“3-р сарын 1–7. Сургаал ба Гэрээ 20–22: ‘Христийн Сүмийн өсөлт,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“3-р сарын 1–7. Сургаал ба Гэрээ 20–22,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
3-р сарын 1–7
Сургаал ба Гэрээ 20–22
“Христийн Сүмийн өсөлт”
Та Сургаал ба Гэрээ 20–22-ыг судалж байхдаа сүнсээр төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Танд төрсөн зарим сэтгэгдэл зааж байхад тань туслах санааг өгч болох юм.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүд гэртээ суралцаж байхдаа дэлхий дээр Сүмтэй байх адислалын талаар ойлголттой болсон байх. Тэдгээрийн дундаас Сүм сэргээгдсэнд талархаж байгаа шалтгааныг нь харуулсан судрын хэсгийг хуваалцахад тэднийг урь.
Сургаалыг заа
Есүс Христийн Сүм сэргээгдсэн.
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм болон эрт дээр үед зохион байгуулагдсан Христийн Сүм хоёрын хоорондын адил төстэй зүйлсийг судлах нь ангийн гишүүдэд тустай байж болно. Та Сургаал, Ёслолууд, Санваарын эрх мэдэл, Бошиглолууд гэсэн нэртэй дөрвөн багана бүхий хүснэгтийг самбарт зур. Та эртний Христийн Сүмийн тухай дараах эшлэлийг өгч болно. Үүнд: Матай 16:15–19; Иохан 7:16–17; Ефес 2:19–22; 3 Нифай 11:23–26; Моронай 4–5. Ангийн гишүүд судрын хэсэг бүр Христийн Сүмийн тухай юу зааж байгааг тодорхойлж, судрын эшлэлийг зохих баганад бичиж болно. (Зарим эшлэл нэгээс олон баганад хамаатай байж болох юм.) Тэд Сургаал ба Гэрээ 20:17–25, 60, 72–79; 21:1–2-оос Христийн сэргээгдсэн Сүмийн талаар дээрхтэй адил үйл ажиллагааг хийж болно. Та энэ харьцуулалтаас Христийн сэргээгдсэн Сүмийн талаар юу олж мэдсэн бэ?
Сургаал ба Гэрээ 20:37, 75–79; 22
Ариун ёслолууд биднийг Аврагчтай илүү адилхан болоход тусалдаг.
-
Ангийн гишүүдэд Сургаал ба Гэрээ 20:37-д тайлбарласан баптисмын шаардлагыг судлах цаг гаргаж өгөөд, дараах асуултуудын талаар тунгаан бодохыг хүс. Үүнд: Эдгээр шаардлага нь Их Эзэний Сүмийн баптисм хүртэхэд биднийг хэрхэн бэлдэж туслах вэ? Христийн нэрийг өөр дээрээ авах гэдэг нь ямар утгатай вэ? (Мозая 5:5–12-ыг үзнэ үү). Ямар зүйл та нарт “төгсгөл хүртэл [Есүс Христэд] үйлчлэх шийдвэр[тээ]” тууштай байхад тусалдаг вэ?
-
22-р хэсэг нь баптисмын талаар юу зааж байна вэ? Нэг найз нь өөр сүмд баптисм хүртсэн байна гэж төсөөлөн бодохыг ангийн гишүүдээс хүс. Тэд энэ хэсгийг уншаад, яагаад Аврагчийн сэргээгдсэн Сүмд баптисм хүртэх шаардлагатай болохыг найздаа ойлгуулахад туслах зөвлөгөөг олж болно. Ангийн гишүүд энэ жишээг ангиараа эсвэл хосоороо жүжигчлэн үзүүлж болох юм.
-
Сургаал ба Гэрээ 20:75–79-ийг хамтдаа уншаад, эдгээр шүлэг Аврагчийн тухай болон Түүний хүчийн бидний амьдралд гүйцэтгэдэг үүргийн талаар юу зааж байгааг бодож үзэхэд ангийн гишүүдийг урь. Ариун ёслолын залбирлыг ийм маягаар уншихад ямар үг, хэллэг нь танд онцгойлон туссан бэ? Яагаад долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх нь чухал вэ?
Санваарын үйлчлэл нь Сүмийн гишүүдийг мөн тэдний гэр бүлийнхнийг адисалдаг.
-
Сургаал ба Гэрээ 20:38–60 дахь санваарын үүргийн тухай тайлбар санваарын үйлчлэлийн талаарх ойлголтоо өргөжүүлэхэд ангийн гишүүдэд тусална. Саяхан баптисм хүртсэн найз, гэр бүлийн гишүүн тань санваарын албанд томилогдох гэж байна гэж төсөөлөн бодоход тэднийг урьж болно. Тэд үүргээ ойлгоход нь түүнд туслахын тулд эдгээр шүлгийг хэрхэн ашиглаж болох вэ? Та тэдгээр үүргээ биелүүлэх нь түүнийг Есүс Христтэй илүү адилхан болоход тусална гэдгийг ойлгуулахын тулд ямар ямар жишээг хуваалцаж болох вэ? Тэд энэ харилцан яриаг жүжигчлэн үзүүлж болох юм.
Түүнчлэн тэд саяхан баптисм хүртсэн эгчид энд тайлбарласан ажилд хэрхэн оролцож болохыг олж харахад нь туслахын тулд эдгээр шүлгийг хэрхэн ашиглаж болох вэ? (“Нэмэлт эх сурвалж” дахь мэдэгдэл тус болно.)
Бид Их Эзэний үгийг бошиглогчоор дамжуулан хүлээж авснаар адислагддаг.
-
Сургаал ба Гэрээ 21-д Их Эзэний бошиглогчийг дагах талаар хүчирхэг мэдэгдэл агуулагддаг. Эдгээр мэдэгдлийг тунгаан бодож, ярилцахад нь ангийн гишүүдэд туслахын тулд илүү сайн ойлгохыг хүсэж байгаа хэсгээ 4–7-р шүлгээс олоод, самбарт бичихийг тэднээс хүс. Хэдэн хэллэг сонгоод, тэдгээр нь юу гэсэн утгатай болохыг ангиараа ярилц. Эдгээр хэллэг нь Их Эзэний бошиглогчийн талаар бидэнд юу зааж байна вэ?
Нэмэлт эх сурвалж
Бид бүгдээрээ санваарын хүчээр ажилладаг.
“Эрэгтэйчүүд санваарын албанд томилогддог бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь санваарын адислалын хүч, адислалуудыг амьдралдаа хүртэж чадна. …
… [Эмэгтэйчүүд] цуглаануудад номлон, залбирч, удирдлага, үйлчлэлийн олон албанд орж, санваарын зөвлөлд орон нутгийн болон ерөнхий түвшинд оролцож, дэлхий даяар номлох номлолд албан ёсоор үйлчилдэг. Хэдийгээр эмэгтэйчүүд санваарын албанд томилогддоггүй ч тэд эдгээр болон өөр олон арга замаар санваарын эрх мэдлийг ашигладаг. …
… Шашны дуудлага, ариун сүмийн ёслол, гэр бүлийн харилцаа зэрэгт болон далд, хувь хүнд чиглэсэн тохинуулалдаа хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд санваарын хүч хийгээд эрх мэдэлтэй хамт урагш явдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс Бурханы ажлыг Түүний хүчээр хийж гүйцэтгэхдээ харилцан хамааралтай байдаг нь Есүс Христийн сайн мэдээний төвд байдаг юм” (Сургаалын удирдамжууд, “Joseph Smith’s Teachings about Priesthood, Temple, Women,” topicsChurchofJesusChrist.org).