“11-р сарын 21–27. Иона; Мика: ‘Нигүүлслийг хайрлагч Тэрээр,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“11-р сарын 21–27. Иона; Мика,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
11-р сарын 21–27
Иона; Мика
“Нигүүлслийг хайрлагч Тэрээр”
Заадаг хүүхдүүдийг тань адислах чухал зарчмуудыг Иона, Мика номуудаас хай. Та эдгээр зарчмаас суралцахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болохоо тунгаан бодоорой. Энэхүү тоймд орсон санаанууд тусалж болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хүүхдүүдэд Ионагийн түүхийг эсвэл гэртээ сурч мэдсэн байж болох бусад үнэнийг санахад нь туслахын тулд хамтдаа “Бошиглогчийг дага” (Хүүхдийн дууны ном, 58–59) дууны 7-р бадаг гэх мэт дууг дуул.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Их Эзэнийг дуулгавартай дагахад Тэрээр намайг адисалдаг.
Их Эзэн Ионагаас Ниневегийн ард түмэнд номлохыг хүсэхэд Иона дуулгавартай байсангүй. Их Эзэнд дуулгавартай байвал биднийг адисалдаг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаа
-
Ионагийн түүхийн зургуудыг үзүүлээд, хүүхдүүдийг энэ түүхийн талаар мэддэг зүйлээ ярихад урь (Хуучин Гэрээний түүхүүд дэх “Бошиглогч Иона” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас эсвэл энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Дараахтай төстэй асуултуудыг тавь. Үүнд: Ионаг Их Эзэнд дуулгаваргүй байхад юу болсон бэ? (Иона 1:4–17-г үзнэ үү). Түүнийг дуулгавартай дагахад юу болсон бэ? (Иона 3:3–5-ыг үзнэ үү). Бид Түүнд дуулгавартай байх үед Их Эзэн биднийг адислах болно гэсэн гэрчлэлээ хуваалц.
-
Их Эзэнд дуулгавартай байх тухай “Дуулгавартай очно” (Хүүхдийн дууны ном, 71) гэх мэт дууг хамтдаа дуул. Иона анхнаасаа дуулгавартай байсан бол хэрхэн бүх зүйл хамгийн сайн байх байсан тухай ярилц. Бурханы өөрсдөөр нь хийлгэхийг хүсдэг зүйлсийн талаар бодож, дараа нь яаж хурдан дуулгавартай дагаж чадахаа жүжиглэн үзүүлэхэд хүүхдүүдэд тусал.
Сайн мэдээг хүн болгонд зориулсан.
Ионаг Их Эзэний захиасыг хуваалцах үед Ниневегийн хүмүүс наманчлав. Сайн мэдээг хуваалцах ямар ямар боломж хүүхдүүдэд байдаг вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Ниневе хот руу алхах, Их Эзэний захиасыг хуваалцах, хаан нь ард түмэндээ зарлиглах зэрэг Иона 3:3–8-ын хэсгүүдийг хүүхдүүдтэй хамт жүжиглэн үзүүл. Номлогчдын зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 109, 110-ыг үзнэ үү). Номлогчид юу хийдэг вэ? Иона ямархуу номлогч байсан бэ? Итгэлийн тунхгийг эсвэл Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцах гэх мэт сайн мэдээг бусадтай хуваалцах арга замуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал.
-
Та Есүс Христийн сайн мэдээг хуваалцаж байсан туршлагаа ярь. Эсвэл хичээл эхлэхээс хэд хоногийн өмнө хэн нэгнийг ангидаа зочлохыг урьж, тэр хүн хэн нэгэнд эсвэл хэн нэгэн тэр хүнд сайн мэдээг хэзээ хуваалцсаныг хүүхдүүдэд ярь. Боломжтой бол тухайн хүнийг зураг үзүүлэхэд уриал. Номлогч байж болох арга замуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал.
Есүс Христ Бетлехемд төрсөн.
Мика ирээдүйн “Израилын удирдагч” Бетлехемд төрнө гэдгийг бошигложээ. Есүс Христ мэндэлснээр энэ бошиглол биелснийг мэдэхэд нь та хүүхдүүдэд тусалж чадна.
Боломжит үйл ажиллагаа
-
Есүс Христийн төрөлттэй холбоотой үйл явдлын зургийг харуул (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 28, 29, 30, 31-ийг үзнэ үү). Зураг бүр дээр юу болж байгааг ярьж өгөхөд хүүхдүүдийг урь. Моронай 5:2-ыг уншаад, хүүхдүүдийг “Бет-лехем” гэдэг үгийг сонсох үедээ босож зогсоход урь. Есүс төрсөн нь маш чухал гэдгийг мөн Түүнийг төрөхөөс өмнө бошиглогчид энэ тухай мэдэж байсан гэдгийг гэрчил.
-
Хүүхдүүдийг Есүсийн төрөлтийн зургийг зурахад урь. Тэднийг зургаа харуулахад, яагаад тэд Есүс Христэд талархаж байгаагаа хуваалцахыг хүс.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Наманчлалд нүглээ хүлээх, өршөөл эрэх явдал орно.
Ионагийн жишээ хүүхдүүдийг нүгэл үйлдсэн үедээ Их Эзэнд хандах урам зориг өгч чадна.
Боломжит үйл ажиллагаа
-
Наманчлалын зарим үндсэн хэсгийг самбар дээр жагсаан бичихэд хүүхдүүдэд тусал (Судруудын удирдамж, “Наманчлах, наманчлал,” scriptures.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү). Ионагийн түүхийг хамтдаа эргэн харж, хүүхдүүдийг Ионагийн наманчилж байсан тухай баримтыг олж тогтооход урь (жишээлбэл, Иона 1:10–12; 2:1–4,9; 3:1–5-ыг үзнэ үү). Бид чин сэтгэлээсээ наманчилж байгаагаа Их Эзэнд хэрхэн харуулж болох вэ?
-
Наманчлалын тухай дуу дуул. Наманчлахад нь Ионад туслахын тулд дуунаас ямар үг, хэллэг хуваалцах байсныг хүүхдүүдээс асуу.
Иона 2:7–10; 3:10; 4:2; Мика 7:18–19
Их Эзэн Өөрт нь хандсан бүх хүнд нигүүлсэнгүй ханддаг.
Хүүхдүүд Их Эзэнийг нигүүлсэнгүй, сайхан сэтгэлтэй гэдгийг ойлгосноор тэд нигүүлсэл хэрэгтэй үед Түүнд хандана.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдийг нигүүлсэл хэмээх үгийн тодорхойлолтыг толь бичиг эсвэл Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org)-аас олоход урь. Яагаад Ионад нигүүлсэл хэрэгтэй байсан бэ? Яагаад Ниневегийн хүмүүст нигүүлсэл хэрэгтэй байсан бэ? (Иона 1:1–3-ыг үзнэ үү). Хүүхдүүдийг Ионатай ярилцаж байна гэж төсөөлөхийг хүс. Их Эзэн нигүүлсэнгүй гэдгийг харуулахын тулд Иона ямар нотолгоо өгч болох вэ? (жишээлбэл, Иона 2:7–10; 3:10; 4:2-ыг үзнэ үү). Их Эзэн биднийг хэрхэн нигүүлссэн бэ?
-
Их Эзэний адислал, хобби гэх мэт “баярладаг” зүйлсийнхээ жагсаалтыг самбар дээр гаргахыг хүүхдүүдээс хүс. Тэднийг Их Эзэний баярладаг нэг зүйлийг олж мэдэхийн тулд Мика 7:18–19-ийг уншихад урь. Наманчлахаас айдаг хүнд эдгээр шүлэгт байгаа ямар үнэн тус болох вэ?
-
Аврагч бусдад нигүүлсэл үзүүлсэн тухай Марк 2:3–12; Лук 23:33–34; Иона 8:1–11-д байх жишээнүүдийг бодоход хүүхдүүдэд тусал. Боломжтой бол эдгээр үйл явдлын зургийг үзүүл. Бусдад нигүүлсэнгүй, сайхан сэтгэлээр хандах боломжийн талаар бодоход хүүхдүүдэд тусал.
Их Эзэн намайг шударгаар үйлдэж, нигүүлслийг хайрлаж, Түүнтэй хамт даруухан алхаасай хэмээн хүсдэг.
Мика 6:8 нь зөв амьдрах загварыг өгдөг. Та хүүхдүүдэд энэ шүлэг дэх сургаалуудыг олж, түүгээр амьдрахад нь хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Мика 6:8-ыг хамт уншаад, “зөвийг үйлд,” “энэрлийг хайрла,” “Өөрийн Бурхантай даруухнаар алх” зэрэг хэллэг ямар утгатай болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал. Хүүхдүүдийг хэллэгийн аль нэгтэй холбоотой ямар нэгэн зүйл хийж байгаа зургаа зурахад урь.
-
Самбар дээр “Юуг Их Эзэн чамаас шаарддаг вэ?” гэж бич. Хариултыг Мика 6:8-аас олоход тэднийг урь. Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагах нь энэ шүлэгт Их Эзэний биднээс шаардсан зүйлийг биелүүлэхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангиараа ярилцаж байсан аль нэг судрын гол хэллэгийг хүүхэд бүрд зориулан цаасан дээр бич. Хүүхдүүдийг уг хэллэгийг цээжлэхийг хичээхэд мөн гэр бүлийн гишүүнээсээ энэ талаар санал бодлоо хуваалцахыг хүсэхэд урь.