1–3; 7–14

“Эзэнд ариун”

Хаггаи болон Зехариаг залбирч уншаад, өөрт төрсөн сэтгэгдлийг тунгаан бод. Эдгээр бүлэг дэх үнэнүүд нь заадаг хүүхдүүдийнхээ хэрэгцээнд нийцүүлэхэд хэрхэн тусалж чадах вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Цаасан дээр жаргалтай нүүр царай зураад, хүүхдүүдэд үүнийг ээлжлэн барих боломж олго. Ээлжлэн барих үеэр нь тэднийг жаргалтай болгодог Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн талаар сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Хаггаи 1:6–8

Би Бурханыг амьдралдаа нэгдүгээрт тавьж чадна.

Их Эзэний “өөрсдийн зам мөрийг хянагтун” гэсэн зөвлөгөөний талаар суралцах нь Бурханы биднээр хийлгэхийг хүссэн чухал зүйлийг хийж байгаа гэдгийг шалгах боломжийг хүүхдүүдэд өгч байгаа хэрэг юм.

Боломжит үйл ажиллагаа

  • Их Эзэн израилчуудаар ариун сүм бариулахыг хүссэн боловч үүний оронд тэд өөр зүйл хийж байсан гэдгийг хүүхдүүдэд тайлбарла. Хаггаи 1:7-г чанга уншаад, “өөрсдийн зам мөрийг хянагтун” гэдэг нь израилчуудыг хамгийн чухал зүйлийг хийж байгаа эсэхээ бодоосой хэмээн Их Эзэн хүссэн гэсэн үг гэдгийг тайлбарла. 8-р шүлгийг хүүхдүүдэд уншиж өгөөд, тэднийг “уул өөд явж,” “мод авчран,” “[Их Эзэний] өргөөг барьж байна” гэсэн дүр үзүүлэхэд урь. Бурхан биднээр ямар ямар чухал зүйлийг хийлгэхийг хүсдэг вэ?

  • Судар, залбирал, ариун сүм гэх мэт Бурханд чухал ач холбогдолтой зарим зүйлийг дүрслэн харуулсан зургуудыг ширээн дээр доош харуулан тавь. Хүүхдүүдэд ээлжлэн зураг сонгож, ангийнханд харуулах боломжийг олго. Зураг дээрх зүйл тус бүрд цаг гаргах нь яагаад чухал болохыг ойлгоход тэдэнд тусал.

Зехариа 3:1–7

Есүс Христ миний сүнсийг цэвэр ариун болгож чадна.

Зехариа 3:1–7-д тайлбарласан, дээд прист Иошуагийн бохир хувцас нь биднийг нүгэл үйлдэхэд юу тохиолддогийг бэлгэддэг. Иошуа шинэ хувцас хүлээн авахдаа цэвэр ариун болсон шиг, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бид цэвэр болж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүд бохир цамцыг бие биедээ дамжуулан үзэж, Зехариа 3:3-ыг уншина. Дараа нь цэвэр цамцыг дамжуулан үзэж, 4-р шүлгийг унш. Буруу сонголт хийх нь хэрхэн сүнслэг байдлаар бохирдохтой адилхан байдаг, гэсэн ч Аврагч биднийг дахин цэвэр болгож чаддаг тухай хүүхдүүдтэй ярилц. Цэвэрхэн байхад бидэнд ямар санагддаг вэ? Есүс Христ бидний төлөө зовж, амиа өгсөн учраас бид наманчилбал нүглээсээ цэвэрлэгдэнэ гэсэн өөрийн гэрчлэлийг хуваалц.

  • Боломжтой бол баптисм хүртэхдээ цагаан хувцас өмссөн таньдаг хүнийхээ зургийг хүүхдүүдэд үзүүл (эсвэл Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 103, 104-ийг үзнэ үү). Бид баптисм хүртэхдээ яагаад цагаан хувцас өмсдөг вэ? Баптисмын тухай “Намайг баптисм хүртэхэд” (Хүүхдийн дууны ном, 53) гэх мэт дууг дуул. Хүүхдүүд өөрсдийгөө баптисм хүртэж байгаагаар зурж, хэзээ нэг өдөр баптисм хүртэх талаар ямар сэтгэгдэлтэй байгаагаа хуваалцахад урь.

Зехариа 2:10; 9:9; 14:3–9

Бошиглогчид бидэнд Есүс Христийн талаар заадаг.

Хуучин Гэрээний бусад бошиглогчийн нэгэн адил Зехариа Есүс Христийн тухай бошиглосон. Зехариа 2:10; 9:9; 14:3–9 дээрх бошиглолууд хүүхдүүдэд Түүний тухай юу зааж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Илжиг унан Иерусалим руу орж буй Есүс Христийн зургийг харуул (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 50-ийг үзнэ үү). Есүсийг дэлхий дээр ирэхээс олон жилийн өмнө Зехариа Есүс Христ бидний төлөө амиа өгөхөөсөө өмнө Иерусалим руу илжиг унаад явна гэж бошиглосон гэдгийг хүүхдүүдэд хэл. Таныг Зехариа 9:9-ийг уншиж байхад, хүүхдүүдээс зураг дээрх “үлэмж ихээр баярлаж” буй хүмүүсийг, мөн “Хаан”-ыг заахыг хүс. Хаан нь хэн бэ? Яагаад тэд Есүст талархаж буйг хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Зехариа 2:10; 14:9 зэрэгт байх Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тухай Зехариагийн зарим бошиглолыг хүүхдүүдэд уншиж өг. Есүсийг дахин ирэхэд ямар байх талаар юу гэж бодож байгаагаа зурахыг эсвэл “Түүнийг дэлхийд дахин ирэхэд” (Хүүхдийн дууны ном, 46–47) гэх мэт Хоёр дахь ирэлтийн тухай дууг хамт дуулахыг хүүхдүүдээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Хаггаи 1:2–8

“Өөрсдийн зам мөрийг хянагтун.”

Бид бүгдээрээ эн тэргүүнд тавих зүйлсээ ухамсарлаж, “[өөрсдийнхөө] зам мөрийг хянахад” цаг гаргах нь чухал юм. Та хүүхдүүдэд өөрсдийн амьдралд Бурханы зүйлд цаг зав гаргах урам зоригийг хэрхэн өгөх вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Израилчууд яагаад Их Эзэний таалалд нийцэхгүй байсныг олж мэдэхийн тулд Хаггаи 1:2–5-ыг уншихад хүүхдүүдийг урь. 6-р шүлгээс нэг хэллэг сонгоод, зургийг нь зурахыг хүүхдүүдээс хүс. Зураг тус бүр ямар хэллэгийг илэрхийлж байгааг ангийнхнаар таалга. Их Эзэний хүсдэг зүйлээс бусад зүйлд цаг зарцуулах нь хоол идэх боловч цадахгүй байх, хувцаслах боловч дулаацахгүй байх гэх мэт зүйлстэй хэр адилхан байх талаар ярилц. Их Эзэнд чухал зүйлд цаг гаргах нь яагаад чухал вэ?

  • “Өөрсдийн зам мөрийг хянагтун” гэж самбар дээр бич (7-р шүлэг). Хүүхэд бүрийг ердийн өдөр хийж болох зүйлс, үүний дотор Их Эзэний биднээр хийлгэхийг хүссэн зүйлийн жагсаалтыг гаргахад урь. Жагсаалтдаа Их Эзэний хамгийн чухал гэж хэлж болох зүйлсийг дугуйлах замаар “зам мөрөө хянах”-ыг хүүхдүүдээс хүс. Их Эзэний биднээр хийлгэхийг хүссэн зүйлд зориулж бид өдөр бүр цаг гаргаж байгаа эсэхдээ хэрхэн анхаарах вэ?

нэгэн эрэгтэй залуу охинд баптисм хүртээж байна

Нүглээ наманчлах үед Есүс Христ биднийг цэвэршүүлж чадна гэдгийг харуулахын тулд бид баптисм хүртэхдээ цагаан хувцас өмсдөг Зехариа 3:3–4).

Зехариа 3:1–7

Гэрээ байгуулж, түүнийг сахих нь надад Тэнгэрлэг Эцэгтэй болон Есүс Христтэй илүү адил болоход тусална.

Зехариа үзэгдэлдээ “бузар муу хувцас өмссөн” Иошуа хэмээх дээд пристийг харсан (Зехариа 3:3). Тэнгэр элч түүнд цэвэрхэн хувцас өгч, энэ нь нүглээсээ ариусгагдаж буйг бэлгэддэг гэж тайлбарлав. Та баптисмтай холбоотой гэрээ, адислалуудыг ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд энэ үзэгдлийг ашиглаж болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Хамтдаа Зехариа 3:1–7-г уншаад, дараах асуултуудын талаар ярилц. Үүнд: Иошуагийн “бузар муу хувцас” юуг төлөөлж байв? Бид нүглээсээ хэрхэн цэвэршүүлэгдэж болох вэ? Баптисмын гэрээнүүд маань бидэнд [Их Эзэний] замаар явахад хэрхэн тусалдаг вэ?

  • Хичээл эхлэхээс хэд хоногийн өмнө нэг хүүхдийг баптисмынхаа талаар ярихад бэлтгэж ирэхэд урь. Баптисм хүртэхдээ байгуулсан гэрээгээ хамтдаа эргэн хар (Сургаал ба Гэрээ 20:37-г үзнэ үү). Амлалтаа сахих нь бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход хэрхэн туслах вэ? Ариун ёслолоос долоо хоног бүр хүртэх нь баптисмын гэрээгээ сахихад бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Зехариа 9:9–11; 11:12; 13:6–7

Есүс Христ бол бошиглогдсон Мессиа мөн.

Есүс Христийн тухай Зехариагийн бошиглолоос хүүхдүүд юу мэдэж авч болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Ангийнхныг хоёр хоёроор нь хуваа. Хос бүрд Зехариагийн хэлсэн дараах бошиглолуудын аль нэгийг, биелэлтийг нь тайлбарласан Шинэ Гэрээний шүлгүүдийн хамт өг. Үүнд: Зехариа 9:9 ба Матай 21:5–9; Зехариа 9:11 ба 1 Петр 3:18–19; Зехариа 11:12 ба Матай 26:14–16; Зехариа 13:7 ба Матай 26:31. Шүлгүүдээс Есүс Христийн талаар сурч мэдсэн зүйлээ болон Түүнд яагаад талархаж байгаагаа ангийнхантайгаа хуваалцахыг хос бүрээс хүс.

  • Сайн мэдээний уран зургийн цуглуулга дахь 50, 60, 64-р зургуудыг үзүүл. Зехариа 9:9; 13:6; 13:7 зэрэг судрын эшлэлүүдийг самбарт бичээд, зурагтай тохируулахад хүүхдүүдийг урь. Хүүхдүүдийг Есүс Христийн талаарх сэтгэгдлээ хуваалцахад урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангид ойлгож мэдсэн үнэнээ бичиж авахад хүүхдүүдийг урь. Тэднийг энэ үнэний талаар хэрхэн илүү хүчтэй гэрчлэл олж авч болох талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцахад урь.

Заах арга барилаа сайжруулах

Бүтээлч чадвараа ашигла. Энэхүү тойм дахь санаанууд таны бүтээлч чадварыг өдөөг. Танай ангийн хүүхдүүдэд юу таалагдахыг мөн судруудыг амьдралтайгаа холбоход нь юу тус болох талаар бод.