Хуучин Гэрээ 2022
12-р сарын 12–18. Малахи: “Би та нарыг хайрласан гэж Эзэн айлдаж байна”


“12-р сарын 12–18. Малахи: ‘Би та нарыг хайрласан гэж Эзэн айлдаж байна,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“12-р сарын 12–18. Малахи,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Христийн хөшөө

12-р сарын 12–18

Малахи

“Би та нарыг хайрласан гэж Эзэн айлдаж байна”

Малахи гэдэг нь “миний элч” гэсэн утгатай нэр юм (Bible Dictionary, “Malachi”). Та Малахийн Израилд хандан өгсөн захиасыг судлахдаа, өөрийн амьдралд зориулсан ямар захиасыг олж мэдсэн бэ? Малахийн хэлсэн үгс өнөөгийн цаг үед хэрхэн хамаатай вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Их Эзэн бошиглогч Малахиар дамжуулан Өөрийн хүмүүст “Би та нарыг хайрласан” хэмээн хэлсэн. Гэвч олон үеийн турш зовж шаналж, боолчлогдож байсан израилчууд Их Эзэнээс “Та биднийг яаж хайрласан юм бэ?” гэж асуусан байдаг. (Малахи 1:2). Израилыг өчнөөн зовлон туулсны эцэст, эртний Израилын түүх үнэхээр Бурханы гэрээт хүмүүсийн түүх мөн үү гэдэгт тэд эргэлзэж байсан байх.

Энэ жил Хуучин Гэрээнээс уншсан зүйлээ эргэцүүлэн бодоход, Бурханы хайрын талаар ямар нотолгоог та олсон бэ? Хүмүүний сул дорой, тэрслүү байдлын олон жишээг амархан олж болно. Гэсэн ч энэ бүхний дараа ч Бурхан хайр энэрлийн мутраа сунгахаа болиогүй. Иаковын хөвгүүд дүү Иосефтойгоо зүй бус харьцсан ч гэсэн Их Эзэн тэднийг өлсгөлөнгөөс аврах арга замыг бэлджээ (Эхлэл 45:4–8-ыг үзнэ үү). Израилчуудыг цөлд гомдоллоход Бурхан тэднийг талхаар хооллосон (Гэтлэл 16:1–4-ийг үзнэ үү). Израил Түүнийг хаяж, өөр бурхад руу эргэж, тарж бутарсан ч Бурхан тэднийг хэзээ ч бүрмөсөн орхиогүй бөгөөд харин ч наманчилбал тэднийг цуглуулж, “өршөөл энэрлээр” (Исаиа 54:7-г үзнэ үү) гэтэлгэнэ хэмээн амласан юм.

Энэ талаас нь харвал, Хуучин Гэрээ бол Бурханы тэвчээр, дундаршгүй хайрын түүх билээ. Энэ түүх өнөөдөр ч үргэлжилсээр байна. “Зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гийгүүлнэ” (Малахи 4:2) гэж Малахи бошиглосон. Есүс Христ ирж, Өөр дээр нь ирсэн бүх хүнд бие махбодын болон сүнслэг эдгэрэлтийг авчирчээ. Тэр бол эртний Израилын хувьд мөн бид бүгдийн хувьд Бурханы хайрын хамгийн том нотолгоо юм.

Малахи номын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Bible Dictionary дэх “Malachi”-аас үзнэ үү.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Малахи 1–4

“Над уруу эргэн ирэгтүн, Би ч та нар уруу эргэн ирэх болно.”

Малахийн амьдарч байсан цаг үед израилчууд Иерусалимд ариун сүмээ аль хэдийн барьсан байсан ч хүмүүс Их Эзэнтэй харилцаагаа сэргээх хэрэгтэй байв. Малахи номыг судлах явцдаа, Их Эзэний израилчуудаас асуусан эсвэл тэдний Түүнээс асуусан асуултуудыг олоорой. Их Эзэнтэй харилцах харилцаагаа үнэлж дүгнэн, Түүнтэй илүү ойртохын тулд ижил төстэй асуултуудыг өөртөө тавьж болно (зарим жишээг доор өгөв).

  • Их Эзэний намайг гэсэн хайрыг би хэрхэн мэдэрсэн бэ? (Малахи 1:2-ыг үзнэ үү).

  • Их Эзэнд өргөсөн өргөлүүдээрээ би Түүнийг үнэхээр дээдэлдэг үү? (Малахи 1:6–11-ийг үзнэ үү).

  • Ямар арга замаар би Их Эзэнд “эргэж” очих хэрэгтэй вэ? (Малахи 3:7-г үзнэ үү).

  • Би Бурханыг ямар нэгэн байдлаар луйвардаж байна уу? (Малахи 3:8–11-ийг үзнэ үү).

  • Хүнд хэцүү үед миний хандлага Их Эзэний талаарх бодол санааг маань хэрхэн илэрхийлдэг вэ? (Малахи 3:13–15-ыг мөн 2:17-г үзнэ үү).

Мөн Д.Тодд Кристоффэрсоны “Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм” үгийг Ensign, May 2011, 97–100 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104–107-оос үзнэ үү.

Малахи 1:6–14

Их Эзэн “цэвэр өргөл” өргөхийг хүссэн.

Малахи 1-д цэдэглэсэн Их Эзэний үг израил тахилч нар Их Эзэний хориглосон өө сэвтэй, өвчтэй малаа ариун сүмд тахил өргөхөөр өгч байсныг илтгэсэн (Леви 22:17–25-ыг үзнэ үү). Эдгээр тахил нь Их Эзэнд хандах тахилчийн хандлагын талаар танд юу харуулж байна вэ? (Малахи 1:13-ыг үзнэ үү). Их Эзэн яагаад хамгийн сайн өргөлөө өгөхийг биднээс хүсдэг вэ? Их Эзэний танаас өргөхийг хүссэн тахилуудын талаар бодоорой. Түүнд “цэвэр өргөл” өргөхийн тулд та юу хийж болох вэ? (Малахи 1:11-ийг мөн 3:3-ыг үзнэ үү).

Мөн Моронай 7:5–14-ийг үзнэ үү.

Малахи 3–4

Малахийн бошиглолууд хожмын өдрүүдэд биелж байна.

Аврагч Америк тивд зочлохдоо, Малахи 3–4-ийг нифайчуудад эш татан хэлсэн (3 Нифай 24–25-ыг үзнэ үү). 1823 онд тэнгэр элч Моронай тэр бүлгүүдийн зарим хэсгийг Иосеф Смиттэй хуваалцжээ (Иосеф Смит—Түүх 1:36–39; мөн Сургаал ба Гэрээ 2-ыг үзнэ үү). Яагаад Малахийн үгийг судруудад олон удаа давтсан байдаг гэж та бодож байна вэ? (мөн Сургаал ба Гэрээ 27:9; 110:13–16; 128:17–18-ыг үзнэ үү). Таны бодлоор Малахи 3–4-ийн ямар ямар захиас өнөө үед маш чухал гэж бодож байна вэ?

Моронай Малахи 4:5–6-г Иосеф Смитэд эш татан хэлэхдээ, Библид бичигдсэн “хэлбэрээс бага зэрэг өөрөөр эш татсан” байв (Иосеф Смит—Түүх 1:36). Моронайн эш татсан хэлбэр энэ бошиглолын талаарх бидний ойлголтод юу нэмж өгсөн бэ? Елиа эргэн ирэх тухай болон энэ бошиглол өнөөдөр хэрхэн биелж байгаа талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл, Сургаал ба Гэрээ 110:13–16-г мөн ахлагч Дэвид А. Бэднарын “Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно” гэсэн захиасыг үзнэ үү (Ensign, Nov. 2011, 24–27 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28–31). Яагаад та Елиаг ирсэнд талархаж байна вэ?

Елиа Көртландын ариун сүмд Иосеф Смит, Оливер Каудери хоёрт үзэгдэв

Елиа Көртландын ариун сүмд Иосеф Смит, Оливер Каудери хоёрт үзэгдсэнийг харуулсан зураг, Робэрт Т. Баррэтт

Maлахи 3:8–12

Аравны нэгийг төлөх нь тэнгэрийн цонхыг нээдэг.

Та Малахи 3:8–12-ыг уншиж байхдаа, аравны нэгийн өргөлөө өгч байсан туршлагынхаа талаар бодоорой. “Та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээнэ” (10-р шүлэг) гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ?

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Малахи 1:2.Малахи 1:2 дээрх “[Их Эзэн] Та биднийг яаж хайрласан юм бэ?” гэсэн асуултад танай гэр бүлийнхэн хэрхэн хариулах вэ? Их Эзэний биднийг гэх хайрын ямар ямар нотолгоо байна вэ?

Малахи 3:8–12.Та Малахи 3:8–12-ыг уншиж байхдаа, аравны нэгийн өргөлийн талаарх бодол, сэтгэгдлээ хуваалцахад гэр бүлийнхээ гишүүдийг урина уу. Аравны нэгийн өргөлийг өгснөөр бид ямар материаллаг, сүнслэг адислалуудыг олж харсан бэ? (Дэвид А. Бэднар, “Тэнгэрийн цонхнууд,” Ensign, Nov. 2013, 17–20 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17–22-ыг үзнэ үү). Гэр бүлийн гишүүдэд эдгээр адислалыг дүрсэлсэн зураг зурж, зургаа цонхон дээр өлгөх нь таалагдаж болох юм.

Maлахи 3:13–18.Их Эзэнд харьяалагдаж, Түүний “үнэт чулуунуудын” нэг байх нь бидний хувьд ямар утга учиртай вэ?

Maлахи 4:5–6.Эдгээр шүлгийг уншсаныхаа дараа гэр бүлийнхэн тань Малахийн бошиглолын талаарх дараах асуултын хариуг тодорхойлж болох юм. Хэн? Юу? Хэзээ? Хаана? Яагаад? (мөн Сургаал ба Гэрээ 2-ыг үзнэ үү).

Бид зүрх сэтгэлээ эцгүүд рүүгээ хэрхэн хандуулдаг вэ? Бид ийн үйлдсэнээр хэрхэн адислагддаг вэ? Та “The Promised Blessings of Family History” (ChurchofJesusChrist.org) видеог үзэж байхдаа эдгээр асуултын талаар тунгаан бодож болох юм. Эдгээр адислалаас хүртэхийн тулд бид гэр бүлээрээ юу хийх вэ?

NaN:NaN

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Гэр бүлийнхээ түүхийг би хөтөлдөг,” Хүүхдийн дууны ном, 100.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Суралцаж байхдаа асуулт тавь. Судраас суралцах явцад танд асуултууд гарч ирж магадгүй. Эдгээр асуултыг тунгаан бодож, хариултыг нь хай.

Ард нь байх олон өвөг дээдэстэй хамт цагаан алчуур даллаж байгаа эмэгтэй

Морнингийн магтаал, Роуз Даток Долл. Морнинг хэмээх эмэгтэй өвөг дээдсээрээ хүрээлүүлэн сүнсний дэлхийд зогсоно. Тэднийг сүнслэг боолчлолоос чөлөөлөгдсөнийг тэр тэмдэглэж байна.