“3-р сарын 30-аас 4-р сарын 12. Христийн амилсны баяр: ‘Тэр жигүүрэндээ анагаах чадлыг эзэмдэн … босох болно’ Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“3-р сарын 30-аас 4-р сарын 12. Христийн амилсны баяр,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020
3-р сарын 30-аас 4-р сарын 12
Христийн амилсны баяр
“Тэр жигүүрэндээ анагаах чадлыг эзэмдэн … босох болно”
Христийн мэндэлсний баярын ням гараг ангийн тань гишүүдийн хувьд Есүс Христийн болон Түүний амилалтын талаар мөн бие биенийхээ гэрчлэлийг хүчирхэгжүүлэх гайхалтай боломж юм. Энэ хичээлд бэлдэж, судруудыг судалж байхдаа үүнийг бүү март. Ангийнхны тань зүрх сэтгэлд хүрэх сүнслэг удирдамжийг эрэлхийл.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн тань гишүүд өнгөрсөн хоёр долоо хоногийн турш Мормоны Номд Амилалт болон Есүс Христийн Цагаатгалын талаар юу заадгийг уншиж, утга учир бүхий туршлагатай болсон байгаа. Тэдэнд гүн сэтгэгдэл төрүүлсэн хэсгийг олох хэдэн минут гарган өгч, дараа нь олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
Сургаалыг заа
2 Нифай 9:7–15; Алма 11:41–45; 40:21–23
Бие, сүнс хоёр дахин нэгдэхийг амилалт гэдэг.
-
Харьцуулах нь сайн мэдээний зарчмуудыг заах үр дүнтэй арга зам байж болно. Та ангийн гишүүдийг 2 Нифай 9:7–15 болон Алма 11:41–45-ыг уншихад уриад, эдгээр шүлэгт амилалтын талаар заасан үг, хэллэгийг тодорхойлоход урьж болно. Үхлийг юутай харьцуулдаг вэ? Амилалтыг хэрхэн тайлбарладаг вэ? Яагаад бидэнд амилсан бие хэрэгтэй вэ? (мөн С& ба Г 93:33–34-ийг үзнэ үү). Амилуулалтын талаар хэн нэгэнд заахдаа эдгээр харьцуулалтыг хэрхэн ашиглаж болохоо ангийн гишүүд ярилцаж болно. Тэднийг санаагаа ангийнхантайгаа хуваалцах үед та Амилалтын талаарх эдгээр үнэн яагаад тэдэнд чухал болохыг ярилцаж болно.
-
Амилалтын талаарх мэдлэгтээ талархаж байсан үеэ хуваалцахыг ангийн гишүүдээс хүсэх тухай бодож үз. Энэ мэдлэг бидний амьдралд хэрхэн илүү тогтмол нөлөөлж болох вэ? Та ангийн гишүүн бүрийг 2 Нифай 9:7–15; Алма 11:41–45 эсвэл Алма 40:21–23-ыг уншиж, Амилалтын талаар олж мэдсэн зүйлээ самбарт жагсаан бичихэд урих замаар тэдэнд энэ асуултад хариулахад тусалж болно. Та дараа нь дараах хоёр өгүүлбэрийг самбарт бичээд, эдгээр өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичихээ хуваалцахын өмнө ангийн гишүүдээс тунгаан бодохыг хүсэж болно. Хэрэв би эдгээр зүйлийг мэдэхгүй байсан бол … мөн Би эдгээр зүйлийг мэддэг учраас …
Мозая 3:5–7; 15:5–9; Алма 7:11–13
Есүс Христ бидний гэм нүгэл, өвчин зовлон, сул дорой байдлыг Өөр дээрээ авсан.
-
Аврагчийн бидний өмнөөс хэрхэн зовж шаналсныг тунгаан бодож, ярилцах нь Сүнсийг урьж мөн Аврагчийг хайрлах хайр, Түүнд талархах талархлыг нэмэгдүүлж чадна. Ингэж тунгаан бодож, ярилцахад урамшуулахын тулд та Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав сургалтын материалын энэ долоо хоногийн тоймд санал болгосонтой адил хүснэгтийг самбарт зураад, Мозая 3:5–7, 15:5–9, Алма 7:11–13-ыг болон өөрсдийн туршлагыг ашиглан гүйцээхэд ангийн гишүүдийг урьж болно. Сүнсний удирдамжийн дагуу та Есүс Христийн тэдний төлөө хийсэн зүйлсийн тухай өөрсдийн бодлыг хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно.
-
Ариун нандин дуу хөгжим нь Сүнсийг урьж, таны зааж буй сургаалыг бататгадаг. Ангийн гишүүд Мозая 3:5–7; 15:5–9; Алма 7:11–13-ыг уншиж болох ба эдгээр шүлгэн дэх захиастай тохирох дууллуудыг олж, дуулж болно (та хэн нэгнийг эдгээр дууллыг дуулж эсвэл тоглоход урьж болно.) Дууллын номын арын хэсэгт буй судрын индекс тус болох ба бусад дууллыг “Нэмэлт эх сурвалж”-д санал болгосон. Аврагчийн золиослолд талархах талархлаа гүнзгийрүүлэхэд тэдэнд туслах дуулал болон судруудаас хуваалцахад ангийн гишүүдийг урамшуул.
Инос 1:1–19; Мозая 5:1–2; 27:8–28:4; Алма 24:7–19
Есүс Христийн Цагаатгал нь биднийг цэвэршүүлж, төгс болоход тусалдаг.
-
Бидний амьдралыг өөрчлөх Аврагчийн хүчийн талаар суралцах нэг үр дүнтэй арга зам бол Тэрээр бусдыг наманчилж, Өөр дээр нь ирэх үед тэдний амьдралыг хэрхэн өөрчилсөн тухай жишээнүүдийг судлах явдал юм. Мормоны Номд ийм жишээнүүд олон байдаг. Та ангийн гишүүн бүрд Инос (Инос 1:1–19-ыг үзнэ үү), хаан Бенжамины хүмүүс (Мозая 5:1–2-ыг үзнэ үү), Залуу Алма (Мозая 27:8–28:4) эсвэл анти-нифай-лихайчууд (Алма 24:7–19-ийг үзнэ үү) зэрэг жишээнүүдээс тус тус уншихыг даалгаж болно. Эсвэл тэд судрын өөр жишээнүүдийг бодож болно. Дараа нь ангийн хэдэн гишүүн уншсан туршлагуудаа дүгнэн хэлж болно. Ангийн гишүүд бусдадаа дүрсэлж байгаа хүнээ таахад нь туслах түлхүүр үг өгөх нь илүү хөгжилтэй санагдаж болох юм. Тэд бас дараах асуултуудыг ярилцаж болно. Тухайлбал: Эдгээр жишээн дээрх хүмүүс хэрхэн өөрчлөгдсөн бэ? Тэдний өөрчлөлтөд гүйцэтгэх Аврагчийн үүрэг юу байсан бэ? Аврагч хэрхэн “[тэдний] зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг” (Мозая 5:2) авчирсан талаар ангийн хэдэн гишүүн ярьж болно. Аврагч биднийг хэрхэн өөрчилдөг, энэ өөрчлөлт яагаад ийм чухал тухай илүү ихийг олж мэдэхийн тулд та ерөнхийлөгч Даллин Х. Өүксийн “Нэмэлт эх сурвалж” дахь зүйрлэлийг хуваалцаж болно.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Та ангийн гишүүдийг Мозая 1–3-ыг уншихад урамшуулахын тулд сайн мэдээний захиасыг уншиж эсвэл сонссоныхоо дараа баярлаж баяссан хүсэл төрж байсан үеүдээ тунгаан бодоход тэднийг урьж болно. Тэднийг Мозая 1–3-ыг уншиж байхдаа баярлаж баясах үнэнүүдийг олж мэдэхэд урь.
Нэмэлт эх сурвалж
Аврагчийн Цагаатгалын тухай дууллууд.
-
“I Believe in Christ,” Hymns, no. 134
-
“Би Гэтэлгэгч амьдыг мэднэ,” ” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу х. 38.
-
“Thy Will, O Lord, Be Done,” Hymns, no. 188
-
“That Easter Morn,” Hymns, no. 198
Ариун сүмийн талбайн табернеклын найрал дуучдын дуулсан эдгээр дууллын бичлэгийг ChurchofJesusChrist.org вэбсайтаас олж болно.
Зүйрлэл: Бид илүү цэвэр байх ёстой.
Ерөнхийлөгч Даллин Х. Өүкс Аврагч биднийг Бурханы оршихуйд эргэн очиход хэрхэн бэлтгэдэг тухай тайлбарлан, нэгэн зүйрлэлийг хуваалцсан.
“Бид наманчлалын үр дүнг зүгээр нэг нүглээс цэвэршүүлэх явдал гэж бодох хандлагатай байдаг бөгөөд энэ нь бүрэн дүүрэн итгэл үнэмшил биш юм. … Нүгэл үйлддэг хүн салхинд амархан найгадаг модтой адил. Салхи, хуртай өдөр мод газар шүргэх шахам найгаж, навчис нь нүгэл мэт бохирдож, шавар шавхай болдог. Хэрэв бид зөвхөн навчсыг нь цэвэрлэхэд л анхаарах юм бол модыг найгуулж, навчсыг бохирдуулсан модны сул дорой байдал хэвээр үлдэх болно. Үүнтэй адил зөвхөн нүглээр бохирлогдсондоо харамсаж байгаа хүн дараагийн удаа илүү хүчтэй салхилах үед дахин нүгэл үйлдэх болно. Ахин дахин нүгэл үйлдэх сул дорой байдал нь модыг хүчирхэг болох хүртэл байсаар л байх болно.
Судруудад ‘харууссан зүрх, гэмшсэн сэтгэл’ гэж нэрлэгдэх үр дүнг авчирдаг үйл явцыг хүн дайрч өнгөрөх үед Аврагч түүнийг нүглээс цэвэршүүлэхээс гадна илүү их зүйлийг хийдэг. Тэрээр түүнд шинэ хүч чадал өгдөг. Ингэж хүчирхэгжих нь цэвэршилтийн зорилгыг ойлгоход бидэнд чухал бөгөөд энэ нь Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиход нэн шаардлагатай байдаг. Түүний оршихуйд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бид илүү цэвэр байх ёстой. Бид нүгэл үйлддэг ёс суртахууны хувьд сул дорой хүнээс Бурханы оршихуйд оршихуйц сүнслэг байдлын хувьд хүчтэй хүн болж өөрчлөгдөх ёстой” (“The Atonement and Faith,” Ensign, Apr. 2010, 33–34).