“12-р сарын 12–18. Малахи: ‘Би та нарыг хайрласан гэж Эзэн айлдаж байна,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“12-р сарын 12–18. Малахи,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
12-р сарын 12–18
Малахи
“Би та нарыг хайрласан гэж Эзэн айлдаж байна”
Их Эзэн таны заадаг хүүхдүүдэд хайртай. Та Малахи номон дээрх сургаалыг зааж байхдаа хүүхдүүдэд Түүний хайрыг мэдрэхэд нь хэрхэн туслах вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Малахи 1:2-оос “Би та нарыг хайрласан гэж Эзэн айлдаж байна” гэсэн хэллэгийг унш. Их Эзэн тэдэнд хайртай гэдгийг мэдэх нэг арга замыг хуваалцахад хүүхэд бүрийг урь. Хүүхэд нэг бүрийг хуваалцсаны дараа түүнд талархлаа илэрхийлж, Их Эзэний тэр хүүхдийг хайрладаг хайрын талаар гэрчлэлээ хуваалц.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Тэнгэрлэг Эцэг намайг аравны нэгээ төлөхөд адислах болно.
Таны заадаг бага насны хүүхдүүд одоохондоо хараахан мөнгө олдоггүй ч аравны нэгээ төлснөөр ирэх адислалуудын талаар сурч мэдэх боломжтой.
Боломжит үйл ажиллагаа
-
Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээрх зоос гэх мэт 10 жижиг зүйлийг тоолоход хүүхдүүдэд тусал. Тэднийг нэг зүйлийг бусдаас нь тусад нь тавихад урьж, энэ нь бидний Их Эзэнд өгдөг аравны нэгтэй адил гэдгийг тайлбарла. Бид Түүнд хүлээн авсан зүйлийнхээ аравны нэгийг өгдөг. Бид аравны нэгээ төлөхөд Их Эзэн биднийг хэрхэн адисалдаг тухай гэрчлэлээ хуваалц. Аравны нэгийн тухай “Би аравны нэгээ Их Эзэнд төлөхийг хүсдэг” (Хүүхдийн дууны ном, 150) гэх мэт дууг хүүхдүүдтэй хамт дуул.
-
Самбар дээр цонх зураад, Малахи 3:10-ыг хүүхдүүдэд уншиж өг. Таныг “тэнгэрийн цонх” гэсэн хэллэгийг уншмагц хүүхдүүдийг цонх руу заахад урь. Энэ нь аравны нэгээ төлөхөд Тэнгэрлэг Эцэг бидэнд агуу адислалуудыг өгдөг гэсэн утгатай болохыг тайлбарла. Хүүхдүүд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг өнгөөр ялган будаж байх хооронд бидний аравны нэг төлдөг зарим шалтгааны талаар ярилц.
-
Найз сэтгүүлээс эсвэл өөрийнхөө амьдралаас аравны нэг төлөх талаарх түүхийг хуваалц. Аравны нэгийг төлснөөр ирэх адислалуудыг сонсоход хүүхдүүдийг урь.
Бид ариун сүмд гэр бүлүүдийн хувиар лацдан холбогддог.
Көртландын ариун сүмд Елиагаас Иосеф Смитэд өгсөн лацдан холболтын санваарын түлхүүрүүдийн ачаар гэр бүлүүд үүрд мөнхөд нэгдэж чадна. Энэ үнэнийг заахдаа та ариун сүмд гэр бүл нь лацдан холбуулаагүй хүүхдүүдийн сэтгэл санааг бодолцож үзээрэй.
Боломжит үйл ажиллагаа
-
Малахи 4:5-ыг хүүхдүүдэд уншиж өг. Дараа нь Елиаг Көртландын сүмд Иосеф Смитэд харагдахад энэ амлалт биелсэн гэдгийг тэдэнд хэл (Сургаал ба Гэрээний түүхүүдийн 157-д байх “40-р бүлэг: Көртландын ариун сүм дэх үзэгдэл”-ийг үзнэ үү). Энэ үйл явдлын зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 95-ыг үзнэ үү) мөн хүүхдүүдийг Елиа руу мөн Иосеф Смит рүү заахад урь. Елиа ирсэн тул бид ариун сүмд гэр бүлүүдийн хувьд лацдан холбуулж болно гэдгийг тайлбарла. Гэр бүлүүдийн хувьд лацдан холбуулахын ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалц.
-
Гэр бүлээ хайрладгаа хүүхдүүдэд хэл; боломжтой бол зураг үзүүл. Хэдэн хүүхдийг гэр бүлийнхээ талаарх мэдрэмжээ ангийнхантайгаа хуваалцахад урь. Гэр бүлийн тухай “Гэр бүл үүрд хамт байх болно” (Хүүхдийн дууны ном, 98) гэх мэт дууг хамтдаа дуулж, Тэнгэрлэг Эцэг гэр бүлүүдийг лацдан холбогдоосой хэмээн хүсдэг бөгөөд энэ нь ариун сүм бидэнд байдаг нэг шалтгаан гэдгийг гэрчил. Есүс Христийн ачаар бид энэ амьдралдаа ариун сүмд очиж чадаагүй гэр бүлийн гишүүдтэйгээ лацдан холбуулж болно гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Хүүхдүүдийг тэнгэрт гэр бүлийнхэнтэйгээ хамт байгаагаар зурахад урь.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Тэнгэрлэг Эцэг намайг аравны нэгээ төлөхөд адислах болно.
Аравны нэгээ төлөх нь санхүүгийн тухай гэхээсээ илүү Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэж буй хэрэг юм. Таны заадаг хүүхдүүд аравны нэгийн талаар юу ойлгодог вэ? Та аравны нэгээ төлөх итгэлтэй болоход нь тэдэнд хэрхэн туслах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Аравны нэгтэй холбоотой дараах асуултуудыг самбарт бич. Үүнд: Аравны нэг гэж юу вэ? Би аравны нэгээ хэрхэн төлөх вэ? Аравны нэгийг юунд зориулдаг вэ? Аравны нэгээ төлснөөр ямар ямар адислал ирдэг вэ? Хүүхдүүдийг Малахи 3:8–12 болон Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org) дээрх “Аравны нэг, аравны нэгийн өргөл”-ийг хайж олоод, олсон хариултаа бичихэд урь. Хариултаа хоорондоо хуваалцахыг тэднээс хүс. Аравны нэгээ төлснөөр бид ямар хүмүүс болдог вэ?
-
Хамтдаа Марк 12:41–44-ийг унш. Их Эзэн бидний өргөлд хэрхэн ханддаг талаар энэ түүх бидэнд юу заадаг вэ?
-
Самбар дээр цонх зураад, түүн дотор аравны нэгээ төлсний төлөө хэн нэгний авч болох адислалуудыг бичихэд хүүхдүүдийг урь (санаа авъя гэвэл Малахи 3:10–12-ыг үзнэ үү). Аравны нэгээ итгэлтэй төлснөөр өөрсдөө эсвэл гэр бүл нь хэрхэн адислагдаж байсныг харуулсан хувийн жишээг хуваалцахад хүүхдүүдийг урь. Эсвэл та аравны нэгээ төлснөөр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэл тань хэрхэн нэмэгдсэн тухай өөрийн амьдралаас жишээ хуваалцаж болно.
“Би эш үзүүлэгч Елиаг та нар уруу илгээнэ.”
Бошиглогч Елиагийн тухай Малахийн бошиглол нь Елиа Көртландын ариун сүмд Иосеф Смит дээр ирж, гэр бүлүүдэд үүрд мөнхөд хамтдаа лацдан холбуулах боломжийг олгодог санваарын түлхүүрүүдийг өгөхөд биелсэн юм. Та тойргийнхоо ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хариуцдаг хэн нэгнийг (ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн эсвэл Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн гэх мэт) энэ сургаалыг хүүхдүүдэд заахад туслуулахаар урих тухай бодож үзэж болно. Гэр бүл нь лацдан холбуулаагүй хүүхдүүдийн сэтгэл санааг бодолцож үзээрэй.
Боломжит үйл ажиллагаа
-
Малахи 4:5–6-аас хэллэг бүрийг тусдаа цаасан дээр бич. Цааснуудыг хүүхдүүдэд өгөөд, хэллэгүүдийг зөв дарааллаар байрлуулахыг хүс. Шүлгүүдийг хамт уншаад, дараах асуултуудын талаар ярилц. Үүнд: Их Эзэн хэнийг илгээнэ гэж амласан бэ? Энэ хүнийг хэзээ ирнэ гэж Тэр хэлсэн бэ? Их Эзэн энэ хүнийг юу хийнэ гэж хэлсэн бэ? Энэ хүн яагаад ирэх ёстой вэ? Энэ бошиглол хаана биелсэн бэ? (Сургаал ба Гэрээ 110:13–16-г үзнэ үү).
-
Хүүхдүүдийн зүрхийг эцгүүд рүү нь эргүүлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? гэсэн асуултыг самбарт бич (Малахи 4:6-г үзнэ үү). Хүүхдүүдийг самбар дээрх асуултын талаар санал бодлоо хуваалцахад урь. Та хүүхдүүдтэй гэр бүлийн түүхийн талаар сурч мэдсэн туршлагаа харилцан ярилц.
-
Елиагийн зургийг Ирээд, Намайг дага–Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос харуул. Хүүхдүүдийг энэ зурагт дүрсэлсэн үйл явдлын талаар мэддэг зүйлээ хуваалцахад урь (мөн Сургаал ба Гэрээ 110:13–16-г үзнэ үү). Елиагийн сэргээсэн лацдан холбох хүч нь гэр бүлүүдийг, тэр дүндаа мөнх бус амьдралд ийм боломж байгаагүй гэр бүлүүдэд мөнхөд нэгдэх боломжийг олгодог гэдгийг гэрчил. Хэрэв та өөрийнхөө эсвэл нас барсан хүний лацдан холболтод оролцсон бол ёслолын үеэр танд ямар санагдсаныг ярь. Хүүхдүүдээс гэр бүлийнхээ талаар болон үүрд хамт байхад нь гэр бүлүүдэд туслах Бурханы төлөвлөгөөний талаар сэтгэгдлээ хуваалцахыг хүс.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдийг өнөөдөр хичээлийн үеэр сурч мэдсэн зүйлийнхээ талаар бодоход урьж, цөөн хүүхдээс хуваалцахыг хүс. Малахийн сургаалуудын талаар олж мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад бүх хүүхдийг урамшуул.