1. Зовсон хөөрхий нэг бадарчин
Замд минь олон удаа таарч байв.
Туслаарай гэж түүнийг гуйхад
Татгалзаж түүнд эс чадав, би.
Хэн гэгч хаанаас хаа хүрч явааг
Харин асууж зүрхэлсэнгүй.
Харцнаас нь нэгэн зүйл яагаад
Хайр татсан учрыг мэдсэнгүй.
2. Үмх чимх хоолоо идэх гэтэл
Өлсөж ядарсан тэр нэгэн
Үүдэнд ирээд, үг ч хэлсэнгүй.
Өөртөө байсан талхаа өгтөл
Адислан хуваагаад буцаав.
Надад оногдсон талхны зах
Тэнгэрийн зоогоос хүртэж буй мэт
Тийм амтыг санагдуулам байв.
3. Хаднаас ундрах булгийн дэргэд
Харлаа, түүнийг. Тэр тамирджээ.
Ангасан түүнийг ус элэглэн,
Асгаран урсахыг тэр харав.
Гүйж очоод, би түүнийг босгов.
Гурвантаа тэр уснаас уугаад,
Хоосон аягыг дүүргээд, өгөв.
Харин би ахин цангаагүй.
4. Харанхуй шөнөөр үер бууж,
Хүйтэн хуй салхи ойртох үед
Гадаа түүний ярихыг сонсоод,
Гэртээ урихаар би гүйж очив.
Гийчнээ хувцаслан дулаацуулж,
Амраахаар оронд хэвтүүлэв.
Газарт унтаад, зүүдлэхэд минь
Едений цэцэрлэгт мэт байв.
5. Зодуулж гэмтсэн үхлүүт түүнийг
Замын хажуугаас би олов.
Асарч сувилан, амийг нь аварч,
Амь нас, сүнсийг нь сэргээхээр
Дарс, тос өгч, хооллоход тэр эдгэв.
Зүрх минь нэн их шаналсан байвч
Даруй өвдөлт минь мартагдаж,
Шархалсан сэтгэл минь тайвшрав.
6. Үхлээр яллагдаж байх үед нь
Гянданд түүнийг би харсан юм.
Үнэн бус үгсийг би үл тоон,
Гутаагдсан түүнийг хүндэлсэн.
Миний төлөө амиа өгөх үү?
Хэмээн нөхөрлөлийг сорих үед
Бие минь сульдаж, цус минь хөрсөн ч
“Би өгье” гэж сүнс хашхирав.
7. Хормын төдийд нүдний минь урд
Харийн хүн төрхөө илчиллээ.
Алган дээрх тэмдгийг нь би танив.
Аврагч өмнө минь зогсож байв.
Нэрээр минь Тэр намайг дуудаад,
“Надаас чи огт ичсэнгүй” гээд,
“Бүү ай, Надад хийсэн хэрэг.
Бүх үйлс тань дурсагдана” хэмээв.