Хуучин Гэрээ 2022
9-р сарын 26-аас 10-р сарын 2. Исаиа 50–57: “Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрсэн”


“9-р сарын 26-аас 10-р сарын 2. Исаиа 50–57: ‘Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрсэн,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“9-р сарын 26-аас 10-р сарын 2. Исаиа 50–57,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Христ өргөст титэм зүүж, цэргүүд тохуурхсан нь

Христийг тохуурхсан нь, Карл Хэйнрих Блох

9-р сарын 26-аас 10-р сарын 2

Исаиа 50–57

“Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрсэн”

Исаиа 50–57 таны заадаг хүүхдүүдийн ойлгохгүй байж магадгүй зарим сайхан хэл яриаг агуулдаг. Та заахаар бэлтгэж байхдаа, эдгээр үгийн зааж байгаа энгийн үнэнийг мөн хүүхдүүдэд үүнээс суралцахад нь хэрхэн тусалж болох талаар тунгаан бод.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхэд бүрийг Есүс Христ тэдэнд хайртай гэдгийг хэрхэн мэддэгээ хуваалцахад урамшуулан дэмж. Есүст хайртай гэдгээ харуулахын тулд юу хийж байгаагаа хуваалцахыг тэднээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Исаиа 53:4

Есүс Христ надад хайртай учраас миний төлөө зовсон.

Есүс Христ Өөрийн цагаатгагч золиосоор дамжуулан бидний нүглийн төлөө зовж, “бидний сул дорой байдал,” “өвчин зовлонг” Өөртөө авсан. Та Аврагчийн Цагаатгалыг хүүхдүүдэд хэрхэн гэрчлэх вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Аврагчийн загалмай дээр болон Гетсеманийн цэцэрлэгт зовж шаналж буй зургуудыг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 56, 57 эсвэл Шинэ гэрээний түүхүүд дээрх 51–53-р бүлгийг үзнэ үү). Зургаас юу харж байгаагаа дүрсэлж хэлэхийг мөн юу болж байгаа талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Яагаад Есүс бидний төлөө зовсон бэ?

  • Хүүхдүүдэд Исаиа 53:4-өөс “Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрсэн” гэснийг уншиж өг. Хүүхдүүдэд хүнд зүйл (эсвэл аль нэг зүйлийн зураг) харуулаад, тэднийг хүнд юм өргөж буй дүр үзүүлэхэд урь. “Сул дорой байдал,” “өвчин зовлон” (эсвэл уйтгар гуниг) зэрэг нь хүнд бөгөөд тэвчихэд хэцүү байдаг гэдгийг тайлбарла. Есүс Христ бидэнд хайртай тул эдгээр зүйлийг дааж явахад бидэнд тусална гэдгийг гэрчил.

Исаиа 55:6

Би Их Эзэнийг эрэлхийлж мөн дуудаж чадна.

Есүсийг насан туршдаа “эрэлхийлэх” гэдэг нь ямар учир утгатайг хүүхдүүдэд хэрхэн ойлгуулж болох талаар та бодож үзээрэй.

Боломжит үйл ажиллагаа

  • Есүсийн зургийг өрөөний хаа нэгтээ нуугаад, хүүхдүүдийг олоход урь. “Олдож болох үед нь Эзэнийг хайгтун” гэсэн үгсийг Исаиа 55:6-аас унш. Их Эзэнийг эрэлхийлж болох зарим арга замыг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Энэ нь тэд Түүний талаар сурч мэдэж, Түүнтэй ойртох гэж их хичээдэг гэсэн үг юм. Хүүхдийг хариулт өгөх бүрд зургийг дахин нууж, үүнийг “эрэлхийлэхэд” урь.

  • Хүүхдүүдэд “Их Эзэнийг эрэлхийл” (Хүүхдийн дууны ном, 67) дууг эсвэл Аврагчид ойртох тухай өөр нэг дууны үгийг сурахад нь тусал. Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан хүүхдүүдэд “Их Эзэнийг эрэлхийлэх”-ийн тулд хийх зүйлээ сонгоход тусал.

  • “Ойр байгаа дээр нь Түүнийг дуудагтун” гэсэн хэллэгийг Исаиа 55:6-аас унш. Бид Тэнгэрлэг Эцэгийг хэрхэн дууддаг вэ? Хүүхдүүдээс залбиралдаа юу хэлдэг талаар ярихыг хүс. Тэнгэрлэг Эцэг тэднийг хайрлаж, залбирч байхад нь сонсдог гэдгийг гэрчил.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Исаиа 51–52

Их Эзэн намайг “[өөрийн] хүч чадлаар хувцаслахад” урьдаг.

Исаиа 51; 52 дээр Их Эзэн Өөрийн хүмүүст бурханлаг чадавхаа ашиглах урам зориг өгөхийн тулд “сэрэгтүн,” “босогтун,” “хүч чадлаар хувцаслагтун” гэх мэт хэллэгүүдийг ашигласан. Эдгээр хэллэг таны заадаг хүүхдүүдийг хэрхэн урамшуулж болох талаар бодож үзээрэй.

Боломжит үйл ажиллагаа

  • Хичээл эхлэхээс өмнө самбар дээр Их Эзэний Өөрийн хүмүүсээс хийхийг хүссэн “Тэнгэр өөд харцаа өргө,” “Сэрэгтүн,” “Босогтун,” “Шороогоо гөв,” “Баярлалд” зэрэг үйлдлийг илэрхийлдэг үг хэллэгүүдийг Исаиа 51–52-оос бич (Исаиа 51:6, 17; 52:2, 9). Хүүхдүүд тэдгээр үг хэллэгийн аль нэгийг ээлжлэн жүжигчлэн үзүүлж, уг үйлдэл юу илэрхийлж буйг ангийн бусад хүүхдээр таалга. Ээлж болгоны дараа хүүхдүүдэд судар дээрх хэллэгийг үзүүлээд, тэдэнтэй хамт уг хэллэгийн сүнслэг утгыг ярилц. Их Эзэн биднээс юу хийхийг хүсэж байна вэ? Эдгээр зүйл тус бүрийг бид хэрхэн хийж чадах вэ?

  • Хүүхдүүдийг Исаиа 51:1, 4, 7-г уншаад, Их Эзэн хэнд хандан ярьж байгааг мөн тэднээр юу хийлгэхийг хүсэж байгааг тодорхойлоход урь. Их Эзэнийг “сонсох” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Үүнийг дүрслэхийн тулд хүүхдүүдийн хэн нэгнээс бусад нь дагах ёстой энгийн зааврыг өгөхийг хүс. Их Эзэнийг сонсох, дуулгавартай дагах нь яагаад заримдаа хэцүү байдаг вэ? Бид Түүнийг “сонсоно” гэдгээ Их Эзэнд хэрхэн харуулах вэ?

Загалмай үүрсэн Христийн баримал

Хайрладаг учраас, уран барималч Анжела Жонсон

Исаиа 53:3–9

Есүс Христ миний нүгэл, өвчин зовлонг Өөртөө тээсэн.

Аврагч өөрсдийнх нь төлөө юу хийснийг илүү сайн ойлгоход хүүхдүүдэд туслахын тулд та Исаиагийн үгсийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Есүс Христийн зовлон, үхлийг харуулсан хэд хэдэн зураг үзүүл (жишээлбэл, Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 56, 57, 58-ыг үзнэ үү). Хамтдаа Исаиа 53:3–6, 9-ийг уншаад, хүүхдүүдийг зурган дээрх үйл явдлыг дүрсэлсэн хэллэгийг хайж олоход урь. Есүс Христийг бидний өмнөөс зовж шаналахаас хэдэн зуун жилийн өмнө, Исаиа шиг бошиглогчид эдгээр чухал үйл явдлын талаар зааж байсныг гэрчил. Хүмүүс эдгээр зүйлийг олон жилийн өмнөөс мэддэг байх нь яагаад чухал байж болох вэ? (Алма 39:15–19-ийг үзнэ үү).

  • Исаиа 53:4–7-г уншаад, Аврагчийн бидний өмнөөс зовж шаналж байгааг дүрсэлсэн үгсийг олоход хүүхдүүдийг урь. Эдгээр үгийг самбар дээр бичихийг хүс. Тэр яагаад бидний “сул дорой байдал,” “өвчин зовлон,” “хилэнц”-ийн улмаас зовсон бэ? (Алма 7:11–12-ыг үзнэ үү). Аврагч сул дорой байдал, өвчин зовлонгоо үүрэхэд тань хэрхэн тусалсан талаар хүүхдүүдтэй хуваалц. Тэдэнд Аврагчийн тухай болон Түүний тэдний төлөө хийсэн зүйлсийн талаар төрж буй сэтгэгдлээ хуваалцах боломж олго.

Исаиа 55:7–9

Их Эзэний зам минийхээс өндөр билээ.

Их Эзэний бодол санаа, зам биднийхээс өндөр гэдгийг ойлговол Түүнд итгэхэд илүү хялбар болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдээс тэд хэцүү асуудалтай байх үедээ хэн рүү, яагаад очиж болох тухай асуу. Исаиа 55:8–9-ийг хүүхдүүдтэй хамт уншаад, тусламж хэрэгтэй үедээ Их Эзэний удирдамжийг эрэлхийлэх ёстой шалтгааныг олж сонсохыг тэднээс хүс.

  • Самбар дээр тэнгэр, газрыг зураад, Тэнгэр ба Дэлхий гэж бич. Дараа нь Их Эзэн тэнгэр, газар хоёртой юуг харьцуулсныг олохын тулд Исаиа 55:9-ийг уншихад хүүхдүүдийг уриад, өөр бусад нэрийг зураг дээр нэмж бичихийг хүс. Их Эзэний зам, бодол санаа биднийхээс “өндөр” гэдэг нь ямар утгатай вэ? Үүнийг мэдэх нь яагаад чухал вэ?

  • Их Эзэний биднийхээс өндөр зарим замын талаар хүүхдүүдтэй ярилц. Жишээлбэл, Тэр нүгэлтнүүдэд ямар арга замаар ханддаг вэ? (Марк 2:15–17-г үзнэ үү). Тэр бусдыг ямар арга замаар удирддаг вэ? (Матай 20:25–28-ыг үзнэ үү). Түүний арга зам бусдынхаас юугаараа ялгаатай вэ? Та Их Эзэний өндөр зам, бодол санаанд хэрхэн итгэж сурснаа хүүхдүүдэд хэл.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Өнөөдөр хичээл дээр сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн Есүс Христэд ойртоход туслах зорилго тавихыг хүүхдүүдэд санал болго. Энэ зорилгоо гэр бүлийн гишүүнтэйгээ хуваалцахад урь.

Заах арга барилаа сайжруулах

Бага насны хүүхдүүдэд судруудаас суралцахад нь тусал. Судруудаас суралцахад нь бага насны хүүхдүүдэд туслахын тулд нэг шүлэг юм уу түлхүүр үг хэллэгт төвлөр. Заримдаа та нэг хэсгийг нь уншиж өгч, хүүхдүүдийг анхаарлаа хандуулахыг хүсэж буй тодорхой үг, хэллэгийг сонсохдоо босож зогсоход эсвэл гараа өргөхөд урь.