“9-р сарын 5–11. Исаиа 1–12: ‘Бурхан бол миний аврал,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“9-р сарын 5–11. Исаиа 1–12,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
9-р сарын 5–11
Исаиа 1–12
“Бурхан бол миний аврал”
Исаиагийн үгсийг ойлгоход хэцүү байж болно. Та Исаиагийн талаар хүүхдүүдэд хэрхэн заахаа бодож үзсэнээр, Есүс Христэд итгэх тэдний итгэл бишрэлийг бэхжүүлэх энгийн үнэнд төвлөр.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хүүхдүүдийг залбирал хэлэх, хэн нэгэнд сайхан сэтгэлээр хандах, бусад зарлигийг дагах зэрэг сайн мэдээний дагуу амьдрахын тулд сүүлийн үед хийсэн зүйлийнхээ талаар хуваалцахад уриарай.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Ариун сүмд бид Есүс Христийн талаар суралцдаг.
Исаиа ариун сүм буюу “Их Эзэний өргөөний уул” “бүх үндэстний” хүмүүсийг дуудан авчрах цагийг зөгнөн харсан. Та энэ бошиглолыг ариун сүмд орж болох цагаа хүсэн хүлээхэд нь хүүхдүүдэд туслахын тулд ашиглаж болно.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдээс өөрсдийн гэр орныг зурахыг хүс. Дараа нь Исаиа 2:2-ыг хамт уншаад, хүүхдүүдийг “Их Эзэний өргөө” буюу ариун сүмийн зургийг зурахад урь. 3-р шүлгийг хамт уншаад, тэднийг зургандаа гэр бүлийнхнээ болон өөр олон хүнийг ариун сүм рүү ирж байгаагаар нэмж зурахад урь. Бид яагаад Их Эзэний өргөө рүү очихыг хүсдэг вэ? Их Эзэний өргөөнд Түүний талаар сурч мэдсэнээр ирэх адислалуудын тухай гэрчлэлээ хуваалц.
-
Хүүхэд бүрд ариун сүмийн зураг бариулаад, зурган дээр харж байгаа зүйлсийнхээ талаар ярихыг хүүхдүүдээс хүс. Ариун сүмийн юунд дуртайг нь тэднээс асуу. Исаиа 2:2–3-ыг хамт уншаад, бид яагаад ариун сүмд дуртай байх илүү олон шалтгааныг сонсго. Та яагаад ариун сүмд дуртай байдгаа хүүхдүүдэд хэл.
-
Хүүхдүүдтэй хамт “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 99) гэх мэт ариун сүмийн тухай дууг дуул. Уг дуунаас ариун сүм гэж юу болох мөн бид тэнд юу хийдэг талаар зааж байгаа үг хэллэгийг олоход нь тэдэнд тусал.
-
Самбар дээр зам зураад, нэг үзүүрт нь ариун сүм эсвэл Аврагчийн зургийг байрлуул (Хувийн өсөлт хөгжил: Хүүхдүүдэд зориулсан удирдамж, 2–3). Хүүхдүүдээр өөрсдийгөө тэр замаар алхаж байгаагаар зуруул. Тэднийг ийн зурах үед Исаиа 2:3 дахь “Бид жимээр нь алхах юм” гэсэн үгсийг давтан хэлэхэд урь. Бид Их Эзэний замаар алхахын тулд юу хийж чадах вэ?
Исаиа Есүс Христийн талаар бошиглосон.
Бүх бошиглогч, тэр дундаа Исаиагийн адил Есүс Христийг мэндлэхээс бүр өмнө амьдарч байсан бошиглогчид Есүс Христийг гэрчилдэг. Хүүхдүүд Исаиа 9:6 дээрх Исаиагийн бошиглолоос Есүс Христийн талаар юу сурч мэдэж болохыг бодож үз.
Боломжит үйл ажиллагаа
-
“Бошиглогч Исаиа” (Хуучин гэрээний түүхүүд) түүхийг хүүхдүүдтэй хуваалц. Исаиа Есүс Христийг төрөхөөс олон жилийн өмнө Түүний тухай юу мэддэг байсан талаар ярих боломжийг хүүхдүүдэд олгохын тулд уг түүхийг уншиж байхдаа үе үе зогс. Хүүхдүүдэд Исаиа 9:6-г уншиж өгөөд, Есүс Христийг “дуудагдах болно” гэж Исаиагийн хэлсэн “нэр” бүрийг давтан хэлэхэд тэднийг урь.
-
Исаиа 9:6 (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү) дээрх Есүс Христийн нэрсээс цөөн хэдийг жижиг цаасан дээр бич. Хүүхэд бүрийг цааснуудаас нэгийг авахад уриад, тухайн нэрийг ангийнхандаа уншиж өгөхөд нь тусал. Нэр бүр таны хувьд ямар утга учиртайг хүүхдүүдтэй ярилцаарай. Хүүхдүүдийн нэгэнд Христийн зургийг өгч, түүнээс Есүсийн талаар ямар нэгэн зүйл хуваалцаад, уг зургийг өөр хүүхдэд дамжуулахыг хүс. Бүх хүүхдэд хуваалцах боломж олгох хүртэл энэ үйл ажиллагааг хий.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Есүс Христийн ачаар би наманчилж, цэвэр ариун байж чадна.
Их Эзэнээс олон хүн нүүр буруулсан цаг үед Исаиа амьдарч байв. Гэхдээ тэднийг наманчлах юм бол нүглийг нь өршөөнө хэмээн Их Эзэн амласан. Исаиа ч бас энэ амлалтыг бидэнд өгсөн.
Боломжит үйл ажиллагаа
-
Исаиа 1:2–4-ийг уншаад, Их Эзэн Иудагийн ард түмэнд сэтгэл дундуур байсан зарим шалтгааны талаар ярихыг хүүхдүүдээс хүс. Дараа нь Исаиа 1:16–19-ийг хамт уншаад, Их Эзэн хүмүүсийг юу хийхэд урьсан талаар сурч мэд. Шаардлагатай бол хэцүү үг хэллэгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Тэднийг 18-р шүлгэн дээрх зүйлсийг төсөөлөхөд туслахын тулд тод улаан ба цав цагаан зүйл харуулаарай. Бид эдгээр шүлгээс Есүс Христийн нигүүлслийн талаар юу мэдэж авч болох вэ? Хүүхдүүдийг Есүс Христийн өршөөлийн бэлгийн талаар юу гэж боддогоо хуваалцахад урь мөн өөрийн сэтгэгдлийг хуваалц.
-
Хүүхдүүдэд Исаиа 1:18-ыг цээжлэхэд тусал. Уг шүлгийг самбарт бичээд, хүүхдүүдийг цээжээр уншиж чаддаг болтол нэг нэг үгийг арилгаж байгаад хэд хэдэн удаа уншихад уриарай. Мөн та уг шүлгийн үгсийг бичсэн жижиг цаасыг ашиглаж болно. Яагаад энэ шүлэгт юу заадгийг үргэлж санах нь чухал байдаг вэ? Баптисм хүртэх, ариун ёслолоос хүртэх зэрэг нь энэ амлалтыг бидэнд хэрхэн боломжтой болгодог талаар ярилц.
Ариун сүмд бид Есүс Христийн талаар суралцдаг.
“Их Эзэний өргөөний уулын” талаарх Исаиагийн бошиглол ариун сүмд бишрэн шүтсэнээс ирэх зарим адислалыг болон эцсийн өдрүүдэд ирэх бусад адислалыг илчилдэг. Та хүүхдүүдийг эдгээр адислалыг эрэлхийлэхэд хэрхэн сүнслэгээр нөлөөлж болохоо бодож үз.
Боломжит үйл ажиллагаа
-
Исаиа 2:2–3 дээр Исаиагийн харсан зүйлийн талаар уншаад, төсөөлөн зурахыг хүүхдүүдээс хүс. Исаиа ариун сүмийг “Их Эзэний өргөөний уул” гэж нэрлэснийг тайлбарлаарай. Яагаад уул ариун сүмийн сайн бэлгэдэл байдаг вэ?
-
Исаиа 2:2–3, 5-ыг уншаад, ариун сүм рүү хэзээ нэгэн өдөр очих урам зориг төрүүлдэг зүйлийг шүлэг тус бүрээс олоход хүүхдүүдийг урь. Дараа нь 4-р шүлгийг хамт уншаад, энэ шүлэгт дүрсэлсэн амар амгаланг авчрахад ариун сүм хэрхэн тусалдаг талаар ярилц. Одоо ариун сүмд орохын тулд бэлтгэх арга замуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал.
Исаиа Есүс Христийн талаар бошиглосон.
Давидын сэнтий дээр сууж, төгсөшгүй хаант улсыг байгуулах хүү төрөхийг Исаиа бошиглосон. Та заадаг хүүхдүүддээ Есүс Христийн талаарх бошиглолыг ойлгоход нь хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Ажил, дуудлага, баг, гэр бүл зэрэгтэй холбоотой нэр цол зэрэг хүнд байж болох алдар нэрийн жишээ хэлэхийг хүүхдүүдээс хүс. Эдгээр нэр алдар нь тухайн хүний талаар юу өгүүлж байна вэ? Исаиа 7:14, 9:6–7 дээрээс Есүс Христийн нэрийг олоход хүүхдүүдэд тусал. Эдгээр нэр тус бүр бидэнд Түүний талаар юу заадаг вэ? Бид эдгээр шүлгээс Есүс Христийн талаар өөр юу мэдэж авч болох вэ?
-
Матай 1:21–23; Лук 1:31–33-ыг хамт уншаад, Исаиа 7:14; 9:6–7 дээрх Исаиагийн бошиглол Есүс Христийг төрөх үед хэрхэн биелсэн талаар ярилц.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Түүний аль нэг нэр гэх мэт гэрийнхэнтэйгээ хуваалцаж болох Аврагчийн тухай сурч мэдсэн зүйлийнхээ талаар бодохыг хүүхдүүдээс хүс.