Хуучин Гэрээ 2022
11-р сарын 28-аас 12-р сарын 4. Нахум; Хабаккук; Зефаниа: “Түүний замууд үүрдийнх юм”


“11-р сарын 28-аас 12-р сарын 4. Нахум; Хабаккук; Зефаниа: ‘Түүний замууд үүрдийнх юм,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“11-р сарын 28-аас 12-р сарын 4. Нахум; Хабаккук; Зефаниа,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Есүс дээшээ одод руу харж байгаа нь

“Түүний замууд үүрдийнх юм” (Хабаккук 3:6). Эхэнд Үг байсан, Эва Тимоти

11-р сарын 28-аас 12-р сарын 4

Нахум; Хабаккук; Зефаниа

“Түүний замууд үүрдийнх юм”

Судруудыг хайрлах хайр тань таны заадаг хүүхдүүдэд хүчтэй нөлөө үзүүлдэг. Бурханы үгэнд хэчнээн их талархаж байгаагаа тэдэнд харуул.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдийг ээлжлэн гарч зогсоод, Хабаккук шиг “бэхлэлт дээр” байрлаж буй Хуучин Гэрээний бошиглогч мэт дүр үзүүлэхэд урь (Хабаккук 2:1). Бусад хүүхдэд Есүс Христийн талаар болон Түүний сайн мэдээний талаар сурч мэдсэн зүйлээ хэлэхийг тэднээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Хабаккук 2:3

Бурхан үргэлжид Өөрийн амлалтыг биелүүлэх болно.

Бошиглогч Хабаккук Иудагийн ард түмнээс харсан ёс бус явдалд сэтгэл нь түгшжээ (Хабаккук 1:2–4-ийг үзнэ үү). Их Эзэн амласнаа Өөрийн цагт гүйцэлдүүлнэ хэмээн түүнд батлав (Хабаккук 2:3-ыг үзнэ үү).

Боломжит үйл ажиллагаа

  • Боловсрох ёстой жимс, жигнэх хэрэгтэй зуурсан гурил шиг бид хүлээж байж сайныг нь мэддэг зарим зүйлийн жишээг хуваалц. Хэрэв бид жимс эсвэл зуурмагийг бэлэн болоогүй байхад нь идэх гэж оролдвол юу болох вэ? Их Эзэн эргэн тойрондоо байгаа ёс бус явдлыг хэзээ зогсоохыг мэдэхийг хүссэн бошиглогч Хабаккукийн тухай ярьж өг. Хабаккук 2:3-т байгаа Их Эзэний хариултыг хүүхдүүдэд уншиж өг. Их Эзэний амлалтууд биелэхийг Хабаккук хүлээх хэрэгтэй байсан бөгөөд заримдаа бидэнд ч бас тэгэх хэрэгтэй үе байдаг гэдгийг онцол. Та адислал хүлээх ёстой байсан нэг тохиолдлоо хуваалц.

  • Хүүхдүүдэд Бурханы амласан зүйлийг, жишээлбэл, Есүс Христ дэлхий дээр эргэж ирнэ эсвэл бид Бурхантай дахин хамт амьдарч чадна гэх мэт зүйлийн талаар бодоход тусал. Жишээ болгон дээр хүүхдүүдийг “Үүнийг хүлээ; заавал биелэгдэх болно” хэмээх хэллэгийг давтан хэлэхэд урь.

Хабаккук 2:14

Би Есүс Христийн тухай мэдлэгээр дэлхийг дүүргэхэд тусалж чадна.

Хабаккук бүх дэлхий Есүс Христийн талаар мэдэх өдрийг бошиглосон. Энэ бошиглол бидний үед биелэгдэж эхэлж байна. Үүний биелэлтийн нэг хэсэг болоход нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадахаа бодож үзээрэй.

Боломжит үйл ажиллагаа

  • Хоосон шилэн сав үзүүлээд, хүүхэд бүрд жижиг эд зүйл өг. Хүүхэд бүрээс Есүсийн хийсэн эсвэл заасан зүйлийг хуваалцаж, дараа нь эд зүйлээ шилэн саванд хийхийг хүс. Хабаккук 2:14-ийг чанга уншаад, хүүхдүүд Их Эзэний талаарх мэдлэгээрээ шилэн савыг дүүргэсэнтэй адил бид ч гэсэн Түүний мэдлэгээр дэлхийг дүүргэж чадна гэдгийг тайлбарла.

  • Хүүхдүүдэд дэлхийн газрын зураг үзүүл (Сүмийн түүхийн газрын зураг, д. 7, “Дэлхийн газрын зураг”-ийг үзнэ үү). Тэдэнд амьдардаг газраа, тэдний таньдаг номлогчдын үйлчилж байсан газруудыг олоход тусал. Тэнгэрлэг Эцэг дэлхий даяарх бүх хүнийг Есүс Христийн тухай олж мэдээсэй хэмээн хүсдэг тухай гэрчлэлээ хуваалц. Бид бусад хүнд Есүсийн талаар заахад хэрхэн туслах вэ? Есүс Христийн талаар танд заадаг тэдний хийдэг зүйлсийн талаар хүүхдүүдэд хэл. Хийж болох бусад зүйлийнхээ талаар бодоход нь тэдэнд тусал.

  • Сайн мэдээг хуваалцах тухай “Би яг одоо номлогч болохыг хүсч байна” (Хүүхдийн дууны ном, 90) гэх мэт дууг хамтдаа дуул. Бид Есүс Христийн тухай бусдад юу хэлж болох вэ? Зарим санааг Итгэлийн тунхгаас үзнэ үү.

Зефаниа 2:3

“Та нар Эзэнийг хайгтун.”

Зефаниа энэ хожмын өдрүүд шиг агуу ёс бус явдлын үед бид Их Эзэнийг хайх ёстой гэж заасан. Хүүхдүүдийг Түүнийг эрэлхийлэхэд хэрхэн урамшуулахаа тунгаан бод.

Боломжит үйл ажиллагаа

  • Есүсийн зургийг үзүүлээд, хүүхдүүдэд Зефаниа 2:3-ыг уншиж өг. Тэднийг гараа нүднийхээ харалдаа нүдний шил мэт байрлуулаад, таныг “хайх” гэдэг үгийг унших бүрд зургийг харахад урь. Бошиглогч Зефаниа хүмүүсийг Их Эзэнийг хайгаасай хэмээн хүссэн гэж тайлбарла. Бид Их Эзэнийг хэрхэн хайх вэ? Түүнийг хаанаас олох вэ?

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашигла эсвэл хүүхдүүдийг Их Эзэнийг эрэлхийлэхэд уриалсан өөр нэг тоглоомын талаар бод. Энэ сэдэвтэй холбоотой “Их Эзэнийг эрэлхийл” (Хүүхдийн дууны ном, 67) гэх мэт дууг тавь эсвэл хамтдаа дуул. Есүс Христийг амьдралдаа хэрхэн олж болох талаар энэ дуунд юу зааж байгааг ярилц.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Нахум 1:7

“Эзэн бол сайн. Зовлон шаналангийн өдөр Тэрээр бат бэхлэлт болдог.”

Бидний хүн нэг бүр өөр өөрсдийн “зовлон шаналангийн өдрүүд”-тэй нүүр тулдаг. Их Эзэнд хандаж, “Түүнд итгэж,” зовж шаналсан өдрүүддээ сүнслэг аюулгүй байдлыг олж авахад нь та хүүхдүүдэд хэрхэн туслах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдэд бэхлэлт эсвэл цайзын зураг үзүүл. Хүмүүст цайз хэрэгтэй байж болох зарим шалтгаан юу вэ? Бидний хувьд бэхлэлт, цайз мэт гэж бошиглогч Нахум юуны талаар хэлснийг олж мэдэх үүднээс Нахум 1:7-г уншихад хүүхдүүдийг урь. Аврагч биднийг юунаас хамгаалж чадах вэ?

  • Хүүхдүүдийг өөрсдийнхөө болон гэр бүлийнхээ зургийг бэхлэлт эсвэл цайз дотор зурахад урь. Тэднийг цайзын эргэн тойронд дэлхий дээрх зарим хилэнцэт нөлөөг дүрсэлсэн үгс бичихэд уриал. Тэднийг бэхлэлт дотор Есүс Христийг дүрсэлсэн үг бичихэд урь. Түүний хүч чадал, хамгаалалтыг авахын тулд биднээс юу хийхийг Тэр хүсдэг вэ? (Сургаал ба Гэрээ 35:24-ийг үзнэ үү).

    чулуун цайз

    “Эзэн бол сайн. Зовлон шаналангийн өдөр Тэрээр бат бэхлэлт болдог” (Нахум 1:7).

Хабаккук 3:17–19

Ажил төрөл бүтэхгүй байсан ч гэсэн би Есүс Христэд баярлаж чаддаг.

Хабаккук жимсээ өгөхгүй байгаа мод, усан үзмийн ороонго зэрэг тохиолдож болох зарим сорилтыг ард түмэндээ тайлбарласан. Дараа нь тэр эдгээр зүйл тохиолдсон ч гэсэн “Эзэний дотор би баясан хөөр[нө]” гэж хэлсэн.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг Хабаккук 3:17-г уншаад, энэ шүлэгт тайлбарласан сорилтыг тодорхойлоход урь. Иймэрхүү зүйл тохиолдвол хүнд ямар санагдаж болох вэ? Хүүхдүүдэд тохиолдож болох сорилтуудын талаар бодоход нь тусал. Дараа нь хамтдаа 18–19-р шүлгийг уншин, Хабаккук ийм зүйлүүд тохиолдсон ч гэсэн түүнд ямар санагдах байсан талаар юу гэж хэлснийг олж мэд.

  • Хүнд хэцүү үед ч Их Эзэнд баярлаж байсан хүмүүсийн бусад жишээг судруудаас олоход хүүхдүүдэд тусал. Тэд жишээнүүдийг Үйлс 16:19–25; Мозая 24:10–15-аас болон ерөнхийлөгч Дийтр Ф. Угдорфын “Ямар ч нөхцөл байдалд талархалтай байх нь” захиасаас (2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 90–93), ялангуяа “Нөхцөл байдалдаа талархалтай байх нь” хэсгээс олж болно. Энэ хүмүүс яагаад хэцүү үед баяр баясгалантай байж чаддаг байсан бэ? Бид хэрхэн тэдний үлгэр жишээг дагаж чадах вэ?

Зефаниа 3:14–20

Есүс Христийг дагадаг хүмүүс амар амгалан, баяр баясгаланг олох болно.

Зефаниа 3:14–20-д “Израилын хаан” буюу Есүс Христ Өөрийн хүмүүсийн дунд хаанчлах, “[бидний] уухайгаар баясах” баяр хөөртэй тэр өдрийг дүрсэлдэг (15, 17-р шүлэг).

Боломжит үйл ажиллагаа

  • Хамтдаа Зефаниа 3:14-ийг унш. Дараа нь хүүхэд бүрийг Зефаниа 3:15–20-оос нэг шүлэг сонгож судлаад, биднийг “баярлаж, баясахад” тус болох зүйлийг хайж олоход урь. Сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс.

  • Хүүхдүүдэд “баясан, бүх зүрхээрээ баярлахад” (Зефаниа 3:14) туслах Сүмийн дуулал эсвэл хүүхдийн дууг олоход тусал. Хамтдаа хэдэн дуу дуулж, хүүхдүүдийг Есүс Христийн сайн мэдээнээс олж авсан баяр хөөрийнхөө талаар ярихад урамшуулан дэмж.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдээс гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахыг хүсэж буй судрын эшлэлийг бичихийг хүс (эсвэл тэдэнд зориулж бичээрэй).

Заах арга барилаа сайжруулах

Сүнсийг танихад хүүхдүүдэд тусал. Хүүхдүүдийн Сүнсний нөлөөг мэдэрч магадгүй мөчүүдийг анзаарахыг хичээ. Ийм зүйл тохиолдвол эдгээр мэдрэмж Ариун Сүнснээс ирдэг гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал.