“10-р сарын 24–30. Езекиел 1–3; 33–34; 36–37; 47: ‘Би та нарын дотор шинэ сүнсийг оруулна,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“10-р сарын 24–30. Езекиел 1–3; 33–34; 36–37; 47,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
10-р сарын 24–30
Езекиел 1–3; 33–34; 36–37; 47
“Би та нарын дотор шинэ сүнсийг оруулна”
Танд Езекиел доторх бүх зарчмыг заах цаг гарахгүй. Юунд анхаарлаа төвлөрүүлэх талаар сүнслэг удирдамж эрэлхийлж, хүүхдүүдийг гэртээ үргэлжлүүлэн сурахад урамшуулан дэмж.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Цөөн хүүхдээр судраас саяхан сурсан зүйлийнх нь зургийг ээлжлэн зуруул. Бусад хүүхэд нь хүүхэд тус бүр юу зурж байгааг таах боломжтой.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Бошиглогчид бидэнд аюулыг сэрэмжлүүлдэг харуултай адил юм.
Езекиел харуултай адил байсан бөгөөд израилчуудыг харж чадахгүй аюулаас нь сэрэмжлүүлдэг байв. Өнөө үеийн бошиглогчид маань хэрхэн харуулуудтай адил байгааг харахад хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаа
-
Езекиел 3:17-д Их Эзэн Езекиелд юу гэж хэлснийг хүүхдүүдэд уншиж өг. Таныг “харуул,” “сонс,” “ам” гэсэн үгсийг уншихад тэднийг нүд, чих, ам руугаа заах гэх мэт үгсэд тохирох үйлдэл хийхэд урь.
-
Өрөөн дотроо хүүхдүүдийг явган аялж алхахад удирд. Замд таарах гол дээгүүр үсрэх, мөчир доогуур гарах, амьтнаас зайлсхийх гэх мэт аюулуудыг дүрслэн үзүүлж, тэдэнд анхааруул. Бусад хүүхдийг ээлжлэн удирдагч болгоорой. Бошиглогч маань биднийг харж чадахгүй аюулаас хэрхэн сэрэмжлүүлдэг тухай ярьж өг.
-
“Бошиглогчийг дага” (Хүүхдийн дууны ном, 58–59) гэх мэт бошиглогчдын тухай дууны сүүлийн бадгийг хамт дуулж байхдаа та одоогийн бошиглогчийн зургийг харуул. Таны хувьд бошиглогч хэрхэн харуултай адил байдгийг хүүхдүүдэд хэл.
Судрууд Есүс Христийн тухай надад заадаг.
Езекиел Израилын угсааг нэг болдог хоёр саваатай зүйрлэв. Түүнчлэн эдгээр саваа нь Христийн тухай хамтран гэрчилдэг Библи, Мормоны Ном хоёрыг бэлгэддэг.
Боломжит үйл ажиллагаа
-
Зарим хүүхдэд Мормоны Ном, заримд нь Библи өг. Их Эзэн Езекиелд Библи, Мормоны Ном хоёрыг төлөөлсөн хоёр саваан дээр бич гэж хэлснийг тайлбарлан, Езекиел 37:15–19-ийг нэгтгэн дүгнэ. 17-р шүлгийг уншаад, хүүхэд бүрийг өөрийнхөөс нь өөр судрын номтой хэн нэгнийг олж, “[тэд гартаа] нэг болгох”-ын тулд хамтдаа “тэдгээрийг нэгтгэхэд” урь. Библи, Мормоны Ном хоёулаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ бэхжүүлэхэд бидэнд хэрхэн тусалдаг талаар ярилц.
-
Сайн мэдээний уран зургийн цуглуулга эсвэл өнгөрсөн жилүүдийн Ирээд, Намайг дага гарын авлагын зургийг ашиглан хүүхдүүдэд Библи, Мормоны Ном хоёроос Есүсийн тухай түүхийг хуваалцахад тусал. Судрын эдгээр хоёр номтой болсондоо талархаж байгаа шалтгаанаа хуваалцахыг тэднээс хүс.
Ариун сүмээс агуу адислалууд ирдэг.
Ариун сүмээс урсаж буй эдгээгч голын тухай Езекиелийн үзэгдэл нь ариун сүмүүд бидний амьдралд адислал авчирдаг гэдгийг мэдэхэд нь хүүхдүүдэд тусалдаг.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдэд аягатай ус үзүүл. Ус биднийг хэрхэн адисалдаг вэ? Ариун сүмээс урсан гарч буй усны талаарх Езекиелийн үзэгдлийн тухай хүүхдүүдэд хэл (Езекиел 47:1–12-ыг үзнэ үү). Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх зургийг харуул. Езекиелийн үзэгдэл дэх ариун сүмээс урсдаг голтой адил хүлээн авдаг адислалуудынхаа талаар хүүхдүүдэд ярьж өг.
-
Хүүхдүүдийг өөрсдийгөө ариун сүм рүү явж байгаагаар зурахад урь. Ариун сүмийн адислалуудыг дүрсэлсэн “Гэр бүл үүрд хамт байж болно” (Хүүхдийн дууны ном, 98) гэх мэт дууг хамт дуул. Ариун сүмүүд биднийг хэрхэн адисалдаг талаар энэ дуу юу заадаг вэ?
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Есүс Христ зүрх сэтгэлээ өөрчлөхөд надад тусалж чадна.
Езекиел Аврагчийн бидний амьдралд авчирдаг нэг төрлийн өөрчлөлтийн талаар заахдаа “шинэ зүрх,” “шинэ сүнс” гэх мэт хэллэгүүдийг ашигласан.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдээс израилчуудыг тодорхойлсон үгсийг Езекиел 2:3–4; 3:7-оос хайж олохыг хүс. Дараа нь тэднийг Езекиел 36:26–27-г уншин, өөрчлөгдөхөд нь Аврагч тэдэнд хэрхэн туслахаар санал болгосныг судлахад урь. Түүний бидэнд өгсөн “шинэ зүрх,” “шинэ сүнс”-ийг ямар үгсээр дүрсэлж болох вэ? (жишээлбэл, Мозая 3:19; 5:2-ыг үзнэ үү).
-
Хүүхдүүдээс “зөрүүд, гөжүүд” эсвэл “хатуу сэтгэлтэй” хүмүүсийн үйлдэж магадгүй зүйлсийн талаар (Езекиел 2:4; 3:7) бодохыг хүс. Жишээлбэл, тэд эцэг эхийнхээ эсвэл бошиглогчийн өгсөн зөвлөгөөнд ямар хариу үйлдэл үзүүлж болох вэ? Тэд тусламж хэрэгтэй байгаа нэгнийг хараад, юу хийж болох вэ? Аврагч бидний зүрх сэтгэлийг зөөлрүүлсэн үед бид хэрхэн өөрөөр үйлдэх вэ?
Библи, Мормоны Ном хоёр биднийг Есүс Христэд “цугларахад” тусалдаг.
Езекиелийн “Иудагийн саваа” (Библи), “Иосефын саваа” (Мормоны Ном) хоёр нь Израилыг Аврагч руу цуглуулахаар хамтран ажилладаг (Езекиел 37:19-ийг үзнэ үү).
Боломжит үйл ажиллагаа
-
Библи, Мормоны Ном хоёрыг дээш барьж, яагаад ийм хоёр номтой байх нь таатай санагдаж байгааг хүүхдүүдээс асуу. Тэдэнд Езекиел 37:19-ийг уншиж өгөөд, “Иосефын саваа” нь Египетийн Иосефын удмынхны бичсэн Мормоны Номыг, харин “Иудагийн саваа” нь ихэвчлэн иудейчүүдийн бичсэн Библийг илэрхийлж буйг тайлбарла. Дараа нь хамтдаа 21–23-р шүлэг, 2 Нифай 3:12-ыг уншаад, энэ хоёр номтой болсноор ирэх адислалуудыг жагсаа.
-
Өрөөний голд Есүсийн зургийг байрлуулж, хүүхдүүдийг өрөөнийхөө хана дагуу янз бүрийн газарт сандлаа зөөхөд урь. Дараа нь тэднээс Библи, Мормоны Ном хоёроос Есүс Христийн талаар заадаг судруудыг олохын тулд (шаардлагатай бол тэдэнд үүнийг хэрхэн хийхийг үзүүл) Судруудын удирдамжийг ашиглахыг хүс. Хүүхэд бүрийг судраа хуваалцсаны дараа, бүх хүүхдийг сандлаа Есүсийн зураг руу ойртуулахад урь. Бүгд Түүн рүү буцаад “цугларах” хүртэл ийнхүү үргэлжлүүл.
Ариун сүмийн адислал бидний зүрх сэтгэл, гэр бүлүүдийг эдгээж чадна.
Езекиелийн үзэгдэл дэх ариун сүмээс урсаж байсан ус хүрсэн бүхэндээ амьдрал авчирсан. Үүнтэй адил ариун сүмээс урсах адислалууд биднийг сүнслэгээр эдгээж, мөнх амьдралыг бидэнд авчрах болно.
Боломжит үйл ажиллагаа
-
Самбар дээр Езекиел 47:1–12-той холбоотой ариун сүм, гол, цөл, Сөнөсөн тэнгис, асар их загас, үр жимстэй мод гэх мэт түлхүүр үг, хэллэгийг жагсаан бич. Хүүхэд бүрийг эдгээр зүйлээс аль нэгийг сонгон зурахад урь. Дараа нь шүлгүүдийг хамт уншаад, сонгосон зүйл нь дурдагдах бүрд зурсан зургаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Энэ үзэгдэлд голоос ямар ямар адислал ирсэн бэ? (8–9, 12-р шүлгүүдийг үзнэ үү). Эдгээр адислал нь ариун сүмийн гэрээг сахидаг хүмүүст Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёроос санал болгодог адислалтай хэр адил болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал.
-
Ахлагч Дэйл Г.Рэнланд “Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил: Лацдан холболт ба эдгээлт” үгэндээ Езекиелийн үзэгдлийн талаар заасныг хамт унш (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 59–64). Танд гэр бүлийн түүхийн ажил мөн ариун сүм Аврагчийн эдгээлтийг хэрхэн авчирсан талаар хүүхдүүдэд хэл. Хүүхдүүдийг ариун сүмийн талаарх сэтгэгдлээ хуваалцахад урь.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдээс өнөөдөр сурч мэдсэн нэг зүйлээ мөн илүү ихийг мэдэхийг хүсэж буй нэг зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урь.