“10-р сарын 3–9. Исаиа 58–66: ‘Гэтэлгэгч Сион руу ирнэ,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“10-р сарын 3–9. Исаиа 58–66,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
10-р сарын 3–9
Исаиа 58–66
“Гэтэлгэгч Сион руу ирнэ”
Энэхүү тойм дахь үйл ажиллагааны санаанууд таны бүтээлч сэтгэлгээнд урам зориг өгөх зорилготой юм. Тэдгээрийг ягштал дагаж мөрдөх үүрэгтэй гэж бүү бод, хичээлийнхээ өмнө болон үеэр Сүнсний өдөөлтийг дага.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Исаиагийн үгсийн олон нь Аврагчийн талаар гэрчилж, заадаг. Есүс Христийн зургийг үзүүлээд, энэ долоо хоногт Түүний талаар сурч мэдсэн зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Хүндэтгэлийн өдөр надад баясгалант байж чадна.
Хүндэтгэлийн өдөр бол бидний хувьд Их Эзэнийг дурсан санаж, долоо хоног тутмын ажлаасаа амрах цаг юм. Та заадаг хүүхдүүддээ Хүндэтгэлийн өдрийг баясгалант болгоход хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
“Хүндэтгэлийн өдрийг баясгалант, Эзэний ариун өдөр гэж нэрлэ” гэсэн хэллэгийг (Исаиа 58:13) хэд хэдэн удаа давтан хэлэхийг хүүхдүүдээс хүс. “Баясгалант” гэдэг нь бидэнд баяр баясгалан авчрах зүйлийг хэлдэг гэдгийг тайлбарла. Хүүхдүүдийг өөрсдөд нь баяр баясгалан авчирдаг зүйлсээ хуваалцахыг хүс. Их Эзэн биднийг баяр хөөртэй байгаасай хэмээн хүсдэг учраас бидэнд Хүндэтгэлийн өдрийг өгсөн гэдгийг гэрчил. Хүндэтгэлийн өдөр танд яагаад баясгалант болохыг хүүхдүүдэд хэл.
-
Хүүхдүүдэд Исаиа 58:14-өөс “Чи Эзэний дотор баяр хөөрийг авна” гэдгийг уншиж өг. Хүндэтгэлийн өдөр бол онцгой өдөр бөгөөд биднийг аз жаргалтай байхад туслахын тулд Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрын хийсэн зүйлийн талаар бодож болох үе гэдгийг хүүхдүүдэд тайлбарлаж өг. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дурсан санахын тулд Хүндэтгэлийн өдөр хийж болох зүйлсийн талаар бодоход хүүхдүүдэд тусал. Тэднийг санаагаа зурж, зургаа нэг нэгэнтэйгээ болон гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урь.
Би бусдыг Аврагчийн гэрлээр гэрэлтүүлж чадна.
Эцсийн өдрүүдэд Их Эзэний хүмүүс харанхуйд буй хүмүүст гэрэл нь болно гэж Исаиа бошигложээ. Та хүүхдүүдэд “босож,” “гэрэлтэхэд” нь хэрхэн тусалж чадахаа бодож үзээрэй.
Боломжит үйл ажиллагаа
-
Та хүүхдүүдийг Исаиа 60:1–3-ыг унших үед нүдээ анихад урь. Тэднээс “гэрэл” гэсэн үгийг сонсмогц нүдээ нээгээд, “харанхуй” гэсэн үгийг сонсмогц нүдээ анихыг хүс. Есүс Христ ба Түүний сайн мэдээ нь Тэнгэрлэг Эцэг рүү буцах замаа олж харахад бидэнд тусалдаг гэрэлтэй адил болохыг тайлбарла.
-
Хүүхэд бүрд гэрлийн зураг (нар, лаа, чийдэнгийн шил гэх мэт) өг. Аврагчийн гэрлийг бусадтай хуваалцах арга замын талаар бодоход нь тэдэнд тусал. Санаа тус бүрийг хуваалцах үед тэднийг “босож,” зургаа өргөн, гэрлээрээ “гэрэлтүүлэхэд” урь. Аврагчийн гэрлийг тэдэнтэй хуваалцаж байхыг харсан арга замуудын талаар хүүхдүүдэд хэл.
-
Гэрлийг хуваалцах тухай “Үргэлж гэрэлт” (Хүүхдийн дууны ном, 96) гэх мэт дууг хамтдаа дуул. Исаиа 60:1–3-аас сурч мэдсэн зүйлийг нь бататгасан үгсийг уг дуунаас анзаарахад нь хүүхдүүдэд тусал.
Есүс Христ бол миний Аврагч мөн Гэтэлгэгч.
Исаиа 61:1–3-т Аврагчийн заах, эдгээх номлолын талаар хүчирхэгээр дүрсэлдэг. Есүс Христ тэдэнд хэрхэн биечлэн зааж мөн эдгээж болох тухай ойлгоход нь хүүхдүүдэд туслах арга замыг эрэлхийл.
Боломжит үйл ажиллагаа
-
Та Исаиа 61:1-ийг унших явцдаа, бусдыг сургаж, эдгээж, тэдэнд тусалж буй Есүсийн зургийг хүүхдүүдэд бариул (Сайн мэдээний уран зургийн цуглуулгыг үзнэ үү). Бурхан бид бүгдийн төлөө эдгээрийг гүйцэтгүүлэхээр Есүс Христийг илгээсэн гэдгийг тайлбарла. Хүүхдүүдээс Есүс Христийн талаар сэтгэгдлээ хуваалцахыг хүс. Аврагч хүүхэд бүрд хайртай гэдгийг гэрчил.
-
Исаиа 61:3-т Их Эзэнийг сонсож, дуулгавартай дагадаг хүмүүсийг “зөвт байдлын царснууд” гэж тодорхойлдог. Самбар дээр мод зурж, хүүхдүүдийг өөрсдийн хийж чадах зөв зүйлсийн талаар бодоход урь. Санаануудыг дурдах тоолонд тэднээр модонд нэг навч зуруул.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Мацаг барих нь намайг болон тусламж хэрэгтэй бусад хүнийг адисалдаг.
Таны заадаг хүүхдүүдийн зарим нь мацаг барих насанд хүрсэн байж магадгүй юм. Гэхдээ боломжгүй хүмүүс ч гэсэн Их Эзэний мацаг барих тухай хуулийн талаар сурч мэдэж, дагахад бэлэн болсон үедээ мацаг барихаар бэлдэх нь ашиг тустай.
Боломжит үйл ажиллагаа
-
Самбар дээр Яагаад бид мацаг барьдаг вэ?, Бид яаж мацаг барих вэ? гэж бич. Боломжит хариултуудыг самбарт бичихэд хүүхдүүдийг урь. Нэмэлт хариулт олохын тулд тэднийг Судрын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org) дахь “Мацаг, мацаг барих”, Исаиа 58:6–11-ийг эргэн харахад урамшуул. Мацаг барихад хэцүү байх үед Исаиа 58:6–11 бидэнд хэрхэн тусалж болох вэ?
-
Мацаг барихтай холбоотой хувийн туршлагаа хүүхдүүдтэй хуваалц эсвэл мацаг барьсан тухай түүхийг Сүмийн сэтгүүл дээрээс хуваалц. Сүнслэг зорилгоор мацаг барьснаар ирдэг адислалуудыг онцол. Хэрэв хүүхдүүдийн хэн нэгэн нь мацаг барьсан бол тэднийг туршлагаасаа хуваалцахад урь. Мацаг барих гэдэг нь юу гэсэн утгатайг ирэх мацгийн ням гарагт эцэг эхтэйгээ ярилцахад хүүхдүүдийг урамшуулан дэмж. Чин сэтгэлийн зорилго, залбирал бүхий зүрх сэтгэлээр мацаг барих гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход тэдэнд тусал.
-
Исаиа 58:6–7-г хамтдаа уншаад, мацаг барих үедээ “өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваах” нэг арга зам бол хоолонд зарцуулж болох мөнгөө мацгийн өргөл болгон хандивлах явдал гэдгийг тайлбарла. Аравны нэг ба мацгийн өргөлийн маягтыг хүүхдүүдэд үзүүлээд, үүнийг хэрхэн бөглөхийг тайлбарла. Хүүхдүүдийг Исаиа 58:8–10-ыг уншаад, мацаг барих үед бидэнд амласан адислалуудыг хайж олоход урь. Мацаг барих нь биднийг болон тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг хэрхэн адисалж чадах вэ?
Есүс Христ бол миний Аврагч мөн Гэтэлгэгч.
Хүүхдүүдийн Есүс Христ бол Аврагч, Гэтэлгэгч гэсэн гэрчлэлийг бататгахын тулд та Исаиагийн үгсийг хэрхэн хамгийн сайн ашиглаж болох талаар тунгаан бод.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдэд Исаиа 61:1–3-ыг дор бүрдээ унших хэдэн минут өг. Дараа нь тэднийг эдгээр шүлэг Есүс Христийн талаар тэдэнд юу зааж байгааг цаасан дээр эсвэл суралцах дэвтэрт бичихэд урь. Цөөн хүүхдийг бодол санаагаа хуваалцахад урь.
-
Хүүхдүүдийг эдгээр шүлгээс өөрт нь онцгой утга учиртай хэллэгийг хуваалцаж, яагаад гэдгийг нь тайлбарлахад урь. Есүс Христийг дэлхий дээр юу хийхээр илгээгдсэнийг ойлгоход эдгээр шүлэг бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Мянган жил бол амар амгалан, баяр хөөртэй цаг үе байх болно.
Бурханы хүмүүсийн амар амгалан, баяр хөөртэй байх цаг үеийг Исаиа харсан. Есүс Христийг дэлхий дээр эргэн ирж, Мянган жил хэмээх эрин үе буюу мянган жилийн турш хаанчлах үед энэ бошиглол биелнэ.
Боломжит үйл ажиллагаа
-
Исаиа 65:17–25-д Аврагчийг дахин ирэхэд дэлхий ямар байхыг дүрсэлдэг. Хүүхдүүдийг жижиг бүлгүүдэд хувааж, бүлэг бүрд уншуулахаар эдгээр шүлгээс цөөн хэдийг өг. Хэдэн минутын дараа, эдгээр шүлэгт дүрсэлсэн “шинэ газар” дээрх амьдрал хэрхэн өөр байх талаар самбар дээр хамтдаа жагсаалт гарга (17-р шүлэг). Яагаад энэ нь “үүрд баярлан баясах” (18-р шүлэг) цаг үе байх вэ?
-
Хичээл эхлэхээс өмнө итгэлийн аравдугаар тунхгийн үг, хэллэгийг бичсэн жижиг цааснууд бэлтгэ. Нэг хүүхдийг итгэлийн тунхгийг цээжээр уншихад урьж, хүүхдүүдээс цааснуудыг дарааллаар нь байрлуулахыг хүс. Итгэлийн энэ тунхаг бидэнд Мянган жилийн тухай юу зааж байгааг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Өнөөдөр Аврагчийн талаар сурч мэдсэн ямар нэг зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Энэ долоо хоногт гэр бүлийнхэнтэйгээ хамт судруудыг уншихад тэднийг урамшуулан дэмж.