Хуучин Гэрээ 2022
Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх толилуулгын зааварчилгаа


“Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх толилуулгын зааварчилгаа,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх толилуулгын зааварчилгаа,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Хүүхдүүд сүм дээр дуулж байхдаа хөдөлгөөн хийж үзүүлж байна

Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх толилуулгын зааварчилгаа

Хүндэт Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн, хөгжмийн удирдагчид аа,

Хүүхдийн хэсгийн дуунууд нь хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө, Есүс Христийн сайн мэдээний үндсэн үнэний тухай мэдэж авахад туслах хүчирхэг хэрэгсэл юм. Хүүхдүүдийг сайн мэдээний зарчмуудын тухай дуулах үед Ариун Сүнс тэдгээрийн үнэнийг гэрчилнэ. Үгс болон аялгуу нь хүүхдүүдийн оюун санаа, зүрх сэтгэлд амьдралынх нь турш хоногшин үлдэх болно.

Та дуу хөгжмөөр дамжуулан сайн мэдээг заахад бэлтгэхдээ Сүнсний тусламжийг эрэлхийл. Дуулж буй үнэнийхээ талаар гэрчлэлээ хуваалц. Дуу хөгжим тэдний гэртээ болон Хүүхдийн хэсгийн ангиуддаа суралцаж, олж авч буй туршлагатай хэрхэн уялдаж байгааг олж харахад хүүхдүүдэд тусал. Таны шаргуу хичээл зүтгэлийн ачаар хүүхдүүд, тэдний гэр бүл адислагдах болно.

Бид та нарт хайртай бөгөөд эрхэм нандин хүүхдүүдийг маань хамгаалж, хүчирхэгжүүлэхийн тулд чин сэтгэлээсээ үйлчилж байгаад тань талархаж байна.

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл

Дууны цагийн зааварчилгаа

5 минут (Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл): Нээлтийн залбирал хэлэх, судар эсвэл Итгэлийн тунхаг унших, нэг хүн үг хэлэх

20 минут (хөгжмийн удирдагч): Дууны цаг

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл, хөгжмийн удирдагч сар бүр хүүхдүүдийн ангидаа болон гэртээ суралцаж байгаа зарчмуудыг бататгах дуунуудыг сонгоно. Эдгээр зарчмыг бататгах дуунуудын жагсаалтыг энэхүү удирдамжид хавсаргав. Эдгээр дууг мөн Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагуудын тойм хэсэгт санал болгосон.

Хүүхдүүдэд дуу заахдаа, тухайн дуунуудын зааж буй сургаалын зарчим, түүхүүдийн талаар юу мэдэж авснаа хуваалцахад тэднийг урь. Та хүүхдүүдийн ангидаа суралцаж байгаа Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлага дээрх хичээлийн тоймыг үзэж болно. Энэ нь танд тэдний суралцаж байгаа түүх, зарчмуудын талаар мэдэж авахад туслах ба тэгснээр та тэдний суралцах үйл явцыг дуу хөгжмөөр хэрхэн дэмжих талаар бодож үзэх боломжтой.

Түүнчлэн дууны цагаар та хүүхдүүдийн урьд өмнө сурч мэдсэн болон дуулах дуртай дуунуудыг дуулуулж болно. Дууг давтан дуулахдаа, дуунуудад өгүүлж буй үнэний талаар бодол санаа, мэдрэмжээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Хүүхдийн дууны ном бол Хүүхдийн хэсгийн дуу хөгжмийн үндсэн эх сурвалж юм. Сүмийн дууллын ном, Найз, Лиахона дээрх дуунууд бас тохиромжтой. Хүүхдүүд зарим үед эх оронч эсвэл баярын сэдэвтэй, ням гарагт дуулах, хүүхдийн насанд тохирсон дуунуудыг дуулж болно. Хүүхдийн хэсэгт ашиглах бусад дуу хөгжмийг бишопын зөвлөлөөр батлуулсан байх шаардлагатай (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 12.3.4, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

Хүүхдийн хэсгийн тойм

Хүүхдийн хэсэгт долоо хоног бүр дараах зүйлс багтах ёстой.

Дууны цаг:25 минут

Анги руу шилжих:5 минут

Ангиуд:20 минут

Олон хүүхэдтэй Хүүхдийн хэсгийн удирдагчид хүүхдүүдийг хоёр бүлэгт хуваан, нэг бүлэг нь ангидаа орж байхад нөгөө бүлгийг дууны цагт оруулж болно. Дараа нь хоёр бүлэг солигдоно. Ийм тохиолдолд Хүүхдийн хэсгийн удирдагчид дээр дурдсан цагийг нөхцөл байдалдаа тохируулан өөрчилж болно.

Дууны цагт санал болгох дуу хөгжим

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

Есүсийн зургийг барьж буй хүүхдүүд

Сургаалыг заахад дуу хөгжим ашиглах

Дууны цаг нь хүүхдүүдэд сайн мэдээний үнэнээс суралцахдаа Ариун Сүнсний нөлөөг мэдрэхэд нь туслах зорилготой юм. Сүмийн дууллууд, Хүүхдийн хэсгийн дуунуудад байгаа сайн мэдээний зарчмуудыг заах арга замуудыг төлөвлөхөд танд дараах санаанууд тусална.

Холбогдох судруудыг унш. Хүүхдийн дууны ном, Сүмийн дуулал дахь олон дуу, дуулалд холбогдох судруудын эшлэлийг багтаасан байдаг. Эдгээр хэсгийг уншихад нь хүүхдүүдэд тусалж, энэ нь тухайн дуутай хэрхэн холбогдож байгаа тухай ярилц. Мөн та самбар дээр хэд хэдэн судрын эшлэл бичээд, эшлэл бүрийг дуу, дууны бадагтай тохируулахад хүүхдүүдийг урьж болно.

Хоосон зайг нөх. Самбар дээр дууны үгийг бичихдээ хэд хэдэн гол үгийг орхин бич. Дараа нь хүүхдүүдээс уг дууг дуулахдаа хоосон зайд тохирох үгсийг анхаарч сонсохыг хүс. Тэднийг хоосон зайг бөглөж байх үед, дутуу орхисон үгсээс сайн мэдээний ямар зарчмуудыг мэдэж авсан тухай ярилц.

Сүмийн удирдагчдын хэлсэн үгсээс ашигла. Хүүхдийн хэсгийн дуунуудтай ижил сайн мэдээний зарчим заадаг Сүмийн удирдагчдын үгийг сонсоход хүүхдүүдийг урь. Өөрсдийн дуулж буй үнэнийг ойлгоход туслах ямар нэгэн зүйлийг сонсох үед гараа өргөхийг хүүхдүүдээс хүс. Сонссон зүйлсээ хуваалцахыг тэднээс хүс.

Гэрчил. Хүүхдийн хэсгийн дуун дээр байдаг сайн мэдээний үнэний тухай гэрчлэлээ хүүхдүүдтэй товчхон хуваалц. Дуулах нь гэрчлэлээ хуваалцаж, Сүнсийг мэдрэх нэг арга зам гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Гэрч болон зогс. Хүүхдүүдийг ээлжлэн босож, дуулж байгаа дуунаасаа юу мэдэж авснаа эсвэл уг дуун дээр гардаг үнэний талаар төрж буй мэдрэмжээ хуваалцахад урь. Уг дууг дуулж байхдаа юу мэдэрч байгааг нь асууж, Ариун Сүнсний нөлөөг ялган танихад тусал.

Зургуудыг ашигла. Дуунд гарч буй чухал үг, хэллэгүүдтэй холбоотой зургийг олоход эсвэл бүтээхэд туслахыг тэднээс хүс. Зургууд тухайн дуутай хэрхэн холбогдож байгааг болон уг дуу юу зааж буйг хуваалцахад тэднийг урь. Жишээлбэл, хэрэв та “Түүнийг дэлхийд дахин ирэхэд” (Хүүхдийн дууны ном, 46–47) дууг зааж байгаа бол дууны чухал үгсийг дүрсэлсэн зургуудыг өрөөний эргэн тойронд байрлуулж болно (тэнгэр элчүүд, цас, од гэх мэт). Хүүхдүүдээс зургуудыг цуглуулаад, хамт дуулахдаа тэдгээр үгийг зөв дарааллаар дээш өргөхийг хүс.

Үзүүлэнтэй хичээл заа. Та дууны тухай ярилцахад урамшуулахын тулд үзүүлэн ашиглаж болно. Жишээлбэл, “Их Эзэнийг эрэлхийл” (Хүүхдийн дууны ном, 67) дуу нь Их Эзэнийг эрэлхийлэх талаар өгүүлдэг. Та Аврагчийн зургийг өрөөнд нууж, нэг хүүхдийг хайж олоход урьж болно. Хүүхэд зургийг олсны дараа, уг зургийг олохын тулд хийсэн зүйлийг нь ярилц. Энэ нь Их Эзэнийг эрэлхийлэхийн тулд бидний хийж болох дуун дээр дурдсан зүйлсийн талаар ярилцахад хүргэж болох юм.

Хувийн туршлагаа хуваалцахад урь. Хүүхдүүдэд тухайн дуунд зааж байгаа зарчмуудыг тэдгээрийн талаарх өөрсдийн туршлагатай холбоход тусал. Жишээлбэл, “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 89) дууг дуулахын өмнө, ариун сүм харсан хүүхдүүдээс гараа өргөхийг хүс. Дуулж байхдаа, ариун сүм харах үед ямар мэдрэмж төрсөн тухайгаа бодохыг тэднээс хүс.

Aсуулт тавь. Дуу дуулах үед асууж болох олон асуулт бий. Жишээлбэл, та дууны бадаг бүрээс юу ойлгосныг нь хүүхдүүдээс асууж болно. Мөн тухайн дуунд хариулт нь байж болох асуултуудыг бодож олохыг тэднээс хүсэж болно. Энэ нь дуунд зааж буй үнэний тухай ярилцахад хөтөлж болох юм.

Хариултыг сонс. Асуултын хариултуудыг сонсохыг хүүхдүүдээс хүс. Жишээлбэл, “Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20–21) дуунд асуулт, хариулт байдаг. Та хүүхдүүдэд асуулт тавиад, дараа нь дуулах үедээ хариултаа олж сонсохыг тэднээс хүс.

Хүүхдүүдэд Хүүхдийн хэсгийн дуу болон сүмийн дууллуудыг сурч, эргэн санахад туслах

Хүүхдүүд дууг дахин дахин сонсож мөн дуулснаар сурдаг. Шинэ дууны үгийг хүүхдүүдэд зүгээр уншиж, хэлж өгөхийн оронд дууны үгийг үргэлж дуулж хэлж өгч бай. Энэ нь хүүхдүүдэд аяыг үгтэй нь холбогдуулан санахад тусална. Дуу заасныхаа дараа жилийн турш энэ дуугаа олон янзын хөгжилтэй аргаар давт. Дууг сурч, давтахад нь хүүхдүүдэд туслах зарим санааг дурдав.

Үзүүлэн бэлд. Бадаг бүрийн үгийг харуулсан эсвэл үгийг нь төлөөлсөн зурагтай үзүүлэнгүүдийг үзүүл. Хүүхдүүдийг дуулж байхад зарим үг эсвэл зургийг ямар нэг зүйлээр халхал. Үзүүлэнгүйгээр бүтэн бадгийг дуулдаг болтол ийнхүү давт. Түүнчлэн та хүүхдүүдийг үзүүлэн хийхэд туслуулахаар урьж болно.

Ноотны далайцыг үзүүл. Хүүхдүүдэд дууны аяыг сурахад нь туслахын тулд гараа хэвтээ байрлалд аваад, үгсийг хэлэн дуулж байх үед дээд ноотон дээр гараа өргөж, доод ноотон дээр гараа буулга.

Цуурай. Хүүхдүүдээс таны дуулж байгааг давтан цуурайтуулахыг хүс. Богино хэсэг эсвэл нэг мөрийг хүүхдүүдэд дуулж үзүүлээд, дараа нь тэр хэсгийг хүүхдүүдээр дуулуул.

Өөрчлөлтийг ашигла. Дууллыг шивнэх, аялах, цохилтыг нь алга ташиж үзүүлэх, хэмнэлийг өөрчлөх, босон суун дуулах зэрэг янз бүрийн арга замаар дуул. Түүнчлэн цаасаар шоо хийж, тал бүр дээр нь дуулах өөр өөр аргыг бичиж болно. Дууг ямархуу маягаар дуулахыг шийдэхийн тулд нэг хүүхдийг урьж гаргаад, шоог хаяул.

Бүлэг бүлгээр дуул. Анги бүрд эсвэл хүүхэд тус бүрд босоод дуулах нэг мөр оноож өгөөд, дараа нь анги бүр эсвэл хүүхэд тус бүр бүх мөрийг дуултал хоорондоо солилцон дуулахаар зохицуул.

Гарын хөдөлгөөн ашигла. Дууны үг болон захиасыг санахад туслах энгийн гарын хөдөлгөөнийг бодож олохыг хүүхдүүдээс хүс. Жишээлбэл, “Даруухнаар, намуухнаар” (Хүүхдийн дууны ном, 11) дууг дуулахдаа, дууны холбогдох мөрийг дуулах үед нь та хүүхдүүдийг гараа нугалж, толгойгоо бөхийлгөхөд мөн зүрхэндээ хүрэхэд урьж болно.

Охид, хөвгүүдийг ээлжлэн дуулуул. Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн зураг зураад, тус тусад нь савхан дээр наа. Дуугаа давтаж байхдаа, дууны аль хэсгийг хэн дуулахыг үзүүлж, зургаа өргө.

Сагс руу шид. Тодорхой нэг дууны бадгийн тоогоор дугаартай сагс эсвэл савнуудыг өрөөний урд хэсэгт тавь. Нэг хүүхдийг урьж гаргаад, шошоор дүүргэсэн жижиг уутыг эсвэл базаж бөөрөнхийлсөн цаасыг дугаартай сав руу юм уу савны ойролцоо шидэхийг хүс. Савны дугаарын дагуу дууны бадгийг хүүхдүүдээр дуулуул.

Зургийг дууны үгтэй тохируул. Дууны мөр тус бүрийг өөр өөр цаасан дээр бичээд, мөр тус бүрийг тодорхойлсон зургийг ол. Зургуудыг өрөөний нэг талд, харин цааснуудыг өрөөний нөгөө талд байрлуул. Дууг дуулж, зургуудыг цаастай тохируулахыг хүүхдүүдээс хүс.

Сүм дээр дуулж буй хоёр хүүхэд

Ариун ёслолын цуглаан дээр үзүүлэх толилуулгын удирдамж

Ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн үзүүлэх толилуулгыг ерөнхийдөө жил бүрийн дөрөвдүгээр улиралд бишопын удирдлаган доор хийдэг. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн, хөгжмийн удирдагч Хүүхдийн хэсгийг хариуцдаг бишопын зөвлөхтэй толилуулгын төлөвлөгөөний талаар хэлэлцэхээр жилийн эхэнд уулзалт зохион байгуулдаг. Төлөвлөгөө гаргаж дууссаныхаа дараа тухайн зөвлөхөөр батлуул.

Толилуулга нь хүүхдүүд гэр бүлийнхнийхээ хамт гэртээ болон Хүүхдийн хэсэгтээ Хуучин Гэрээнээс юу сурч мэдсэнээ, мөн жилийн турш дуулсан Хүүхдийн хэсгийн дуунуудаа толилуулах боломжийг олгох ёстой. Сайн мэдээний аль зарчим, мөн дуу тэдний сурсан зүйлсийг дэмжиж байгааг залбирч, эргэцүүлэн бод. Толилуулгад ашиглах зорилгоор жилийн туршид хүүхдүүдийн хэлсэн үгс, хувийн туршлагуудыг тэмдэглэн авч болно. Хүүхдүүдийг толилуулгад судар, түүх, гэрчлэлээ хуваалцахад урь. Толилуулгыг төлөвлөхдөө, цугласан хүмүүсийн анхаарлыг Тэнгэрлэг Эцэг, Аврагч мөн Тэдний сургаалд төвлөрүүлэхэд туслах арга замуудын талаар бод.

Цөөн хүүхэдтэй нэгжүүд гэр бүлийнхэн нь хүүхдүүдтэйгээ хамт оролцож болох арга замуудын талаар бодож болно. Бишопын зөвлөлийн нэг гишүүн товч үг хэлж, цуглааныг хааж болно.

Толилуулгыг бэлтгэх явцдаа дараах удирдамжийг сана. Үүнд:

  • Давтахдаа Хүүхдийн хэсгийн ангийн юм уу гэр бүлийн цагаас хэт их цаг авах ёсгүй.

  • Үзүүлэнгийн материал, хувцас өмсгөл, медиа толилуулга зэргийг ариун ёслолын цуглаанд ашиглах нь зохисгүй юм.

Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 12.2.1.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.