“3-р сарын 22–28. Сургаал ба Гэрээ 29: ‘Есүс Христ Өөрийнхөө хүмүүсийг цуглуулах болно,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“3-р сарын 22–28. Сургаал ба Гэрээ 29,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
3-р сарын 22–28
Сургаал ба Гэрээ 29
Есүс Христ Өөрийнхөө хүмүүсийг цуглуулах болно
Судар судалж байгаагийн нэг зорилго нь бид өөрсдийн авралд шаардлагатай сургаал эсвэл сайн мэдээний үнэнүүдийг мэдэж авахад оршдог. Та энэ долоо хоногт Сургаал ба Гэрээ 29-ийг судлах явцдаа өөртөө утга учиртай сургаалын ойлголтыг хай.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Есүс Христийн Сүм 1830 онд зохион байгуулагдсан хэдий ч сайн мэдээний олон үнэн илчлэгдсээр байсан төдийгүй эртний Сүмийн гишүүдэд асуултууд гарч ирсээр байв. Тэд Израилын цугларалт болон Сионыг байгуулах талаар Мормоны Номон дээрх бошиглолуудыг уншсан байв (3 Нифай 21-ийг үзнэ үү). Хэрхэн ийм зүйл тохиолдох вэ? Хайрам Пейжийн авсан гэх илчлэлтүүд гишүүдийн сонирхлыг татсан сэдвийг хөндсөн байв (Сургаал ба Гэрээ 28-ыг үзнэ үү). Зарим хүн Адам, Ева хоёрын Уналтын талаар болон сүнслэг үхлийн талаар гайхаж байв. 1830 онд Их Эзэн эдгээр асуултыг хүлээн авсан юм. “Миний зарлигийн дагуу залбиралд нэгдсэн байх аваас, та нар итгэлд юу ч хүслээ гэсэн, та нар хүлээн авах болно” (Сургаал ба Гэрээ 29:6) хэмээн Тэр гэгээнтнүүдэд хэлжээ. Тэрээр өнөөдөр ч бидний асуултуудыг хүлээн авдаг. Тэр зүгээр л биднийг залбирлаар дамжуулан Түүнээс асуухыг хүлээж байдаг. Үнэндээ Сургаал ба Гэрээ 29 дээрх сургаалаар баялаг илчлэлт нь Тэрээр бидний тавьсан асуултаас гадна эхлээд үнэн ба мэдлэгийг хуваалцах замаар хариулдаг гэдгийг харуулдаг.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Тэнгэрлэг Эцэг бидний өргөмжлөлийн төлөө төгс төлөвлөгөө бэлтгэсэн юм.
Сургаал ба Гэрээ 29 Бурханы Өөрийн хүүхдүүдэд зориулсан төлөвлөгөөний талаар олон зүйлийг заадаг. Уншиж байхдаа төлөвлөгөөний дараах бүх хэсгийн талаар олж мэдсэн үнэнүүдээ хайж ол.
-
Мөнх бус байдлын өмнөх амьдрал (36–37-р шүлгийг үзнэ үү)
-
Бүтээлт (31–33-р шүлгийг үзнэ үү)
-
Адам, Ева хоёрын уналт (40–41-р шүлгийг үзнэ үү)
-
Мөнх бус амьдрал (39, 42–45-р шүлгүүдийг үзнэ үү)
-
Есүс Христийн Цагаатгал (1, 42–43, 46–50-р шүлгүүдийг үзнэ үү)
-
Амилуулалт (13, 26-р шүлгүүдийг үзнэ үү)
-
Эцсийн шүүлт (12–13, 27–30-р шүлгүүдийг үзнэ үү)
Та нар ямар шинэ зүйл ойлгосон бэ? Хэрэв та эдгээр үнэнийг мэдээгүй байсан бол таны амьдрал хэр өөр байх байсан бол?
Та Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар илүү ихийг “Авралын төлөвлөгөө” (Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж, [2018] онд дахин шинэчлэгдсэн, ChurchofJesusChrist.org/manual/missionary)-өөс судалж болно.
Есүс Христ Өөрийнхөө хүмүүсийг Хоёр дахь ирэлтийнхээ өмнө цуглуулна.
Есүс Христ “тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулдаг шиг” (Сургаал ба Гэрээ 29:2) Өөрийн хүмүүсийг цуглуулах талаар ярьсан. Энэ дүрслэл Аврагчийн та нарыг цуглуулах хүслийн талаар танд юу зааж байна вэ? Та Сургаал ба Гэрээ 29:1–8-ыг уншихдаа, бид яагаад цугларах ёстойг, биднийг хэн цуглуулах, бид хэрхэн “сонгогдсон” хүмүүсийг цуглуулах талаарх шинэ ойлголтуудыг хайж ол (7-р шүлэг).
Өнөө үед Сионд цугларна гэдэг нь дэлхий даяарх Сионы гадаснуудад нэгдэнэ гэсэн үг юм. Гэгээнтнүүдийн хувьд цугларах нь бидэнд хэрхэн Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө ирэх зовлон зүдгүүрүүдэд, “бүх зүйлд бэлтгэлтэй [байхад]” тусалдаг вэ? (8-р шүлэг; мөн 14–28-р шүлгүүдийг үзнэ үү).
Мөн Итгэлийн тунхаг 1:10; Рассэлл М.Нэлсон болон Вэнди В.Нэлсон, “Израилын найдвар” (өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3, ChurchofJesusChrist.org)-ыг үзнэ үү.
“Бүх зүйл миний хувьд сүнслэг юм.”
Бүх зарлиг ямар утгаараа сүнслэг байдаг вэ? Бүх зарлиг сүнслэг гэдгийг мэддэг байх нь зарлигуудын зорилгын талаар танд юу зааж байна вэ? Та цөөн хэдэн зарлигийг жагсаан бичээд, бие биетэйгээ холбоотой сүнслэг зарчмуудыг бодож үзээрэй.
Хэрэв та өдөр тутмын ажил үүргээ түр зуурын эсвэл дэлхийнх байсан ч сүнслэг утга учир эсвэл зорилгоор олж харвал юу өөрчлөгдөх бол?
Мөн Ром 8:6; 1 Нифай 15:30–32-ыг үзнэ үү.
Есүс Христ биднийг Уналтаас гэтэлгэдэг.
Энэ илчлэлт “[бидний] нүглүүдийг цагаатгасан” (1-р шүлэг), Өөрийгөө бидний Гэтэлгэгч хэмээн танилцуулсан Их Эзэнээр дамжуулан боломжтой болсон юм. Энэ илчлэлт бидэнд Гэтэлгэгч хэрэгтэй болсон зарим шалтгааныг тайлбарласаар байдаг. Аврагч Есүс Христээр дамжуулан бидэнд яагаад гэтэлгэл хэрэгтэй болсныг тайлбарлахын тулд 36–50-р шүлгийг хэрхэн ашиглахаа бодож үз. Олон шашны уламжлалаар бол Уналтыг эмгэнэлт үйл явдал гэж үздэг ба Уналтын эерэг үр дүнгүүдийг заадаг эдгээр шүлгээс та юу мэдэж авсан бэ? (Мөн 1 Коринт 15:22; 2 Нифай 2:6–8, 15–29; Мозая 3:1–19; Мосе 5:9–12-ыг үзнэ үү.)
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Сургаал ба Гэрээ 29.Та Сургаал ба Гэрээ 29-ийн энэ тоймын төгсгөлд байгаа зургуудыг ашиглан гэр бүлдээ авралын төлөвлөгөөний тухай зааж болно. Жишээ нь, гэр бүлийн гишүүд санал болгосон шүлгүүдийг уншиж, ярилцан, төлөвлөгөөний өөр өөр хэсгийн талаар сурч мэдэж болно. Тэд Gospel Topics (topics.ChurchofJesusChrist.org) дээрээс эсвэл Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org) дээрээс илүү их үнэнийг олж мэдэж авч болно. Сурч мэдсэн зүйлээ тэмдэглэ. Яагаад бид авралын төлөвлөгөөний талаар мэддэгтээ талархдаг байх ёстой вэ? Үүний тухай мэдлэгтэй байх нь өдөр тутмын амьдралд маань хэрхэн нөлөөлдөг вэ?
-
Сургаал ба Гэрээ 29:2, 7–8.Аврагчаар цуглуулагдана гэдэг нь юу гэсэн үг вэ? Бид сонгогдсон хүмүүсээ цуглуулахад нь Түүнд хэрхэн тусалж болох вэ?
-
Сургаал ба Гэрээ 29:3–5.Бид эдгээр шүлгээс “зүрх сэтгэлээ өргөж мөн баяртай байхад” (5-р шүлэг) маань туслах Аврагчийн талаар юуг сурдаг вэ? “We Can Find Happiness” (ChurchofJesusChrist.org) видео бичлэг нь танай гэр бүлд аз жаргал авчирсан авралын төлөвлөгөөний тухай юу мэддэгээ ярилцахад та нарт тусалж болох юм.
-
Сургаал ба Гэрээ 29:34–35.Эдгээр шүлгийг унших нь та нарын дагахаар хичээж буй зарим зарлиг эсвэл бошиглолын зөвлөгөөний цаана буй сүнслэг шалтгаануудын талаар ярилцах боломжийг гэр бүлд тань олгож болно. Жишээ нь, Их Эзэн биднийг яагаад гэр бүлээрээ судраас уншаасай хэмээн хүсдэг вэ? Бид зарлигуудыг сахиснаар ямар ямар сүнслэг адислалыг авч байсан бэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Israel, Israel, God Is Calling,” Hymns, х. 7.