Хуучин Гэрээ 2022
12-р сарын 5–11. Хаггаи; Зехариа 1–3; 7–14: “Эзэнд ариун”


“12-р сарын 5–11. Хаггаи; Зехариа 1–3; 7–14: “Эзэнд ариун,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“12-р сарын 5–11. Хаггаи; Зехариа 1–3; 7–14,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав 2022

Хавайн Лаиэ ариун сүм

Хавайн Лаиэ ариун сүм

12-р сарын 5–11

Хаггаи; Зехариа 1–3; 7–14

“Эзэнд ариун”

Судруудыг унших нь илчлэлтийг урин авчирдаг. Хаггаи, Зехариа номуудыг уншиж байхдаа Ариун Сүнсний танд илчлэх захиасуудыг хүлээн авахад бэлэн байгаарай.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Олон арван жилийн турш боолчлогдож байсны дараа Хаггаи, Зехариа гэх мэт бошиглогчдын хамт хэсэг израилыг Иерусалим руу эргэж очихыг зөвшөөрөв. Энэ хүмүүсийн зарим нь Иерусалим сүйрэхээсээ өмнө ямар байсныг санаж байлаа. Нэгэн цагт тэдний гэр орон, мөргөл үйлддэг, ариун сүм нь байсан газар нуранги болсныг харахад тэдэнд ямар мэдрэмж төрж байсныг төсөөл. Хэзээ нэгэн өдөр Эзэний “өргөөг урьдын сүр жавхлантай байдлаар нь” (Хаггаи 2:3) барьж чадах болов уу гэж бодож байсан хүмүүст хандан бошиглогч Хаггаи “Энэ газрын ард түмэн та нар бүгдээрээ тууштай байгтун” хэмээн тунхаглаад, “Би та нартай хамт байгаа учраас ажиллагтун … Бүү айгтун. Би энэ өргөөг цог жавхлангаар дүүргэх болно. … Энэ газарт амар амгаланг өгөх болно” хэмээсэн Их Эзэний урмын үгийг хэлжээ. (Хаггаи 2:4–5, 7, 9.)

Гэхдээ ариун сүмээс гадна өөр бусад олон зүйлийг сэргээх шаардлагатай байлаа. Бурханы хүмүүс олон талаараа сүнслэг байдлын хувьд нурангид дарагдсан байв. Ариун хүмүүсийг сэргээх нь чулуу буталж, сүм хийдийн ханыг зэрэгцүүлэн босгохоос илүү их зүйлийг шаарддаг. Өнөөдөр ариун сүм дээр “Эзэнд ариун” гэсэн бичээс байдаг бөгөөд энэ нь барилга байгууламжаас гадна амьдралын хэв маягт хамаатай. Энэ үгийг “морины хонхнууд,” “Иерусалим дахь хоолны тогоо бүр” (Зехариа 14:20–21) дээр сийлэх нь зөвхөн зүрх сэтгэл бүрд сийлсэн тохиолдолд тустай. Жинхэнэ ариун байдал нь Их Эзэний үгс болон хууль бидний дотор “бууж” (Зехариа 1:6), Түүнтэй адил ариун болохын тулд мөн чанарыг маань өөрчлөх боломжийг Түүний хүчинд олгохыг шаарддаг (Леви 19:2-ыг үзнэ үү).

Хаггаи, Зехариа номуудын тоймыг Bible Dictionary дэх “Haggai”, “Zechariah” хэсгүүдээс үзнэ үү.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Хаггаи 1; 2:1–9

“Өөрсдийн зам мөрийг хянагтун.”

Иерусалимыг сэргээн барьж босгохын тулд олон чухал зүйлийг хийх шаардлагатай байв. Гэвч израилчуудыг буцаж ирснээс хойш ойролцоогоор 15 жил өнгөрсөн ч ариун сүмийг сэргээн босгох ажлыг нэн тэргүүнд тавиагүйд Их Эзэн дургүйцжээ (Хаггаи 1:2–5-ыг мөн Езра 4:24-ийг үзнэ үү). Та Хаггаи 1; 2:1–9-ийг уншиж байхдаа дараах асуултуудыг эргэцүүлэн бодоорой. Тухайлбал: Ариун сүмийг барьж дуусаагүйн улмаас ямар үр дагавар израилчуудыг хүлээж байсан бэ? Түүний өргөөг барьж дуусвал Их Эзэн ямар адислал өгөхөөр амласан бэ? Та энэ боломжийг ашиглан өөрийн “зам мөрийг бодож,” юу таны хувьд нэн тэргүүнд тавигдаж байгааг мөн тэдгээрийг хэрхэн Их Эзэнийхтэй уялдуулан холбож болохоо бодоорой.

Мөн Сургаал ба Гэрээ 95-ыг үзнэ үү; Тэрэнс М. Винсон, “Аврагчийн үнэнч шавь нар,” Ensign, Nov. 2019, 9–11 эсвэл 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 6–9-ийг үзнэ үү.

Зехариа 1–3; 7–8;14

Их Эзэн намайг ариун болгож чадна.

Кэрол Ф. Макконки эгч: “Ариун байдал бол Ариун Сүнсийг бидний хөтөч хэвээр байлгах сонголт хийх явдал юм. Ариун байдал гэдэг нь төрөлх хандлагаа хойш тавьж, ‘Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн’ болно гэсэн үг [Мозая 3:19]. … Бидний ариун байдлын найдвар нь Христ, Түүний өршөөл ба ач ивээл дээр төвлөрдөг” хэмээн заасан (“Ариун байдлын гоо үзэсгэлэн,” Ensign, May 2017, 9–10 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 124–126). Израилыг илүү ариун байхад уриалсан, бошиглогч Зехариагаар дамжуулан хэлсэн Эзэний үгийг уншихдаа дараах сургаалуудыг санаарай: Зехариа 1:1–6; 3:1–7; 7:8–10; 8:16–17. Их Эзэн Израилыг ариун болгохын тулд тэднээс юу хийхийг хүссэнийг анхаарна уу. Тэрээр таныг илүү ариун болоход хэрхэн тусалж байна вэ?

Зехариа 2:10–11; 8:1–8; 14:9–11, 20–21 нь бид бүгдээрээ Их Эзэнтэй хамт ариун байдалд амьдрах ирээдүйн тэр өдөр амьдрал ямар байхыг дүрсэлсэн. Эдгээр дүр зураг Зехариагийн үед Иерусалимыг сэргээн босгож байсан хүмүүст ямар ач холбогдолтой байсан бэ? Тэд таны хувьд ямар ач холбогдолтой вэ?

Есүс Иерусалимд ялгуусан байдалтай орж ирэв

“Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөвт, ялагдашгүй, даруухнаар илжиг унажээ” (Зехариа 9:9). Ялгуусан байдалтай орж ирсэн нь, Харри Андэрсон

Зехариа 9:9–11; 11:12–13; 12:10; 13:6–7; 14:1–9

Есүс Христ бол амлагдсан Мессиа юм.

Зехариагийн бичсэн хэд хэдэн бичвэрт Есүс Христийн дэлхий дээрх тохинуулал мөн Хоёр дахь ирэлтийнх нь талаар өгүүлсэн байдаг. Зехариагийн дараах бошиглолуудыг судрын бусад номын холбогдох хэсгүүдтэй харьцуулаарай.

Та эдгээр судрын хэсгийг судалж байхдаа Аврагчийн талаар юу сурч мэдсэн бэ? Эдгээр судрын хэсгийг ойлгох нь танд яагаад чухал вэ?

Мөн Судруудын удирдамж, “Мессиа”-г үзнэ үү (scriptures.ChurchofJesusChrist.org).

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Хаггаи 1:2–7.Эдгээр шүлэг нь танай гэр бүлийг “өөрийн зам мөрийг бодож үзэхэд” хүргэж болох юм. Гэр бүлийн гишүүд 6-р шүлэг дэх үг хэллэгүүдийг жүжигчлэн үзүүлж болно. Энэ шүлэг дэлхийн юмсыг Бурханы зүйлсээс дээгүүр тавих талаар юу заадаг вэ? Та гэр бүлийнхээ нэн тэргүүнд тавьдаг зүйлсийн талаар хамтдаа зөвлөлдөж болно. “Би Есүс шиг байхыг хичээнэ” (Хүүхдийн дууны ном, 40–41) зэрэг дууг дуулах нь юуг сайн хийж байгаа, юун дээрээ ажиллах хэрэгтэй вэ гэдэг дээр үнэлгээ хийхэд гэр бүлийнхэнд тань тусалж болох юм.

Хаггаи 2:1–9.Эдгээр шүлгийг танилцуулахын тулд та хүмүүсийн хайрладаг байсан, шатсан табернаклын суурин дээр барьж босгосон Прово хотын төв дэх ариун сүмийн түүхийг хуваалцаж болно (“Provo City Center Temple Completed” видеог үзнэ үү ChurchofJesusChrist.org). Танай гэр бүлийнхнийг Хаггаи 2:1–9-ийг уншиж байхад та тэднээс устаж үгүй болсон ариун сүмийг сэргээн босгох ажилтай адилхан бидний амьдралд болж өнгөрдөг ямар нэг зүйлийн талаар бодохыг хүсэж болно. Их Эзэн биднийг гай гамшиг, зовлон бэрхшээлийн дараа хэрхэн дахин босгодог вэ?

Зехариа 3:1–7.Эдгээр шүлгийг уншиж байхдаа гэр бүлийнхэндээ хэдэн бохир хувцас харуулж болно. Тэнгэр элчийн өмнө бохир хувцастай зогсож байхад Иошуад ямар санагдаж байсан бэ? Нүгэл нь бохир хувцастай хэр адил байдаг вэ? Зехариа 3:1–7 нь уучилж өршөөх талаар бидэнд юу зааж байна вэ? Та нар дараа нь хувцсаа хамтдаа угааж, Аврагчийн Цагаатгалын ариусгах хүчийн талаар ярилцаж болно.

Зехариа 8:1–8.Иерусалимын ирээдүйн талаарх Зехариагийн бошиглолын юу нь бидэнд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Тэнд өгүүлсэн ямар зүйлийг бид өөрсдийн амьдарч буй нийгмээс олж харахыг хүсдэг вэ? Бид “өөрсдийн дунд амьдрахад” Аврагчийг хэрхэн урьж болох вэ? (Гари И. Стивэнсоны “Ариун өргөө, ариун сүм” үгийг Ensign, May 2009, 101–103 эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 101–103-аас үзнэ үү).

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Би Есүс шиг байхыг хичээнэ,” Хүүхдийн дууны ном, 40–41.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Өөрөө өөрийгөө үнэлж дүгнэх боломж гарга. Та судруудыг судлахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хэр үнэнч байгаагаа байнга тунгаан бодоход сүнслэгээр өдөөгдөх болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлд.

АНУ-ын Юта мужийн Прово хотын Прово табэрнэкл хэрхэн түймэрт шатсаныг мөн Прово хотын төв дэх ариун сүм болгоныг сэргээн барьж босгосныг харуулсан цаг хугацааны хүснэгт