“4-р сарын 13–19. Мозая 1–3: ‘Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайраар дүүргэгдэв,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“4-р сарын 13–19. Мозая 1–3,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020
4-р сарын 13–19
Moзая 1–3
“Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайраар дүүргэгдэв”
Мозая 1–3-т ангийнхантайгаа ярилцаж болох олон зарчим бий. Зааж буй хүмүүст тань аль зарчим илүү чухал болохыг мэдэхээр удирдамж хүсэн залбир.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдэд Мозая 1–3-ыг хувиараа эсвэл гэр бүлээрээ судалсан туршлагаасаа хуваалцах боломж олгохын тулд өөрсдөд нь сүнслэгээр нөлөөлсөн шүлгээ өөр нэг гишүүнтэй хуваалцахад тэднийг урь.
Сургаалыг заа
Бурханы үгийг хүлээн авахад бэлтгэх хэрэгтэй.
-
Бурханы үгийг хүлээн авахад бэлтгэх талаар ярилцлага эхлүүлэх нэг арга зам бол бусад зүйлд бэлтгэлтэй эсвэл бэлтгэлгүй байхын үр дагаврыг ярилцах явдал байж болох юм. Жишээ нь, бэлтгэлтэй эсвэл бэлтгэлгүй байх нь сургууль, ажил төрөл эсвэл нийгмийн бусад үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байсан туршлагаасаа ангийн гишүүд хуваалцаж болно. Тэднийг хуваалцсаны дараа та ангийнхны хагасыг Мозая 2:1–9-ийг уншаад, хаан Бенжамины хүмүүс Бурханы үгийг хүлээн авахын тулд хэрхэн өөрсдийгөө бэлтгэснийг олж мэдэхийг хүс. Харин нөгөө хэсгээс адилхан шүлгүүдийг уншаад, хаан Бенжамин Бурханы үгийн талаар мөн үүнийг хуваалцах хэрэгцээний тухай хэрхэн мэдэрч байсныг харуулсан зүйлсийг олж мэдэхийг хүсэж болно. Дараа нь бүлэг бүрээс өөрсдийн бодол санааг хуваалцахыг хүс. Бурханы үгийг хүлээн авахад бидэнд туслах ямар зүйлийг бид эдгээр шүлгээс мэдэж авч болох вэ?
Бид бусдад үйлчлэхдээ Бурханд мөн адил үйлчилдэг.
-
Хаан Бенжамин Бурханд болон эргэн тойрныхоо хүмүүст үлгэр жишээ үзүүлэх үйлчлэгч байсан. Ангийн тань гишүүдийн бусдад үйлчлэх хүчин чармайлтад туслах ямар зүйлийг тэд үүнээс мэдэж авч болох вэ? Ярилцлагын эхэнд ангийн гишүүдийг бусдад үйлчлэхэд саад болдог зүйлсийг жагсаан бичихийг хүсэж болно. Үүнд бидний үйлчлэхгүй байгаа эсвэл бидний үйлчлэл тийм ч их тус болохгүй байгаа шалтгаанууд орж болно. Дараа нь тэд Мозая 2:10–26-г судалж, бусдад үйлчлэхэд нь саад болдог гэж үзсэн жагсаалтуудаа даван туулахад туслах хаан Бэнжамины заасан үнэнүүдийн жагсаалтыг гаргаж болно. Хувь хүн болон гэр бүлүүд өдөр тутмын амьдралдаа үйлчлэлд анхаарлаа хандуулахын тулд юу хийж болох вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Томас С. Монсоны санал болгосон захиасыг хуваалцаж болно.
-
“A Poor Wayfaring Man of Grief” (Hymns, no. 29) эсвэл “The Old Shoemaker” (ChurchofJesusChrist.org) видео бичлэг нь Мозая 2:17дахь—бид бусдадаа үйлчилснээр Бурхандаа үйлчилдэг—гэсэн захиасыг бататгана. Та Хаан Бенжамины захиасыг бататгахын тулд эдгээр эх сурвалжийг хэрхэн ашиглаж болох вэ? Ангийн гишүүд бусдад үйлчилж эсвэл Христийнхтэй адил үйлчлэлийг бусдаас хүлээн авч байсан туршлагаасаа хуваалцаж болох юм. Ярилцлагынхаа нэг хэсэг болгож ерөнхийлөгч Хэнри Б. Айрингийн “Биднийг хэн нэгэнд туслахад, Аврагч биднийг Өөрт нь тусалсан мэт боддог” гэж хэлснийг хуваалцахыг бодож үзнэ үү (“Үүний тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?” Ensign, May 2015, 22 эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 3). Яагаад бид бусдад үйлчлэхдээ Бурханд үйлчилдэг гэж та бодож байна вэ?
Бурханы зарлигуудыг сахиснаар аз жаргал ирдэг.
-
Ангийн гишүүдэд “Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг тунгаахад” туслахын тулд аз жаргалын тодорхойлолтоор эхлэх нь тустай байж болох юм. Бурханд дуулгавартай байснаар ирдэг аз жаргалыг ангийн гишүүд хэрхэн тодорхойлж болох вэ? Тэд зарлигуудыг сахидаггүй ч өөрийгөө аз жаргалтайд тооцдог найзтай хэмээн төсөөлөн бодож болно. Мозая 2:38–41-ийг уншаад, дэлхийн аз жаргал, мөнхийн аз жаргалын хоёрын хоорондын ялгааг ойлгоход найздаа хэрхэн тусалж болох талаараа ярилцахад тэднийг урь. Хүмүүсийн амьдралд байдаг мөнхийн аз жаргалыг харуулдаг ямар туршлага, жишээнүүдийг ангийн гишүүд хуваалцаж болох вэ?
Аврал зөвхөн “Их Эзэн, Христийн нэрээр” ирдэг.
-
Хаан Бенжамины захиаст Есүс Христийн төрөлт, тохинуулал, цагаатгагч золиослолын талаар хүчирхэг хийгээд нарийн дүрсэлсэн бошиглол орсон байдаг. Та ангийн гишүүдийг Мозая 3:1–20-оос өөрсдөд нь гүн сэтгэгдэл төрүүлсэн, Аврагчийг болон Түүний номлолыг ойлгоход тусалсан шүлгүүдийг хуваалцахыг хүсэж болно. Тэднээс эдгээр шүлэг яагаад тэдэнд гүн сэтгэгдэл төрүүлснийг хуваалцахыг хүс.
-
Мормоны Номын оршил нь энэ ном “авралын төлөвлөгөөг тоймлодог” болохыг заадаг. Хаан Бенжамины номлол Мормоны Номын энэ зорилгыг биелүүлэхэд хэрхэн тусалдаг талаар ангийн гишүүдэд ойлгуулахын тулд та самбарт Есүс Христ авралыг боломжтой болгодог гэж бичиж болно. Ангийн гишүүд Мозая 3:1–20-ийг уншиж, дараа нь та эсвэл тэд авралын төлөвлөгөөний талаар мэдэж авсан үнэнээ самбарт жагсаан бичиж болно. Есүс Христ авралын төлөвлөгөөг хэрхэн боломжтой болгодог талаар юу олж мэдсэнийг нь ангийн гишүүдээс асуу. Мозая 3:18–19-ийг уншаад, бид гэгээнтнүүд болж, авралыг хүлээн авахын тулд юу хийх ёстойг хуваалцах цагийг ангийнханд гаргаж өг. Есүс Христийн Цагаатгал энэ зорилгодоо хүрэхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ? Авралын төлөвлөгөөнд гүйцэтгэсэн Аврагчийн үүргийн талаарх өөрсдийн бодлыг хуваалцахыг ангийн гишүүдээс хүс.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Танай ангийнханд хэлсэн үг, хичээл эсвэл судар дээр заасан сургаал тэднийг өөрчилж байсан тохиолдол бий юу? Мозая 4–6-аас хаан Бенжамины заасан үнэн түүний хүмүүст асар хүчтэй нөлөөлсөн талаар унших болно гэдгийг тэдэнд хэл.
Нэмэлт эх сурвалж
Бусдад үйлчлэх.
Ерөнхийлөгч Томас С. Монсон ийн хэлсэн.
“Би хэдэн жилийн өмнө анагаах ухааны доктор Жак Макконнэллын бичсэн нэгэн өгүүллийг уншсан юм. Тэр Нэгдсэн Улсын баруун өмнөд Виржиниагийн өндөрлөг нутагт өссөн бөгөөд методист тохинуулагч эцэг, гэрийн эзэгтэй эх хоёрын долоон хүүхдийн нэг байлаа. Тэд нэн даруу амьдралтай байв. Түүнийг бага байхад гэрийнхэн нь бүгдээрээ хоолны ширээ тойрон суухад аав нь хүн бүрээс “Өнөөдөр чи хэн нэгний төлөө юу хийв?” гэж асуудаг байж. Хүүхдүүд нь аавынхаа асуултад тийм гэж хариулахын тулд өдөр бүр хэн нэгэнд туслахыг хичээдэг байжээ. Доктор. Макконнэлл энэ дасгалыг ааваас нь хүүхдүүддээ үлдээсэн хамгийн үнэ цэнтэй өв гэж хэлдэг. Түүний хүлээлт болон тэдгээр үг түүнд болон ах дүү нарт нь бүхий л амьдралдаа бусдад туслахад сүнслэгээр нөлөөлжээ. Тэднийг өсөж, ухаан суух үед үйлчлэх гэсэн сэдэл нь бусдад туслах чин сэтгэлийн хүсэл болон өөрчлөгдсөн аж.
“Доктор Макконнэлл анагаахын чиглэлээр танигдсанаас гадна Эмнэлгийн сайн дурынхан хэмээх байгууллагыг үндэслэн байгуулсан. Энэ нь тэтгэвэрт гарсан эмнэлгийн ажилтнуудад эрүүл мэндийн даатгалгүй хүмүүст үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх боломж олгодог. Доктор Макконнэлл тэтгэвэрт гарснаасаа хойш чөлөөт цаг нь ‘долоо хоногт 60 цаг үнэ төлбөргүй ажилладаг ажил болон хувирсан ч эрч хүч [нь] нэмэгдэж, амьдралд нь урьд өмнө байгаагүй тийм их сэтгэл ханамжийг [өөрийн] амьдралаас авах болсон’ гэж ярьжээ. [Jack McConnell, “And What Did You Do for Someone Today?” Newsweek, June 18, 2001, 13.] …
“Мэдээжийн хэрэг, бид бүгдээрээ Макконнэлл эмч шиг ядуучуудад зориулан эмнэлэг байгуулж чадахгүй ч тусламж хэрэгтэй хүмүүс одоо ч байгаа бөгөөд бидний хүн нэг бүр хэн нэгэнд туслахын тулд ямар нэгэн зүйл хийж чадна. …
Ах, эгч нар аа, бидний анхаарал халамж, урам дэм, тусламж дэмжлэг, тайтгаруулал, нинжин сэтгэл хэрэгтэй байгаа хамаатан садан, найз нөхөд, таньдаг, таньдаггүй хүмүүс эргэн тойронд маань хаа сайгүй байна. Бид бол дэлхий дээрх Түүний хүүхдүүдэд үйлчилж, тэднийг өргөх үүрэгтэй Их Эзэний гар болсон хүмүүс. Тэрээр бидний хүн нэг бүрд найдлага тавьдаг. … Бид Доктор Жак Макконнэлл болон түүний ах, эгч нарыг орой бүр хоолны ширээн дээр нь угтдаг байсан ‘Өнөөдөр би хэн нэгний төлөө юу хийв?’ гэж өөрсдөөсөө асуудаг байх болтугай” (“Өнөөдөр би хэн нэгний төлөө юу хийв?” Ensign, Nov. 2009, 84–87 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 96–99).