Хуучин Гэрээ 2022
10-р сарын 31-ээс 11-р сарын 6. Даниел 1–6: “Ингэж аварч чадах өөр Бурхан байхгүй”


“10-р сарын 31-ээс 11-р сарын 6. Даниел 1–6: ‘Ингэж аварч чадах өөр Бурхан байхгүй,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“10-р сарын 31-ээс 11-р сарын 6. Даниел 1–6,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Даниел хааны зүүдийг тайлав

Даниел Небухаднезарын зүүдийг тайлсан нь, Грант Ромни Клаусон

10-р сарын 31-ээс 11-р сарын 6

Даниел 1–6

“Ингэж аварч чадах өөр Бурхан байхгүй”

Та Даниел 1–6-г уншиж байхдаа, хүүхдүүдэд олж мэдэхэд нь туслахын тулд сэтгэгдэл төрүүлсэн үнэнүүдийг бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Даниел 1–6 дээрх зургуудыг үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм эсвэл Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 23, 24, 25, 26-г үзнэ үү). Зургуудад байгаа үйл явдлын талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Тэднийг Даниел, түүний нөхөдтэй адил Аврагчийг дагахаар сонгосон цаг үеэ хуваалцахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Даниел 1:1–17

Тэнгэрлэг Эцэг надаас биеэ анхааран арчлахыг хүсдэг.

Даниел, түүний нөхөд Бурханы зарлигуудыг дагаж, бие махбоддоо хор хөнөөл учруулахаас зайлсхийхийг хүссэн тул хааны тэдэнд санал болгосон мах, дарснаас татгалзав. Өнөөдөр Мэргэн ухааны үг нь бие махбодод хор хөнөөл учруулах бодисуудаас зайлсхийхэд бидэнд тусалдаг.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдтэй хамт “Даниел ба түүний нөхөд” (Хуучин Гэрээний түүхүүд дээрх) хэсгийг хуваалц эсвэл Даниел 1:1–17-г нэгтгэн дүгнэ. Уг түүхийг жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдийг урь. Их Эзэн Даниел ба түүний нөхдийг Өөрт нь дуулгавартай байхыг сонгосных нь төлөө хэрхэн адисалсныг ойлгоход тэдэнд тусал (17-р шүлгийг үзнэ үү). Бид зөвийг сонгох үедээ Бурханаас ямар ямар адислал хүлээн авдаг вэ?

  • Мэргэн ухааны үгэн дэх идэж уун, хэрэглэж болно эсвэл болохгүй гэж бидэнд заадаг зүйлсийн зургийг хүүхдүүдэд үзүүл (Сургаал ба Гэрээ 89-ийг үзнэ үү). Хүүхдүүдийг сайн зүйл идэж буй дүр үзүүлэхэд мөн муу зүйлийг идэхгүй гэж хэлэхэд урь. Бие махбоддоо анхаарал тавих үед Их Эзэн биднийг адисалдаг гэдгийг гэрчил. Бие махбодоо арчлах тухай “Их Эзэн надад ариун сүм өгсөн” (Хүүхдийн дууны ном, 72) гэх мэт дууг хамтдаа дуул. Энэ дуу бидэнд юу зааж байна вэ?

Ширээний ард суугаад, хэн нэгний санал болгосон махыг идэхээс татгалзаж буй дөрвөн хүү

Даниел ба түүний нөхдийн хааны хоол унднаас татгалзаж буй зураг, Брайн Колл

Даниел 1; 3; 6

Есүс Христийг дагахаар сонгох үед Бурхан намайг адислах болно.

Хүнд хэцүү байсан ч гэсэн Бурханы зарлигуудыг дагахаар сонгосон хүмүүсийн түүхүүд Даниелын номд байдаг. Та эдгээр жишээнээс суралцахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Даниел 1, 3, 6 дээрх түүхүүдийн зургийг хайж ол (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм эсвэл Сайн мэдээний уран зургийн цуглуулга д. 23, 25, 26-г үзнэ үү). Зургуудыг самбар дээр эсвэл шалан дээр доош харуулан тавь. Хүүхдийг аль нэг зургийг эргүүлэн харахад уриад, үүн дээр дүрсэлсэн түүхийг ярихад тусал. (Тусламж авахын тулд “Даниел ба түүний нөхөд,” “Шадрах, Мешах, Абеднего нар,” Хуучин Гэрээний түүхүүд дэх “Даниел ба арслангийн үүр” зэргийг үзнэ үү.) Түүх болгоны дараа дараах асуултуудыг ярилц. Хүмүүс Их Эзэнийг дагахын тулд юу хийсэн бэ? Их Эзэн тэднийг хэрхэн адисалсан бэ? Та Есүс Христийг дагахыг сонгосноор хэрхэн адислагдсанаа хуваалц. Хүүхдүүдээс туршлагаа хуваалцахыг хүс.

  • Хүүхдүүдийг Бурханы зарлигуудыг даган, Түүнд итгэх итгэлээ харуулах нөхцөл байдлыг жүжиглэн үзүүлэхэд урь. Үүнд ах дүүдээ эелдэг хандах, хэн нэгэнд Аврагчийн тухай ярих эсвэл үдэш бүр залбирах зэрэг нь орно. Галт зуухан дахь Шадрах, Мешах, Абеднего нарын зургийг үзүүлж (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 25-ыг үзнэ үү), зууханд байгаа хүмүүсийг тоолохыг хүүхдүүдээс хүс. Зууханд өөр хэн байсныг олж мэдэхийн тулд Даниел 3:24–25-ыг унш. Их Эзэнийг дагаж байхад маань Тэрээр бидэнтэй хамт байдаг гэсэн гэрчлэлээ хуваалц.

Даниел 6

Тэнгэрлэг Эцэг намайг ямагт залбираасай хэмээн хүсдэг.

Даниел өдөр бүр Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч байхын тулд амь насаараа дэнчин тавихад ч бэлэн байв. Хүүхдүүдэд үүнтэй ижил залбирах хүслийг хөгжүүлэхэд нь та хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Даниел 6 дээрх түүхийг ярьж өгөөд (Хуучин Гэрээний түүхүүд дэх “Даниел ба арслангийн үүр”-ийг үзнэ үү), түүхийн зургийг зурахад хүүхдүүдийг урь. Уг түүхийг бие биедээ ярихын тулд зургуудаа ашиглахыг тэднээс хүс. Тэнгэрлэг Эцэг яагаад биднийг Өөрт нь хандан залбираасай хэмээн хүсдэг вэ? Залбирал яагаад танд чухал болохыг хуваалц.

  • Хүүхдүүд айж эмээх, алдаа гаргах, сургууль дээр нь тусламж хэрэгтэй болох зэрэг тэдний залбирч болох үеийн талаар тэдэнтэй ярилц. Эдгээр нөхцөлд залбирах нь яагаад сайн бэ? Хүүхдүүдэд хаана ч байсан хамаагүй, үргэлж зүрх сэтгэлдээ залбирч болно гэдгийг заа.

  • Залбирлын тухай “Бид толгойгоо бөхийн” (Хүүхдийн дууны ном, 18) гэх мэт дууг хамтдаа дуул. Бидний залбирч болох зүйлийн талаар хүүхдүүдтэй ярилц.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Даниел 1; 3; 6

Хэцүү үед ч би зөвийг хийж чадна.

Даниел 1, 3, 6 дээрх түүхүүд таны заадаг хүүхдүүдэд ганцаардаж байхдаа хүртэл зөвийг сонгох зориг, итгэлийг өгч чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Самбар дээр бүгд нэг зүг рүү чиглэсэн хэд хэдэн сум, дараа нь эсрэг зүг рүү чиглэсэн нэг сум зур. Даниел, түүний нөхөд энэ ганц сумтай хэр адил байна вэ? Хүүхдүүдийг Даниел 1, 3, 6 дээрх түүхүүдээс (“Даниел ба түүний нөхөд,” “Шадрах, Мешах, Абеднего нар” болон Хуучин Гэрээний түүхүүд дэх “Даниел ба арслангийн үүр”-ийг үзнэ үү) жишээ өгөхөд урь. Даниел ба түүний нөхдийн хувьд сайн сонголт хийхэд яагаад хэцүү байсан байх гэж бодож байгааг нь хүүхдүүдээс асуу. Зөвийг сонгосных нь төлөө Их Эзэн тэднийг хэрхэн адисалсан бэ?

  • Тэдний буруу сонголт хийхээс аргагүй байж болзошгүй нөхцөл байдлын талаар бодоход хүүхдүүдэд тусал. Хэцүү үед ч зөвийг сонгосноор адислагдсан туршлагуудаа хуваалцахад тэднийг урь. Энэ сэдэвтэй холбоотой “Choose the Right” зэрэг дууг хамтдаа дуул (Hymns, д.239).

Даниел 2

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээрх Бурханы хаант улс юм.

Даниел Небухаднезарын зүүдэн дэх сүнслэгээр өдөөгдсөн тайлбараа өгөх үедээ нэгэн чулуу “гар хүрэлгүйгээр уулнаас цавчигдахыг” (Даниел 2:45) харсан. Энэ чулуу нь дэлхийг дүүргэх хувь тавилантай Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг төлөөлдөг.

Боломжит үйл ажиллагаа

  • Даниел 2:31–35, 44–45-ыг хүүхдүүдтэй хамт уншаад, Небухаднезарын зүүдэндээ үзсэн зүйлийн зургийг зурахад урь. Зүүдэн дэх чулууны талаар эдгээр шүлгээс юу сурч мэдсэнийг хүүхдүүдээс асуу. Энэ чулуу нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг төлөөлж байгааг тайлбарла. Хожмын өдрүүдэд Сүмээ байгуулахын тулд Тэнгэрлэг Эцэгийн хийсэн зарим зүйлийг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Тэдэнд санаа өгөхийн тулд Сүмийн Сэргээлтийн үйл явдлуудын зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 90–95-ыг үзнэ үү).

  • Небухаднезарын зүүдэнд байгаа чулууг дүрслэхийн тулд хүүхэд бүрд үрчийсэн цаас өг. Хүүхэд бүрээс Сүмийг Бурхан сэргээсэн гэдгийг хэрхэн мэддэгээ хуваалцахыг хүс. Хүүхдүүдийг хуваалцаж байхдаа “чулуугаа” танд өгөхөд урь. Чулууг тууз эсвэл утсаар нийлүүлэн боож, том чулуу болго. Бид гэрчлэлээ хүчирхэгжүүлж, сайн мэдээг бусадтай хуваалцахад Бурханы хаант улсад туслах итгэлээ нэгтгэж, “бүх дэлхийг [дүүргэдэг]” гэдгийг гэрчил (Даниел 2:35).

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Энэ долоо хоногт хүүхдүүдийг Есүс Христэд итгэдэг гэдгээ харуулсан зүйлийг хийхэд урь.

Заах арга барилаа сайжруулах

Сүнсийг танихад хүүхдүүдэд тусал. Та хүүхдүүдтэйгээ хамт сүнслэг туршлагатай болохын хэрээр Ариун Сүнсний нөлөөг танихад нь тэдэнд тусал.