Хуучин Гэрээ 2022
9-р сарын 12–18. Исаиа 13–14; 24–30; 35: “Ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл”


“9-р сарын 12–18. Исаиа 13–14; 24–30; 35: ‘Ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“9-р сарын 12–18. Исаиа 13–14; 24–30; 35,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Иосеф Смит Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг ариун ойн цоорхойд харсан нь

Ариун ойн цоорхой, Брэнт Боруп

9-р сарын 12–18

Исаиа 13–14; 24–30; 35

“Ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл”

Исаиа 13–14; 24–30; 35-ыг залбирч судлаад, хүүхдүүдэд суралцахад нь туслах үйл ажиллагааг төлөвлө. Доорх үйл ажиллагааны санаануудыг аль ч насны бүлэгт тохируулан өөрчлөх боломжтой.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдийг сайн мэдээний талаар сүм дээр эсвэл гэртээ хамгийн сүүлд сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг хүсвэл босоод зогсоход урь. Хүүхэд бүрд хуваалцах боломж олго.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Исаиа 14:12–14

Тэнгэрт дайн болов.

Тэнгэрлэг Эцэг дэлхий бүтээгдэхээс ѳмнѳ Есүс Христийг бидний Аврагч байхаар сонгосон. Исаиа 14:12–14 нь мөнх бус байдлын өмнөх Тэнгэр дэх зөвлөлд Сатан хэрхэн бардамнасныг дүрсэлсэн байдаг.

Боломжит үйл ажиллагаа

  • Биднийг төрөхөөс өмнөх Тэнгэр дэх дайны тухай хүүхдүүдэд ярихын тулд “Удиртгал: Бидний Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө” (Шинэ Гэрээний түүхүүд, 1–3) эсвэл “Би тэнгэрт амьдардаг байсан” (Хүүхдийн дууны ном,140) дууг ашигла. (Үүнийг хийхдээ, Исаиа 14:12–14 дэх Сатаныг дүрсэлсэн хэллэгүүдийг оруулаарай.) Уг түүхийг ээлжлэн танд эргүүлэн ярьж өгөхөд хүүхдүүдийг урь. Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг даган, Аврагч болсныг онцол.

  • Самбар дээр Сатан гэсэн үгтэй зүрхийг, дотор нь гунигтай царайг зур. Сатан зүрх сэтгэлдээ “Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно” (Исаиа 14:13) гэж хэлсэн нь Тэнгэрлэг Эцэгээс илүү байхыг хүсэж байсан гэсэн утгатайг тайлбарла. Нэг хүүхдийг самбар дээр дотроо жаргалтай царайтай, Есүс гэсэн үгтэй өөр нэг зүрх зурахад урь. Есүс Тэнгэрлэг Эцэгийн хийлгэхийг хүссэн зүйлийг биелүүлэхийг хүссэн гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал (Мосе 4:1–2-ыг үзнэ үү). Бид Есүсийн жишээг хэрхэн дагаж чадах вэ?

Амилсан Есүс булшны дэргэд эмэгтэйд үзэгдэв

“Тэр үхлийг мөнхөд залгина” (Исаиа 25:8).

Исаиа 25:8

Есүс Христ амилсан.

Есүс Христ үхлийн талаар мэдэрдэг уй гашуугаас биднийг тайтгаруулж чадна. Тэр үхлийг ялан дийлсэн учраас бид ч гэсэн амилах болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Есүс Христийн амилсан зургийг үзүүлээд, зургийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Шаардлагатай бол, Есүсийн амилсан түүхийг тэдэнтэй хуваалц (Шинэ Гэрээний түүхүүд, 139–144 дээрх “Есүс амилсан”-ыг үзнэ үү). Амилалтын тухай “Есүс амилсан” (Хүүхдийн дууны ном, 44) зэрэг дууг тавиад эсвэл дуулаад, Есүс үхлээс амилсан гэдгийг мэдэхэд ямар сэтгэгдэл төрж байгаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Өөрийн таних нас барсан хэн нэгний талаар хүүхдүүдэд ярьж өг. Хайртай хүнээ нас барахад бидэнд ямар санагддаг вэ? Хүүхдүүдийг уйлж буй хэн нэгний царайг зурахад урь. Дараа нь Исаиа 25:8-ыг уншиж өг. Биднийг нас барсан хэн нэгнээ санах үед Есүс бидний нулимсыг яах вэ? Хүүхдүүдийг жаргалтай царай зурахад урь. Есүс Христ амилсан болохоор, хайртай хэн нэгэн маань нас барахад бид тайван байж чадна мөн хэзээ нэгэн цагт бид бүгдээрээ амилна гэдгийг гэрчил.

Исаиа 29:12, 14

Их Эзэн Иосеф Смитээр дамжуулан Өөрийн Сүмийг сэргээсэн.

Сайн мэдээний Сэргээлт бол “ер бусын гайхамшигт, гайхалтай зүйл” юм (Исаиа 29:14). Өнөөгийн сайн мэдээг сэргээхийн тулд Их Эзэний үйлдсэн, үйлдсээр байгаа зарим гайхамшигтай зүйлээс хүүхдүүдтэй хуваалц.

Боломжит үйл ажиллагаа

  • Иосеф Смитийн талаар юу мэддэгээ өөрт тань ярьж өгөхийг хүүхдүүдээс хүс. Шаардлагатай бол, “Иосеф Смитийн Анхны үзэгдэл” (Сургаал ба Гэрээний түүхүүд, 9–12 )-ийг тэдэнтэй хуваалц. Исаиа 29:12-ыг уншаад, хэдийгээр Иосеф Смитийг “бичиг мэддэг” гэж олон хүн боддоггүй байсан ч Есүс Христ түүгээр дамжуулан сайн мэдээг сэргээсэн гэдгийг тайлбарла.

  • Исаиа 29:14-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, “гайхамшигт,” “гайхалтай” хэмээх үгстэй ижил утгатай бусад үгийг тэдэнтэй хуваалц. Анхны үзэгдлийн эсвэл Иосеф Смитийн санваар хүлээн авч байгаа үеийн зураг эсвэл Мормоны Номын хуулбар гэх мэт хожмын өдрүүдэд Их Эзэний гүйцэтгэсэн зарим ер бусын гайхамшигт үйлсийг илэрхийлсэн зүйлийг харуул (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 90, 93, 94-ийг үзнэ үү). Хүүхдүүдийг нэг зүйлийг сонгоод, яагаад энэ нь тэдэнд ер бусын гайхалтай болохыг хуваалцахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Исаиа 24:3–5; 29:7–10; 30:8–14

Урвалт гэдэг нь Их Эзэнээс болон Түүний бошиглогчдоос нүүр буруулахын нэр юм.

Урвалтын аюулын тухай Исаиагийн сэрэмжлүүлгийг унших нь хүүхдүүдэд Их Эзэнд үнэнч байж, Түүний бошиглогчдыг дагах шийдвэр гаргахад тусалдаг.

Боломжит үйл ажиллагаа

  • Урвалт гэдэг үгийг самбар дээр бич. Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org) дахь “Урвалт” дотроос тодорхойлолтыг олоход хүүхдүүдийг урь. Тэднийг Исаиа 24:5; 30:9–11-ийг уншаад, Исаиагийн үед хүмүүсийг урвахад хүргэсэн зүйлсийн жагсаалтыг гаргахад урь. Дараа нь жагсаалтад багтсан зүйлсийг Их Эзэнд үнэнч байхын тулд өөрсдийн хийж чадах зүйл болгон өөрчлөхөд хүүхдүүдийг урь.

  • Ангийнхныг хос хосоор нь хуваагаад, хос бүрд дараах хэсгүүдийн аль нэгийг уншихыг даалга. Үүнд: Исаиа 24:3–5; Исаиа 29:7–10 эсвэл Исаиа 30:8–14. Тэднийг уншсан зүйлээ илэрхийлсэн зураг зурахад урь. Тэднийг зурсан зургаа хуваалцах үед, Исаиагийн хэлсэн үгс яагаад бид Их Эзэнд үнэнч байх ёстой талаар юу зааж буйг ярилцахад нь тэдэнд тусал.

Исаиа 29:13–15, 18, 24

Сайн мэдээний Сэргээлт бол “гайхамшигт зүйл” юм.

Хожмын өдрүүдийн Их Эзэний “гайхамшигт зүйл” (Исаиа 29:14)-ийн нэг хэсэг гэдгээ ойлгоход нь та хүүхдүүдэд хэрхэн туслах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Сайн мэдээ сэргээгдэх үеэр болсон зарим ер бусын гайхалтай үйл явдлын зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 90–95-ыг эсвэл энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Хамтдаа Исаиа 29:14, 18, 24-ийг уншаад, зураг дээрх үйл явдалтай холбоотой үг, хэллэгийг олоход хүүхдүүдийг урь. Хүүхдүүдээс Их Эзэний “гайхамшигт зүйл” (14-р шүлэг)-д хэрхэн тусалж болохыг асуу.

  • Хүүхдүүдэд сэргээлт гэдэг үгийн утгыг ойлгоход нь туслахын тулд туршлагаа товч хуваалц. Жишээлбэл, та ямар нэгэн алдсан зүйлээ хэрхэн олсон тухайгаа ярь. Үүнийг сайн мэдээний Сэргээлттэй харьцуулахад хүүхдүүдэд тусал. Исаиа 29:13–15-д цэдэглэснээр, яагаад бидэнд Сэргээлт хэрэгтэй вэ? Их Эзэн сайн мэдээг сэргээхийн тулд ямар ямар гайхамшигт ажил хийсэн бэ?

Исаиа 14:3; 25:8; 28:16

Исаиагийн сургаалууд намайг Есүс Христ рүү чиглүүлдэг.

Исаиагийн сургаалууд таны заадаг хүүхдүүдийг Аврагч руу чиглүүлж, тэдэнд зориулан Түүний хийсэн зүйлийг санахад тусалдаг.

Боломжит үйл ажиллагаа

  • Дараах судрын эшлэлүүдийг жижиг цааснууд дээр бич. Үүнд: Исаиа 14:3; Исаиа 25:8; Исаиа 28:16; Матай 11:28–30; 1 Коринт 15:53–57; Хиламан 5:12. Хүүхдүүдэд цааснуудыг өгөөд, шүлгүүдээс сурч мэдсэн үнэнээ уг цаасан дээр бичиж, ижил төстэй үнэнийг заадаг шүлгүүдийг тааруулахаар хамтдаа ажиллахад урь. Эдгээр шүлэгт цэдэглэснээр, Их Эзэн бидний төлөө ямар агуу зүйлсийг хийсэн бэ?

  • Есүс Христийг сануулах үг хэллэгийг Исаиа 14:3; 25:8 эсвэл 28:16-аас олохыг хүүхдүүдээс хүс. Тэднийг тухайн үг хэллэгийг жижиг цаасан дээр бичиж, гэртээ харуулж болохуйцаар Аврагчийн зургийг зурахад урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Өнөөдөр хичээл дээр сурч мэдсэн зүйлийнхээ талаар тэмдэглэл бичихэд эсвэл зураг зурахад хүүхдүүдийг урь. Үүнийг гэр бүлийнхэнтэйгээ эсвэл өнөөдөр Хүүхдийн хэсэгт очоогүй ангийн нэг гишүүнтэй хуваалцахад тэднийг урамшуул.

Заах арга барилаа сайжруулах

Үйл ажиллагаануудыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүл. Үйл ажиллагаанд багахан өөрчлөлт хийснээр бүх хүүхэд тэдгээрээс суралцаж чадна. Жишээлбэл, аль нэгэн үйл ажиллагаанд зураг үзүүлэхийг санал болгосон байвал та харааны асуудалтай хүүхдүүдийг оролцуулахын тулд зураг үзүүлэхийн оронд дуу дуулж болно.