Хуучин Гэрээ 2022
10-р сарын 10–16. Иеремиа 1–3; 7; 16–18; 20: “Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан”


“10-р сарын 10–16. Иеремиа 1–3; 7; 16–18; 20: ‘Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“10-р сарын 10–16. Иеремиа 1–3; 7; 16–18; 20,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

бошиглогч хүмүүстэй ярьж байгаа нь

Иеремиа, Волтэр Рэйн

10-р сарын 10–16

Иеремиа 1–3; 7; 16–18; 20

“Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан”

“Сайн мэдээний багш бүрийн зорилго нь Бурханы хүүхдүүдэд Аврагчид итгэх итгэлээ хөгжүүлэн, Түүнтэй илүү адил болоход туслахын тулд сайн мэдээний цэвэр сургаалыг Сүнсээр заах явдал юм” (Аврагчийн арга барилаар заах нь, нүүр хуудас).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Энэ долоо хоногт Иеремиаг судлаад, бошиглогч, амийн ус, цугларалт, шавар гэх мэт цөөн хэдэн түлхүүр үгийг цаасан дээр бич. Цаасаа саванд хийж, хүүхдүүдийг нэг нэг цаас сонгон аваад, үүний талаарх ямар нэг санаа бодлоо хуваалцахад урь. Тухайн үг Иеремиагийн заасан зүйлтэй хэрхэн холбоотой болохыг олж мэдэхэд нь тэдэнд тусал.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Иеремиа 1:5

Тэнгэрлэг Эцэг намайг төрөхөөс минь өмнө мэддэг байсан.

Учир нь бид дэлхий дээр ирэхээсээ өмнө Бурхантай хамт амьдарч байсан. Бид Түүнийг санахгүй ч гэсэн Тэр биднийг мэддэг. Та заадаг хүүхдүүддээ энэ чухал үнэнийг ойлгоход нь хэрхэн туслах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдэд Иеремиа 1:5-ыг уншиж өгөн, Бурхан бошиглогч Иеремиаг төрөхөөс нь өмнө мэддэг байсан гэдгийг тайлбарла. Хүүхэд тус бүрд Тэнгэрлэг Эцэг ч бас түүнийг төрөхөөс нь өмнө мэддэг байсан бөгөөд бидний хүн нэг бүрийг энд зорилготой илгээсэн гэдгийг хэл.

  • Хүүхдүүдэд нялх хүүхдийн зураг үзүүлээд, түүнийг төрөхөөсөө өмнө хаана амьдарч байсныг мэдэх эсэхийг асуу. Бурхантай хамт байсан бидний мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай заадаг “Би Бурханы хүүхэд” эсвэл “Би тэнгэрт амьдардаг байсан” (Хүүхдийн дууны ном, 2–3, 140) гэх мэт дууг хамтдаа дуул. Дуунаас төрдөг сүнслэг мэдрэмжийн талаар ярилц. Бид бүгд нэгэн цагт Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдарч байсан ба Тэр биднийг энэ дэлхий рүү илгээсэн гэдгийг гэрчил.

Иеремиа 1:7

Бошиглогчид Их Эзэний үгийг ярихаар дуудагддаг.

Иеремиагийн дуудлага Их Эзэн бошиглогчдоос юу хийхийг хүсдэгийг харуулдаг. Та өөрийн заадаг хүүхдүүдэд амьд бошиглогчийг дагах хүслээ хүчирхэгжүүлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдэд амьд бошиглогчийн зураг үзүүлээд, түүний талаар мэддэг зүйлсээ хуваалцахад тэднийг урь. Бошиглогчид юу хийдэг вэ? Их Эзэн өөр нэг бошиглогч болох Иеремиад юу хэлсэн талаар Иеремиа 1:7-оос хүүхдүүдэд уншиж өг. Таныг “чамайг илгээх газар бүрд минь чи явах болно” гэж уншихад дороо алхаж, “Чамд тушаах бүхнийг минь чи ярих болно” гэж уншихад ярьж буй дүр эсгэхэд хүүхдүүдийг урь. Бошиглогчид Их Эзэний зарлигласныг үйлдэж мөн хэлдэг гэдэг гэрчлэлээ хуваалц.

  • Судраас бошиглогчдын зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, Сүмийн сэтгүүлүүд болон Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг үзнэ үү). Эдгээр бошиглогчийн талаар мэддэг зүйлээ танд хэлэх боломжийг хүүхдүүдэд өг. Бошиглогч бүрийн Бурханы ажилд туслах зорилгоор хийсэн зүйлийн талаар хүүхдүүдэд товч хэлж өг. Бошиглогчид Их Эзэний үгийг ярьж, Түүний хүмүүст үйлчлэхийн тулд Бурханаас дуудагдсан гэдгийг гэрчил.

Иеремиа 16:16

Би Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг Түүн рүү эргэн очиход тусалж чадна.

Иеремиа 16:16-аас эш татаж, ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон “Манай номлогчид тараагдсан Израилын хүмүүсийг хайж; ‘хадны ан цаваас’ тэднийг агнаж; тэд эртний өдрүүдийн адил тэднийг загасчилсаар ирсэн” гэжээ (“The Gathering of Scattered Israel,” Liahona, Nov. 2006, 81).

Боломжит үйл ажиллагаа

  • Та Иеремиа 16:16-г уншиж байхдаа, загасчилж байгаа эсвэл ан агнаж буй дүр үзүүлэхэд хүүхдүүдийг урь. Энэ шүлэгт загасчид ба анчдаар номлогчдыг төлөөлүүлдэг гэдгийг тайлбарла. Хүүхдүүдийг номлогчийн дүр үзүүлэхэд урь. Номлогчид юу хийдэг вэ? Бид тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан ижилсүүлэх тоглоом бүтээ. Хүүхэд ижил зургуудыг олох үед тэр зураг нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг Түүн рүү эргэж очиход нь туслахын тулд бидний хийж болох зүйлийн талаар юу харуулж буйг ярь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Иеремиа 1:4–19

Бошиглогчид Их Эзэний үгийг ярихаар дуудагддаг.

Та хүүхдүүдэд Бурханы хаант улсад бошиглогчдын гүйцэтгэх үүрэг оролцоонд итгэх итгэл, ойлголтоо бэхжүүлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • 5, 7, 10, 19-р шүлэг гэх мэт бошиглогчдын талаар чухал үнэнийг заадаг цөөн гол шүлгийг Иеремиа 1-ээс сонго. Хүүхэд бүрийг нэг шүлэг сонгон уншиж, шүлгээс бошиглогчдын талаар олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Цөөн хүүхдийг бошиглогчийг дагах талаар гэрчлэлээ хуваалцахад урь.

  • Амьд бошиглогчийн зургийг үзүүлээд, бошиглогчдын тухай дууг хамтдаа дуул. Амьд бошиглогчийн биднээс хийхийг хүссэн зүйлсийн жагсаалтыг гаргахад хүүхдүүдэд тусал. Саяхны чуулган дээрх бошиглогчийн захиасыг сонгоод, уг захиаст буй зөвлөгөөг олоход хүүхдүүдэд тусал. Бид бошиглогчийг хэрхэн дагаж байна вэ? Бошиглогчдын өгсөн зөвлөгөө бидэнд Тэнгэрлэг Эцэгийг болон Есүс Христийг дагахад хэрхэн тусалдаг тухай ярилц.

  • Яагаад амьд бошиглогчтой байх нь адислал болдгийг найздаа хэрхэн тайлбарлаж өгөх талаар хүүхдүүдээс асуу (Итгэлийн тунхаг 1:6, 9-ийг үзнэ үү). Хүүхдүүдийг амьд бошиглогчийн талаарх сэтгэгдлээ хуваалцахад урь.

Иеремиа 16:14–15

Би Израилын цугларалтын нэг хэсэг болж чадна.

Иеремиа 16:14–15 дээрх Израилын цугларалтын тухай захиас нь номлолын болон гэр бүлийн түүхийн ажлын талаар хүүхдүүдтэй ярилцах сайхан боломжийг бий болгож чадна. Энэ бол бидний “Бурханы гэрчлэгч болох” нэг арга зам юм (Мозая 18:9).

Боломжит үйл ажиллагаа

  • Хамтдаа Иеремиа 16:14-ийг уншаад, хэрхэн “Эзэн Израилын хөвгүүдийг Египетийн нутгаас гаргасан” тухай санаж буй зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс (Гэтлэл 14-ийг үзнэ үү). Иеремиагийн хэлсэн ямар үйл явдал үүнээс ч илүү дурсамжтай болохыг олж мэдэхийн тулд Иеремиа 16:15-ыг уншихад тэднийг урь. Израил дэлхий даяар тараагдсан боловч Бурхан тэднийг Өөртөө болон Сүмдээ буцааж цуглуулахаар амласан гэдгийг тайлбарла. Үүнийг Израилын цугларалт гэж нэрлэдэг. Энэ нь хүмүүсийг боолчлолоос чөлөөлөхтэй хэр төстэй вэ?

  • Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг хуваалц. “Ямар ч үед хөшигний аль ч талд байх хэн нэгэнд туслах ямар нэгэн ажлыг хийхэд буюу Бурхантай гэрээнүүдийг байгуулж, баптисмын болон ариун сүмийн нэн чухал ёслолуудыг хүлээн авахаар нэг алхам хийхдээ та нар Израилыг цуглуулахад тусалж байгаа хэрэг юм” (Рассэлл М. Нэлсон, Вэнди В. Нэлсон, “Израилын найдвар” [Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 8-р сарын 3], New Era, Ensign сэтгүүлүүдийн хавсралт, 2018 оны 8-р сарын 15, ChurchofJesusChrist.org). Бид Израилыг цугларахад хэрхэн тусалж чадах вэ?

  • Номлогчийн ажилд дуудаасай” эсвэл “Үйлчлэхээр дуудагдлаа” (Хүүхдийн дууны ном, 91, 96) зэрэг номлолын ажлын тухай дууг хамтдаа дуул. Хэн нэгэн хүн яагаад номлолд үйлчлэхийг сонгодог тухай дуу эсвэл видео бичлэгээс сурч мэдсэн зүйлийг нь хүүхдүүдээс асуу.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудасны хуулбарыг гэртээ авч яван, гэр бүлийнхэнтэйгээ ижилсүүлэх тоглоом тоглоход урь. Номлогчийн ажил тэднийг хэрхэн адисалсан талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцахад урамшуулан дэмж.

Заах арга барилаа сайжруулах

Сүнсийг танихад хүүхдүүдэд тусал. Ариун нандин дуу хөгжим нь ихэнхдээ Ариун Сүнсний нөлөөг урин дууддаг. Хүүхдүүдтэй хамт дуулахдаа, сурч мэдэж буй зүйлийнхээ үнэн болохыг батлах сүнслэг мэдрэмжийг таньж мэдэхэд нь туслахад цаг гарга.