“3-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 27–28: ‘Бүх зүйл эмх цэгцэд хийгддэг байх ёстой,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“3-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 27–28,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
3-р сарын 15–21
Сургаал ба Гэрээ 27–28
“Бүх зүйл эмх цэгцэд хийгддэг байх ёстой”
Хэдийгээр Сургаал ба Гэрээ 27–28 дахь илчлэлтийг өгөхөд хөтөлсөн үйл явдлууд өөр өөр цагт, өөр өөр газарт болсон ч гэлээ, эдгээр хэсэгт заасан зарчмууд өнөө үед ч хамаатай. Ангийн тань гишүүдэд тулгарч байгаа асуудалд ямар зарчмууд тэднийг адисалж болох вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Сургаал ба Гэрээ 27–28-ыг уншиж, өөрсдийнх нь хувьд утга учиртай шүлэг эсвэл хэллэгийг олох хэдэн минутыг ангийн гишүүдэд өг. Хүн бүрд хуваалцах боломж олгох үүднээс та ангийн гишүүдийг хос болгон хуваарилж, олж мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг тэдэнд олго.
Сургаалыг заа
Бид ариун ёслолоос “Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулан” хүртэх ёстой.
-
Сургаал ба Гэрээ 27:1–2-ын талаарх ярилцлагыг өрнүүлэхийн тулд “Аврагч ариун ёслолын зорилгын талаар бидэнд юу заасан бэ?” гэсэн асуултыг самбарт бич. Асуултад нь хариулахад тусалдаг хэллэгүүдийг ангийн гишүүд эдгээр шүлгээс олж болно. Ариун ёслолоос хүртэхдээ илүү ариун нандин мэдрэмж хүлээн авахын тулд юу хийж болох талаар төрсөн бодол сэтгэгдлээ хуваалцахыг тэд хүсэж болох юм.
Ангийн гишүүд Аврагчийн ариун ёслолыг өгөхдөө хэлсэн үгээс нэмэлт ойлголтыг олж авч болно (Лук 22:19–20; 3 Нифай 18:1–11-ийг мөн ChurchofJesusChrist.org дээрх “The Last Supper” видео бичлэгийг үзнэ үү). Хэрэв Аврагч манай ариун ёслолын цуглаанд ирсэн бол бид юуг арай өөрөөр хийх байсан бэ?
Бурханы хуяг дуулга хорон муугаас өөрсдийгөө хамгаалахад бидэнд тусалдаг.
-
Өнөөгийн хорон муугаас өөрсдийгөө хамгаалахад Бурханы хуяг дуулгыг хэрхэн ашиглаж болох талаар та ангийн гишүүддээ хэрхэн ойлгуулан тусалж чадах вэ? 15–18-р шүлэгт дүрсэлсэн хуяг дуулгыг самбарт зурахыг хэн нэгнээс хүс. Дараа нь ангийн гишүүд хуяг дуулгын талаар хувийн сургалтаараа олж мэдсэн аливаа зүйлээ хуваалцаж болно. Эсвэл ангийнхан Сургаал ба Гэрээ 27:15–18-ыг уншаад, хуяг дуулгын болон тэдний хамгаалах ёстой биеийн хэсгүүдийг самбарт бичиж болно. Бурханы хуяг дуулгыг өмсөх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Биднийг Бурханы хуяг дуулгыг өмсөхөд Их Эзэн хорон муугаас хэрхэн яаж хамгаалдаг талаар ангийн гишүүд ярьж болох юм.
-
Хэрэв та өсвөр үеийнхэнд заадаг бол Сургаал ба Гэрээ 27:15–18-ыг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дээрх жишгүүдтэй холбож болно. Жишээлбэл, ангийн гишүүд шүлгүүдийг уншаад, яагаад бидэнд Бурханы хуяг дуулга хэрэгтэй талаар ярилцаж болно. Дараа нь тэд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дахь нэг жишиг дээр хосоороо ажиллаж болно. Бид эдгээр эх сурвалжаас Сатаны бидний эсрэг дайралтын талаар юу ойлгож мэдэж болох вэ? Бурханы хуяг дуулга эдгээр дайралтыг тэсэн гарахад бидэнд хэрхэн тусалдаг вэ? Бид Түүний хуяг дуулгыг хэрхэн өмсдөг вэ?
Амьд бошиглогч Их Эзэний Сүмийн өмнөөс илчлэлт хүлээн авдаг.
-
Та бошиглогчийн талаар сурч мэдэхэд нь ангийн гишүүдэд туслахын тулд Иосеф Смитийн залбирч, 28-р хэсгийг хүлээн авахад хүргэсэн үйл явдлыг товч хураангуйлж (хэсгийн гарчгийг үзнэ үү), дараа нь 2–3, 6–7, 11–13-р шүлгүүдийг уншиж болно. Их Эзэнээр томилогдоогүй хүнийг дагахыг Сатан хэрхэн бидэнд итгүүлэхийг хичээдэг вэ? Та бошиглогч Сүмийн өмнөөс илчлэлт хүлээн авдаг тухай гэрчлэлийг нь хүчирхэгжүүлсэн туршлагаасаа хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно.
-
Ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 28-ыг уншиж болох нэг арга зам бол саяхан Сүмийн дуудлага хүлээн авсан хэн нэгнийг танина хэмээн төсөөлөх явдал юм. Бид Сургаал ба Гэрээ 28:1–6, 13–16-аас тухайн хүний дуудлагад тус нэмэр болж болох юуг хуваалцаж болох вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь эшлэл энэ ярилцлагад нэмэлт ойлголт өгч болох юм.
Нэмэлт эх сурвалж
Хувийн илчлэлтийн талаар зөвлөлд.
Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит болон түүний Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүд:
“Үзэгдэл, зүүд, янз бүрийн хэлээр ярих чадвар, бошиглол, сэтгэгдэл эсвэл ер бусын бэлэг буюу сүнсний өдөөлтүүд нь Сүмийн хүлээн зөвшөөрөгдсөн илчлэлтүүдтэй нийцэхгүй эсвэл албан ёсны эрх барих байгууллагын шийдвэрийн эсрэг байх юм бол энэ нь хэчнээн үнэн мэт байсан ч Бурханаас ирээгүй гэдгийг хожмын үеийн гэгээнтнүүд мэддэг байх ёстой. … Хүмүүний болон сүнслэг асуудалд өөрт нь холбоотой бурханлаг удирдамж, илчлэлтийг гэгээнтнүүд хүлээн авч болох ч энэ нь тэдэнд бусдыг удирдаж тэргүүлэх эрхийг өгдөггүй. …
Сүмийн түүхэнд илэрхийлэлтэд итгэдэг зальхай этгээдүүд буюу мухар сүсэгтнүүдийн хүлээн авсан олон худал илчлэлтийн талаар тэмдэглэсэн байдаг ба тэд бусад хүнээр хүлээн зөвшөөрүүлэхийг эрэлхийлдэг байсан бөгөөд ийм тохиолдол бүр таагүй байдал, уй гашуу, гай зовлонг араасаа дагуулж байсан юм” хэмээн заажээ (Joseph F. Smith, Anthon H. Lund, Charles W. Penrose, “A Warning Voice,” Improvement Era, Sept. 1913, 1148–1149).