Ирээд, Намайг дага
5-р сарын 18–24. Мозая 25–28: “Мөн тэд Бурханы хүмүүс гэж нэрлэгдэв”


“5-р сарын 18–24. Мозая 25–28: ‘Мөн тэд Бурханы хүмүүс гэж нэрлэгдэв,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“5-р сарын 18–24. Мозая 25–28,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Тэнгэр элч Алматай болон Мозаягийн хөвгүүдтэй хамт байгаа нь

Залуу Алмагийн хөрвөлт, Гари Л.Капп

5-р сарын 18–24

Moзая 25–28

“Мөн тэд Бурханы хүмүүс гэж нэрлэгдэв”

Мозая 25–28-ыг заах хамгийн сайн арга зам бол эдгээр бүлгийг уншиж, зааж буй зарчмуудынхаа дагуу амьдрах явдал юм. Ингэснээр ангийнхандаа хамгийн чухал зүйлсийг заахад Сүнс таныг өдөөх болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн тань зарим гишүүн байнга хувиараа болон гэр бүлээрээ судраас суралцаж чадахгүй байж болох юм. Ангийнх нь бусад гишүүний туршлага туслах болов уу? Та ангийн гишүүдийг хувиараа эсвэл гэр бүлээрээ судраас үр дүнтэй суралцахын тулд хийсэн ямар нэгэн зүйлээсээ хуваалцахад урьснаар хичээлийг эхлүүлж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Мозая 26:15–31; 27:23–37

Бурхан наманчилсан хүмүүсийг ямар ч үед өршөөдөг.

  • Наманчлал болон өршөөл нь эдгээр бүлэгт ахин дахин давтагддаг сэдвүүд юм. Та Наманчлал болон Өршөөл гэсэн үгсийг самбарт бичээд, эдгээр үгийн талаар бодоход санаанд орж ирсэн зүйлсээ эдгээр гарчгийн доор жагсаан бичихийг ангийн гишүүдээс хүсэх замаар энэ сэдвүүдийг судалж болно. Дараа нь тэд Мозая 26:22–24, 29–31; 27:23–37-оос наманчлал болон өршөөлийн тухай өөрсдөд нь заасан үг, хэллэгүүдийг хайж олж болно. Ангийн гишүүд энэ үг хэллэгээ самбар дээрх жагсаалт дээр нэмж болно. Бурхан наманчилж, өршөөл эрэлхийлдэг хүмүүсийн талаар юу гэж боддог вэ?

  • Зарим хүн наманчлах нь Бурханаас өршөөхөд хангалттай эсэхэд эргэлздэг байж болно. Ийм бодолтой байж болох ангийнхаа гишүүдэд туслахын тулд та тэднийг өөрсдийгөө ахмад Алма гэж, мөн Зарахемла дахь Сүмийн нэг гишүүн тэднээс нүглийнхээ өршөөлийг хэрхэн хүлээн авах талаар асууж байна гэж төсөөлөн бодоход урь (та нар энэ үйл явдлыг жүжигчлэн тоглож болно.) Мозая 26:15–31-ээс Сүмийн энэ гишүүнд тусалж болох ямар зүйлийг Алма Их Эзэнээс мэдэж авсан бэ? (мөн Моронай 6:8; С ба Г 58:42–43-ыг үзнэ үү). Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хуваалцсан дараах мэдэгдэл тусалж болно. “Хэрэв та өнөөдөр Ариун Сүнсний нөлөөг мэдэрсэн бол үүнийг Цагаатгал таны амьдралд ажиллаж байгаагийн нотолгоо гэж үзэж болно” (“Gifts of the Spirit for Hard Times,” Ensign, June 2007, 23).

Мозая 27:8-24

Бурхан бидний залбирлыг сонсдог бөгөөд Өөрийн хүслийн дагуу тэдгээрт хариулах болно.

  • Хүү нь “Бурханыг эсэргүүцэн явсан” (Мозая 27:11) үед ахмад Алмад ямар мэдрэмж төрж байсныг бидний ихэнх нь ойлгож чадна. Гэр бүлийн гишүүн нь төөрөн одсон хэн нэгэнд итгэл найдвар өгөхийн тулд Мозая 27:8–24 дэх түүхийг хэрхэн ашиглаж болох талаар ангийн гишүүд ярилцаж болох юм. Бид гайхамшгийг шаардаж эсвэл хэн нэгний сонгох эрхийг үл тоомсорлож болохгүй гэдгээ ойлгосон бол хайртай хүн тань замаасаа гарах үед юуны төлөө зохих ёсоор залбирч болох вэ? (мөн Алма 6:6-г үзнэ үү).

Мозая 27:8–28:4

Эрэгтэй, эмэгтэй бүх хүн дахин төрөх ёстой.

  • Ангийн гишүүдэд дахин төрөх гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход туслах асуултуудыг энд оруулав. Сүнсээр дахин төрөх гэдэг нь юу гэсэн үг вэ? (Bible Dictionary, “Conversion”-ийг үзнэ үү). Бид сүнсээр дахин төрсөн үед бусдад хэрхэн хандахыг хичээдэг вэ? Ангийн гишүүдэд эдгээр асуултад хариулахад нь туслахын тулд та тэднийг Мозая 27:22–28:4-ийг уншаад, Алма болон Мозаягийн хөвгүүд сүнсээр дахин төрсөн гэснийг илтгэх шинж тэмдгүүдийг олж мэдэхэд урьж болно.

  • Алма “бүх хүн төрөлхтөн … хүмүүс дахин төрөх ёстой” (Мозая 27:25; налуу бичлэг нэмэгдсэн) гэж хэлсэнчлэн хүн бүрд өөрийн гэсэн хөрвөлтийн түүх байдаг. Ангийн хэдэн гишүүн Есүс Христийн сайн мэдээнд хэрхэн хөрвөгдсөнөө, тухайлбал тэдний амьдралд тохиосон хүчирхэг сүнслэг үйл явдлын улмаас эсвэл алгуурхнаар юм уу амьдралаа эргэн харах үед л таньж харах боломжтой үл анзаарагдам үйл явцын үр дүнд хөрвөгдсөн эсэхээс үл хамааран туршлагаасаа хуваалцаж болно. Та мөн ангийнхаа гишүүдэд туршлагаа бичиж тэмдэглэх цаг гаргаж өгч болно. (Хэрэв энэ үйл ажиллагааг ангид хийх хангалттай цаг гарахгүй бол гэртээ хийж дуусгахыг тэдэнд санал болго.) Бидний хөрвөлт тогтмол явагдаж байх ёстойг онцлохын тулд ангийн гишүүдийг бичсэн зүйлсээ байнга эргэн харж, шинэ туршлагуудаа нэмэхийг санал болгож болно.

  • Алма болон судруудад гардаг бусад хүн Есүс Христийн сайн мэдээний бидний амьдралд авчирдаг өөрчлөлтийг дүрслэн харуулахын тулд дахин төрөх гэсэн зүйрлэлийг ашигладаг. Ахлагч Дэвид А.Бэднар энэ өөрчлөлтийг даршилсан өргөст хэмхтэй харьцуулсан (“Нэмэлт эх сурвалж”-ийг үзнэ үү). Та ангийн гишүүдэд эдгээр харьцуулалт хөрвөлтийн талаар юу зааж байгааг тунгаан бодоход нь туслахын тулд ангидаа даршилсан болон даршлаагүй өргөст хэмх авчирч болно. Эсвэл та хэн нэгнийг нялх хүүхэд авчрахад уриад, яагаад хүүхэд төрөхийг Алмад болон Мозаягийн хөвгүүдэд тохиолдсон зүйлтэй харьцуулж оновчтой дүрсэлснийг ярилцаж болно. (Мозая 27:23–28:7-г үзнэ үү.)

Залуу Алмаг аавынх нь гэрт хүргэж өгч байгаа нь

Түүний эцэг баяссан, Волтэр Рэйн

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангийн гишүүдийг дараа долоо хоногт Мозая 29–Алма 4-ийг уншихад сүнслэгээр өдөөхийн тулд эдгээр бүлэгт Нифайн хүмүүст засгийн газартаа дуу хоолойгоо өргөх боломж өгснийг хэлж болно. Бид нийгэмд сайнаар нөлөөлөхийг хичээхдээ тэдний туршлагаас юу суралцаж болох вэ?

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Насан туршид үргэлжлэх үйл явц.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Дахин төрөх нь бидний бие махбодын төрөлтөөс ялгаатай бөгөөд зүгээр нэг үйл явдал биш, харин үйл явц байдаг. Энэ үйл явцад оролцох нь мөнх бус байдлын гол зорилго юм” гэж заажээ (“Born Again,” Ensign or Liahona, May 2008, 78).

Хөрвөлт ба даршилсан ногоо.

Ахлагч Дэвид А.Бэднар сүнсээр дахин төрөх үйл явцыг даршилсан өргөст хэмхтэй харьцуулсан дараах зүйрлэлийг хуваалцсан юм.

“Даршилсан өргөст хэмх гэж тусгай жороор болон хэдэн шат дамжин өөрчлөгдсөн өргөст хэмхийг хэлдэг. Өргөст хэмхийг даршилж өөрчлөх үйл явц нь бэлтгэж, дараа нь цэвэрлэхээс  эхэлнэ. …

Энэхүү өөрчлөх үйл явцын дараагийн хэсэгт өргөст хэмхийг давсны уусмалд удаан хугацаанд дарж, шингээх үйл явц орно. Өргөст хэмх нь тодорхой хугацааны туршид давсны уусмалд бүрэн дүрэгдсэний эцэст даршилсан ногоо болдог. Нөөшлөх үйл явц аажмаар өргөст хэмхийн бүтцийг болон харагдах байдлыг өөрчилж, даршилсан өргөст хэмхийн өвөрмөц амтыг үүсгэдэг. Заримдаа давсалсан уусмалыг цацах эсвэл дүрэх нь шаардлагатай өөрчлөлтийг бий болгож чадахгүй. Харин хүссэн өөрчлөлтийг бий болгохын тулд тогтвортой, удаан, бүрэн бүтэн усанд умбуулах шаардлагатай.

Үйл явцын сүүлийн алхам нь ариутган, цэвэршүүлсэн шилэнд нөөшилсөн өргөст хэмхийг битүүмжлэх үйл явцыг шаардана. Даршилсан өргөст хэмхийг шилэн саванд савлан, буцалсан давстай халуун уусмал хийн, буцалж буй устай тогоонд жигнэнэ. Өргөст хэмх болон шилний бүх бохирдлыг арилгасан байх ба ингэснээр эцсийн бүтээгдэхүүнийг хамгаалж, хадгалахад тустай. …

Өргөст хэмхийг даршилсан ногоо болгон хувиргахын өмнө бэлтгэж, цэвэрлэх ёстой байдгийн адил та бид ч гэсэн ‘итгэл ба сайн сургаалын үгсээр’ (1 Тимот 4:6) бэлтгэгдэж, Аароны санваарын эрх мэдлээр удирдуулсан ёслол ба гэрээнүүдээр дамжуулан цэвэрлэгдэж чадна. …

Давсны уусмалд даршилсан өргөст хэмхийн адил бид бүхэн Есүс Христийн сайн мэдээнд татагдаж орсноор дахин төрдөг. … Өөрчлөгдөх үйл явцын энэ үе шат нь цаг хугацаа, хатуужил, тэсвэр тэвчээр шаарддаг. …

… Буцалж буй усны жигнэх горим нь удаан хугацааны турш даршилсан ногоог хамгаалж, нөөшлөн хадгалах боломжтой болгодог. Үүнтэй адил та бид Хурганы цусаар угаагдаж, дахин төрж, ёслолуудыг хүлээн авч, Мелкизедек санваарын эрх мэдлээр удирдуулагддаг гэрээнүүдэд хүндэтгэлтэй хандсанаар үргэлжлүүлэн цэвэршиж, ариусдаг” (“Ye Must Be Born Again,” Ensign or Liahona, May 2007, 19–21).

Заах чадвараа сайжруулах

Хүмүүсийн тухай бодож, хичээлдээ бэлд. “Та бэлдэж байхдаа, зааж байгаа хүмүүсийнхээ талаарх өөрийн ойлголтоор төлөвлөгөөгөө гарга. … Христтэй адил багш нар аливаа загвар эсвэл арга барилд баригддаггүй бөгөөд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн, Түүнтэй илүү адил болоход хүмүүст туслахын тулд бүхнээ зориулдаг” (Аврагчийн арга барилаар заах нь, 7).