“3-р сарын 22–28. Сургаал ба Гэрээ 29: ‘Есүс Христ Өөрийнхөө хүмүүсийг цуглуулах болно,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“3-р сарын 22–28. Сургаал ба Гэрээ 29,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
3-р сарын 22–28
Сургаал ба Гэрээ 29
“Есүс Христ Өөрийнхөө хүмүүсийг цуглуулах болно”
Сургаал ба Гэрээ 29-ийг заахад бэлдэх хамгийн чухал арга зам бол залбирч суралцах болон Сүнсний удирдамжийг эрэлхийлэх явдал юм. Мацаг барих, ариун сүмд орох, бусдад үйлчлэх гэх мэт өөрийн амьдралд Сүнсийг урин авчрах өөр арга замуудыг бодож үз.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Сургаал ба Гэрээ 29:5-д Их Эзэн гэгээнтнүүдэд “зүрх сэтгэлээ өргөж мөн баяртай байгтун” хэмээн хэлсэн байдаг. Та ангийн гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ суралцаж байхдаа ойлгож мэдсэн, “зүрх сэтгэлээ өргөж мөн баяртай бай[хад]” хүргэсэн ямар нэгэн зүйлээ хуваалцахад урь.
Сургаалыг заа
Тэнгэрлэг Эцэг бидний өргөмжлөлд зориулсан төлөвлөгөөг бэлтгэсэн.
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын Энэ долоо хоногийн тойм дээрх үйл ажиллагаан дээр суурилах нь гэр орондоо суралцахыг урамшуулан дэмжих нэг арга зам юм. Жишээлбэл, та Мөнх бус оршихуйн өмнөх амьдрал, Бүтээлт, Есүс Христийн Цагаатгал гэх мэт авралын төлөвлөгөөний хэсгүүдийг самбарт жагсаан бичиж болно. Ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 29-өөс уг төлөвлөгөөний эдгээр хэсгийн талаар мэдэж авсан зүйлээ хуваалцаж болно. Та бас тэдэнд Бурханы төлөвлөгөөний талаар юу ч мэдэхгүй хүнд энэ хэсгээс юуг заах байснаа хуваалцах боломж олгож болох юм.
Сургаал ба Гэрээ 29:1–8, 14–21
Есүс Христ Өөрийн сонгосон хүмүүсийг Хоёр дахь ирэлтийн өмнө цуглуулна.
-
Яагаад Есүс Христ Өөрийн хүмүүсийг цуглуулах талаар ангийн гишүүдэд ойлгоход нь туслахын тулд та тэднийг 1–8-р шүлгийг уншаад, дараахтай адил асуултуудыг ярилцахад урь. Үүнд: Дэгдээхэйнүүдээ цуглуулж, хамгаалдаг эм тахианы адил Христ биднийг цуглуулж, хамгаалж байгааг та мэдэрч байсан уу? Бид хэрхэн Аврагчид цуглардаг вэ? (жишээ нь, 2-р шүлгийг үзнэ үү). Ангийн гишүүд Сүмийн бусад гишүүнтэй хамт цугларч, шүтэн биширснээр хэрхэн адислагдсанаа хуваалцаж болно.
-
Та Тэнгэрлэг Эцэгт хүүхдүүдээ цуглуулахад нь туслах үүргийнхээ талаар бодоход нь ангийн гишүүддээ туслахын тулд “Нэмэлт эх сурвалж” дээрх ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн үгийг хуваалцаж эсвэл “A Witness of God” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлж болно. Бид эдгээр шүлгээс цугларалтын талаар юу мэдэж авч болох вэ? Эдгээр захиас Сургаал ба Гэрээ 29:1–8 дээр заасан зүйлийг хэрхэн бататгаж байна вэ?
-
Сургаал ба Гэрээ 14–21-д дүрсэлсэн хожмын үеийн зарим сургаал, үйл явдлын талаар бод. Тэдэнд мэдэрсэн зүйлээ хуваалцах боломж олго. Яагаад Их Эзэн эдгээр үйл явдлын тухайд биднийг сэрэмжлүүлдэг вэ? Бид 1–8-р шүлгээс Аврагчийн тухай болон цугларалтын талаар бататгасан ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? Цугларах нь тэдгээр үйл явдлаас айж эмээхийн оронд итгэлээр хүсэн хүлээдэг байхад маань хэрхэн тусалдаг вэ? Та ярилцлагынхаа нэгэн хэсэг болгон “Israel, Israel, God Is Calling” (Hymns, ду. 7) гэх мэт цугларалтын тухай дууллыг дуулж, энэ дуулал Израилын цугларалтын талаар юу зааж байгаа талаар ярилцаж болно.
Их Эзэний зарлиг бүхэн сүнслэг болой.
-
Зарим зарлиг материаллаг шинжтэй байж болох ч бүх зарлиг Их Эзэний хувьд сүнслэг юм. Энэ үнэнийг ойлгохын тулд ангийн гишүүд 34–35-р шүлгийг хамт уншаад, зарим зарлигийг уг зарлиг бүртэй холбоотой сүнслэг зарчимтай нь хамт самбарт жагсааж бич. Тэд Бурханы зарлигийн сүнслэг мөн чанарыг олж харахад нь тусалсан өөрсдийн амьдралын эсвэл судар дээрх жишээг хуваалцаж болно. Энэ үйл ажиллагаа зарлигуудыг харах байдалд маань хэрхэн нөлөөлсөн бэ?
Нэмэлт эх сурвалж
Израилыг цуглуулах ажилд гар бие оролцох.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийнхүү заасан.
“Энэ бол гарцаагүй хожмын өдрүүд бөгөөд Их Эзэн Израилыг цуглуулах ажлаа яаравчлуулж байна. Тэрхүү цугларалт өнөөдөр дэлхий дээр болох хамгийн чухал зүйл юм. Хэр хэмжээ, ач холбогдол, сүр жавхлангийн хувьд юутай ч харьцуулшгүй. Хэрэв та нар сонговол мөн та нар хүсвэл үүний нэгэн томоохон хэсэг байж чадна. Та нар том, агуу, сүрлэг нэгэн үйлсийн томоохон хэсэг байж чадна.
Бид цугларалтын тухай ярихдаа энэхүү гол үнэнийг буюу хөшигний хоёр талын аль алинд байгаа Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг сонсох эрхтэй гэсэн суурь үнэнийг хэлж байгаа юм. Тэд илүү ихийг олж мэдэхийг хүсэж байгаа эсэхээ өөрсдөө шийдэх ёстой. …
Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн хамгийн нэр төртэй суутнуудаас олныг буюу хамгийн шилдэг багаа энэхүү сүүлчийн үед зориулан бэлтгэсэн. Тэдгээр нэр төртэй суутан, шилдэг тоглогч, баатрууд бол та нар!” (“Израилын итгэл найдвар,” [өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], ChurchofJesusChrist.org).