“9-р сарын 19–25. Исаиа 40–49: ‘Ард түмнийг минь тайвшруул,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“9-р сарын 19–25. Исаиа 40–49,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
9-р сарын 19–25
Исаиа 40–49
“Ард түмнийг минь тайвшруул”
Исаиа 40–49-ийн олон шүлэг хүүхдүүдэд Их Эзэнийг хайрлах хайр, Түүнд итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд тусалж чадна. Та судалж байхдаа эдгээр шүлгийг олохын тулд Сүнсний удирдамжийг эрэлхийл.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Исаиа 40:9-ийг хүүхдүүдтэй хамт уншаад, тэднийг “өндөр ууланд” авирч байгаа дүр үзүүлж, дараа нь саяхан гэртээ эсвэл сүм дээр судраас сурч мэдсэн зүйлээ чанга дуугаар хуваалцахад урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би Их Эзэний гэрч байж чадна.
Их Эзэн израилчуудад өөрсдийнх нь төлөө хийсэн олон агуу зүйлийг нь тэд гэрчилсэн гэдгийг сануулав. Тэрээр тэднээс (мөн бид бүгдээс) Өөрийн хүч чадал, сайн сайхан байдлын талаар мэдэж авахад нь бусдад тусалж, Түүний гэрч болохыг хүсэв.
Боломжит үйл ажиллагаа
-
Та гэрчилсэн зүйлийнхээ талаар хүүхдүүдэд хэл. Тэднийг бие биедээ хэлж болох эсвэл “гэрч” болсноор амсаж мэдэрсэн амттай хоол, зочилсон газар, таньдаг хүний тухай гэх мэт зүйлсийн талаар бодоход тусал. Хүүхдүүдэд Исаиа 43:10-аас “Та нар миний гэрч нар гэж Эзэн айлдаж байна, Би та нарыг сонгосон бөгөөд Та нар зарц нар минь юм” гэдгийг уншиж өг. Баптисм хүртэхдээ бид Есүс Христийн гэрч болно хэмээн амладаг гэдгийг хүүхдүүдэд хэл (Moзая 18:9-ийг үзнэ үү). Их Эзэний гэрч байна гэдэг нь юу гэсэн үг вэ?
-
Есүс Христийн талаар болон Түүний сайн мэдээний талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Тэдэнд санаа өгөхийн тулд зураг үзүүл (жишээлбэл, Аврагчийн амилсан тухай болон Мормоны Ном, ариун сүм, амьд бошиглогч зэргийн зураг). Тэднийг Их Эзэний гэрчийн хувьд бусадтай хуваалцаж болох зүйлийнхээ талаар ярихад урь.
“Надаас өөр аврагч үгүй.”
Есүс Христ бол биднийг нүгэл, үхлээс аварч чадах цорын ганц хүн юм. Түүнд итгэж найдахад нь та хүүхдүүдэд хэрхэн сүнслэгээр нөлөөлөхөө тунгаан бод.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдэд тусламж хэрэгтэй болж магадгүй нөхцөл байдлыг төсөөлөхөд тэднийг урь (өвчтэй байх эсвэл шуурганд автах гэх мэт). Нөхцөл байдалд нь тус болох, болохгүй хэдэн зүйлийг (эсвэл тухайн зүйлийн зураг) харуул. Жишээлбэл, шүхэр салхи шуурганаас хоргодоход туслах болохоос аяга ус, харандаа тус болохгүй. Ийм нөхцөл байдалд тус болох зүйлийг сонгохыг хүүхдүүдээс хүс. Бидэнд Аврагч хэрхэн тусалдаг талаар ярихад нь хүүхдүүдэд туслахын тулд Түүний зургийг үзүүл.
-
Хүүхдүүдэд Исаиа 43:11-ийг уншиж өгөөд, “аврагч” гэсэн үгийг сонсох үедээ Есүсийн зураг руу заахыг тэднээс хүс. Есүс Христ бидний төлөө зовж, нас барж бас амилсан тул гагцхүү Тэр л биднийг нүгэл, үхлээс аварч чадна гэдгийг гэрчил.
Бурханы зарлигуудыг сахих нь амар тайванг авчирдаг.
Их Эзэн зарлигуудыг нь дагадаг хүмүүст “гол” мэт амар тайван, “далайн давлагаа” мэт зөвт байдлыг амладаг.
Боломжит үйл ажиллагаа
-
Исаиа 48:18-ыг хүүхдүүдэд уншиж өг. Тэднийг гараа гол, усны долгион, давлагаа мэт хөдөлгөхөд урь. Бурханы зарлигуудыг сахих нь таныг гол мэт тайван эсвэл давлагаа шиг хүчтэй байхад хэрхэн тусалсан талаар ярилц.
-
Самбар дээр нэг гол зур. Хүүхдүүдэд Бурханы бидэнд өгсөн зарлигуудын талаар бодоход тусал. Эдгээр зарлигийг цаасан дээр бичээд (эсвэл тэдгээрийг энгийнээр зур), самбар дээрх гол дээр зарлигуудыг хүүхдүүдээр ээлжлэн наалгуул. Зарлигуудыг сахих нь амар амгаланг хэрхэн авчирдгийг мэдэхэд нь хүүхдүүдэд тусал.
-
Зарлигуудын тухай “Зарлиг бүгдийг дагацгаая” (Хүүхдийн дууны ном, 68–69) гэх мэт дууг хамтдаа дуул. Яагаад бид Бурханы зарлигуудыг дагах ёстой талаар энэ дуунд юу гэж заадаг вэ?
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Би “Их Эзэний зам”-ыг бэлтгэхэд тусалж чадна.
Бид бусдад амьдралдаа Их Эзэнийг хүлээн авахад нь туслах замаар Исаиа 40:3–5 дахь бошиглолыг гүйцэлдүүлэхэд тусалдаг.
Боломжит үйл ажиллагаа
-
Нэг хүүхдээс Исаиа 40:3-ыг уншихыг хүсээд, энэ хооронд бусад хүүхдээр дор бүрдээ дараах хэсгүүдийн аль нэгийг уншуулж, ижил төстэй үг, хэллэгийг хайж олуул. Үүнд: Марк 1:3–4 (Иохан Баптист); Алма 7:9 (Алма); Сургаал ба Гэрээ 33:10–11 (хожмын үеийн номлогчид). Хэн “Их Эзэний зам”-ыг бэлтгэж байгааг шүлэг бүрээс олж тогтооход тэдэнд тусал. Энэ хүмүүс Их Эзэний замыг хэрхэн бэлтгэсэн бэ? Бид туслахын тулд юу хийж чадах вэ?
-
Самбар дээр зам зурж, хүүхдүүдтэй хамт Исаиа 40:3–5-ыг уншаарай. Аврагчийг дагахад нь хүмүүст тулгарч болох бартаа саадыг жагсааж бичихийг хүүхдүүдээс хүсээд, тэдгээрийг зам дээр зурахад урь. Та саад бэрхшээлийг даван туулахад нь хүмүүст тусалж болох арга замуудын талаар ярихдаа хүүхдүүдээр саад бартааг арилгуулаарай.
Соригдож байх үед ч Их Эзэн надтай хамт байдаг.
Биднийг Их Эзэнтэй гэрээ байгуулах үед Тэр соригдож байхад маань ч бидэнтэй хамт байх амлалт өгдөг. Өөрсдийгөө Их Эзэний гэрээт хүмүүсийн нэг хэсэг, Түүний амлалтыг хүлээн авагчид гэдгээ мэдэхэд нь хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаа
-
Самбар дээр Би бол … мөн Би … болно гэж бичээд, Их Эзэн Өөрийгөө хэн гэж хэлдгийг мөн юу хийнэ гэж хэлснийг мэдэхийн тулд Исаиа 41:10; Исаиа 43:1–5-ыг уншихад хүүхдүүдийг урь. Эдгээр шүлэгт өөр ямар ямар үг хэллэг давтагдсан байна вэ? Эдгээр захиас хүнд хэцүү цаг үед бидэнд хэрхэн тайтгарал өгч, найдвар төрүүлж болох вэ?
-
Хамтдаа Исаиа 48:10-ыг уншаад, зуух гэж юу болохыг мөн түүнийг ашигладаг өөр өөр аргуудын талаар ярилц. Металлыг зууханд цэвэршүүлдэг гэдгийг тайлбарла. Зуух яагаад зовлон шаналлыг дүрслэх тохиромжтой арга байдаг вэ? Бидний зовлон шаналал биднийг хэрхэн ариусгаж чадах вэ? (Алма 62:41-ийг үзнэ үү).
Намайг Их Эзэн хэзээ ч мартахгүй.
Биднийг нүгэл, сорилт эсвэл бусад шалтгаанаас болж Их Эзэнээс хөндийрөхөд Исаиа 49:14–16 дээрх захиас тайтгаруулж чадна.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдээс Исаиа 49:14-ийг уншихыг хүс. Хүмүүсийг мартагдсан эсвэл орхигдсон мэт санагдахад хүргэж болох зүйл юу вэ? Их Эзэн тэднийг мартаагүй гэдгийг мэдэхэд нь бид бусдад хэрхэн туслах вэ? Тэр биднийг мартаагүй гэдгийг бид яаж мэдэх вэ?
-
Хүүхдүүдийг гэр бүлийн гишүүн эсвэл найз нөхөд гэх мэт хэзээ ч мартахгүй хэн нэгнийхээ тухай ярихад урь. Хайртай ээж хүн хүүхдүүдийнхээ талаар ямар сэтгэгдэлтэй байдаг болон Их Эзэн бидний талаар ямар сэтгэгдэлтэй байдаг талаар ярилц. Дараа нь хүүхдүүдээс Исаиа 49:15–16-г уншихыг хүс. Эдгээр шүлэгт өгүүлсэнчлэн, Их Эзэн яагаад биднийг хэзээ ч мартахгүй вэ? Хүүхдүүдийг Есүс Христийн талаар сэтгэгдлээ хуваалцахад урь.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдийг өнөөдөр сурч мэдсэн бөгөөд илүү ихийг мэдэхийг хүсэж буй зүйлээ бодоход урь. Энэ талаар эцэг эх эсвэл гэр бүлийн бусад гишүүнд тавьж болох асуултыг бичихэд нь тусал.