Ирээд, Намайг дага
1-р сарын 6–12. 1 Нифай 1–7: “Би явж бас биелүүлэх болно”


“1-р сарын 6–12. 1 Нифай 1–7: ‘Би явж бас биелүүлэх болно,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“1-р сарын 6–12. 1 Нифай 1–7,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Цөлд аялж буй Лихайн гэр бүл

Улаан тэнгисийн ойролцоо аялж буй Лихай, Гари Смит

1-р сарын 6–12

1 Нифай 1–7

“Би явж бас биелүүлэх болно”

Ням гаргийн ангийн багшийн хувьд таны бэлтгэл судраас хувиараа судалснаар эхэлнэ. Хүлээн авч буй сүнслэг өдөөлтдөө анхаарал хандуулж, бичиж тэмдэглэ. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав сургалтын материал таны судлах үйл явцыг баяжуулна.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн тань олон гишүүн 1 Нифай 1–7-г мэддэг байж болох ч бид судруудыг унших тоолондоо одоогийн нөхцөл байдалд маань тохирсон үнэнийг мэдэж авч байдаг. Ярилцлагаа эхлүүлэхийн тулд та ангийн гишүүдээс энэ долоо хоногт суралцах явцдаа юу ойлгож мэдсэнийг эсвэл юу санаж байгааг нь асууж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

1 Нифай 1; 3–6

Судрууд агуу үнэ цэнтэй.

  • Мормоны Номон дахь нэгэн чухал захиас бол Бурханы үг агуу үнэ цэнтэй хэмээх захиас юм. Энэ нь ангийнхныгаа Мормоны Номыг судалж эхлэх үед тэдэнтэй хуваалцаж болох хэрэгтэй захиас болж болох юм. Та эхлээд ангийн гишүүн бүрээс 1 Нифай 1; 3–6-аас нэг бүлэг сонгоод, гүйлгэн харж, Бурханы үг Лихайн гэр бүлийг шууд ба шууд бус байдлаар адисалсан арга замуудыг олж мэдэхийг хүсэж болно. (Ангийн гишүүдэд энэ үйл ажиллагааг жижиг бүлгээр хийх нь тустай байж болох юм.) Дараа нь хувь хүмүүсийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Эдгээр түүх бидэнд судруудын ач холбогдлын талаар юу зааж байна вэ?

  • Багшийн хувьд таны зорилгуудын нэг бол хувь хүн, гэр бүлүүдийг хичээлийн бус цагаар сайн мэдээг судлахад урамшуулах явдал юм. Та ангийн гишүүдээ Лихай гуулин ялтаснуудыг хэрхэн судалсныг (1 Нифай 5:10–19-ийг үзнэ үү) судлахад уриад, дараа нь дараахтай ижил төстэй асуултуудыг тэдэнд тавьж болно. Тухайлбал: Лихай судруудад хэрхэн ханддаг байсан бэ? Тэр эдгээрээс ямар үнэ цэнтэй зүйлийг олж авсан бэ? Ангийн гишүүд ахлагч Ричард Г. Скоттын “Судрын хүч” захиасыг (Ensign, Nov. 2011, 6–8 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5–9) эсвэл “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа энэ захиасын нийтлэлийг уншиж болно. Бид энэ жил Мормоны Номыг судлах явцдаа ахлагч Скоттын сургаалыг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

  • Та нар ангиараа “As I Search the Holy Scriptures” (Hymns, no. 277) гэх мэт судрын тухай өгүүлдэг дууллыг дуулж болно. Та дараа нь хувиараа судар судлах нь тэдний амьдралыг хэрхэн адисалсан талаар хуваалцахад ангийнхаа гишүүдийг урьж болно. Тэд бас судрууд өөрсдийг нь “…Бурханд ирж, … аврагдахад” (1 Нифай 6:4) хэрхэн урамшуулсныг хуваалцаж болно.

1 Нифай 2:11–19; 3:28–31

Бид зүрх сэтгэлээ зөөлрүүлснээр өөрсдийн гэсэн гэрчлэлтэй болж чадна.

  • Нифайн Их Эзэнд итгэх хүчирхэг итгэлийг хүн бүхэн мэддэг байж болох ч тэр ч гэсэн гэрчлэлтэй болохын тулд бидний адил ажиллах хэрэгтэй байсныг мэдэх нь ангийн гишүүдэд тустай байж болох юм. Ангийн гишүүд 1 Нифай 2:16–19-өөс Нифайд гэрчлэлтэй болох боломжийг олгосон зүйлсийг тодорхойлж болно. Тэд бас 11–14-р шүлгийг уншаад, яагаад Лемен, Лемүел хоёр гэрчлэлтэй болж чадаагүй шалтгааныг олж мэдэж болно. Энэ нь ангийн гишүүдийг хэрхэн гэрчлэлтэй болсноо хуваалцахад урих сайхан боломж байж болох юм.

  • Бид заримдаа өөрсдийн гэсэн гэрчлэлтэй болоход эсвэл гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд гайхамшигт үйл явдал тохиолдох ёстой гэж үздэг байж болно. Харин Лемен, Лемүел хоёр тэнгэр элчийг харсан ч энэ нь тэдний итгэлд дорвитой нөлөөлөөгүй. Ангийн гишүүд 1 Нифай 3:28–31-д өгүүлсэн энэ туршлагаас бидний гэрчлэлийг ямар зүйл хүчирхэгжүүлдэг талаар юу мэдэж авч чадах вэ? (мөн 1 Нифай 2:16-г үзнэ үү). “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Харолд Б. Лийгийн эшлэлийг хуваалцах талаар бодож үзээрэй. Бид гэрчлэлээ хүчтэй хэвээр байлгахын тулд юу хийж болох вэ?

1 Нифай 3–4

Бурхан биднийг Өөрийнх нь хүслийг биелүүлэх арга замаар хангах болно.

  • 1 Нифай 3–4 дээрх Лихайн хөвгүүдийн туршлага ер бусын байж болох ба бидний ихэнхэд Бурханы хүслийг дагах нь хүнд хэцүү санагдсан ч дуулгавартай дагаж байсан туршлага бий. Ангийн гишүүд энэ долоо хоногт 1 Нифай 3–4-өөс уншиж байхдаа, хувийн туршлагыг нь эргэн сануулсан ямар үнэнийг олж мэдсэн бэ? Та ангийн гишүүдээс эдгээр үнэнийг заасан шүлгүүдээс хуваалцахыг хүсэж, туршлагаасаа хуваалцахад урьж болно. Бурхан биднээс хүнд хэцүү санагдах ямар нэгэн зүйлийг хийхийг хүсэх үед эдгээр үнэн бидэнд хэрхэн тусалдаг вэ?

  • Та ангийг гурван бүлэгт хуваарилаад, Лебенээс гуулин ялтаснуудыг авах гэсэн оролдлогуудыг нэг нэгээр нь бүлэг бүрд оноож өг (1 Нифай 3:9–21; 1 Нифай 3:22–31; 4:1–4 болон 1 Нифай 4:5–38-ыг үзнэ үү). Дараа нь та эдгээр оролдлого Их Эзэний хүслийг гүйцэлдүүлэх талаар бидэнд юу зааж байгааг хуваалцахад бүлэг бүрийг урьж болно. Эдгээр жишээ нь Бурханы хүслийг биелүүлэх бидний хүчин чармайлтад хэрхэн хамаатай вэ?

Лихай, Сариа хоёр Нифай болон түүний ах нарыг угтан авч байгаа нь

Тэдний баяр хөөр дүүрэн байв, Волтэр Рэйн

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Та ангийн гишүүдийг 1 Нифай 8–10-ыг уншихад урамшуулахын тулд ерөнхийлөгч Дийтр Ф. Угдорфын “Маш олон хүч биднийг хойш чангааж байхад бид хэрхэн алсын хараагаа итгэлтэй хүмүүст амлагдсан алдар суут аз жаргал дээр төвлөрүүлж чадах вэ? Энэ асуултын хариулт хэдэн мянган жилийн өмнөх нэгэн бошиглогчийн зүүднээс олдоно гэдэгт би итгэдэг. Тэр бошиглогчийн нэр нь Лихай бөгөөд түүний зүүдийг эрхэм нандин ба гайхалтай Мормоны Номонд цэдэглэсэн байдаг” гэсэн мэдэгдлийг хуваалцаж болно (“Эгч дүү гурав,” Ensign, Nov. 2017, 18–19 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган,, 144–148).

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Мормоны Номын видео бичлэгүүд.

ChurchofJesusChrist.org эсвэл the Gospel Library аппликэйшн дээрх Мормоны Номын видео бичлэгүүд цуглуулгаас 1 Нифай 1–7-д өгүүлсэн түүхүүдийг харуулсан видео бичлэгүүдийг олно уу.

Судруудад бодит хүч агуулагддаг.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г. Скотт судруудын үнэ цэнийн тухай ийнхүү гэрчилсэн.

“Судрууд бол бидний оюун ухааныг гэрэлтүүлж, тэнгэрээс удирдамж, сүнсний нөлөөг урьдаг гэрэл лүгээ адил юм. Эдгээр нь Тэнгэр дэх Эцэгтэйгээ болон Түүний хайрт хүү, Есүс Христтэй харилцах харилцааны сувгийг нээх түлхүүр болдог.

Судрууд нь … газар зүй ба хуанлигаар хязгаарлагддаггүй чин үнэнч нөхөд болж чадна. Хэрэгцээтэй ямар ч үед судрууд туслахад бэлэн байдаг. Тэдгээрийг хэрэглэснээр Ариун Сүнснээс ирэх үнэний суурийг бэхэлж өгдөг билээ. Судруудыг судлах, тунгаан бодох, судруудаас эрж хайх болон цээжлэх нь дэлхий дээр хэзээ ч, хаана ч хандаж болох найз нөхөд, үнэт зүйлс болон үнэнүүдээр дүүргэсэн бичиг баримтын шүүгээтэй байхтай адил юм. …

Судрын хэсгийг тунгаан бодох нь Ариун Сүнснээс ирэх илчлэлт, удирдамж, сүнслэг өдөөлтийг нээх түлхүүр болж чадна. Судрууд нь шаналсан сэтгэлийг тайвшруулж, амар амгалан, найдварыг өгч, амьдралын сорилт бэрхшээлийг даван туулах чадварыг сэргээдэг. Аврагчид итгэж байгаа тохиолдолд сэтгэл санааны сорилт бэрхшээлийг эдгээж чадах бодит хүч эдгээрт бий. Эдгээр нь биеийн эдгэрэлтийг хурдасгаж чадна” “Судрын хүч,” Ensign, Nov. 2011, 6 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5).

Бидний гэрчлэл өдөр бүр шинэчлэгдэж байх ёстой.

Ерөнхийлөгч Харолд Б. Лий “Өнөөдөр өөрт байгаа гэрчлэлийнхээ талаар ямар нэг зүйл хийхгүй бол маргааш таных байхаа болино” хэмээн заасан (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 43).

Заах чадвараа сайжруулах

Сайн мэдээний зарчмуудыг заахдаа түүх, жишээнүүдийг ашигла. Судар дээрх ихэнх мөнхийн үнэнийг туршлагаар эсвэл үүн дээрх түүхүүдээр дамжуулан заадаг. Та заахаар бэлтгэж байхдаа судрын түүхийн хоёрдогч гэрч болж болох өөрийн туршлагыг болон тэдгээрийг тайлбарлаж болох зарчмыг бодож үзнэ үү. (Аврагчийн арга барилаар заах нь, х. 22-ыг үзнэ үү.)