“1-р сарын 13–19. 1 Нифай 8–10: ‘Ирж, мөн жимснээс хүртэгтүн,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“1-р сарын 13–19. 1 Нифай 8–10,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020
1-р сарын 13–19
1 Нифай 8–10
“Ирж, мөн жимснээс хүртэгтүн”
Энэ тоймд байгаа санаануудыг уншихаасаа өмнө 1 Нифай 8–10-ыг уншиж, зааж буй хүмүүст тань тулгарч буй сорилт бэрхшээл, боломж бололцооны тухай бодож үзнэ үү. Ангид заахдаа эдгээр бүлгийн аль зарчим дээр анхаарлаа хандуулах ёстой талаар өөрт төрсөн сэтгэгдлийг бичиж тэмдэглэ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Лихайн үзэгдлийг өнөө үед олон зүйлд ашиглаж болно. Та хичээлийн эхэнд энэ үзэгдлийн талаар уншиж байхад төрсөн сэтгэгдлээ хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно. Тэднийг тодорхой шүлгүүдийг мөн амьдралд нь ямар утга учир авчирсан талаар хуваалцахад урамшуул.
Сургаалыг заа
Бид Бурханы хайрыг мэдэрснээр бусдад үүнийг мөн адил мэдрэхэд нь туслахыг хүсдэг.
-
Хайртай хүмүүстээ дуртай зүйлээ хуваалцах нь ердийн зүйл ч заримдаа сайн мэдээг тэдэнтэй хуваалцах бидэнд хэцүү байдаг. Лихайн үзэгдлийн тухай ярилцах нь ангийн гишүүдэд сайн мэдээг хуваалцах боломжийг хайж олоход тусалж болно. Та ангийн гишүүнд ямар нэг жимс өгөөд, энэ жимсийг тогтмол идэхэд ангийнхнаа ятгахыг хүсэж болно. Энэ үзүүлэх хичээл 1 Нифай 8:10–16 дахь Лихайн туршлагатай юугаараа төстэй байна вэ? Лихайн туршлагаас сайн мэдээг хуваалцахад бидэнд туслах юуг бид мэдэж авч болох вэ? Та энэ ярилцлагынхаа нэг хэсэг болгон “Good Things to Share” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг хуваалцаж болно.
-
Ахлагч Дэвид А. Бэднар “Уг модны жимс нь Цагаатгалын адислалуудын бэлгэдэл болдог” хэмээн заасан (“Лихайн зүүд: Төмөр бариулаас зууран барь,” Ensign, Oct. 2011, 34 эсвэл Лиахона, 2011 оны 10-р сар). Ангийн хэдэн гишүүнтэй урьдчилан холбогдоод, тэднээс 1 Нифай 8:11–16-г эргэцүүлэн бодож, дараах асуултын талаар бодож үзэхийг хүс. Тухайлбал: Есүс Христийн Цагаатгалын амьдралд маань авчирсан сайхан амтыг би хэрхэн дүрслэх вэ? Би үүний сайхан амтыг амсуулахаар бусдыг хэрхэн далласан бэ? (15 -р шүлгийг үзнэ үү). Бусад хүн Аврагчийн Цагаатгалын адислалуудыг эрэлхийлэхэд хэрхэн намайг урьж байсан бэ? Би 1 Нифай 8:11–16-г уншаад, юу хийхээр сүнслэгээр өдөөгдсөн бэ? Тэдгээр гишүүнийг хариултуудаа хичээл дээрээ, харин ангийн бүх гишүүнийг ярилцлагын үеэр саналаа хуваалцахад тус тус урь.
Бурханы үг биднийг Аврагч руу хөтөлж, Түүний хайрыг мэдрэхэд тусалдаг.
-
Лихайн үзэгдлийн талаар ярилцлага өрнүүлэх нэг арга зам бол ангийн хэдэн гишүүнийг 1 Нифай 8:19–38-ыг удирдамжаа болгон ашиглаж, үзэгдлийг самбарт дүрслэн зурахад урьж болно. Эсвэл та Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос Лихайн үзэгдлийн зургийг үзүүлж болно. Дараа нь та ангийн гишүүн бүрийг зурган дээрх аль нэг бэлгэдлийг тайлбарласан шүлгүүдийг олоход урьж болно. Тухайлбал эдгээр тайлбарыг 1 Нифай 11:4–25, 35–36; 12:16–18 болон 15:21–33, 36-аас олж болно. Ангийн гишүүдийг олж мэдсэн зүйлсээ хуваалцах үед тэднийг эдгээр бэлгэдэл бидэнд юу зааж байгааг ярилцахад урь. Жишээ нь, агуу хийгээд нүсэр барилга нь бардамналын тухай бидэнд юу заадаг вэ? Төмөр бариул Бурханы үгийн тухай бидэнд юу заадаг вэ? Тэд бас Лихайн үзэгдэл Христэд ирэхэд тэдэнд хэрхэн тусалсан талаар хуваалцаж болно. Бид энэ үзэгдэлд өөрсдийгөө хэрхэн харж болох вэ?
-
Лихайн үзэгдэл дэх нэг чухал захиас бол төмөр бариулаар бэлгэдэн дүрсэлсэн Бурханы үгийн ач холбогдол юм. Та энэ захиасыг онцлоход туслахын тулд ангийг дөрвөн бүлэг болгон хуваарилж, тус бүрд нь “Нэмэлт эх сурвалж” болон 1 Нифай 8:21–23, 24–28, 30, 31–33 дээр дүрсэлсэн Лихайн харсан дөрвөн бүлэг хүний талаар тус тус олж мэдэхийг даалга. Дараа нь ангийн гишүүдийг сурсан зүйлээ бие биетэйгээ хуваалцахад урь. Та ангийн гишүүдэд “төмөр бариулаас зуурсаар” (1 Нифай 8:30) байхын тулд юу хийх ёстойгоо тунгаан бодох цөөн минут гарган өгч болно.
Хэрэв бид үнэнийг хичээнгүйлэн эрэлхийлэх аваас Бурхан бидэнд илчлэх болно.
-
Бидний замыг халхлах харанхуй манан болон агуу хийгээд нүсэр барилгаас хуруугаараа занган дуулдах дуу хоолой нь бидэнд үнэнийг олоход хэцүү болгож болно. Үнэнийг эрэлхийлэгч Нифайн үлгэр жишээг хамтдаа унших нь тустай байх болно. Та дэлхийн түгээж буй төөрөгдөлд оруулсан захиасуудын заримыг олж тогтоохыг ангийнхнаас хүссэнээр ярилцлагаа эхэлж болно. Жишээ нь, хамгийн сүүлийн Ерөнхий чуулган дээр бошиглогч, төлөөлөгчид дэлхийнхний ямар үзэл бодлын талаар бидэнд сэрэмжлүүлсэн бэ? Нифай эцгийнхээ үзэгдлийн үнэний талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй болохын тулд ямар алхам хийснийг самбарт жагсааж бичихийг бод (1 Нифай 10:17–19; 11:1-ийг үзнэ үү). Бид үнэнийг эрэлхийлэхдээ Түүний үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийн гишүүдийг 1 Нифай 11–15-ыг уншихад сүнслэгээр өдөөхийн тулд, дараах дүрслэлүүд Лихайн зүүдэнд ямар үүрэг гүйцэтгэснийг олж мэдэхийг хүс. Үүнд: нялх Есүс, загалмай, янхан эмсийн эх, тулалдахаар цугларсан олон хүн ба номууд.
Нэмэлт эх сурвалж
Мормоны Номын видео бичлэгүүд.
Эдгээр бүлэгт гардаг үйл явдлуудыг харуулсан видео бичлэгүүдийг үзүүлэхийг бод (ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшн дэх Мормоны Номын видео цуглуулгыг үзнэ үү).
Лихайн зүүдэн дэх дөрвөн бүлэг хүн.
-
1-р бүлэг“Урагш тэмүүлж, амьдралын мод руу хөтөлсөн зам дээр гарсан эхний бүлэг хүний тухай бид 1 Нифай 8:21–23-аас мэддэг. Гэвч тэр хүмүүс “чөтгөрийн уруу таталт” (1 Нифай 12:17) болох харанхуй манантай тулгарсан үед замаа алдаж, төөрөн тэнүүчилсэн билээ. Эдгээр шүлэгт төмөр бариулын тухай дурдаагүйг ажиглагтун. Бурханы үгийг үл тоомсорлож, үүнд хөнгөн хуумгай ханддаг хүмүүс Аврагч руу хөтөлдөг бурханлаг луужин буюу зүг чиг заагч руу нэвтэрч чаддаггүй.”
-
2-р бүлэг“Бид 1 Нифай 8:24–28-аас амьдралын мод руу хөтөлдөг нарийн бөгөөд давчуу замыг олсон хоёр дахь бүлэг хүний тухай мэддэг. Энэ бүлэг “харанхуй манан дундуур зүтгэн урагшилж, ойртон бүр уг модны жимснээс тэд хүртэх хүртлээ төмөр бариулаас барьсаар явах ажээ” (24-р шүлэг ). Гэвч тансаг хувцасласан агуу хийгээд нүсэр барилгын эзэд энэхүү хоёр дахь бүлгийн хүмүүсийг шоолон тохуурхахад “тэд ичингүйрхсэн болой” мөн “тэд хориглогдсон замаар будилан орж мөн төөрч байв” (28-р шүлэг). … Энэ бүлгийнхэнд итгэл, тууштай байдал, бүр Бурханы үг байсан ч эцэстээ төөрсөн нь магадгүй тэд судруудыг зөвхөн хааяа нэг уншдаг буюу судалдаr эсвэл тунгаан боддог байсных биз ээ.
-
3-р бүлэг“Бид 30-р шүлгээс гурав дахь бүлгийнхэн урагшлан, “уг модны жимснээс хүртэх хүртэл төмөр бариулаас үргэлж тууштай зуурсаар урагш зүтгэсэн” тухай уншдаг. Энэ шүлэг дэх түлхүүр хэллэг бол төмөр бариулаас үргэлж тууштай зуурсаар гэдэг үгс юм. Гурав дахь бүлгийнхэн бас итгэл бишрэл, үнэмшилтэйгээр урагшилж байсан ч замаас гарч будилан, хориглосон замаар орж, төөрсөн талаар тэмдэглэгдсэн нь үгүй. Гурав дахь бүлгийн хүмүүс судруудыг байнга уншиж, судалж эсвэл тунгаан боддог байсан бололтой. … Энэ бол та бидний нэгдэх ёстой тэрхүү бүлэг хүн юм.”
-
4-р бүлэг.“Харин дөрөв дэх бүлэг уг модонд хүрэхийг хичээсэнгүй ба агуу хийгээд нүсэр барилгыг тэдний хүрэх ёстой эцсийн цэг гэж үзсэн ажээ (1 Нифай 8:31–33-ыг үзнэ үү).
(Дэвид A. Бэднар, “Лихайн зүүд: Төмөр бариулаас зууран барь,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 10-р сар, 34–36.)