Хуучин Гэрээ 2022
11-р сарын 28-аас 12-р сарын 4. Нахум; Хабаккук; Зефаниа: “Түүний замууд үүрдийнх юм”


“11-р сарын 28-аас 12-р сарын 4. Нахум; Хабаккук; Зефаниа: ‘Түүний замууд үүрдийнх юм’,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“11-р сарын 28-аас 12-р сарын 4. Нахум; Хабаккук; Зефаниа,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав 2022

Есүс дээш одод руу харж байна

“Түүний замууд үүрдийнх юм” (Хабаккук 3:6). Эхэнд Үг байсан, Эва Тимоти

11-р сарын 28-аас 12-р сарын 4

Нахум; Хабаккук; Зефаниа

“Түүний замууд үүрдийнх юм”

Та насан туршдаа судраас суралцсан ч шинэ ойлголт олж авч чадна. Та яг одоо бүхнийг ойлгох ёстой гэж бүү бод. Өнөөдөр танд хэрэгтэй захиасыг олж харахын төлөө тусламж хүсэн залбир.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хуучин Гэрээг унших нь ихэвчлэн сүйрэл устгалын тухай бошиглолуудыг уншина гэсэн үг. Их Эзэн ёс бус хүмүүст Түүний шүүлт тэдний дээр байгааг анхааруулахын тулд бошиглогчдыг байнга дууддаг байв. Нахум, Хабаккук, Зефаниа нарын тохинуулал үүний сайн жишээ юм. Эдгээр бошиглогч тухайн үед бат бөх, хүчирхэг мэт санагдаж байсан Ниневе, Вавилон гэх мэт хотуудын, тэр байтугай Иерусалимын сүйрлийг зөгнөсөн. Гэхдээ энэ нь хэдэн мянган жилийн өмнө болж өнгөрсөн үйл явдал билээ. Өнөөдөр эдгээр бошиглолыг унших нь яагаад чухал вэ?

Хэдийгээр эдгээр бардам, ёс бус хотууд устгагдсан ч бардамнал, ёс бус байдал оршсоор байна. Өнөөгийн дэлхий ертөнцөд бид заримдаа эртний бошиглогчдын буруушаадаг байсан муу муухай зүйлсээр хүрээлэгдсэн байгаа мэт санагддаг. Бид тэдний ул мөрийг зүрх сэтгэлээсээ ч олж харж болно. Эдгээр Хуучин Гэрээний бошиглол нь бардамнал, ёс бус явдлын талаар Их Эзэний бодлыг илчилдэг бөгөөд бид эдгээр бузар муугаас зайлсхийж чадна гэж заадаг. Энэ нь өнөөг хүртэл бид эдгээр эртний бошиглолыг уншсаар байгаагийн нэг шалтгаан байж магадгүй. Нахум, Хабаккук, Зефаниа болон бусад нь зөвхөн сүйрлийн биш, бас авралын бошиглогчид байсан. Сүйрлийн талаарх дүрслэлийг “та нар Эзэнийг хайгтун … зөв шударгыг хай, төлөв байдлыг хай” (Зефаниа 2:3) гэх мэт Христэд ирж, Түүний өршөөлийг хүлээн авах урилгаар зөөлрүүлсэн байдаг. Энэ бол эрт дээр үед Их Эзэний зам байсан, өнөөдөр ч гэсэн Түүний зам хэвээр. “Түүний замууд үүрдийнх юм” (Хабаккук 3:6).

Эдгээр номын тоймыг Bible Dictionary дэх “Nahum,” “Habakkuk,” “Zephaniah” хэсгүүдээс уншина уу.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Нахум 1

Их Эзэн хүчирхэг мөн нигүүлсэнгүй.

Нахумын үүрэг даалгавар бол Израилыг тарааж, Иудаг харгисласан балмад хэрцгий Ассирийн эзэнт гүрний нийслэл Ниневегийн сүйрлийг зөгнөн хэлэх явдал байв. Нахум эхлээд Бурханы уур хилэн, зүйрлэшгүй хүчийг дүрслээд, дараа нь Бурханы нигүүлсэл, сайн сайхны талаар бас ярьсан юм. Та 1-р бүлгээс эдгээрийг болон Бурханаас олж харсан бусад шинж чанар бүрийг ойлгоход тус болох шүлгүүдийг тодорхойлж болно. Их Эзэний тухай эдгээр зүйлийг нэг бүрчлэн мэдэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Заримд нь “Эзэн бол сайн” (Нахум 1:7) гэсэн судрын сургаалыг Тэрээр “Эзэн Өөрийнхөө өстнөөс өшөөгөө авдаг” (Нахум 1:2) гэсэн сургаалтай уялдуулан холбох хэцүү байж магад. Мормоны Номд Алмагийн хүү Кориантонд “нүгэлтнийг шийтгэхэд Бурханы шударга ёсны талаар” (Алма 42:1) асуух, үүний адил асуултууд байв. Бурханы нигүүлслийн талаар мөн энэ нь Түүний шударга ёстой хэрхэн холбогддог талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Алма 42-т Алмагийн Кориантонд өгсөн хариуг уншина уу.

Чулуун цайз

“Эзэн бол сайн. Зовлон шаналангийн өдөр Тэрээр бат бэхлэлт болдог” (Nahum 1:7).

Хабаккук

Би Их Эзэний таалал, Түүний цаг хугацаанд итгэж болно.

Заримдаа бошиглогчдод ч гэсэн Их Эзэний арга замын талаар асуух зүйлс гарч ирдэг. Иудад ёс бус явдал өргөн тархаж байсан үед амьдарч байсан Хабаккук цэдгээ Их Эзэнд хандан тавьсан асуултуудаар эхлүүлжээ (Хабаккук 1:1–4-ийг үзнэ үү). Та Хабаккукийн санааг зовоож байсан асуудлыг хэрхэн тоймлох вэ? Танд бас тийм мэдрэмж төрж байсан уу?

Их Эзэн Хабаккукийн асуултуудад хариулж, Иудаг шийтгүүлэхээр халдеичуудыг (вавилончуудыг) илгээнэ гэв (Хабаккук 1:5–11-ийг үзнэ үү). Гэсэн ч Хабаккук тайвширсангүй. Учир нь “өөрсдөөс нь илүү зөвтийг [Иудаг] буруутнууд [Вавилон] залгиж байхад” (12–17-р шүлгийг үзнэ үү) Их Эзэн зүгээр зогсож байсан нь шударга бус мэт түүнд санагджээ. Танд хариултаа аваагүй асуулт байвал Их Эзэнд итгэж найдахад сүнслэгээр өдөөх ямар зүйлийг та Хабаккук 2:1–4-өөс олж мэдсэн бэ?

Хабаккук номын 3-р бүлэг бол Бурханд өргөх магтаалын залбирал, Түүнд итгэх итгэлийн илэрхийлэл юм. 17–19-р шүлэг дэх Хабаккукийн үгээс юу нь танд таалагдсан бэ? Эдгээр шүлгийн өнгө аяс Хабаккук 1:1–4-өөс юугаараа ялгаатай вэ? Амьдрал шударга бус мэт санагдаж байсан ч Бурханд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлж болох талаар тунгаан бодно уу.

Мөн Еврей 10:32–39; 11; Сургаал ба Гэрээ 121:1–6; Робэрт Д. Хэйлс, “Эзэнийг хүсэн хүлээ: Таны хүсэл биелэг,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 83–86-г үзнэ үү.

Зефаниа

“Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ, Та нар Эзэнийг хайгтун!”

Зефаниа Иудагийн ард түмнийг ёс бус байдлаасаа болж вавилончуудад бүр мөсөн устгагдана гэж бошиглосон. “Би газрын гадаргаас бүх зүйлийг бүрэн арчих болно гэж ЭЗЭН тунхаглаж байна” (Зефаниа 1:2). Түүнчлэн “үлдэгдэл” нь бас хадгалагдаж үлдэнэ гэж Зефаниа хэлсэн (Зефаниа 3:13). Та эдгээр бошиглолыг, ялангуяа Зефаниа 1:4–6,12; 2:8, 10, 15; 3:1–4-ийг уншихдаа Иудаг болон бусад бүлгийг сүйрэлд хүргэсэн зан байдал, зан чанаруудыг анзаарна уу. Дараа нь Бурханы авч үлдэх хүмүүсийн зан байдлыг Зефаниа 2:1–3; 3:12–13, 18–19-өөс үзнэ үү. Эдгээр шүлэгт Их Эзэн танд зориулан ямар захиас өгсөн гэж та бодож байна вэ?

Зефаниа 3:14–20-д Их Эзэн “дайснуудыг чинь зайлуулсны” (15-р шүлэг) дараа зөв шударга хүмүүст төрөх баяр баясгаланг дүрсэлжээ. Эдгээр шүлэгт амласан ямар ямар адислал таны анхаарлыг татаж байна вэ? Яагаад эдгээр адислалын талаар мэдэж авах нь танд чухал вэ? Та эдгээр шүлгийг 3 Нифай 17-д өгүүлсэн үйл явдалтай харьцуулаад, Есүс Христ Өөрийн хүмүүст, тэр дундаа танд хэрхэн ханддаг талаар тунгаан бодоорой.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Нахум 1:7.Их Эзэн хэрхэн “бат бэхлэлт” шиг байдаг вэ? Магадгүй танай гэр бүл гэртээ энгийн бэхлэлт эсвэл цайз босгоод, дотор нь орж, Нахум 1:7-г ярилцаж болох юм. Бидний цаг үеийг юу “зовлон шаналангийн өдөр” болгодог вэ? Есүс Христ болон Түүний сайн мэдээ биднийг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ? Бид Түүнд “итгэж найддагаа” хэрхэн харуулах вэ?

Хабаккук 2:14.Энэ шүлэг дэх бошиглолыг гүйцэлдүүлэхэд бид хэрхэн тусалж чадах вэ?

Хабаккук 3:17–19.Бид эдгээр шүлэг дэх Хабаккукийн жишээнээс юу сурч мэдсэн бэ?

Зефаниа 2:3.Та гэр бүлийн гишүүдтэйгээ “зөв шударга,” “номхон дөлгөөн” зэрэг үгсийг олон үг бүхий номын хуудсан дээрээс олох тоглоом тоглож болно. Дараа нь тэд бие биенээсээ олж харсан зөв шударга байдал, номхон дөлгөөн зангийн тухай ярьж болно. Зөв шударга байдал, номхон дөлгөөн занг эрэлхийлэх гэдэг нь ямар утгатай вэ?

Зефаниа 3:14–20.Зефаниа 3:14–20-оос юу биднийг “уухай[лж], … баясан, бүх зүрхээрээ баярла[х]” хүсэл төрүүлдэг болохыг олж харсан бэ? Магадгүй гэрийнхнийг тань эдгээр шүлгийг уншиж байхад тэд санаанд орсон дуулал эсвэл дууг дуулж болох юм.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Их Эзэнийг эрэлхийл,” Хүүхдийн дууны ном, 67.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Тэвчээртэй бай. Заримдаа бид асуултынхаа хариултыг тэр даруй авахыг хүсдэг ч сүнслэг ойлголтыг олж авахад цаг хугацаа шаардагддаг тул албадах боломжгүй юм. Их Эзэний Хабаккукт хэлсэнчлэн, “Хүлээгтүн. Хойшлолгүй заавал биелэгдэх болно” (Хабаккук 2:3).

Есүс доош бууж, улаан нөмрөг өмсөв

“Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, та нарын дунд байна” (Зефаниа 3:17). Тэрээр захирч, засаглахаар дахин ирнэ, Мэри.Р Сауэр