“12-р сарын 19–25. Христийн мэндэлсний баяр: ‘Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“12-р сарын 19–25. Христийн мэндэлсний баяр,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022
12-р сарын 19–25
Христийн мэндэлсний баяр
“Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ”
Энэ Христийн мэндэлсний баяраар Хуучин Гэрээ хэрхэн энэ жилийн турш Есүс Христийн талаарх таны гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн талаар эргэцүүлэн бодоорой.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуучин Гэрээ нь тэсэн ядан хүлээх мэдрэмжийг агуулдаг. Энэ талаараа энэ нь Христийн мэндэлсний баяртай адилхан юм. Адам, Ева хоёроос эхлэн Хуучин Гэрээний патриарх, бошиглогч, яруу найрагч, хүмүүс Мессиагаар дамжуулан шинэчлэгдэж, чөлөөлөгдөнө гэсэн итгэл найдвар тээн сайн сайхан өдрүүдийг тэсэн ядан хүлээж байв. Египет, Вавилонд олзлогдсон ч байна уу аль эсвэл өөрсдийн гэм нүгэл, эсэргүүцлээс болж боолчлолд орсон ч байна уу израилчуудад энэхүү итгэл найдвар хэрэгтэй байв. Энэ бүх үйл явдлын үеэр бошиглогчид Мессиа, Аврагч “олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглахаар” (Исаиа 61:1) ирэхийг тэдэнд сануулдаг байсан.
Есүс Христийг Бетлехемд төрөхөд тэрхүү итгэл найдвар биелж эхэлсэн юм. Израилын хүчирхэг Аврагч нь малын хашаанд төрж, Түүнийг тэжээлийн онгоцонд тавьсан байв (Лук 2:7-г үзнэ үү). Гэхдээ Тэрээр зөвхөн эртний израилчуудын Аврагч байсангүй. Тэр таныг аврахаар, өвчин зовлон, зовлон шаналлыг тань үүрч, сул дорой байдлыг тань тээж шархалснаар биднийг эдгээхээр ирсэн (Исаиа 53:4–5-ыг үзнэ үү). Иймээс Христийн мэндэлсний баярыг өнөөдөр ч гэсэн баяр баясгалангаар дүүрэн болгон хүсэн хүлээдэг. Мессиа 2000 гаруй жилийн өмнө гарч ирсэн бөгөөд бид Түүнийг эрэлхийлэх бүрд Тэр бидний амьдралд орж ирсээр байна.
Хувиараа судар судлахад зориулсан санаа
Би Гэтэлгэгчдээ баясдаг.
Христийн мэндэлсний баяр бол Есүс Христ дэлхий ертөнцөд баяр баясгалан авчирсан тул баясгалант цаг мөч хэмээдэг. Есүсийг Бурханы Хүү хэмээн шүтэн биширдэггүй хүмүүс ч гэсэн Христийн мэндэлсний баярын баяр хөөрийг мэдэрдэг. Тэнгэрлэг Эцэг Хүүгээ илгээсний ачаар мэдэрдэг баяр баясгалангийнхаа талаар тунгаан бодоорой.
Аврагчийг төрөхөөс хэдэн зууны өмнө Хуучин Гэрээний бошиглогчид ч гэсэн ирэх гэж буй Мессиагийн тухай ярихдаа баярлаж байсан. Дараах хэсгүүдийн заримыг нь уншаад, Аврагчийн үйл хэргийг тэсэн ядан хүлээж байсан хүмүүст энэ нь яагаад үнэ цэнтэй байсныг бодоорой: Дуулал 35:9; Исаиа 25:8–9; 44:21–24; 51:11; Зефаниа 3:14–20; Мосе 5:5–11. Эдгээр судрын хэсэг яагаад таны хувьд эрхэм нандин бэ?
Мөн Рассэлл М. Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” Ensign, Nov. 2016, 81–84 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71–74-ийг үзнэ үү.
Бэлгэ тэмдгүүд нь надад Есүс Христийг санахад тусалдаг.
Христийн мэндэлсний баяртай холбоотой олон уламжлал биднийг Христ рүү чиглүүлдэг бэлгэдлийн чанартай байдаг. Од хэлбэртэй чимэглэлүүд нь Есүсийн мэндэлсэн шөнийг гэрэлтүүлсэн тод одыг илэрхийлдэг (Матай 2:2-ыг үзнэ үү). Магтан дуулагчид нь хоньчдод үзэгдсэн тэнгэр элч нарыг бидэнд сануулдаг (Лук 2:13–14-ийг үзнэ үү). Та энэ жил Хуучин Гэрээнээс судлахдаа Аврагчийг төлөөлсөн олон бэлгэ тэмдгийг анзаарсан байх. Тэдгээрээс цөөхөн хэдийг нь дор жагсаав. Эдгээрийг судалж, Түүний талаар танд юу зааж байгааг тэмдэглэх талаар бодож үзнэ үү.
-
Хурга (Эхлэл 22:8; Гэтлэл 12:5; 1 Петр 1:18–20).
-
Талх (Гэтлэл 16:4, 12–21,31; Дэд хууль 8:3; Иохан 6:30–40).
-
Зэс могой (Тооллого 21:4–9; Иохан 3:14–15).
-
Чулуу (1 Самуел 2:2; 2 Самуел 22:2–3; Дуулал 118:22–23; Исаиа 28:16; Ефес 2:20).
-
Мөчир (Исаиа 11:1–2; Иеремиа 23:5; 33:15).
-
Гэрэл (Дуулал 27:1; Исаиа 9:2; 60:19; Мика 7:8; Иохан 8:12).
Та Есүс Христийг гэрчлэх өөр ямар бэлгэдэл, эшлэл, цэдгийг судраас олж мэдсэн бэ?
Мөн 2 Нифай 11:4; Мозая 3:14–15; Мосе 6:63; “Судруудын удирдамж дахь Христийн бэлгэдлийн хэлбэрүүд,” “Есүс Христ,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.
“Түүний нэрийг Гайхамшигт хэмээн дуудах болно.”
Есүс Христийг олон янзын нэр, цолоор дууддаг. Дараах шүлгүүдээс та ямар ямар цолыг олсон бэ? Дуулал 23:1; 83:18; Исаиа 7:14; 9:6; 12:2; 63:16; Амос 4:13; Зехариа 14:16; Мосе 7:53. Таны санаанд өөр ямар цол орж ирсэн бэ? Христийн мэндэлсний баярын дууллуудаас Есүс Христийн цолнуудыг олж жагсааж бичих танд таалагдаж болох юм. Цол тус бүр нь Түүний тухай таны бодолд хэрхэн нөлөөлдөг вэ?
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Христийн мэндэлсний баярын уламжлал нь Есүс Христ рүү чиглүүлдэг.Израилын гэр бүлүүдийн уламжлалт Алгасал баяр болон бусад найр наадам нь зүрх сэтгэл, оюун ухааныг нь Их Эзэнд чиглүүлэх зорилготой байв ((Гэтлэл 12-ыг үзнэ үү). Христийн мэндэлсний баяраар Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг ямар уламжлал танай гэр бүлд байдаг вэ? Танай гэр бүлийн түүхээс уламжлагдаж ирсэн ямар ямар уламжлалын талаар та мэдэх вэ? Та нар гэр бүлээрээ хийж эхлэхийг хүсэж байгаа зарим уламжлалын талаар ярилцаж болох юм. Зарим санаа нь, тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх (санаа авах бол, ComeuntoChrist.org/light-the-world-ийг үзнэ үү), найзаа Тэргүүн Зөвлөлийн Христийн мэндэлсний баярын онцгой цугларалтыг хамтдаа үзэхэд урих (broadcasts.ChurchofJesusChrist.org), Христийн мэндэлсний баярын дуу өөрөө зохиох эсвэл Христ мэндэлсэн тухай мэдээг хуваалцах бүтээлч арга зам олох зэрэг байж болох юм.
-
“Бяцхан Христ мэндэлсэн түүх”.Та гэр бүлийнхээ гишүүдэд Христ мэндэлсэнд хүндэтгэлтэй хандаж, баяр баясгаланг мэдрэхэд нь хэрхэн тусалж болох вэ? Та нар хамтдаа “The Christ Child: A Nativity Story” видеог үзэж (ChurchofJesusChrist.org) эсвэл Матай 1:18–25; 2:1–12; Лук 1:26–38; 2:1–20-ийг уншиж болох юм. Гэр бүлийн гишүүн бүр видео эсвэл судрын цэдгээс нэг хүнийг сонгоод, тэрээр Аврагчийн талаар ямар бодолтой байсныг хуваалцаж болно. Гэр бүлийн гишүүд ч гэсэн Түүний талаарх өөрсдийн бодол санааг хуваалцаж болно.
-
Хуучин Гэрээнээс Аврагчийг олох нь.Ирэх жил Шинэ Гэрээнээс Есүс Христийн амьдралын талаар судлахаар бэлдэхдээ энэ жил Хуучин Гэрээнээс Түүний талаар юу сурч мэдсэнээ гэр бүлийнхэнтэйгээ дахин авч үзэн, ярилцаж болох юм. Та сурч мэдсэн зүйлээ эргэн санахын тулд энэ материалын тойм, хувиараа суралцах цагаараа хөтөлсөн тэмдэглэлээ харж болно. Бага насны хүүхдүүдэд Хуучин гэрээний түүхүүд эсвэл энэ материал дээрх зургуудыг үзэх нь тус болж болох юм. Бидэнд ямар бошиглол, түүх тодоос тод үлдсэн бэ? Бид Аврагчийн талаар юу сурч мэдсэн бэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм-оос үзнэ үү.
Санал болгох дуу: “OLittle Town of Bethlehem,” Hymns, д.208.